- Манай сонины өнөөдрийн ярилцъя буланд МҮОНТ-ийн Өмнөговь аймаг дахь Телевизийн хураамжийн тасгийн дарга Х.Давааням оролцож байна. Танд энэ өдрийн мэнд хүргэе.

- Баярлалаа.

- Манай уншигчдад тоон өргөн нэвтрүүлгийн талаар тодорхой мэдээлэл, тайлбар өгөөч. Энэ талаар олон уншигч, үзэгчдээс бидэнд хандаж санал бодлоо илэрхийлж, мэдээлэл авахыг хүссэн юм.

- МУ-ын Засгийн Газрын 2010 оны 275 тоот тогтоолоор баталсан “Радио, телевизийн өргөн нэвтрүүлгийг тоон технологид шилжүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Мэдээллийн Технологи, Шуудан, Харилцаа Холбооны Газраас радио, телевизийн өргөн нэвтрүүлгийг 2014 оны 7 дугаар сарын 31-нд орон даяар тоон технологи буюу тоон системд бүрэн шилжүүлсэн байх учиртай.

Телевизийн тоон систем гэдэг нь телевизийн дуу, дүрсийн дохиог гадаад орчны нөлөөллөөс тусгаарласан зориулалтын байгууламжид бэлтгэн түгээх техник бүхий студиэс гарсан тоон урсгалыг тоон дамжуулах системээр хэрэглэгчдэд хүргэнэ гэсэн үг.

Өөрөөр хэлбэл тоон системд шилжсэнээр дуу, дүрсний дохиог илүү цэвэр, тод, өндөр үзүүлэлттэй телевизийн нэвтрүүлгийг хүлээн авч үзэх боломжтой юм. Тоон систем нь одоогийн гарч буй аналоги системтэй харьцуулахад илүү олон боломжийг хэрэглэгчдэд олгож байгаа учраас өнөөдөр дэлхий нийтээрээ тоон системд шилжиж байна.

-Тоон системд шилжихэд айл, өрх, албан байгууллагуудын  зүгээс ямар бэлтгэл хангасан байх шаардлагатай вэ?

- Айл, өрхийн хувьд  DVB-T2  / Ди-Ви-Би-Ти2 /  системийг дэмждэг телевизтэй бол нэмэлт төхөөрөмж буюу хувиргагчгүйгээр шууд хүлээн авч үзэх боломжтой. Дийлэнх айл өрхүүдийн одоогийн хэрэглэж буй телевизүүд тоон хүлээн авагч буюу хувиргагчгүй учраас агаараар цацагдах телевизийн нэвтрүүлгийг хүлээн авч үзэх боломжгүй.

Иймд хувиргагч төхөөрөмж буюу SET  TOP  BOX-ийг зайлшгүй шинээр худалдан  авах шаардлагатай. Энэ төхөөрөмж  аймагт цөөн тоогоор туршилтын журмаар зарим айл өрхүүдэд тараагдаж тоон системийг хүлээн авч үзэж эхлээд байна.

Нэмэлт төхөөрөмж тавилгүйгээр  тоон системийг шууд хүлээн авдаг телевизүүд  манай  аймгийн  зарим  дэлгүүрүүдэд  худалдаалж байна. Тухайлбал:- Gruntig. Elko. Monel маркийн телевизүүд шууд хүлээн авна. Энэ төхөөрөмж нь DDiSh-ийн резерев шиг жижиг төхөөрөмж бий.

- Тоон системд шилжихэд одоогийн ашиглагдаж буй гадна, доторх антенууд хэвээр ашиглагдах уу, эсвэл өөрчлөгдөх үү?

- Хэвээр нь ашиглаж болно. Гэхдээ  тоон телевизэд өсгөлттөй антен буюу дециметрийн долгионы антен ашиглах нь илүү тохиромжтой.  Өөрөөр хэлбэл цахилгаанд холбогддог гэсэн үг.

 - Тоон системд шилжсэнээр Үндэсний Телевизийн хэдэн сувгийн орон нутагт үзэх боломжтой вэ?

- Тоон системд бүрэн шилжсэнээр Орон нутгийн үзэгчид 6-18 үндэсний сувгаа хүлээн авч үзэх боломжтой.

- Олон сувгийн тогоон антен буюу  /DDiSh/-тэй айл, өрхүүд тоон системд хамрагдах уу?

- Тогоон антентэй айл, өрхүүд хамрагдахгүй. Үзэгчид өөрсдөө сонголтоо хийнэ. Үндэсний сувгуудаа үзэх үү, эсвэл ...

- Тоон системд шилжсэнээр айл, өрх, албан байгууллагаас авдаг Үндэсний Телевизийн хураамж нэмэгдэх үү?

- Нэмэгдэхгүй.

- Үндэсний Телевизийн үйлчилгээний хураамжийг  айл өрх, албан байгууллагууд аль хэр төлж байна вэ?

- 2005 онд УИХ-аар “Олон Нийтийн Радио, Телевиз”-ийн тухай хууль батлагдаж, энэ хуулийн 18-р зүйл, заалтыг хэрэгжүүлэх зорилгоор  хураамжийн тасгууд телевизийн үйлчилгээний хураамж  авах ажлыг аймаг, нийслэл, дүүрэг, сумдын  хэмжээнд  зохион байгуулан ажиллаж байна.

Засгийн Газрын 28-р тогтоолоор хураамж төвлөрүүлэх болон  үнэ-тарифыг тогтоосон байдаг.  Манай аймаг, сумдын  айл өрх, албан байгууллагууд  Үндэсний телевизийн үйлчилгээний хураамжаа хугацаанд нь төлж  төрийн  хууль тогтоомжоо сайн биелүүлж  байхад  хураамжаа төлдөггүй, байцаагч   нарыг хэл амаар доромжлох, тохиолдол сүүлийн үед айл өрх, хувь хүмүүсээс  гарч байгааг хэлэх хэрэгтэй. Иргэн бүр төрийн  хуулийг биелүүлж, хэрэгжүүлэх үүрэгтэй.

 - Телевизийн үйлчилгээний хураамжаа хугацаанд нь төлөөгүй айл, өрх, албан байгууллагуудтай цаашид ямар хариуцлага тооцох вэ?

- Бид энэ оноос Үндэсний телевизийн үйлчилгээний хураамжаа төлдөггүй, байцаагч нарыг хэл амаар доромжилдог айл өрх, зарим нэг иргэнийг зохих  хуулийн  дагуу  холбогдох  байгууллагуудад хандах болно.

- Хөдөөгийн малчин айл, өрхүүд телевизийн хураамж төлөх үү?

- Төлнө. Олон сувгийн тогоон антентэй эсэхээс үл хамаарна  гээд хуулинд заачихсан тул бүх малчин айл өрхүүд телевизийн үйлчилгээний хураамж гэж сар бүр 600 төгрөг төлөх хуулийн заалттай, үүрэгтэй.

- Тэгвэл сумдын айл өрх, албан байгууллага, аж ахуйн нэгжүүд  хэдий хэмжээний хураамжийг сар бүр төлж байх вэ?

- Сумдын төвийн айл өрх сард 600 төгрөг, аймгийн төв Даланзадгад сумын өрхүүд  850 төгрөг, албан байгууллага, аж ахуйн нэгжийн хувьд сард 1200 төгрөг төлж байхаар  тогтоосон байдаг.

- Манай үзэгчдээс зарим телевизийн суваг гарахгүй тасалдаад байна гэсэн гомдол ирдэг. Хаана хэнд хандах вэ?

- Энэ нь ихэнх тохиолдолд хэрэглэгчдийн буруугаас буюу антений байрлал, тохируулгаас шалтгаалдаг. Юуны өмнө антений сонголт, байрлалыг зөв сонгож байрлуулах хэрэгтэй. Танай гэрийн телевизийн зарим суваг гарахгүй буюу шаардлага хангахгүй тохиолдолд дараах утсаар холбогдож мэргэжлийн зөвөлгөө авах буюу тохируулга хийлгэж болно. Утас 99539422, 89984229, 7053-2688

 - Бүх сумдад хүрч телевизийн үйлчилгээний хураамжийг авч  чадаж  байна уу?

- Энэ оноос эхлэн ихэнх сумдад хураамжийн байцаагч ажиллуулж эхлээд байна. Одоогоор 2-3 сум байцаагчгүй байна. Энэ ондоо багтаагаад бүх сумдууд телевизийн хураамжийн байцаагчтай болно.

- Манай ихэнх айл, өрхүүд / тогоон антентэй / DDiSh компанид төлбөр төлж   олон суваг үздэг. Гэтэл МҮОНТелевиз үйлчилгээний хураамж гээд бас авдаг. Учрыг нь тайлбарлаж өгнө үү?

- МҮОНТ-ийн үйл ажиллагаа нь хуулиар зохицуулагддаг Үндэсний, Олон нийтийн гэсэн тодотголтой ганц телевиз.  DDiSh бол гадны хөрөнгө оруулалттай хувийн компани. Энэ компани нь МҮОНТ-ийн  мэргэжлийн олон арван уран бүтээлчдийн бэлтгэсэн бэлэн нэвтрүүлэг, уран бүтээлийг зөвхөн сансраас хүлээн авч дамжуулагчийн үүргийг л гүйцэтгэдэг.

Өөрөөр хэлбэл уран бүтээл хийж, нэвтрүүлэг бэлтгэдэггүй гэсэн үг. Тэгэхлээр бидний авч буй хураамж нь Засгийн газрын тогтоолд заасны дагуу “Оюуны өмч болох уран бүтээл, телевизийн нэвтрүүлэг зэргийг бүтээж, мэдээллийг олон нийтийн хүртээл болгож байгаа үйл ажиллагаа нь телевизийн нэвтрүүлгийн үйлчилгээний хөлсийг авах үндэслэл болно” гэж заасан байдаг.

Аль ч өндөр хөгжилтэй улс орнуудад төрийн мэдлийн, олон нийтийн телевиз нь өөрийн гэсэн хуультай, олон нийтийн дэмжлэгийг авч ажилладаг юм билээ.

 - Бидний асуултанд дэлгэрэнгүй хариулт өгсөн танд баярлалаа.

Эх сурвалж: "Монгол говь" сонин