СӨҮЛ, 2026 оны арваннэгдүгээр сарын 4 /Yonhap/. Технологийн компаниудын хувьцааг их хэмжээгээр худалдсан болон хиймэл оюуны салбарт оруулж буй асар их хөрөнгө оруулалт өгөөжөө өгөх эсэхэд хөрөнгө оруулагчид улам эргэлзэж эхэлсэнтэй холбоотойгоор Өмнөд Солонгосын хөрөнгийн биржийн лхагва гаргийн арилжаа огцом унаснаар хаагджээ.
Тус улсын хөрөнгийн зах зээлийн гол үзүүлэлт болох KOSPI индекс 210.29 нэгжээр буюу 3.59 хувиар буурч, 5 648.79 нэгжид хүрчээ. Арилжаа эхлэх үед уг индекс 2.46 хувиар унаж, улмаар уналт үргэлжилсэн байна.
Арилжааны үеэр нийт 192.4 сая ширхэг хувьцаа 14.1 их наяд вон буюу 10.5 тэрбум орчим ам.долларын үнийн дүнтэйгээр арилжаалагджээ. Хувьцааны ханш нь буурсан компаниудын тоо хувьцааны ханш нь өссөнөөсөө хавьгүй олон буюу 656-д хүрсэн бол 220 компанийн хувьцааны ханш өссөн байна. Гадаад, дотоодын байгууллагуудын хөрөнгө оруулагчид хувьцаагаа хамгийн ихээр борлуулжээ. Тэд цэвэр дүнгээр 1.5 их наяд болон 511.7 тэрбум воны үнэ бүхий хувьцааг тус тус худалдсан байна. Харин хувийн хөрөнгө оруулагчид эсрэгээрээ 1.7 их наяд воны үнэ бүхий үнэт цаас худалдан авчээ. Өмнөд Солонгосын хөрөнгийн зах зээл АНУ-ын технологийн салбарын голлох индексүүд буурсны дараа ийнхүү унажээ. Тодруулбал, "Nasdaq Composite" индекс 1.07 хувь, "S&P 500" индекс 0.51 хувиар тус тус буурсан бол хагас дамжуулагч үйлдвэрлэгч компаниудын PHLX индекс 3.4 хувиар унасан байна.
Хиймэл оюуны дэд бүтцийг хөгжүүлэхэд технологийн томоохон компаниудын зарцуулж буй асар их хөрөнгө хэр үр өгөөжтэй байх нь хөрөнгө оруулагчдын санааг зовоож байна. Түүнчлэн олон улсын зарим компанийн санхүүгийн тайлан хөрөнгө оруулагчдын хүлээлтэд хүрээгүй нь зах зээлд нэмэлт дарамт учруулжээ.
Мөн АНУ-ын завсрын сонгуулийн өмнөх тодорхойгүй байдал хөрөнгө оруулагчдын хандлагад нөлөөлсөн байна. Өмнөд Солонгосын зах зээлд хагас дамжуулагч үйлдвэрлэгч компаниудын хувьцааны ханш хамгийн ихээр буурчээ. Тухайлбал, “Samsung Electronics” компанийн хувьцааны ханш 4.15 хувиар унаж, 219 500 вон, “SK hynix” компанийнх 5.03 хувиар буурч, 1.4 сая вон болсон байна.
Мөн “SK Square” компанийн хувьцааны ханш 5.37 хувь, “Samsung Electro-Mechanics” компанийнх 7.38 хувиар буурчээ. Тус улсын интернэт үйлчилгээний томоохон компаниудын хувьцааны ханш ч мөн унасан байна. Тодруулбал, “Naver” компанийн хувьцааны ханш 3.65 хувь, “Kakao” компанийнх 3.03 хувиар доошилжээ.
Газрын тос боловсруулах үйлдвэрүүдийн хувьцааны ханш мөн унасан байна. Дэлхийн зах зээлд газрын тосны үнэ буурч, Ойрх Дорнодын нөхцөл байдлыг дипломат аргаар зохицуулах төлөвтэй байгаатай холбоотойгоор “SK Innovation” компанийн хувьцааны ханш 9.36 хувь, “S-Oil” компанийнх 11.77 хувиар тус тус буурчээ.
Валютын зах зээлд ам.доллартай харьцах воны ханш чангарсан байна. Нэг ам.доллар 1 341 вонтой тэнцэж байсан нь өмнөх арилжааны өдрөөс 2.8 воноор буурчээ.
Засгийн газрын бондын зах зээлд ч үнийн өсөлт ажиглагджээ. Гурван жилийн хугацаатай бондын өгөөж 0.4 суурь нэгжээр буурч, 3.736 хувь, таван жилийн хугацаатай бондын өгөөж 2.2 суурь нэгжээр буурч, 3.870 хувь болсон байна.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Лхагва - 11 сарын 04,
2026
Сэтгэгдэл0