sonin.mn
УИХ-ын хаврын чуулганаар Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхтэй холбогдуулан МҮХАҮТ-аас  уг хуулийн төсөлд ажил олгогчдын нийтлэг санал, байр суурийг тусгах зорилгоор “Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчлэл-Ажил олгогчид үзүүлэх нөлөө” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа. 
Хэлэлцүүлэгт хуулийн төслийн УИХ дахь ажлын хэсэг, ХНХЯ болон Ажил олгогч эздийн холбоо, Улаанбаатарын хотын худалдааны танхим, “АмЧам Монголия”, Монголын бизнесийн зөвлөл, Залуу захирлуудын холбоо, Банкуудын холбоо, Баялаг бүтээгчдийн холбоо зэрэг ТББ-ын төлөөлөл оролцож, энэхүү хуульд шинээр орж буй зүйл заалтууд ажил олгогчид хэрхэн нөлөөлөх талаар санал солилцов. 
МҮХАҮТ  Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчлэлийн төсөлд бизнес эрхлэгчдийн саналыг нэгтгэн нийт 4 удаа албан бичгээр санал өгч, ажлын хэсгийн хуралдаануудад тогтмол оролцож тодорхой саналуудыг тавьж хэлэлцүүлж ирсэн юм. Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн төсөлд өмнө нь хүргүүлж байсан ажил олгогчдын саналуудаас тусгагдаагүй нийт 69 саналыг нэгтгэн, уг хуулийн төслийн УИХ дахь ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргилд уламжлаад буй.
Энэ удаад ажил олгогчдыг дангаар нь оролцуулсан энэхүү хэлэлцүүлгээр хуулийн төсөлтэй холбоотой хууль тогтоогч байгууллага ба ажил олгогчдын ойлголтын зөрүүг арилгаж, байр суурийг нэгтгэн  хуулийн төсөлд тусгахаар ажиллаж байна. 
 
 
УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил тус хэлэлцүүлэгт ажил олгогч, бизнес эрхлэгчдээс ирүүлсэн саналуудын дэмжигдэх боломжтой заалт тус бүрийг онцолж ярилаа. Мөн ХНХЯ-ны Хөдөлмөрийн харилцаа, бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Алимаа уг хуулийн төслийн ажил олгогчтой холбоотой заалтуудаар танилцуулга хийв. 
Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчлэлийн ажил есөн жилийн хугацаанд үргэлжилж байгаа бөгөөд хуулийн төсөлд жижиг, дунд аж ахуйн нэгж болон албан бус салбарт ажиллаж буй ажиллагсдын суурь эрхийг хамгаалах, хөдөлмөрийн харилцаа эхэлснээр хөдөлмөрлөх эрхийн баталгаа, суурь тавигдах, хамтын гэрээ, хэлэлцээрийг зохицуулах, ажил олгогч ажилтан хоёрын шинэ харилцаа, хариуцлагыг нэмэгдүүлэх зэрэг суурь хэмжүүрүүдийг тусгаад байна.
Хуулийн шинэчлэлд оролцогч талууд ажил олгогч, ажилтаны эрх ашиг, тэнцвэрийг хадгалж,  зөвшилцлийн  байр суурийг баримтлан УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэдэгт санал нэгдэн, ингэхдээ ажил олгогч талын байр суурийг орхигдуулахгүй байхыг хүслээ.