Антон Лавуазеэ-г химийн шинжлэх ухааныг үндэслэгч гэж үздэг. Аугаа эрдэмтэн маань ХVII зууны дундуур Францын академийн голлох тэргүүлэгчдийн нэг, нэр хүндийн оргилд гарсан суутан байлаа. Академийн хуралд ихийг горилсон нэгэн залуу эрдэмтэн ирж дотоод шаталтын тухай шинэ нээлтээ танилцуулсан аж. Лавуазеэ тэр утгагүй юмыг нь дориухан шүүмжилж л дээ. Залуу буруугаа хүлээхийн оронд тас хонзогнов. Түүнийг Жан-Пол Марат гэдэг. 
 
Хэдэн жилийн дараа Францын хувьсгал гарч өнөө залуу чинь эрдэмтэн болохын оронд хувьсгалч болох нь тэр. Их хядлагын толгой авагчдыг толгойлогч болсон тэрээр хамгийн түрүүний ээлжинд их эрдэмтнийг гильтоны цаазын тавцан руу илгээсэн. Яг үнэндээ шийдвэрийн цаад шалтгаан нь хонзогнол байлаа. Францын хувьсгалын гол удирдагчид Дантон, Марат, Робэспиэр нар өөрснөө дараа нь бүгд яллагдсан. Түүх дэндүү шоглоомтой. 
 
Ёс суртахуун гэдэг нь муу ба сайн, зөв ба буруу гэж нийтээр юуг ялгаж ойлгодог ерөнхий ойлголтын нэршил. Дотроо шашны, үндэстний, уламжлалын, газар зүйн, зан заншлийн, улстөрийн гээд олон задраад явдаг болохоор философийн нэлээд төвөгтэй маргаантай судалхуун болой. Энэ утгаараа хуульчилж болдоггүй. Энэ дотор алив нийгмийн хувьсгал нь нийтийн амьдралд өмнөхөөс өөр шаардлага хязгаар тавьдаг болохоор улстөрийн ёс суртахууны хэм хэмжээ, нэлээд хувирамтгай. Нийгмийн гэнэтийн өөрчлөлт болох хувьсгалын дараа ёс суртахууны норм хэмжээ гэнэт өөрчлөгдсөнөөс болоод ихэнх тохиолдолд улстөрийн ёс суртахуны хэв хэмжээг хуульчлах, албадах, хүч хэрэглэх байдал руу ордог. Хувьсгалч Марат эрдэмтэн Лавуазеэг өөрийг нь шүүмжилсэн гээгүй, Хаант засгийн үед татвар хураах бизнист холбогдож байснаар нь ялласан. 
Улстөрийн ёс суртахууны хэв хэмжээ нь албадлага, хууль дүрэм болоод ирэхээр тогтоосон хэмжээг зөрчигсөдөд хатуу ял тулгаж эхэлдэг, энэ хэрээрээ биенээсээ хонзон авах, атаархал жөтөөрхөлөө ханган баясах аймшигт зэвсэг болон хувирдаг ажгуу. Нацист, фашист, коммунист нийгэмд улстөрийн ёс суртахуун зөрчсөн хэргээр олон арван сая хүн амиа золиосолсон юм.
  
Октябрийн дараа Ленин Оросын шилдэг сэхээтнүүдийг буржуйн ёс суртахуунтай гээд мянга мянгаар нь эх орноос нь хөөсөн. Сталин илүү прагматик ёс суртахуунч байсан учраас шулуухан л буудах болсон юм. Түүний тушаалаар энэхүү ёс суртахууны хэмжүүр Монголд нэвтэрчээ. Алж устгахын ад зэтгэрийн дон шүгэлсэн тэр үед хүн болгон буруутаж байв. Улстөрийн ёс суртахуун нь шинэ нийгэмд таарахгүй гэнэ. Хувьсгалын эсэргүү, Японы тагнуул, ам цуурсан, худал мэдүүлэг өгсөн, нуун дарагдуулсан, сэжигтэй харагдсан гээд ямар ч хамаагүй шалтгаанаар буудаад л буудаад л байлаа. 
  
Хядлагыг Монгол талаас гардсан хүн нь Чойбалсан. Уг нь тэрээр төрлөхийн алуурчин донтон биш л дээ. Хувьсгалыг удирдалцсан гэж өөрийгөө боддог боловч цаадуул нь тоодоггүй, аль л бохир ажил хийлгэдэг, дээш нь гаргадаггүй, үргэлж хоёр гурав дугаар эгнээнд байлгадаг байж. Тэрбайтугай Бодоогийн тал гэгдэн намаас нь хүртэл хөөж байлаа. Найз Сүхбаатар нь аргалаагүй бол буудуулах байсан ч магадгүй. Иймээс бөөн бухимдал, гомдол. Үүнийг нь большевикууд анзаараадахаж. Лхүмбийн хэрэг гэгдэх, үнэн хэрэгтээ буриадын эсрэг хядлагын явдалд хөөрхийг холбогдуулан Москвад аваачаад шоронд суулгачихсан. Ингэж тэрээр оросуудын барьцаанд орж, бодвол ам тангараг өргөсөн бололтой, хамт баривчлагдсан нөхдөө эргээд байцааж гарсан байдаг юм. 
 
Ингэж тэрээр хараат улсын тоглоомын хаан болсон юм. Түүнийг гомдоосон, бүр доош нь хийсэн, басамжилж доромжилсон, тэрбатугай гүтгэсэн улс өнгөрсөн арав гаруй жилийн дотор мундахгүй олширсон байлаа. Өс хонзонгоо тайлахын тулд тэрээр эхэндээ аллагад тун идэвхитэй оролцлоо. Аль хориод оны үед Сумъяа бээс, Мэнгэт нарын хэрүүлд хутгалдан орж Мэнгэттэй хурууны өндөгнийхөө цусаа солилцон ах дүү болж байсан юм.
 
Ингээд Сумъяагийн хошууныхныг толгой дараалан хядсан. Ганцхан эрэгтэй амьд үлдсэн гэдэг. Олон жилийн өмнөх өс хонзон тайлагдлаа. Дараа нь өөрийг нь басамжилж байсан нам төрийн удирдагчдыг хядаж гарав. Улстөрийн ёс суртахуун нь өөрийнх нь үл ойлгох коммунист гэгдэх нийгэмтэй таарахгүй тэргүүн нарын нэрсийг оросуудад гаргаж өгч байв. Дээрээ байгаа бүхнийг устгасаар Кремльд үнэнчээ баталж чадсан тул тун удалгүй улсын орой дээр гарч суусан. Сталин түүнд цэц мэргэн буу бэлэглэхдээ 30 мянган сум дагалдуулан өгсөн юм. Сталин иймэрхүү тоглоомд дуртай. Гэтэл Чойбалсанд яаж ч дэвэргээд 30 мянга байтугай 300 дайсан байсангүй. Гэвч чөтгөрийн эргүүлэг, мангасын барьцаанд орсон тэрээр огт танихгүй гэм зэмгүй үй олон эх орон нэгтнүүдээ буудаад л байхаас өөр замгүй болжээ. Өөрөө лам хүн, гэтэл лам багш шавь нараа хядах, эсвэл өөрөө үхэхээс өөр зам үлдсэнгүй. Тэрээр алуурчин байснаа өмгөөлөгч болж хувирав. Гэвч чөтгөр түүнийг мөнхийн эргүүлгээс нь гаргадаггүй. Байцаалт явуулж байхдаа хэн нэгнийг өршөөе гэж ам алдаад орос сургагчдаа зад загнуулж байсан баримт ч бий.
 
Чойбалсан нэгэнт Сталинд үнэнчээ баталж чадсан, нөгөөтэйгүүр түүгээр хангалттай нүгэл хийлгүүлж гар хөлийг нь цусанд лав дүрсэн учир гарах газаргүй түүнийг цаашид ашиглахын тулд нэрийг нь цэвэрлэх оппераци явуулжээ. Хядлага ид оргилдоо явж байх үеэр түүнийг Москвад дуудан хэдэн сар амраасан байна. Ингээд үг зааж өгөөд Монгол руу нь буцаав. “Намайг гадаадад ажлаар яваад эзгүй байх хойгуур Дотоод яаманд үүрэлсэн хувьсгалын эсэргүүнүүд гэмгүй ард олныг хуйгаар нь алж устгасан байна” гэсээр бөөн уур хилэн болж өнөө өөрийнх нь тушаалыг биелүүлж байсан алуурчдийг өөрсдийг нь хөнөөв. Тэрээр оросуудад дургүй, дотроо Сталиныг үзэн яддаг байсан байж магадгүй. Тэрээр хожмоо тууштай эх оронч болж, улс орныхоо тусгаар тогтнолыг хамгаалагч болсон төдийгүй, өөрийнх нь араас Кремлиэс томилогдон ирсэн шинэ залуутай тэрсэлдэн, улс орноо Оростой нэгтгэх гэсэн оролдлогыг нь няцаан үзэлцсээр тогтоож байсан юм шүү.
 
Түүнийг залгамжлагч ч энэ гашуун эмгэнэлт түүхийг давтсан. Газар нутгаасаа өм цөм тасдан өгөх, өвөг дээдсээ хараан гутаах, үндэсний үзлийг хавчин гадуурхах, нутаг оронд нь гадны цэргийн хүчийг олон жилээр суулган ард түмнээ дарамтлах, үндэсний сэхээтнийг номхтгон хүлэх зэрэг түмэн нүгэл мань эрээр хийлгэсний дараа цаг нь боллоо гэж Москвад дуудан авчраад гэрийн хорионд суулгачихсан. Олон жил дайсагнасан Хятадтайгаа эргэж эвлэрэхийн тулд л түүнийг үзүүлэн болгон золигт гаргасан хэрэг. Энэ явдал 1990 онд ч давтагдсан байж магадгүй шүү. Орост үнэнчээ харуулан итгэл олсон байсан болов уу гэмээр дөнгөж тавь шүргэж байсан эрүүл саруул хоёр ч удирдагч бараг зэрэг зэрэг гэнэт эмнэлэгт очин зүрхний шигдээсээр онц сэжигтэйгээр нас барсан. Хоёулаа өнгөрсөн явдлын том гэрч, хоёулаа Оросын хараанаас мултрах гэсэн ерэн оны хөдөлгөөний халуун талархагч төдийгүй далдаас удирдаж байсан хүмүүс.
Хрущёвын дулаарлаас хойш шууд л буудаад унагачихаа больсон. Үүний оронд ажил төрөлгүй болгох, бүх нийтээр үзэн ядах, галзуугийн больницод хэвтүүлэх, шоронд суулгах, цөлөх, нийгмээс тусгаарлах, үзэн ядах цуглаан зохиох, гэр орныг нь дарамтлах, холбогдолтой болон болзошгүй хүмүүсийг шийтгэх зэрэг арга хэмжээ авдаг болжээ. Үүнийг хийхийн тулд улстөрийн ёс суртахууны кодекс бий болгосон. Юу юугүй хүн алсан хүрээ талсан, хулгай хийснийг эрүүгийн хэргээр шийтгэж болно. Гэтэл удирдагчийн дургүйг хүргэсэн, хонзон сануулсан хэсгийг чухам энэ улстөрийн кодексоор яллах арга бодох хэрэгтэй. Улстөр судлаач профессор Галиндив саяхан нэгэн ярилцлагадаа “Өмнөх нийгэмд ёс суртахууны асуудал хувь хүнээс гурван янзын чанарыг шаардаж байсан. Нэгдүгээрт, улсын мэдэлд байгаа өмч хөрөнгийг хайрлах ба хамгаалах, хоёрт үнэнч сэтгэлээрээ нам, засагтаа зүтгэх, гуравт, хамт олонч байх гэсэн ёс суртахууны үнэт зүйлсийг шаарддаг байжээ. Үүний дагуу социалист бие хүний баримталбал зохих ёс суртахууны категори, хуулиудыг ягштал мөрдүүлэн түүнийхээ биелэлтийг Ардын хянан шалгах хороо, нам эвлэлийн байгууллагуудаар шалгаж байсан нь богино хэмжээнд ёс суртахууныг иргэн бүрт маш сайн суулгаж өгсөн”. Монголд шат шатны 150 мянган мэдээлэгч байсан нь хүүхэд ороод нийт хүн амын 10 хувь, насанд хүрэгчдийн бараг 30 хувь нь гэсэн үг. Энэ бол мөнөөх улстөрийн ёс суртахуун хангуулагч буюу нийгмийн нууц цагдаа юм. 
Улстөрийн ёс суртахууны кодекс анхлан буй болсон түүх их хөгжилтэй. Хрущёв нэгэнт Сталиныг хядлагад буруутгасан болохоор коммунист нийгэмд нь таарахгүй хүмүүсийг алаад байж болохгүй, гэхдээ зүгээр сул тавьчиж бас болдоггүй. Ингээд Сталиныг нэг мөсөн буруутгасан намын ХХII их хурлаар энэ шалгуурыг зохиолгуулжээ. Зохиох ажилд оролцсон Ф.Бурлацкий энэ талаараа дурссан байдаг. Намын их хурлын өмнө хурлын бэлтгэл илтгэл программыг бичилцсэн томчууд нүсэр ажлын дараа хамтдаа амарч наргижээ. Гэтэл гэнэт Хрущёв утасдан коммунизм байгуулагчдын ёс суртахууны кодекс бичиж их хурлаар батлуулах санаа төрснөө хэлж маргааш гэхэд бэлэн болго гэж тушаах нь тэр. Ууж наргин нэлээд согтсон байсан үзэл суртлын томчууд орой жингээ уухын зэрэгцээ янз бүрээр панаал үсэргэсээр кодекс зохиочихсоноо шөнөдөө амжиж илгээжээ. Их хуралд Хрущёв өнөөхийг нь ямар ч засваргүйгээр үг үсэггүй уншин сонсгоход мөнөөх согтуу нь гараагүй дарга нар маш их гайхсан гэнэ. Учир нь согтуудаа юу бичсэнээ хэн нь ч санадаггүй. Коммунизмын үйл хэрэгт үнэнч байна, нийгмийн баялагийг аривжуулна, Үнэнч шударга хөдөлмөрлөж даруу төлөв байна, ах дүү социалист орны хүмүүстэй найрсаг харилцаатай байна, коммунизмын дайсантай хзээ ч эвлэрэшгүйгээр алхам тутамдаа тэмцэнэ гэх мэт. Ийнхүү Зөвлөлт засаг унах хүртэл энэ кодексоор мянга мянган хүн буруутаж ажил амьдралаасаа салж байсан юм. Даруу төлөв амьдрана гэхээр яагаад болдоггүй юм гэж зарим нь гайхах байх. Даруу байгаагүйг чинь хэн нэгэн матахад л хэрэгт ордогтоо асуудал байна.
 
Мэдээж энэхүү коммунист нийгмийн ёс суртахууны кодекс Монголд шууд хуулбарлагдан амьдралд тулгагдсан. Нэрийг нь сольж социалист гэсэн байх. Хожим намын XVII их хурлаар шинэчилж 17 зүйлтэй мундаг том хууль болсон. Тэр үед намын шийдвэр тогтоол төрийн хуулиас дээгүүр тавигддаг байсан. 7 сарын 1-нд байшинтайгаа шатчихсан “социалист нийгмийн хүн болгоны даган мөрдөх улстөрийн ёс суртахууны норм хэмжээний жагсаалт”-ыг ханган биелүүлэгчдийн бичиж өргөн барьсан матаас хэдэн машин дүүрэхээр байсан шүү. Энэ бол зөвхөн Намын хянан шалгах хороонд ирсэн нь. Үүнээс гадна НАХЯ, Ардын хянан шалгах хороо, нам эвлэл үйлдвэрчний хороодод очсон матаас бичиг олон зуун тонн болох биз. Нийгэм ийм аймаар хяналтанд байж, энэний хохирогчид нь хэдэн мянгаар тоологдох биз, үүний дотор матаачид өөрснөө ч олноор золиос болсон.
 
Эцэст нь нийгмийн тогтолцоо буруутаад ирэхээр тухайн үед улс орныг удирдан аллагаас цөллөг хүртэл зохион байгуулж байсан этгээдүүд гэхээсээ тушаал биелүүлж цусанд гараа дүрсэн, цөллөг гадуурхалтыг биечлэн гүйцэтгэж байсан, шүүх прокуророор ялласан, ялын төлөвлөгөө уншсан хүмүүс түүхийн өмнө бүх буруутан нь болоод дуусдаг юм билээ. Гэтэл Цэдэнбал, Чойбалсангийн хөшөө дурсгал Монголоор нэг байж л байгаа биз дээ? 
Гучаад оны алуурчдын ихэнх нь эргээд өөрснийхөндөө алагдсан, амьд үлдсэн нь насаараа бусдад хялайгдаж муу нэрнээс салахгүй хүн амьтнаас дөлж нуугдсаар насыг барсан. Нохой Сэнгээ, мангаа Дорж, Жамбалдорж, Баясгалан, Багаа, Болд, гээд олон нүгэлтний нэр хүмүүсийн ой тойнд үлдэж ном зохиолд хадагджээ. Чойбалсангаас хойш алуурчдад цус нөжтэй хутгалдах бололцоогүй болсон боловч тэдний үргэлжлэл болох дараачийн эгнээнийхэн гэмгүй хүмүүсийг матах, гүтгэх зэргээр амьдарлаар нь тоглосон. “Социализм байгуулагчдийн заавал мөрдөх ёстой улстөрийн ёс суртахууны норм хэмжээ”-г ялын бодлого болгон хүмүүсийг гүтгэж гүжирдэн амь нас нэр төр ажил албаар нь хохироодог энэ харгис явдал одоо ч үргэлжилсээр. Захиалагч гэхээсээ гүйцэтгэгчид эцэст нь буруутан болдог. Үр хүүхэд нь тэднийг занасаар яваа. Яргачин хэмээх нэгний охин гадаадад сурч байхдаа бусдад муухайгаар тамлагдан алагдсаныг бараг л Монгол даяараа ид бах болгох хохиор нь дуудаж байсан явдал жараад оны үед гарч байв. Үхснийх нь дараа үр хүүхдээр нь ч оролддог юм билээ. Тэд өөрсдөө ч тайван үхэх бололцоогүй. Үхснийх нь дараа ч цаг хугацаа ясыг нь зүгээр байлгахгүй өндөлзүүлсээр. Хэдийгээр энэ бүхэн нийгмийн буруу боловч амьддаа нүгэл хийж гэмгүй хүмүүсийн амьдарлаар наадсан шааруудыг бурхан ч тайван орхидоггүй. 
 
Жич: Ёс суртахуун, ёс зүй, түүнээ дагасан уламжлал зан заншлийг төрийн хууль болгоно хэмээн нэгэн дархан эрхтэй бөхчин идэвхийлэн хөөцөлдөж явна. Фашизмын аюулыг урьдчилан сануулж Юлиус Фүчик “Хүн ардаа, сэрэмжтэй байгтун!” гэж захиад цаазлуулсан юм гэсэн. Түүний үгийг л сануулахаас.
 
2019.12.16
 
Баабар