sonin.mn

ВАШИНГТОН, 2025 оны арваннэгдүгээр сарын 6 /AP/. АНУ-ын Нисэхийн удирдах газар /FAA/ ачаалал ихтэй нисэх онгоцны буудлуудын агаарын тээврийн хөдөлгөөнийг 10 хувиар бууруулна гэж лхагва гарагт мэдэгджээ. Энэ шийдвэрийг холбооны засгийн газар дэмжиж байна. 


Баасан гаргаас хэрэгжиж эхлэх энэхүү шийдвэр нь Засгийн газрын үйл ажиллагаа түр зогсоод байгаа /шатдаун/ үеэр аюулгүй байдлыг хангах зорилготой юм. Энэ нь улс орон даяарх олон мянган нислэгт нөлөөлөх төлөвтэй байна. FAA одоогоор ажиллах хүчний хомсдолтой тулгараад байгаа юм.


Тодруулбал, агаарын хөдөлгөөнийг хянагч зарим мэргэжилтэн шатдауны үеэр ажиллахгүй байгаа бол зарим нь цалингүй ажиллаж байна. Энэ нь Америк даяар нислэгүүд олноор саатахад хүргэжээ. FAA-ын тэргүүн Брайан Бедфорд хэлэхдээ, засгийн газрын үйл ажиллагаа түр зогссоноор ажиллах хүчтэй холбоотой асуудлууд үүсээд байгаа бөгөөд “бид үүнийг үл тоомсорлож болохгүй” гэлээ. Б.Бедфорд, АНУ-ын Тээврийн сайд Шон Даффи нар лхагва гаргийн орой агаарын тээврийн компаниудын удирдлагуудтай уулзаж, нислэгийг бууруулах шийдвэрийг хэрхэн хэрэгжүүлэх талаар хэлэлцэнэ гэж мэдэгджээ.


Агаарын тээврийн салбарын байгууллагын тооцоогоор, 10 дугаар сарын 1-нд шатдаун эхэлснээс хойш агаарын хөдөлгөөнийг хянагч мэргэжилтнүүд дутагдсаны улмаас 3.2 сая гаруй зорчигч хохирсон байна. Энэ удаагийн шатдаун АНУ-ын түүхэнд үзэгдээгүй хамгийн удаан хугацаагаар үргэлжилж байгаа юм.


Агаарын тээврийн компаниудын мэдэгдсэнээр, шатдаун одоогоор бизнест нь мэдэгдэхүйц нөлөөлөөгүй байгаа боловч хэрэв энэ нь удаан үргэлжилбэл тийзийн захиалга буурч болзошгүйг анхааруулжээ. АНУ-д зөвхөн лхагва гарагт гэхэд 2100 гаруй нислэг саатсан байна. Мягмар гарагт FAA-ын тэргүүн Брайан Бедфорд тус агентлагийн хамгийн том 30 нисэх онгоцны буудлын агаарын хөдөлгөөн хянагчдын 20-40 хувь нь ажиллахгүй байгаа гэж мэдэгджээ. FAA-ын мэдээлснээр, 13 мянга орчим хянагч олон долоо хоногийн турш цалингүй ажиллаж байна.




Э.Хулан

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг