НҮБ-ын Эрчим хүчний тогтвортой хөгжлийн олон улсын XV форум арван нэгдүгээр сарын 3-нд БНХАУ-ын Ши Ань хотын Олон улсын хурлын төвд нээлтээ хийлээ. Дэлхийн эрчим хүчний салбарын тогтвортой хөгжил, ногоон шилжилт, олон улсын хамтын ажиллагааны асуудлыг хэлэлцдэг энэхүү форум Хятад улсад анх удаа зохион байгуулагдаж буйгаараа онцлог юм.
Эрчим хүчний тогтвортой хөгжлийн олон улсын форумыг НҮБ-ын Европын эдийн засгийн комисс болон Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комисс 2010 онд хамтран санаачилжээ. Улмаар НҮБ-ын бүс нутгийн таван комиссын хамтран зохион байгуулдаг, эрчим хүчний салбарын олон улсын томоохон арга хэмжээ болон өргөжсөн байна.
Тус форум нь НҮБ-ын 2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн зорилтуудын хэрэгжилтийг дэмжих, эрчим хүчний хүртээмжийг нэмэгдүүлэх, байгаль орчинд ээлтэй технологийн хэрэглээг өргөжүүлэх, улс орнуудын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чиглэдэг.
Энэ удаагийн форумд НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд, олон улсын байгууллагууд, БНХАУ болон бусад улсын төр, засгийн байгууллагын төлөөлөгчид, эрчим хүчний салбарын аж ахуйн нэгжүүд, мэргэжилтэн, судлаачид оролцож байна.
Оролцогчид улс орон, бүс нутгийн хөгжлийн түвшин, эдийн засгийн нөхцөл байдал, эрчим хүчний нөөц боломжийг харгалзан эрчим хүчний шилжилтийг хэрхэн түргэтгэх, тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд тулгарч буй сорилтуудыг даван туулах арга замын талаар санал солилцох юм.
Арван нэгдүгээр сарын 3-6-ны өдрүүдэд үргэлжлэх форумын хөтөлбөрт нээлт, хаалтын ёслол зэрэг гурван үндсэн арга хэмжээ, салбар хуралдаан болон тусгай арга хэмжээ нийт 26, мөн туршлага судлах танилцах аялал багтжээ.
Энэхүү форум нь эрчим хүчний салбарын хөгжлийн шинэ чиг хандлагыг тодорхойлох, улс орнуудын бодлого, технологи, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг өргөжүүлэх олон улсын чухал талбар болж байна.
Г.Бямба
Лхагва - 11 сарын 04,
2026
Сэтгэгдэл0