МАДРИД, 2026 оны арваннэгдүгээр сарын 4 /DW/. Испанид 69 хүний аминд хүрсэн галт тэрэгний ослоос хойш долоо хоног өнгөрсний дараа тус улсын Тээврийн сайд Оскар Пуэнте албан тушаалаасаа огцорч байгаагаа болон парламентын ээлжит бус сонгуульд оролцохгүй гэдгээ мэдэгдлээ.
Тэрбээр энэ тухайгаа өчигдөр парламентын комиссын хуралдааны үеэр дуулгасан байна. “Жил хүрэхгүй хугацаанд хоёр том осол болсны дараа сайд хүн албан тушаалдаа хэвээр байх нь зохимжгүй” гэж тэрбээр хэллээ. Сөрөг хүчний бүх нам Пуэнтег огцрохыг шаардаж байсан боловч Тээврийн сайд болон Ерөнхий сайд Педро Санчес нар огцруулах алхам хийхгүй гэдгээ хэд хэдэн удаа мэдэгдсэн юм.
Сайд огцрох мэдэгдэл хийхээс хэдхэн цагийн өмнө Испанийн засгийн газраас төмөр замын тээврийн аюулгүй байдлыг сайжруулах арга хэмжээний төлөвлөгөөг баталсан байна. Мөн амиа алдсан болон гэмтэж бэртсэн хүмүүсийн ар гэрт 30 сая еврогийн тусламж үзүүлэхээр шийдвэрлэжээ.
Олон хүний аминд хүрсэн осол Мадрид-Севилиа чиглэлийн төмөр замд Толедо мужийн Урда тосгоны орчимд 10 дугаар сарын 28-ны өглөөний 8:53 цагт болсон юм. Зорчигч тээврийн AVE 2080 хурдны галт тэрэг зам дээр зогсож байсан Iryo 6076 галт тэргийг мөргөсний улмаас 69 хүн амиа алдаж, 50 гаруй хүн гэмтэж бэртжээ.
Он гарснаас хойш Испанид 7 удаа төмөр замын осол гарсан байна. Тэдгээр ноцтой нь гэвэл, нэгдүгээр сарын 18-нд Мадрид-Малага чиглэлийн төмөр замд галт тэрэгний хоёр цуваа мөргөлдсөний улмаас 46 хүн амиа алдаж, 150 хүн гэмтэж бэртсэн осол юм.
Б.Адъяахүү
Лхагва - 11 сарын 04,
2026
Сэтгэгдэл0