sonin.mn

Ундны ус тулгамдсан асуудал болоод байгаа газруудын нэг бол Өмнөговь аймаг. Орон нутгийн иргэд эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх нь зөрчигдөх болсон, мөн тус аймаг цаашид уул уурхайгаа хөгжүүлье гэвэл эхлээд усны нөөцийн талаар зарим судалгаа шинжилгээ хийх шаардлагатай тулгарч байна.

Ялангуяа тус аймгийн Цогтцэций суманд уул уурхайн компаниуд үйл ажиллагаа явуулж эхэлснээр сумын 10 гаруй  булаг шанд ширгэсэн байна. Энэ байдал нь эцэстээ орон нутагтаа малаа хариулах боломжгүй болж байгаад нутгийн малчид бухимдалтай байна.

Дэлхийн усны өдрийг тохиолдуулан өнгөрсөн амралтын өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад хотноо зохион байгуулагдсан “Говийн бүсийн нөөц-уул уурхайн хөгжил” сэдэвт зөвлөгөөний үеэр энэ асуудал хөндөгдсөн юм.

Уул уурхайн хэрэглээнд ашиглаж байгаа усыг 250 м-ийн гүнээс доош уснаас гаргаж авдаг. Харин иргэдийн усны хэрэгцээ 20 м-ээс доош байдаг хэмээн уул уурхайн компаниуд тайлбарладаг. Гэтэл уурхайн ойролцоо худаг яагаад ширгээд байна гэдэгт Өмнөговийн иргэд бухимдаж буй.

Энэ асуудал малчид уурхайн дунд маргаан дэгдээх болсон нь манай улсад энэ талаар хийсэн нарийн судалгаа шинжилгээ байдаггүйтэй холбоотой гэж БОНХ-наас тайлбар өгсөн юм.     

Цогтцэций сумын уул уурхайн орчимд усгүй болох нь тодорхой, гүний усыг уул уурхайд ашиглаад байх юм бол цаашид энэ байдлыг яаж шийдэх ёстой талаар иргэд албаны хүмүүсээс асууж байсан юм. Харин энэ асуултанд БОНХ-наас “Цогтцэций сум болон Оюу толгойн уурхайд манай ажлын хэсэг ажилласан.

Бид говийн бүсэд хяналтын цэг 200-г байгуулна. Ингэснээр уул уурхайн үс үнэхээр орон нутгийн иргэдэд нөлөөлж байна уу,  ашиглах уснаас хэтэрч байна уу үгүй юу гэдгийг тогтооно” хэмээн хариулт өгч байсан юм.

Орон нутгийн удирдлагуудын хувьд ч энэ асуудлыг салбарын яамнаас зөв бодлогоор зөв шийдээсэй гэж хүсч байгаа. Мөн өнөөдөр ийм байдал үүссэн нь өмнөх бодлогын алдаатай шийдвэр байсан гэдгийг ч тэд хэлж байгаа юм.   

Ер нь Өмнөговь аймагт усны нөөцийг судалсан судалгаа байдаггүй. 1950-аад оноос усны нөөцийг тогтоох судалгааны ажил хийгдэж эхэлсэн ч  тухайн үедээ төв суурин газрынх хийгдэж байснаас биш уул уурхайн олборлолтонд зориулж судалгаа огт хийгдээгүйг албаныхан хэлж байна.

Харин манай улсад ийм судалгаа хийгдэхгүй байгаагийн гол хохирогч нь Өмнөговь аймаг болж байна. Тиймээс холбогдох судалгаа, хяналтыг хийж хууль эрх зүйн орчноо боловронгуй болгож ундны усны асуудлыг шийдэж өгөхийг Өмнөговийн иргэд хүсч байна.

Эх сурвалж: "Монгол говь" сонин