Нийслэлийн Засаг дарга төрийн өмчийн ЕБС-ийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийн сонгон шалгаруулалттай холбоотой А/122 тоот захирамжийг 2013 оны 03-р сарын 25-нд гаргажээ.
 
 
Гэтэл энэ захирамжийг хуулинд нийцээгүй, хууль зөрчсөн шийдвэр болж, захирал, эрхлэгч нарын хөдөлмөрлөх эрхийг зөрчиж байна гэх мэдээлэл хэвлэл, мэдээллийн хэрэгслэлээр гарах болсон. Энэ асуудлыг тодруулах зорилгоор МБШУ-ны ҮЭ-ийн холбооны дарга Ж.Батзоригтой уулзаж доорхи ярилцлагыг хийлээ.
 
 
-Нийслэлийн Засаг даргын захирамжийг яагаад хууль зөрчсөн гэж үзэж байгаа юм. Энэ талаар тайлбар өгөхгүй юу?
 
-Боловсролын тухай хуульд ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нарыг сонгон шалгаруулалтын үндсэн дээр томилох талаар анх 2006 онд нэмэлт орсон.
 
 
Хуулийн энэ заалтыг хэрэгжүүлэх зорилгоор 2003 оны 5-р сарын 08-ны өдрийн 13-р тогтоолоор Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн 35.1.6-д заасныг үндэслэн "Төрийн жинхэнэ албаны удирдах ажилтныг сонгон шалгаруулах журам"-ыг баталж, төсвийн бусад байгууллагын ерөнхий менежерийн үүрэг гүйцэтгэх удирдах албан тушаалтан /дарга, захирал, эрхлэгч/-ийг сонгон шалгаруулах журмыг батлан гаргахыг Төрийн албаны зөвлөлд даалгасан байдаг.
 
 
УИХ-ын энэхүү тогтоолын дагуу Төрийн албаны зөвлөлөөс 2003 оны 6-р сарын 10-ны өдөр 13-р тогтоол гарган "Төсвийн байгууллагын ерөнхий менежерийн гүйцэтгэх дарга (захирал, эрхлэгч)-ийн сонгон шалгаруулах журам -ыг баталсан байгаа.
 
 
Энэ журмаар сонгон шалгаруулалтыг явуулах ёстой бөгөөд хот, хөдөөд хаана ч энэ журмын дагуу сонгон шалгаруулалтыг өнөөг хүртэл явуулж байгаа хүчин төгөлдөр журам.
 
 
Гэтэл Нийслэлийн Засаг дарга эрх олгогдоогүй асуудлаар бүрэн эрхээ хэтрүүлэн "Төсвийн байгууллагын ерөнхий менежерийн гүйцэтгэх дарга (захирал, эрхлэгч)-ийн сонгон шалгаруулах журам"-ыг баталж улмаар өнөөдөр ажил үүргээ хэвийн гүйцэтгэж байгаа сургууль, цэцэрлэгийн эрхлэгч нарт ажлаас халах мэдэгдэл өгөөд cap шахам болж байна.
 
 
Нэгэнт Нийслэлийн Засаг дарга өөрийнх нь бүрэн эрхэд хамаарахгүй асуудлаар журам баталсан тул үүнийг хууль зөрчсөн үйлдэл гэж үзэж энэ талаар ҮЭ-ийн байгууллагаас санал шаардлагаа гаргаад байгаа.
 
 
Мөн энэ захирамжинд хууль хэрэгжүүлэх зорилгоор сонгон шалгаруулалтгүйгээр томилогдсон захирал, эрхлэгчийн албан тушаалд сонгон шалгаруулалтыг 2013 оны 3 дугаар сард багтаан явуулахыг Боловсролын газар / Ц.Отгонбагана/-д даалгасан.
 
 
Хууль, эрхийн акт нь батлагдсан өдрөөс мөн тухайн хууль, эрхийн актад тухайлан заасан хугацаанаас эхлэн хэрэгждэг хуулийн зохицуулалтыг зөрчиж байна. Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орохоос өмнө дүүргийн Засаг дарга нар шийдвэрээ гаргаж захирал, эрхлэгчээр томилж, хөдөлмөрийн харилцаа үүсгэсэн.
 
 
Хөдөлмөрийн тухай хуулинд ажил олгогчийн санаачлагаар ажлаас халахтай холбоотой заасан заалтуудтай нийцэхгүй байгаа юм. Тэгэхээр бас хууль зөрчсөн байна гэдэг нь тодорхой.
 
 
Хууль бусаар ажлаас нь чөлөөлөх гэж байгаа учраас нийгмийн хамгааллын асуудлыг шийдвэрлэх талаар хууль, эрхийн актаар зохицуулагдсан зүйл байхгүй байгаа учраас эдгээр хүмүүс хохироод л золиос болоод үлдэх гээд байгаа юм. Түүнчлэн баталсан журмын зарим нэг заалтууд нь хууль эрхийн актанд нийцээгүй байгаа үүнийг ч гэсэн нийцүүлэх шаардлагатай.
 
 
Журмын аль заалтуудыг нь хууль эрхийн актанд нийцээгүй гэж үзээд байгаа юм?
 
-Нэгдүгээрт: Төрийн албаны тухай хуулийн 17.3-т ".....тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа нэг иргэнийг төрийн албаны төв байгууллага сонгон түүнийг томилох эрх бүхий этгээдэд нэр дэвшүүлнэ" гэж заасан байгаа.
 
 
Гэтэл энэ журмын 6.1-д Сонгон шалгаруулалтад тэнцсэн иргэдээс онооны дарааллын дагуу 2-оос доошгүй хүний нэрийг сонгон шалгаруулалтын дүн гарсанаас хойш ажлын 5 хоногийн дотор тухайн албан тушаалд дэвшүүлэн Нийслэлийн Засаг даргад холбогдох материалын хамт хүргүүлнэ. Хэрэв зөвхөн нэг хүн тэнцвэл тухайн хүний нэрийг дэвшүүлнэ гэсэн нь өөрсдийн эрх ашигт нийцүүлэн шийдвэрээ гаргах боломжийг бүрдүүлж байна гэсэн үг.
 
 
 
Хоёрдугаарт: Сонгон шалгаруулалтын комиссын бүрэлдхүүнд нь боловсролын газрын нэгжййн дарга, мэргэжилтэн, дүүргийн боловсролын хэлтсийн албан тушаалтан, нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн захирлуудын зөвлөл, цэцэрлэгийн эрхлэгч нарын зөвлөл, эцэг эхийн төлөөлөл орно гэж заасан байна.
 
 
Гэтэл төсвийн байгуулагын дарга (захирал, эрхлэгч)-ын албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах (цаашид "комисс" гэх)-ыг салбар зөвлөлийн шийдвэрээр дарга, нарийн бичгийн даргыг оролцуулан 3-аас доошгүй хүний бүрэлдхүүнтэй байгуулна.
 
 
Комиссыг салбар зөвлөлийн гишүүн буюу аймаг, нийслэлийн Боловсролын газрын удирдах албан тушаалтан ахална. Комиссын бүрэлдхүүнд тухайн салбарын талаар мэдлэг, туршлагатай албан тушаалтныг оруулна гэж Төрийн албаны зөвлөлийн 2003 оны 13-р тогтоолын хавсралтанд тусгасан байдаг.
 
 
Үүнээс үзэхэд ЕБС-ын захирал, цэцэрлэгийн эрхлэгчийн сонгон шалгаруулалтын комиссын бүрэлдхүүнд төрийн бус байгууллага болон эцэг, эхийн төлөөлөлөөр орж шалгалт авах нь буруу юм. Харин сонгон шалгаруулалтыг үнэн зөв, шударгаар явуулж байна уу гэдэгт хяналт тавьж хөндлөнгөөс оролцох нь зарчмын хувьд зөв болно. Мөн холбогдох хууль, эрхийн актанд ч нийцнэ гэж үзэж байна.
 
 
 
Гуравдугаарт: Боловсролын болон бусад холбогдох хууль тогтоомжийн талаар хууль, эрх зүйн мэдлэгийн сорилын шалгалт нь 40 асуулттай байх бөгөөд зөв хариулт бүрийг 1 оноогоор үнэлнэ.
 
 
Гэсэн байгаа боловч Нийслэлийн төрийн өмчийн Ерөнхий боловсролын сургуулийн захирал, эрхлэгчийн сонгон шалгаруулалтыг зохион байгуулах удирдамжийг уг захирамжаар баталсан журмаа үндэслэ гаргасан.
 
 
Энэ удирдамжаар 75 хуулиас шалгалт авна гэсэн байгаа юм.
Энэ 75 хуулиар хуульч нар ч шалгалт өгөхөд тэнцэх магадлал багатай. Төрийн албаны зөвлөлөөс гарсан сорилын шалгалтын тестээр л шалгалт авах ёстой. 
 
 
 
-Танай ҮЭ-ийи холбооноос гишүүдийнхээ хөдөлмөрлөх эрх, ашиг хохирч байгаа энэ асуудлыг шийдвэрлэх талаар ямар арга хэмжээ авах вэ? 
 
-Бид уг захирамжийн талаар ямар байр суурьтай байгаагаа БШУ-ны сайд Л.Гантөмөр, Нийслэлийн Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын асуудал хариуцсан орлогч Ц.Буяндалай, Нийслэлийн Боловсролын газрын дарга Ц.Отгонбагана нартай тус тус уулзаж танилцуулан захирамж нь холбогдох хуулийн заалтуудыг зөрчиж байгаа тул хүчингүй болгох талаар арга хэмжээ авахыг хүссэн.
 
 
Ард иргэд, хэвлэл, мэдээллийн хэрэгслэлүүд уг асуудлыг хэрхэн шийдвэрлэх бол гэсэн хүлээлт бий болж энэ асуудал руу анхаарал хандуулж байна. Бид ч холбогдох мэдээллийг ч өгч байгаа.
 
 
Мөн Нийслэлийн Захиргааны хэргийн шүүх, Монгол Улсын Ерөнхий сайд, Үндсэн хуулийн цэц, Төрийн албаны зөвлөл, Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал гээд хандаж болох бүх газарт хандаж гишүүдийнхээ эрх ашгийг хохироохгүйгээр шийдвэрлүүлэхийн төлөө ажиллах болно гэж ярилцснаар бидний яриа өндөрлөв.
 
 
Сэтгүүлч Ч.Дангаасүрэн
 
Эх сурвалж: “Багш”