ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиков “Спутник” агентлагт өгсөн ярилцлагадаа Монгол Улсад үүсээд буй шатахууны хомсдолын шалтгаан болон ОХУ-аас нийлүүлж буй газрын тосны бүтээгдэхүүний талаар байр сууриа илэрхийлжээ.
Тэрбээр “Монголын шатахуун түгээх станцуудад автомашинууд дараалал үүсгэж байгааг анзаарсан. ОХУ-ын дотоодын шатахууны зах зээлд хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн хэдий ч Монгол Улсад нийлүүлэлтээ тасралтгүй үргэлжлүүлж байна. Түүнчлэн нисэхийн түлш, автобензин, дизель түлш зэрэг бүх төрлийн газрын тосны бүтээгдэхүүний нийлүүлэлтийн хэмжээ нэмэгдэж байгаа” хэмээн мэдэгдсэн байна.
Элчин сайдын үзэж буйгаар Монгол Улсад үүсээд буй шатахууны хомсдол үндсэн хоёр шалтгаантай аж.
Нэгдүгээрт, шатахуун хадгалах сав, агуулахын хүчин чадал хангалтгүй байгаа нь нийлүүлэлтийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлж байна. Хэдийгээр агуулахын хүчин чадлыг нэмэгдүүлэх шийдвэрүүд гарсан ч хэрэгжилт нь хангалтгүй байгааг тэрбээр онцолжээ.
Хоёрдугаарт, ОХУ-аас шатахуун импортолж буй компаниуд бүтээгдэхүүний түгээлт, борлуулалтыг шаардлагатай түвшинд шуурхай зохион байгуулж чадахгүй байна гэж үзэж буйгаа илэрхийлсэн байна. Өөрөөр хэлбэл, шатахуун түгээх, борлуулах сүлжээний хөгжил хангалтгүй байгаа нь хомсдол үүсэхэд нөлөөлж буй нэг хүчин зүйл гэж дүгнэжээ.
Түүнчлэн ОХУ, Монгол Улсын Засгийн газар хооронд байгуулсан газрын тосны бүтээгдэхүүн болон нисэхийн түлш нийлүүлэх тухай хоёр хэлэлцээр хэрэгжиж эхэлснийг Элчин сайд дурдсан байна.
Эдгээр хэлэлцээрийн хүрээнд Монголын шатахуун импортлогч компаниуд ОХУ-аас газрын тосны бүтээгдэхүүнийг нэг цонхны зарчмаар худалдан авах боломж бүрдсэн гэж тайлбарлажээ.
Мөн ОХУ-аас Монгол Улсад нийлүүлэх шатахууны тээвэрлэлтийг тэргүүн ээлжид зохион байгуулж байгааг онцолсон байна. Тодруулбал, Оросын төмөр зам болон Улаанбаатар төмөр замаар дамжин тээвэрлэгдэх шатахууны ачаанд давуу эрх олгож, ачилт, тээвэрлэлтийг нэн тэргүүнд гүйцэтгэж байгаа гэв.
Ийнхүү ОХУ-ын Элчин сайд Монгол Улсад үүсээд буй шатахууны хомсдолыг зөвхөн гадаад нийлүүлэлттэй холбон тайлбарлах боломжгүй бөгөөд дотоодын хадгалалт, түгээлт, борлуулалтын тогтолцооны хүндрэлтэй холбоотой гэж үзэж буйгаа илэрхийллээ.
С.Сарнай
Лхагва - 11 сарын 04,
2026
Сэтгэгдэл0