sonin.mn

 

Хуучин Улстөрийн товчооны гишүүн, Сайд нарын Зөвлөл (СнЗ)-ийн нэгдүгээр орлогч даргаар ажиллаж байсан Т.Рагчаа гуай саяхан өдөр тутмын сонинд ярилцлага өгчээ. Улс орны нам, төрийн удирдлагад олон жил ажиллаж Ю.Цэдэнбал дарга албан тушаалаасаа хэрхэн бууж байсан,
 
 
Ардчилсан хувьсгал өрнөсөн 1990 оны тэр өдрүүдэд УТТ бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорч байсан, дараагаар нь "Тойрон хүрээлэгчдийн хэрэг" хэрхэн мандаж байсан зэрэг манай орны өдгөө түүх болсон эргэлтийн үеийн олон үйл явдлын гэрч байж ирсэн энэ хүний дурсамж маягаар өрнөсөн ярилцлагад бидний урд өмнө сонсож байгаагүй зэрэг олон зүйлийн үнэнийг өгүүлэхийн зэрэгцээ эргэлзээ төрүүлсэн ярилцлага өгсөн нь сонирхолтой.
 
 
Тэрээр ярилцлагадаа өөрөө дэргэд нь олон жил хамт ажилласан нам, төрийн удирдагч Х.Чойбалсан, Ю.Цэдэнбал, түүний эхнэр А.И.Филатова, Улстөрийн товчооны гишүүд Ж.Батмөнх, Майдар, Жалан-Аажав нарын талаар, тэр үеийн байдал, улс орны өнөөгийн амьдралын талаар сэтгэгдлээ хуваалцжээ.
 
 
Түүний ярьснаас үзвэл тухайн үедээ нийгмээ шинэчлэх гээд хэлмэгдэж байсан Төмөр-Очир, Цэнд, Сурмаажав, Лоохууз нар нь өнөөгийн бидний уншиж мэдэж, бодож байснаас өөр, тухайн үедээ байдлыг хэт дөвийлгөн улстөржүүлж, Хятадын нөхөдтэй холбоотой байсан эсэргүү нөхөд болж таарч байна.
 
 
Ж.Батмөнх дарга угийн голч шударга хүний хувьд УТТ-г буулгахад нөлөөлөхөөс илүүтэй ардчиллын залуус түүний зөөлөн занг "ашиглаж" уулзаж байсан гэх. Үүнээс үзэх нь ээ Монголын түүх маань юу болж байна вэ гэмээр байлаа.
 
 
Тиймээс өнөөгийн түүхч, эрдэмтэн судлаачид маань улс орныхоо үнэн түүхийг гаргаж ирэх цаг болсныг Т.Рагчаа гуайн яриа нэг талаар харуулж байв. Т.Рагчаа гуай дурсамж яриандаа Х.Чойбалсан, С.Бумцэнд, Ж.Самбуу нарын тэр үеийн төрийн тэргүүнүүдтэй хамт ажиллаж байсны хувьд "Ер нь Монголын нам, төрд Ж.Самбуу, Бумцэнд гээд хэдэн мундаг, төвшин сайхан хүмүүс байсан юм.
 
 
Уг нь Монголын төрд зүтгэж байсан, зүтгэж байгаа хүмүүс эдгээр ахмадууд шиг болмоор, баймаар санагддаг юм" гэж хэлсэн нь өдгөөгийн манай улстөрчид, төр, засгийн удирдлагад байгаа хүмүүст хаягласан, ёстой л бодмоор, ахмад хүний санууштай үг байв.
 
 
Тэрээр "Бидний үед Монголын нам, төрд байсан дарга нарын дийлэнх нь цаг үеэ мэдэрч байсан. Монголын төрд байгсадыг байгаа цаг үед нь муу хэлээд байдгаас биш буусных нь дараа харахад ард түмэн тийм ч муу хүмүүс, муухан толгойтнуудаа том дарга нар болгочихоогүй байдаг юм.
 
 
Өнөөдрийн нам, засгийн удирдагчдын алиныг ч би амиа бодсон, алсын хараагүй хүмүүс гэж бодохгүй байна. Бүгдэд нь Монгол эр хүний, Монгол эмэгтэй хүний нүнжиг дотор байгаа байх. Ер нь Монголын төр чинь өөрөө болохгүй гэсэн хүнээ холдуулчихдаг жамтай.
 
 
Чойбалсангийн үед Сүрэнжав гэгч нөхрийн нөлөө газар авч байв даа. Хувь хүнийх нь зан болохгүй байсан байх. Хэн ч түүнийг ад үзээгүй. Тэгтэл төд удалгүй Төв хорооны хоёрдугаар дарга, СнЗ-ийн нэгдүгээр даргын албанаасаа буучихсан. Монголын төр зөнгөөрөө зайлуулчихдаг юм билээ" хэмээн дурсан ярьжээ.
 
 
Өндөр настан Я.Батжав
 
Эх сурвалж: “Бизнес таймс”