Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга, Улаанбаатар хотын банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг, Монгол Улсын Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, Аж үйлдвэрийн сайд асан, УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, Сангийн сайд асан Б.Болор, Зам тээврийн сайд асан Д.Ганбат, Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргал, Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал О.Орхон, “Монголын зэс корпорац”-ын гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин нарыг “Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет”-ийн 49 хувийн хувьцааг  Худалдаа Хөгжлийн банк буюу “Монголын зэс корпорац” (Монголиан коппер корперэйшн) ХХК худалдаж авсантай холбоотой хэргээр  АТГ болон ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс яллагдагчаар тооцон, хамтран шалгасан билээ.
 
Тэднийг төрийн өмчийг луйвардсан байж болзошгүй гэж үзэж буй юм. 
 
Улмаар АТГ болон ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс тэднийг гэм буруутай нь баримтаар нотлогдож байна гэж үзэн, яллах дүгнэлт үйлдүүлж, шүүхээр шийдвэрлүүлэх санал гарган, 7 сарын 9-нд Нийслэлийн Прокурорын Газарт шилжүүлсэн байна.
Нийслэлийн Прокурорын Газар ч хавтаст хэргийг хянаж буй бөгөөд ирэх намраас шүүхэд шилжүүлэх магадлалтай тухай эх сурвалж өгүүлж байна.
 
Э.Мягмар