sonin.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өчигдөр Ерөнхий сайд Н.Учрал, Сангийн сайд З.Мэндсайхан нарыг хүлээн авч уулзан, Оюу толгойн ногдол ашгийг иргэн бүрд хүртээх нь зөв хэмээсэн илэрхийлсэн билээ. Үүнтэй холбоотойгоор эдийн засгийн ухааны доктор Т.Баярхүү байр сууриа илэрхийллээ. Тэрээр:"Засгийн газар, УИХ хоёр хоорондоо зөрчилтэй байгаа үед Ерөнхийлөгч У.Хүрэлсүх иргэдэд ногдол ашгийг олгох чиглэл өглөө. Зарим эдийн засагч нар иргэдэд бэлэн мөнгө тарааснаар инфляц буюу үнийн өсөлт нэмэгдэж гэж буруу ярьдаг. Тийм биш.


Мөнгөний эргэлт бол цусны эргэлттэй адил зүйл. Одоогоор мөнгөгүй болсон иргэд цусгүй хүн шиг л болчхоод байна гэсэн үг. Ногдол ашгийг бэлнээр олгосноор мөнгөний эргэлтийг нэмэгдүүлэх ач холбогдолтой. 


Инфляци буюу үнийн өсөлтийн гол шалтгаан нь зээлийн хүү. Эдийн засагчид орлого нь амьдралдаа хүрэлцэхгүй байгаа хүмүүст бэлэн мөнгө тараамагц дэлгүүрээс талх худалдаж авахаар инфляц өсдөг гэж ярьдаг. Энэ бол худлаа.Ард түмэнд мөнгө өглөө гээд инфляц өсөхгүй. Харин ард түмэнд очсон мөнгө мөнгөхүүлэгчдийн гараар дамжаад хүүтэй зээл болсноор инфляци өсдөг. Инфляцийн гол шалтгаан нь зээлийн хүү. Зээлийн хүү жилээс жил нэмэгдэж байгаа цагт инфляци буурах боломжгүй. Дахин хэлэхэд Оюутолгойн ногдол ашгийг иргэдэд тарааснаар инфляци огт болохгүй. Ногдол ашиг бол халамж биш. Иргэд маань харин аль болох үндэсний бүтээгдэхүүнээ худалдан авцгаагаарай" гэв.


Н.Отгончимэг