Данийн тухай фото-нийтлэлээ үргэлжлүүлье. Энэ улсад инфляц доод түвшинд (2.4 хувь), ажилгүйдэл доод түвшинд (5 хувь) байж ирсэн ба төсөв нь ямагт ашигтай гардгаараа онцлогтой.Байгалийн хий, нефтийн нөөцтэй, хай-тек үйлдвэрлэлээр дэлхийд толгой цохидог улсуудын нэг. 
 
 
 
 
Ажиллах хүчний чадвар чансаа гэвэл бас дээгүүрт, гэхдээ татвар өндөр, юмны үнэ өндөр. Аж үйлдвэржсэн хөдөө аж ахуйн улс. Үндэсний орлогод аж үйлдвэр нь 40 хувийг давж эзэлдэг ба хүн ам тутамд ногдох гадаад худалдааны эргэлтээрээ дэлхийд нэгдүгээр яваа.Экспортод юу гаргадаг юм бэ гэвэл суурь машин, мах, махан бүтээгдэхүүн, сүүн бүтээгдэхүүн, загас, эм, мебель.
 
 
 
 
 
 
Мэргэжлийн биш боловч миний нүднээ туссан ганц ил гялтайх нь уран барилга ба дизайн гэж ойлгогдлоо. Ижилхэн барилга, ижилхэн хороолол гэж байдаг байх, гэхдээ нүднээ туссангүй. Дөрөв хонохдоо Көбэнхавн хотод би олж үзсэнгүй. Барилга байшин болгонд өөрийн гэсэн өвөрмөц ур хийц, чамин тансаг чимэглэл оржээ. Хуучны барилга байшингаа тордож авч үлдсэнийг нь бодохул атаархал төрж байлаа. 500 жилийн настай хөрөнгийн биржийн барилга нь 170 жилийн настай парламентын (Folketing) ордонтойгоо зэрэгцээд байж л байна. 
 
 
 
 
 
Уран барилга дээр манайхан адил жижиг улс болох энэ Даниас суралцууштай. Уран барилга, дизайны чиглэлээр Дани руу оюутнаа илгээвэл ёстой зохилтой. Улаанбаатарын төвд шавааралдсан шилэн өндөр байшингууд, ихэнхи нь “Түрээслэнэ”, “Зарна” гэсэн зартай, утасны дугаар бичээтэй хоосон байж байгаад ундууцаад би ингэж бичиж байна. Манай эндхийх шиг шилэн суваргууд лав Данид нүднээ туссангүй. Ерөөсөө эртний хуучны барилгаасаа давуулж өндөр шилэн суварга, цамхган байшин барихыг хориглочихсон бололтой.
 
 
 
 
Даничууд юу бүтээдэг юм бэ гэдэгт элдэв хариулт олон. Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийхээ 58 хувийг экспортод гаргачихдаг гэхлээр гадаадаас мөнгө хэзээ ч үл тасрана. Улсынх нь сан хөмрөг байнга л бялхаж дүүрч байдаг байх. Металл боловсруулалт, электрон техникийн ба радио-электроны үйлдвэрлэлийн суурь машин, хүнсний, химийн, цаас-целлюлозны, нэхмэлийн гээд салбарууд гойд хөгжсөн гэлцдэг. Үйлдвэрлэлийн суурь машин аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний 4/1-ийг эзэлдэг гэхлээр яалт ч үгүй мэдлэгт суурилсан эдийн засгаар толгой цохидог орны нэг мөн.
 
 
 
 
 
Хөдөө аж ахуй гэж жижиг орны том хөдөө ёстой нэг байх шиг хэмээн ам мэдэн ярьдаг. Мах сүүний чиглэлээр Европтоо тасархай, гахайн аж ахуйгаар дэлхийд 7 дугаарт, дэлхийг гахайн бүтээгдэхүүнээр дардаг, бас тэгээд аялал жуулчлал гэж мөнгөний эх сурвалж бялхаж байна. Тэр хэрээрээ юмны үнэ өндөр, Европын дунджаас 41 хувь үнэтэй гэсэн мэдээлэл буй.
 
 
 
 
 
Дани бол Евро бүсийн улс боловч үндэсний мөнгөн тэмдэгт дани кроноо цуцлаагүй. 2000 онд иргэдийнхээ дунд санал асуулга явуулаад үзтэл 53 хувь нь дани кроноосоо салах дургүй, 47 хувь нь Евро авч хэрэглэе гэжээ. Тэгэхлээр нь ардчилсан улсын зангараг гаргаад Европын валютын холбоотой тохиролцоод хоёр мөнгөн тэмдэгтийг зэрэг гүйлгээнд оруулжээ. 
 
 
 
 
Дэлгүүр хоршоо, үйлчилгээний газрын хаа ч гэсэн хоёр үнэ бичээтэй байна. Ханш нь ил тод. Гэхдээ албан ёсны банкинд очиж солиулахгүй бол гудамжны ченжийн мухлагууд татварт ихэнхийг нь авчихсан тул Еврогоо хүссэнээрээ биш солиулах явдал тохионо. 100 Еврог 750 кроноор авна гэсэн бичээстэй, яг солиодохсон чинь 100 Евро нь 630 крон болоод ирнэ. 120 крон тэд тоншчихлоо. Самбарт бичсэн мөнгөн дүнгийн 10 гаруйхувийг нь үйлчилгээний татварт алдчихсан, хэл ам хийж болдоггүй, нэг тиймхэн.
 
 
 
 
 
Энэ улс Умард тэнгист 19 ордтой, далайгаас газрын тос, хий олборлож, нэлээдийг нь экспортод илгээнэ. Худалдан авагч нь Швед, Нидерланд, Герман. Гаднаас нүүрс авдаг, гол нийлүүлэгч нь Орос, Польш, Өмнөд Африк, Колумб гэсэн байх юм. Алс холын Латин Америк, Африкийн өмнөд хэсгээс тэгэн тэгэн нүүрс авдаг юм бол манай Монгол яагаад нэг экспортлогч нь байж болохгүй билээ гэх санаа надад төрж байлаа.
 
 
 
 
Харин сэргээгдэх эрчим хүчээр дэлхийн лидерүүдийн нэг гэдэг нь нүднээ ил харагдаж байна. Салхин сэнс хааяагүй. 2011 онд энэ үзүүлэлтээр дэлхийд нэгдүгээрт орж бүртгэгдсэн байдаг. Сэргээгдэх эрчим хүчийг ДНБ үйлдвэрлэхдээ ашиглаад олсон орлогоор нь тэгж тооцжээ. Тэр нь 3.1 хувь буюу орлого нь 6.5 тэрбум Евро болжээ.
 
 
 
 
Салхин сэнсний генератор (Vestas Wind Systems A/S) үйлдвэрлэлээр дэлхийн тийм чиглэлийн үйлдвэрлэлийн 12.5 хувийг 2009 онд энэ улс өөртөө дааж байжээ. Хөргөгчний тоноглол үйлдвэрлэл, телекоммуникацын боловсруулалтын технологи, сонсох аппаратын боловсруулалт гээд дэлхийд лидерт орох салбаруудтай. Хөлөг онгоцны бүтээн байгуулалт хэдийгээр багассан ч алдартай хэвээрээ. Контейнер тээврийн дэлхийд гуравт орох том оператор улс. Бидний сайн мэдэх Maersk Group гэж контейнер тээврийн дэлхийн хэмжээний том компани мөн тэднийх. 
 
 
 
 
Газар зүйн өвөрмөц байршил нь Данийг стратегийн тээврийн зангилаа улс болгоод тавьчихсан. Копенгахен хотыг Шведийн Мальмё хоттой холбосон Эресунны гүүр 2000 онд ашиглалтад орсноор Скандинавын хойг нь Төв Европтойгоо холбогдчихсон. Хөрш Герман, Швед, Норвегтойгоо байнгын паромоор холбоотой тул авто зам, төмөр замаар холбоотой байнаа гэсэн үг. 
 
 
 
 
 
 
 
Тэр олон арлуудын нэлээд нь өвөр хоорондоо, Фюн, Зеланд гэх хоёр том арал нь эх тивтэйгүүрээр холбоотой, иймд эх газрын Дани, арлын Дани гэх ойлголт байхгүй. Дэд бүтэц гээд ярих аваас барагдахгүй их ололт амжилтыг дурдах болдог. Ийм нэгэн орноор аялаад ирснээ фото-нийтлэлээрээ буулгахад ийм байна.
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Олон улсын харилцааны судлаач, профессор  Д.Баярхүү