Энэхүү мэдээлэл нь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, олон нийтэд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн талаарх ойлголт, хэргийн шийдвэрлэлтийг ойлгомжтой байдлаар мэдээлэх зорилготой.
Прокурорын байгууллага 2026 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэгт заасан Авлигын гэмт хэрэгт яллагдагчаар татагдсан 588 хүнд холбогдох 254 хэрэгт яллах дүгнэлт үйлдсэн байна.
Өнгөрсөн 7 хоногт буюу 2026 оны 10 дугаар сарын 26-наас 30-ны өдрүүдэд Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн хэргүүдээс 6 хүнд холбогдох 5 хэргийг анхан шатны шүүхээр шийдвэрлүүлсэн байна.Тодруулбал, шүүхээс 6 хүнийг авлигын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, 2-8 жилийн хугацаагаар нийтийн албанд ажиллах эрхийг нь хасаж, 2 хүнд 6 сараас 2 жил хүртэл хугацаагаар хорих ял, 3 хүнд 3.5 саяаас 35 сая төгрөгөөр торгох ял, 1 хүнд 2 жил, 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, гэмт хэрэг үйлдэж олсон нийт 163.5 сая төгрөгийг улсын орлого болгохоор шийдвэрлүүллээ.
Зарим хэргийг тоймлон хүргэвэл:
- Р.З нь “Х....” ХХК-ийн хувьцаа эзэмшигч, зөвлөх инженерээр ажиллаж байхдаа МҮХАҮТ-ын дэргэдэх олон улсын Арбитрын шүүхэд хянагдаж байгаа “Т....” ХХК-ийн нэхэмжлэлтэй “Д...” ХХК-д холбогдох хэрэгт нэхэмжлэгчийн орлогыг тогтоох шинжилгээг хийх явцдаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ө-д үнэлгээний дүгнэлтийг хүлээн зөвшөөрч, хариуд нь 1 тэрбум төгрөгийг хуваан авч, хахууль өгөхийг санал болгосон хэрэгт Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Хахууль өгөх)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн.
Шүүхээс Р.З-г хахууль өгөх гэмт хэрэг үйлдэхийг завдсан гэм буруутайд тооцож, нийтийн албанд ажиллах эрх болон шинжээчийн үйл ажиллагаа явуулах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 3.5 сая төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан.
- А.Б нь нийтийн албан тушаалтан буюу Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Дэд бүтцийн хяналтын газрын эрчим хүч, хэмжил зүйн хэлтсийн даргаар, Б.М нь барилгын техникийн хяналтын улсын байцаагчаар ажиллаж байхдаа бүлэглэн ус, хийн шугам хоолой, даралтат сав, шатахуун болон хийн хадгалах сав ашигладаг албан байгууллагын техник ашиглах зөвшөөрөл хүссэн аж ахуй нэгжид “А...” ХХК-ийг санал болгон гүйцэтгэх захирал Д.Г-с 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн хооронд нийт 162.4 сая төгрөгийн хахууль авсан хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг (нийтийн албан тушаалтан хахууль авах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.
Шүүхээс А.Б, Б.М нарыг нийтийн албан тушаалтан хахууль авах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд ажиллах эрхийг 8 жилийн хугацаагаар хасаж, 35 сая төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж, гэмт хэргийн улмаас олсон орлого болох 162.4 сая төгрөгийг улсын орлого болгож шийдвэрлэсэн.
- Л.Д нь ШШГЕГ-ын харьяа ... дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн төлөөлөгчөөр ажиллаж байхдаа холбогдох дүрэм, журмыг зөрчиж, нэр бүхий хоригдолд давуу байдал олгож, улмаар бэлэн мөнгө, эд зүйл авч, өөртөө эдийн засгийн давуу байдал бий болгосон хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг (эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.
Шүүхээс Л.Д-г албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд ажиллах эрхийг 3 жилээр хасаж, 2 жил, 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, гэмт хэрэг үйлдэж олсон 1.1 сая төгрөгийг улсын орлого болгохоор шийдвэрлэсэн.
Лхагва - 11 сарын 04,
2026
Сэтгэгдэл0