Ленин чухамдаа зөвхөн нэг л хүн хязгааргүй хаанчлах ёс хийгээд эрх тэгш бус байдлыг эсэргүүцэн тэмцэж байлаа. Гэвч түүний бий болгосон засаглал нь нэг хүнийг тахин шүтэх хийгээд эрх тэгш бус байдлаараа хаант засгийг ч давж гарсан нь хачирхалтай.
 
Гитлер чухамдаа эрх мэдлийг шударга бусаар гартаа төвлөрүүлэн улс эх орныг нь удирдан жолоодох болсон жүүд нарыг эсэргүүцэн дургүйцэж байлаа. Гэвч тэрбээр өөрөө засгийн эрхэнд гармагц ялгаварлах үзлийг эргээд еврей нарын эсрэг илүү аймшигтайгаар хөөргөдөж. зөвхөн нэг үндэстэн ноёрхох үзэл суртлаар энэ гаригийг галан хуйд автуулсан байдаг.
 
Үзэн ядаж, жигшин зэвүүцэж, өөрийн гараар устгаж нураасан зүйлээ өөрөө ч мэдэлгүй дахин цогцлоон бүтээж, магтан мандуулсан энэ мэт тохиолдол хүн төрөлхтөний түүхэнд олон бий.
 
Харгисыг эсэргүүцэн гарч ирээд өөрөө түүнээсээ ч илүү харгис нэгэн болох, шударга бусыг үл тэвчих нэгэн бөгөөтөл хэзээний өөрөө тийн үйлдэх, үзэл суртлыг илэрхий шүүмжлэн үл таашаах атлаа бие, хэл, сэтгэл нь тус суртлыг дэлгэрүүлэн үйлдэх мэт ааш аяг, авир үзэгдэл олон дунд цөөнгүй тохиолддог.
 
Тэгвэл өнөөдрийн ардчиллагч нарт ийм шинж тэмдэг ажиглагдаж эхэллээ. Тэдэнд дайсан бий. Шүд зуусан үзэн ядалт, хорсол зэвүүцэл бий. Учир нь хуучны юм хараахан ул болж амжаагүй байна, өнөөдөр. Коммунизм, социализм гэгч тамын дундуур туучсан 70 жилийн ул мөр Монголын төр засаг, түүх соёл, түмэн олны санах ойноос бүрэн арчигдаагүй байна.
 
Олон жилийн хойно эрх мэдлийн үзүүрээс атгасан ардчиллагч эрхмүүдийн хувьд энэ бол зэвүүцэл төрүүлсэн баримт. Тэд тэртээ 1990 онд ард түмнийг үзэл суртлын балчиг намагнаас суга татаж гаргах ардчиллын төлөөх тэмцлээ эхлүүлсэн. Тэднийг ардчиллын алтан хараацайнууд гэдэг.
 
Өмнөх муу засаглалыг нурааж, шинэ засгийн тоосгыг шавардсан тэр хүмүүсийн гавъяаг бид үнэлдэг. Тиймдээ ч ард олон тэдэнд улсын Ерөнхийлөгч, улсын Баатар гээд өгч болох хамгийн том цол гуншингаа хүртээсэн. Эрх мэдлийг ямбатай нь хамт эдлүүлсэн.
 
Гэтэл тэд эргээд үзэл суртлаар зэвсэглэсэн цоо шинэ фронтыг өөрсдөө бэлтгэн гаргаж ирлээ. Үзэл суртлын эсрэг тэмцэгчид эцэстээ эргээд үзэл суртал номлогчид, хөхиүлэн дэмжигчид, хөөргөн сайшаагсад болж хувирав.
 
Коммунизм, социализм, Ленин, Сүхбаатар гээд өнгөрсөн 70 жилийн түүхтэй холбоотой бүхнийг үгүйсгэн, муучлан үзэх жинхэнэ үзэл суртлын кампанит ажлыг тэд зорилготойгоор хэрэгжүүлж эхэлжээ. Үзэл суртал гээч бол нийгэмд чимээгүй тахал шиг нэвчиж, төсөөлөхийн аргагүй хор хөнөөл тарьдагаараа аймшигтай.
 
В.И.Лениний хөшөөг нурааж, Д.Сүхбаатарын талбайг булааж, сурах бичгүүдээс тухайн үеийн түүхийг ишилсэн бүхнийг хасч, ардын хувьсгалын ойгоос татгалзаж, тусгаар тогтнолын өдөр судрыг өөрчилж, улсын түүхийг зөвхөн ардчиллаас өмнөх болон ардчилсан хувьсгалаас хойшхи хэмээн ангилж, учир мэдэхгүй шинэ үеийнхэнд түүхийг заазлах эрх олгож байна.
 
Өнөөдөр захын "мангар бацаан" "1921 оны хувьсгал гэж юу байсан юм. Хөдсөн дээлтэй хөөрсөн хэдэн нөхдүүдийн нам байгуулж, төр барина ч гэж юу байдаг юм. Оросуудын колони болж, устаж сүйрдгийн даваан дээр ашгүй 1990 онд манай энэ улсын баатар ардчиллыг ялуулж, улсыг аварсан юм" гэх ухааны юм ярьдаг болжээ.
 
Ийм суртлаар хүмүүжин өсч буй шинэ фронтын жинхэнэ командлагч нь мань баатар өөрөө тодорсон нь гайхаад байх зүйл биш ээ. Улсын баатар Э.Бат-Үүл хотын дарга болонгуутаа хуучин нийгмийн үлдэгдлийг шүүрдэн, ул суурь үлдээхгүй хусах ажилдаа ханцуй шамлан орсон.
 
Оюун санаан дахь дурсамжийг хусахын тулд эхлээд нүдэнд нь торж, сэтгэлд нь бууж үлдсэн бүхнийг нурааж, хэмхчиж, сольж, хольж өгөх хэрэгтэй. Ингээд Нисэхийн цагаан хаалганаас эхлээд хуучин нийгмийн үед боссон, тэр бузрын түүхтэй холбоотой бүхнийг нурааж, нүүлгэж, нэрийг нь сольж эхлэв.
 
Аймшигт зандалчин И.Лениний хөшөөг буулгаж, социалист зохиолч Д.Нацагдоржийн хөшөөг нүүлгэв. Сүхбаатарын талбайг нүүлгэлтэй биш, нэрийг нь өөрчилж, Чингисийн талбай болгов. Ленин ч, Гитлер ч.коммунизм ч, нацимз ч яг л ийм арга барилаар ажилласныг санах хэрэгтэй.
 
Иргэдийнхээ оюун санаанд нь үлдэж хоцорсон шүтлэг бишрэлийг устгахын тулд эхлээд тэд бодитой, ил харагдах бүхэн рүү нь довтолсон билээ. Сүм хийдийг нурааж, соёлын өв дурсгалыг сүйтгэж, түүхээс үзэл сурталд нь тохирохгүйг хасч, тохирохыг цоо шинээр зохион бичиж байлаа, тэд.
 
Одоо хүн бүр Э.Бат-Үүлийн дэлгэрүүлэх гээд байгаа үзэл суртлыг ойлгох болов. Эрх мэдлийг даган хошуурагч нийгмийн олонх тэрхүү суртлыг дотроо дурамжхан ч гаднаа алга ташин хүлээж авав.
 
Зарим хэт аялдан дагалдагч, зусар бялдууч хийгээд үзэл бодол нь хараахан төлөвшиж амжаагүй байсан залуусын арми үзэл суртлыг цээжээрээ хамгаалж, эсрэг үзэл бодол илэрхийлсэн хэн бүхэн рүү турхиран дайрах нугалаа завхралыг бий болгож эхэллээ.
 
Нугалаа завхралын үр дүнд үзэл суртлын талцал бий болж, Э.Бат-Үүл хийгээд ардчиллын үйл хэргийг шүүмжилсэн бүхнийг "Адгийн муу коммунизмын үлдэгдэл, хоцрогдсон этгээд, эсэргүү намын гишүүн" гэх мэтээр ялгаварлах хандлага илэрхий ажиглагдах болжээ.
 
Ийм талцал, ийм үзэл бодлын ялгаварлалыг та бид дурын сайт дээрх коммент, сэтгэгдлүүдээс олж харах болсон шүү дээ. Үүнийг чинь л ардчилал гэнэ шүү дээ хэмээн сэнхрүүлэх магадгүй. Тэгвэл үгүй юм аа. Тун удахгүй яг энд байгаа яг энэ ардчилал хумигдаж эхлэхийг бид анзаарна.
 
Одоо ч хумигдаад эхэлчихсэн байхыг үгүйсгэх аргагүй. Учир нь үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө хэвээр хадгалагдаж байх хэдий ч ардчиллыг, тэр дундаа ардчиллын удирдагчид, үйл хэргийг хэн ч шүүмжлэхээ больж ирнэ. Хэрвээ шүүмжилдэг юм аа гэхэд тэр бол ердөө л нэг муу "коммунист". Өөр хэн ч биш.
 
Түүнийг олонхиороо үзэн ядна, чичилнэ, хавчина, гадуурхана. Ардын хувьсгал, Дамдины Сүхбаатар, анхны долоо, аав ээжийн үе... Амаа хамхи. Ардчиллаас өмнөх юуг ч бүү дурс. Монголын түүхэнд хоёрхон сод үйл явдал бий. Нэг нь Чингисийн байлдан дагуулал.
 
Нөгөө нь цагаан морин жилийн ардчилсан хувьсгал. Ийм л үзэл суртлын дайн явагдаж байна. Эрдэнийн Бат-Үүл өргөн фронтоор давшиж байна. Түүний зорилго нь зөвхөн нэг хөшөө буулгах, нэр - солих төдийхөнд чиглээгүй нь лавтай байна. Үзлийг энээхний төлөө номлодоггүй юм.
 
 
Д.Дамдинжав
 
Эх сурвалж: