Монгол улсад чөлөөт хэвлэл үүсч хөгжсөний 25 жил, Монголын Сонинуудын холбоо байгуулагдсаны 15 жилийн ойд зориулж, чөлөөт хэвлэлийн салбарыг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулсан эрхэм хүмүүсийн яриаг цувралаар хүргэж байгаа билээ.
Монголын Сонинуудын холбоог үүсгэн байгуулагчдын нэг, тус байгууллагын одоогийн ерөнхийлөгч Раднаагийн Хадбаатарыг урьж ярилцсанаа та бүхэнд хүргэж байна.
-Та бүхэн ойгоо тэмдэглэх гээд завгүй байна уу?
-Харин тийм ээ. Ажил их байна. Манай залуучууд эртнээс бэлдэж эхэлсэн.
-Яагаад холбооныхоо ойг тэмдэглэхээс гадна Монгол улсад чөлөөт хэвлэл үүссэний 25 жилийн ойг давхар тэмдэглэх болов?
-Монголын Сонины холбооны хувь заяа Монгол улсын чөлөөт хэвлэлийн хувь заяатай салшгүй холбоотой юм. Өнөөдөр Монгол улсад хагас ч байна уу, ямар ч байсан чөлөөт хэвлэлийн орон зай байгаа учраас олон сонин хэвлэл, радио, телевиз үйл ажиллагаагаа явуулж, тэнд олон мянган хүн ажиллаж байна. Энэ хэвлэлийн байгууллагуудаас тодорхой хэсэг нь манай холбооны гишүүн. Ийм учраас тэднийхээ эрх ашгийг хамгаалах нь бидний үүрэг. Чөлөөт хэвлэлийг хөгжүүлэхийн төлөө бид эвлэлдэн нэгдсэн төрийн бус байгууллага юм.
-Тэгээд, 25 гэсэн тоог яаж гаргаж ирээд байгаа юм бэ. 1989 онд “Шинэ толь” гэдэг сонин “Ардчилал” сонины өмнө гарсан гэж сонссон.
-Одоогоос 25 жилийн тэртээ, 1988 онд Хэвлэл, утга зохиолыг хянах газар татан буугдсан. Энэ газар нь Сайд нарын зөвлөлийн дэргэдэх яамны статустай байсан байдаг. Анх 1947 онд байгуулагдсан энэ “Үнэний яам”-ыг 1988 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн МАХН-ын Төв хорооны Улс төрийн товчооны 154 тоот тогтоолоор татан буулгахаар болж, тэр оныхоо 9 дүгээр сарын 1-ний өдрөөс дагаж мөрдөж эхэлсэн байдаг.Тогтоол хэрэгжиж эхэлтэл нууцын зэрэглэлтэй байсан байдаг.
-Тэр ямар учиртай байгууллага байсан юм бэ?
-Оросоор Главлит (Главное управление по делам литературы и издательств) гэдэг энэ байгууллага бол хэвлэл, зохиол, кино, шинжлэх ухааны бүтээл, шүлэг, яруу найраг бүх оюун санааны бүтээлийг намын үзэл үзэл сурталд нийцэж байгаа эсэхэд цензурддаг байгууллага байсан байна лээ. Тэр үед зохиолч нар “бичсэн зүйлийг хянаж хаслаа, хүний үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөг хаслаа, сайн бүтээл гарахгүй байна” хэмээн энэ байгууллагыг ил, далд шүүмжилж эхэлсэн юм билээ. “Үнэн” сонинд шүүмжлэлт нийтлэлүүд хүртэл гарч байсан байна билээ. Энэ талаар манай ахмад зохиолчид, сэтгүүлчид олон зүйл ярьдаг.

-Тэгээд тэр “Монгол Главлит” энд ямар хамаатай юм бэ?
-Хянагчгүй, харгалзагчгүй болно гэдэг аз жаргал биз дээ. Хажууд чинь нэг хүн байнга зогсоод байвал чамд ямар санагдах вэ. “Үнэн” сонин, Монгол телевиз дээр байнгийн төлөөлөгч сууж хянадаг байсан байна билээ. Социализмын үед олон сэхээтнүүд, тэр дундаа зохиолчид, сэтгүүлчид бичсэн зүйлийнхээ төлөө хэлмэгдэж, амьдралаараа хохирч явсан гашуун түүх их байдаг. Хүний хэлсэн, ярьсан, бичсэнийг хянадаг газар байхгүй болно гэдэг жинхэнэ эрх чөлөө мөн биз дээ. Гэхдээ 1990 он хүртэл энэ үүргийг редакцид нь өгсөн нэртэй боловч намын төв хороо давхар хянаж эрхлэгч нарыг нь дуудаж загнадаг байсан гэдэг. Энэ дарамтыг эрхлэгч нар өөр дээрээ авч байсан талаар ахмад сэтгүүлчид их ярьдаг.
-Нээрээ гашуун түүх их байдаг шүү.
-Тэр жилдээ 1988 онд “Цагийн толь” хэмээх А4 хэмжээтэй жижиг сонин гурван дугаар гараад хаагдсан байдаг. Хамгийн анхны хаагдсан сонин.
-Яагаад хаагдсан юм бэ?
-Гарсан нийтлэлээс нь болоод намын Төв хорооны шийдвэрээр НАХЯ-ны төлөөлөгч очиж сонинг хаасан байдаг.
-Хэн гэж зоригтон энэ сонинг гаргав?
-Ардчилсан хувьсгалын анхны 15-ын нэг гэгддэг Дарь.Сүхбаатар эрхлэгч нь байсан гэдэг. УБДС-ийн оюутнууд гаргасан. Шинэ сонин учраас хаасан байх. Тэгэхээс бус “Үнэн” сонин болон бусад хуучин гарч байсан сонин дээр “Цагийн толь” сониноос илүү хурц нийтлэлүүд гараад эхэлчихсэн үе шүү дээ.
-“Үнэн” зэрэг сонин дээр ямар нийтлэлүүд гарч байсан юм бэ?
-1980 оны сүүлээр “Үнэн”, “Залуучуудын үнэн”, “Улаан од”, “Хөдөлмөр” зэрэг сонинуудад далд байсан мэдээллүүдийг ил гаргаж эхэлсэн байдаг. Тэр битгий хэл зүүн европ болон ЗХУ-д өрнөж байсан өөрчлөн байгуулалтын талаар зоригтой бичиж эхэлсэн байдаг. Энэ нийтлэлүүд нь Монголын ард түмний оюун санаанд өөрчлөлт оруулж, ардчилсан хувьсгал гарахад түлхэц өгсөн гэж ойлгодог.

-“Цагийн толь” шиг яаж хаачихаагүй юм бэ?
-1988 онд “Үнэн” сонин 100 мянга, “Хөдөлмөр” 100 мянга, “Улаан од” 50 мянга, “Залуучуудын үнэн” 50.0 орчим захиалагчтай байсан гэж сонссон. Ийм сонингуудыг хүчээр хаавал арай чүү тогтоож байгаа нийгэмд нь бослого гарна биз дээ. “Цагийн толь” бол шинэ сонин. Харин ч гурван дугаар гарсан байдаг. Цаашид “Цагийн толь” мэтийн шинэ олон сонин гарахаас сэрэмжилсэн байх.
-Тэгэхээр 1990 оны Ардчилсан хувьсгалын хөрс суурийг манай ахмад сэтгүүлчид тавьсан болж байна уу?
-Тэгэлгүй яахав. Сэтгүүлчид бол аливаа юмыг соргогоор мэдэрдэг хүмүүс. 1980-аад оны сүүлээр байнгын давтамжтайгаар сонин хэвлэлд социалист нийгмийн муу талыг сэтгүүлзүйн олон хэлбэрээр ил гаргаж тавьсан байдаг. Зүүн Европ, ЗХУ-ын “ил тод байдал”, “өөрчлөн байгуулалт”-ын талаар тэнд сурч байсан оюутан залуусын дуу хоолой нь болж өгч чадсан юм. Хэдий социалист систем задарч сайхан нөхцөл бүрдсэн ч ардчилсан хувьсгал ялахад манай ахмад сэтгүүлчдийн оруулсан хувь нэмэр их юм.
-1990 оноос л хэвлэлийн эрх чөлөөтэй болсон мэт буруу ойлгодог байж.
-Тэгвэл ахмадуудынхаа оруулсан хувь нэмрийг хааш нь хийхэв. Ийм улс орон гэнэт бий болчихсон болж байна уу. Тэр битгий хэл ардчилсан хувьсгалын тэргүүн эгнээд олон сэтгүүлч оролцсон байдаг...
-Ардчиллын анхны 13-ын тав нь сэтгүүлч байсан гэдэг...
-С.Цогтсайхан, Ц.Элбэгдорж, Ч.Энхээ, С.Амарсанаа, Д.Энхбаатар, Д.Нинж, Ц.Энхтүвшин, Б.Эрдэнэбаатар, А.Мурат, Н.Энхбаяр (“Хонх” хамтлаг), Д.Жамъян, Л.Хадбаатар, С.Оюун (“Хөдөлмөр” сонин), С.Баяр (С.Оюуны ах) гээд олон сэтгүүлч мэргэжилтэй болон хэвлэлд ойрхон ажиллаж байсан хүмүүс ардчилсан хувьсгалд манлайлан оролцсон анхдагчид байдаг. Энэ хүмүүсийн олон жилийн тэмцлийн үр дүн юм.
-Ардчилсан хувьсгал гарч хэвлэлийн эрх чөлөө жинхэнэ утгаараа хэрэгжиж эхэлсэн үү?
-Тэгэлгүй яах вэ. Хэдий “Үнэний яам” маань татан буугдсан ч хэвлэлийн эрх чөлөө бүрэн утгаараа ирээгүй юм. Харин ардчилсан хувьсгалын үр шимээр хэвлэлийн эрх чөлөө бодитой хэрэгжиж, олон сонин сэтгүүл уншигч олноо баярлуулсан. Монгол оронд хүний эрх, эрх чөлөө, ардчиллын баталгаа болсон хараат бус, чөлөөт хэвлэл жинхэнэ утгаараа хөгжих бололцоо олдсон юм.
-Гэхдээ манай улс хэвлэлийн хагас эрх чөлөөтэй орны тоонд ордог биз дээ?
-БНХАУ, ОХУ-ын хооронд оршдог манайх шиг жижиг улс хэвлэлийн хагас эрх чөлөөтэй байна гэдэг аз завшаан. Уг нь 1992 онд манай улс хэвлэлийн бүрэн эрх чөлөөтэй орон болсон байдаг. Харин 2000 онд сонин хэвлэлүүдийг шалгаж, хаасны дараагаас хэвлэлийн хагас эрх чөлөөтэй болсон. Тэгээд үүнээс хойш улам уруудсаар 2013 онтой золгосон байна.
-Танд тодорхой тоо байна уу?
-Монгол улс хэвлэлийн эрх чөлөөний индексээр 2005 онд 179 орноос 53-т бичигдэж байсан бол 2013 онд 98-д орж, 45 байраар ухарсан. Энэ янзаараа яваад байвал аягүй бол бүр хэвлэлийн эрх чөлөөгүй орон болж мэдэхээр аюулын харанга дэлдэж байна. Энэ юу харуулаад байна вэ гэвэл ардчилсан хувьсгал ялаад эхэндээ хэвлэл чөлөөтэй байсан бол одоо улс орон хөгжихийн хэрээр хэвлэлийн эрх чөлөө хумигдаж байгаа дүр зураг харагдаж байна.Ардчилсан улсыг чөлөөт хэвлэлгүйгээр төсөөлөшгүй. Чөлөөт хэвлэл байхгүй бол хэвлэлийн эрх чөлөө байхгүй. Хэвлэлийн эрх чөлөөгүй орныг ардчилсан улс гэж хэлэхгүй. Дээрх тоо эрх баригчдад юм бодогдуулах тоо. Энийг би хэлээгүй. Парис төвтэй “Хил хязгааргүй сурвалжлагчид” байгууллагаас жил бүр гаргадаг судалгаа.
-Манай улстөрчид хэвлэлийн эрх чөлөөг хөгжүүлэхэд дорвитой юм хийхгүй бол болохоо байчихаж. Одоо танай холбооны талаар ярилцъя. Монголын Сонинуудын холбоо яг хэдэн онд байгуулагдсан бэ?
-Анх 1997 онд байгуулагдсан. Гэвч албан ёсоор Их хурлаа хийгээд 1998 онд байгуулагдсан гэж үздэг юм.
-Яагаад та нар энэ холбоог байгуулсан бэ?
-Монголын Сонинуудын Холбоог анх “Сэрүүлэг” сонины С.Баярмөнх, “Монголын нэг өдөр” сонины Ц.Баяраа, Л.Зоригт, “Хань” сонины Д.Батсүх, “Хүмүүс” сонины Р.Хадбаатар, “Дээдсийн хүрээлэн” сонины Н.Билгүүн, “Шар сонин” сонины О.Одгэрэл, “81 суваг” сонины Ж.Баяржаргал нарын 8 хүн анх үүсгэн байгуулсан юм.
-Та нар анх хаана танилцсан бэ. Бие биеэ сайн танидаг байсан уу?
-Цагдаагийн үүдэнд танилцсан.
-Яахаараа цагдаагийн үүдэнд танилцдаг билээ?
-Уул нь хэвлэлийн бирж дээр сонингоо борлуулах гэж очихдоо бие биенээ зүс таньдаг байсан. Харин цагдаагийн үүдэнд шалгуулж байхдаа дотно танилцацгаасан.
-Ямар хэрэг хийсэн юм бэ?
-1996 онд хэвлэл мэдээллийн хэрэгсэлд шалгалт хийж, “Халуун хөнжил”, “Тодорхой нууц” зэрэг хэдэн сонинг хаасан. 1998 онд Хууль зүйн яам нийслэлд үйл ажиллагаа явуулж буй 455 сонин, 131 сэтгүүл, 8 радио, 51 телевиз, мэдээллийн бусад гурван хэрэгсэл, нийт 648 байгууллагыг нэгэн зэрэг шалгасан. Энэ шалгалтын үеэр сайн дураараа улсын бүртгэлээс хасуулах хүсэлт гаргасан 51 сонин, сэтгүүлийг улсын бүртгэлээс хасч, олон сонинд анхааруулга өгсөн. Сайн дураараа улсын бүртгэлээс хасуулах хүсэлтээ гаргасан гэдэг чинь цагдаагаас залхаж “гараа өргөсөн” сонинуудын тоо. Ихэнхэд нь эрүүгийн хэрэг үүсгэж шалгасан. Цагдаа дээр өглөө ирээд ажил тартал сууж, цагаа бүртгүүлдэг байсан. Хэдэн сар ингэж шалгагдсан. Эцэст нь зарим нэг нь залхаад сониноо хаахыг зөвшөөрөөд энэ хэргээс салж байлаа. Ингэж л бид дотно танилцсан юм. Цагдаагийн үүдэнд сууж байхдаа юу эсийг ярихав. “Бүгдээрээ нэгдсэн нэг байгууллагатай болж эрх ашгаа хамгаалахгүй бол нэг нэгээрээ бол хэн ч биш юм байна” гэдгийг ойлгоцгоосон. Дараалан хоёр удаагийн шалгалтаар энэ зовлонг нь биеэрээ амсаж мэдэрсэн. Энэ яриа ажил хэрэг болж манай холбоо байгуулагдсан түүхтэй.
-Дараа нь 1997, 1998 он чинь чөлөөт сонинуудын “алтан үе” байсан биз дээ?
-“Дахиж цөмөөрөө нэг ч сонин хаалгахгүй шүү” гэж тангарагласан. Харин тэр үед “ДАНИДА” төслөөр хэрэгжсэн “Чөлөөт хэвлэл сан” сонины хэвлэх үйлдвэр 1996 онд ашиглалтанд орж, энэ зах зээлд хувьсгал гарсан юм. Үүнээс өмнө хар тугалга хайлуулж өрдөг болхи технологиос болоод энэ зах зээл сайн хөгжиж чадахгүй байсан. Сонины цаас ч олдохгүй хэцүү байсан үе.
-Дээрх шиг дахиж та нарыг шалгасан уу?
-Шалгасан. Сонин хэвлэлд алтан үе байсан ч хар он жилүүд их шүү дээ.
-Хэзээ?
-2000 онд Н.Энхбаярын Засгийн газар гарч ирээд бүх чөлөөт хэвлэлд ХЗДХЯ, Татварын ерөнхий газар, Хэвлэлийн хүрээнлэнгийн хамтарсан шалгалт оруулсан. Сонинууд татвар төлдөггүй гэж ойлголттой байсан байна лээ. Гэтэл бүгд татвар төлдөг байсан.
Эцэст нь ухаж ухаж ямар нэг хэмжээгээр татварын торгууль бүх сонин дээр тавиад гурван сонинг бүр мөсөн хаасан. Д.Жамъян эрхлэгчтэй “Чоно”, С.Амардаваа эрхлэгчтэй “Жигшүүрт хэрэг”, Намчинбумба эрхлэгчтэй “Дуулиант хэрэг” сонинг садар самуун, гэмт хэрэг сурталчилсан гэж шүүхийн шийдвэргүйгээр ХЗДХЯ сонины газруудын үйл ажиллагааг зогсоож, улсын бүртгэлээс хассан.
-Нэг ч сониноо хаалгахгүй гэж тангараглаа биз дээ?
-Шалгалтын үеэр манай холбооноос хэдэн хүн урваж өөр холбоо байгуулж эрх баригчидтай нийлсэн юм.
-Та нар тэгээд чимээгүй хаалгуулсан хэрэг үү?
-Бид маш их тэмцсэн. Даан ч нэг нам хэт олонх байсан үе. Ардчилсан намаас УИХ-д дөрөвхөн суудалтай байсан. Тэмцсэний үр дүнд бүх сонинуудаа хаалгаагүй.
-Ямар тэмцэл хийсэн юм бэ?
-Олон арга хэмжээ хийсэн. Жишээ нь, ГХЯ дээр Засгийн газрын тэргүүн гадаад дотоодын сэтгүүлчдэд анх удаа мэдээлэл хийх үеэр өвөртөө лоозон авч ороод бүгд өргөцгөөсөн.
-ГХЯ чинь төрийн тусгай хамгаалалттай газар биз дээ?
-Төрийн тусгай хамгаалалттай газарт жагсаал цуглаан хийж болохгүй гээд барьж явахыг завдсан. Гадаадын сэтгүүлчид зураг аваад байсан тул яаж ч чадаагүй юм.
-Ямар олон удаа та нарыг нухчин дарах гэж оролдсон юм бэ?
-1996, 1998, 2000 онд шалгаж хэд хэдэн сонинг хаасныг сая ярилаа. Хамгийн сүүлд 2012 онд сонгуулийн дараа есөн телевиз, 13 сайтыг хаасан шүү дээ. Энэ шалгалтууд бол хоморголон шалгасан онууд юм. Энэ хооронд нэг нэгээр нь зөндөө шалгасан.
-Шалгаад яах гээд байдаг юм бэ?
-Эрх баригчид өөрсдийнхөө дуу хоолой болгох ганцхан зорилготой. Аль нам засгийн эрх барьж байх нь хамаагүй. Сонгууль бүрийн дараа заавал хэвлэлийг шалгадаг нь “хууль” болоод тогтчихлоо шүү дээ. Эрх баригч байхдаа шалгаж дарамтлаад байдаг, сөрөг хүчин болохоороо хайр зарлаад байдаг.
-Энэ нь хэвлэлийн эрх чөлөөнд аль хэр хортой вэ?
-Маш хортой. Сониноо хаалгахгүй, сэтгүүлчээ шоронд хориулахгүй гэж тэмцэж ирсэн бидний тэмцэл нь хувийн бизнесээ хамгаалж байгаа мэт харагдавч, шүүхийн шийдвэр гарах бүрт хэвлэлийн эрх чөлөө улам хэврэгшиж байсан юм.
-Яаж хэврэгшинэ гэж?
-Сэтгүүлчдэд эрүүгийн хэрэг үүсгэх, шүүхээр өндөр торгууль тавих бүрт сэтгүүлчийн эр зориг тийм хэмжээгээр мохож байдаг. Олон сэтгүүлч ийм шалтгаанаар ажил мэргэжлээ солилоо шүү дээ.
-Хүн үлдэх нь үү?
-Эмч бол өвчтөнийг эмчилдэг. Сэтгүүлч бол нийгмийг эмчилдэг үзэг барьсан эмч юм. Тоншуул модны өтийг түүж мод эрүүлжиж, өндөр саглагар ургадаг. Сэтгүүлч энэ нийгэмд болж бүтэхгүй байгаа тэр “өт”-ийг түүдэг юм. Сайн сэтгүүлч бол энэ нийгмийн баялаг, улс орны эдийн засгийн түлхүүр юм шүү дээ.
-Уул нь улс орны эдийн засаг 1990 оныхтой харьцуулашгүй “баян” болоо биз дээ. Гэтэл хэвлэлийн эрх чөлөө маань хумигдаад байдаг.
-Энэ л гол аюул болоод байна. 1990 онд ардчилсан хувьсгал ялсны дараа юу боллоо. Улс орон эзэнгүй юм шиг. Бүх юм хөл толгойгоо алдчихаад байсан үе. Дэлгүүрийн лангуун дээр давснаас өөр юмгүй болтлоо ядуурсан шүү дээ.
-Яагаад тэгж их ядуурсан юм бол?
-Социалист систем бүхэлдээ задарч, ЗХУ-ыг бүрдүүлж байсан улсууд тусгаар тогтносон. Манай улс хэдий тусгаар тогтносон улс боловч ЗХУ-ын нэг ёсны “тэжээвэр” улс байлаа шүү дээ. Тэжээгч нь байхгүй болчихоор “үнсэнд хаягдсан шалж” шиг хоцорсон.
-Одоо?
-Тэр үед улсын төсөв 300.0 тэрбум төгрөг байсан бол одоо 7.0 их наяад, жилдээ 20.0 мянган айл шинэ орон сууцанд ордог, 1800 км урт зам ашиглалтад оруулдаг, автомашины тоо нь 60.0 мянгаар нэмэгддэг харьцангуй баян улс болжээ.Энэ баялгийг бүтээлцэхэд манай сэтгүүлчид үзгээрээ бүтээлцсэн юм гэдгийг нийгэмд ойлгуулах нь бидний үүрэг юм. Гэхдээ Ливи шиг баян мөртлөө хүний эрхийг уландаа гишгэдэг орон болчихгүй байх үүднээс одооноос бодох цаг болсон. Яагаад гэвэл эд баялаг шунал дагуулдаг гэдэг.
-Та юу хэлэх гээд байгаа юм бэ?
-Улс нь баян болоод байдаг, харин хэвлэлийн эрх чөлөө нь ядуураад байдаг. Уул нь маш олон сонин, сэтгүүл, радио, телевиз байдаг. Энэ маань нөгөө “дүр эсгэсэн ардчилал” гэдэг шиг “дүр эсгэсэн хэвлэлийн эрх чөлөө” рүү явж байгаа юм биш биз бодогдохоор байна. Энэ бол буруу тогтолцоо. Энд ямар нэг юм болохгүй байнаа гэсэн үг.
-Юу болохгүй байна гэж?
-Харин энийг нь л бид олон нийтэд ил гаргаж тавьж байгаа юм. Бид урсгалаараа хорь гаруй жил явжээ.Энийг өөрчлөх цаг нь болсон байна.
-Хамгийн түрүүнд хийх нэг ажил хэлээч?
-Нэгдүгээрт, энэ олон радио, телевиз, сайт, сонин хэвлэл эрхлэн гаргачдын холбоо хүчээ тарамдуулаад байна. Ажил олгогчид бүгдээрээ нэг холбооны нэрэн дор нэгдэж, нэгдсэн бодлогоо гаргаж ирэх хэрэгтэй байна. Тэр бодлогоо төр засаг, олон нийтэд зөв ойлгуулах нь чухал. Хоёрдугаарт, сэтгүүлчдийн гэдэг юм уу, хэвлэлийн ажилтнуудын үйлдвэрчний эвлэл байгуулах хэрэгтэй. Тэгэхгүй бол холилдоод юу нь ч мэдэгдэхгүй “бантан” болчихлоо. Энэ хоёрыг салгах хэрэгтэй.
-Ер нь Монголын Сонинуудын холбоо байгуулагдсан цагаасаа хойш хийсэн томоохон ажлуудаас дурьдаач.
-Хамгийн түрүүнд нэг ч сэтгүүлч шоронд орохгүй байх ёстой гэж тэмцсэн. 2004 онд “Монголын нэг өдөр” сонины сэтгүүлчийг цагдаа нартай зодолдон барин Ганц худгаас суллаж авч байсан. Үүний дараа манай сэтгүүлчдийн идэвх нэг хэсэгтээ эрс сайжирсан.Сэтгүүлчээ бид хайрлахгүй юм бол хэн хайрлах юм бэ.
-Өөр?
-Ерөнхий сайд Н.Алтанхуяг 2007 онд Сангийн сайдаар ажиллаж байхдаа сонин хэвлэлийг НӨАТ-аас чөлөөлөх бидний саналыг хүлээн авч УИХ-аар батлуулж байсан түүхтэй. Мөн бага хүүтэй орон сууцны зээлд ажилчдаа хамруулж нийгмийн асуудлыг шийдэж байсан гэх мэт олон ажлууд бий.
-Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр тавдугаар сарын 3-ны өдрийг хэдийнээс эхэлж тэмдэглэж ирсэн бэ, танай холбоо?
-Анх байгуулагдсан цагаасаа хойш тэмдэглэж байна. Тавдугаар сарын 3-нд “Алтан үзэг” шагнал өгөх гэх мэт хувь сэтгүүлчээ урамшуулдаг. Харин 12 дугаар сард Топ сонин, шилдэг хэвлэл мэдээллийн байгууллага, хамт олноо урамшуулдаг.
-Монголын чөлөөт хэвлэлийн түүхэнд хэн хэн ямар гавьяа байгуулсан гэж та боддог вэ?
-Бүх юм чинь нэг өдөр гэнэт бий болдоггүй. Бид ахмадуудаараа бахархах хэрэгтэй. “Үнэн” сонины эрхлэгчээр ажиллаж байсан Л.Түдэв гуай бол манай чөлөөт хэвлэлийн эх үндсийг тавьсан гэж хэлж болно. Ардчилсан, дэвшилтэт үзэлтэй хүн.
Мөн “Улаан од” сонины эрхлэгчээр ажиллаж байсан А.Баярмагнай, Б.Чантуу гуай нар бол цэргийн сонинг иргэний сонин шиг гаргаж байсан байдаг.
1980 оны сүүлээр тэр хүнд үед “Хөдөлмөр” сонины эрхлэгчээр ажиллаж байсан талийгаач С.Жамбалдорж гуай байна. “Залуучуудын үнэн” сонины эрхлэгч талийгаач С.Батмөнх гуай байна. Энэ буянтай хүмүүсийн “школ”-оор бэлтгэсэн шавь нар нь Монголын сэтгүүлзүйг тодорхойлж байлаа.
-Дунд үеэс?
-“Өнөөдөр” сониныг үүсгэн байгуулагч талийгаач Ц.Балдорж гуай байна. Энэ хүн өдийд амь сэрүүн байсан бол Монголын хэвлэлийн салбар ингэж доошоо орохгүй байсан. Хэвлэлийг байнга өмөөрдөг хүн байлаа. Энэ хүний амьддаа хийсэн ажил өнөөдрийг болтол үргэлжилж байна. Манай “Өдрийн сонин” сонины эрхлэгч Ж.Мягмарсүрэн, “Сэрүүлэг” сонины С.Баярмөнх гээд энэ салбартаа үнэнчээр өнөөдрийг болтол зүтгэсээр байна. Гэхдээ чөлөөт хэвлэлийг тодорхойлогч ийм сайхан хүмүүс улам цөөрсөөр байгаад харамсаж байна.
Дээр дурьдагдсан хүмүүсийг хараад байхад ихэнх нь зохиолч, уран бүтээлчид байгаа харагддаг. Энэ нийгмийн тэргүүний сэхээтнүүд юм.
-Энэ ойн арга хэмжээний хүрээнд юу хийх вэ?
-Хэд хэдэн ажлууд хийлээ. Сонин хэвлэлээр Монголын хэвлэлийн салбарт юу болж байгаа, юу болохгүй байгаа талаар хэлэлцүүлэг явууллаа.
Ахмадуудынхаа үгийг сонслоо. 12 дугаар сарын 16-ны өдрийн даваа гарагт “Хэвлэлийн эрх чөлөө бол ард түмний эрх чөлөө мөн” нэртэй симфозиум хийнэ. Мөн сонины анхны дугаарын үзэсгэлэн гаргана.
-“Хэвлэлийн эрх чөлөө бол ард түмний эрх чөлөө мөн” гэж яг юу гэсэн үг вэ?
-Хэвлэлийн эрх чөлөө бол энэ салбарт ажиллаж байгаа хэдэн сэтгүүлчдийнх бус, УИХ-ын хэдэн гишүүдийнх ч биш, намын хэдэн дарга нарынх ч бус, нийт Монголын ард түмний эрх чөлөө юм. Монголын ард түмэн энэ эрх чөлөөгөөрөө дамжуулж үг хэлэх, хэвлэн нийтлэх, хүний эрх, ардчилсан засаглал, зах зээлийн эдийн засгаа авч явдаг гэсэн үг юм.
-Өөр юу хийх вэ?
-Энэ арга хэмжээний үеэр Монголын чөлөөт хэвлэлийн түүхэнд бичигдэх 25 анхдагчийг шагнах юм.
-Сүүлчийн асуултыг танд үлдээе.
-Монгол улсыг өнөөдрийн өдий зэрэгтэй явахад их хувь нэмэр оруулсан ахмад сэтгүүлчид болон одоо энэ салбартаа үнэнчээр зүтгэж буй үзэг нэгт нөхөддөө, уншигч, захиалагч, үзэгч, сонсогч та бүхэндээ Монгол улсад чөлөөт хэвлэл үүссэний 25, Монголын Сонины холбоо байгуулагдсаны 15 жилийн ойн баярын мэнд хүргэж, эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
-Ерөөл бат оршиг.
Д.Энхтүвшин
Эх сурвалж:
Сэтгэгдэл0
setguulchis uul ni niigmiig emchildeg emch munl dee harin manaid bol niigmiig hagralduuldag Terrorhiideeg amidral ahuigaa deeshluuleh shantaajiin meregjilten bolson humuus bolj teleshsen
Сэтгүүлчид Оюутолгойн төлөө их ч ажилласан.Баабар мэтийн эх орноосоо урвагчдийн гар хөл болж зүтгэсэн нь ч үнэн.Гэхдээ хэдий муу нөхцөлд хэвлэлийн эрх чөлөөгүй ч гэсэн зарим сэтгүүлчид үүргээ ухамсарлаж ажиллаж байсныг үгүйсгэх аргагүй.