Сонгуулийн жил гарсантай холбогдуулан улс төрийн намууд нэр дэвшигчдээ тодруулах үйл явц хэдийнэ эхэлжээ. Хэдийгээр аль нам, хэнийг нэр дэвшүүлэхээ зарлаагүй ч зарчмын асуудлаа дотооддоо ярьж эхэлсэн. Тухайлбал, АН-ынхан сонгуульд нэр дэвшигчээсээ 100 сая төгрөгийн дэнчин авахаа мэдэгдсэн. Үүнээс үүдэж, дэнчин авах нь төрийн албыг наймаалцах эхний алхам төдийгүй сонгуулийг мөнгөний уралдаан болгон хувиргаж байна гэх шүүмжлэл гараад байгаа. Улс төрийн ууган хүчин МАН-ынхан энэ тухайд тодорхой шийдэлд хүрснээ зарласан. Тодруулбал, МАН-ын дарга У.Хүрэлсүх Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан нар энэ сарын 9-нд УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанд биечлэн оролцож, нэр дэвшүүлэх зарчмаа зарлан, УИХ-ын гишүүдтэйгээ санал солилцсон юм. Ингэхдээ МАН 2020 оны сонгуульд нэр дэвшигчдээсээ дэнчин мөнгө хураахгүйгээс гадна ёс зүйн аливаа асуудалд нэр холбогдоогүй хүмүүсийг улстөрчдийн рейтинг, судалгааны дүнд үндэслэн тодруулна гэдгээ зарласан. Энэ тухайд МАН-ын дарга У.Хүрэлсүх “2020 оны сонгуульд МАН нэр дэвшигчдээс мөнгө, дэнчин гэж авахгүй. Намд мөнгө хандивлаж түүнийхээ хариуд тойрог горилох, улс төрийн ашиг хонжоо хардаг байдлыг бүрмөсөн зогсооно.
 
 
 
Зөвхөн өндөр ёс зүйтэй, олон нийтийн итгэл даах хүмүүсийг МАН-аас 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлнэ. Нэр дэвшигчдийг ёс зүйн шалгуур, судалгааны дүнд үндэслэн тодруулна. Судалгааны дүнгээр олон нийт дэмжихгүй байгаа нь харагдвал нэр дэвшихгүй байх хэрэгтэй. МАН төрийн бодлого боловсруулах өндөр чадвар, мэдлэг боловсрол, ёс зүйтэй хүмүүсийг УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэх болно” хэмээн мэдэгдсэн юм.
 
 
 
Харин МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан: "Намын даргын зүгээс нэр дэвшихийг горилогчид ямар нэгэн байдлаар хууль зөрчсөн дэмжлэг, хандивыг иргэд, аж ахуйн нэгжээс авахыг хориглосон. Тиймээс ийм байдал гаргасан горилогчийг сонгуульд чэр дэвшүүлэхгүй. Мөн нам сонгуульд амжилт үзүүлсний дараа ажил, албан тушаалд гомилохдоо өгсөн хандивын хэмжээгээр ханддагийг таслан югсоох ёстой. МАН илүү иэргэжлийн, мэргэшсэн, хариуцлага, ёс зүйтэй ажиллаж чадах хүмүүсийг гөрд ажиллуулна гэдэг зарчмаа зарлаж байна. Ингэснээр төрийн албанд өмнө нь гарч байсан алдаа завхралаас ангид байх болно. Тойргуудад ор дэвших боломжтой болон хүсэлтэй хүмүүсийн рейтингийн судалгаа хийнэ. Судалгааны үр дүнг харж, ёс зүйтэй хүмүүсийг нэр дэвшүүлнэ" хэмээн тодотгосон. Ямартай ч МАН-ын удирдлагууд ийнхүү мэдэгдсэний дагуу рейтингийн судалгааг явуулж эхэлсэн бөгөөд ирэх гуравдугаар сар гэхэд дүн нь гарах юм. Тухайн үед 2020 оны сонгуульд нэр дэвшигчдээ эхний байдлаар тодруулах аж. Мөнгөтэй л бол сонгуульд нэр дэвшиж болно гэх өрөөсгөл ойлголт нийгэмд түгсэн энэ үед улс төрийн ууган хүчний зүгээс ийнхүү шийдвэртэй алхам хийж, сонгуульд нэр дэвшигчдэд тавих шалгуурын жишгийг тогтоохоо зарласныг сайшаах хүн олон байна. Гагцхүү хэлсэн ярьснаа ажил хэрэг болгож, 2020 оны УИХ-ын сонгуульд мэдлэг чадвар, ёс зүйтэй хүмүүсээ нэр дэвшүүлж, сонгуулийг мөнгөнөөс салгаж чадах эсэхийг харах л үлдэж байна. МАН өдгөө УИХ-д 64 суудалтай. Ирэх зургаадугаар сард болох УИХ-ын ээлжит сонгуульд тэдний олонх нь нэр дэвшиж таарна. Ийм сонирхлоо ч эхнээсээ илэрхийлээд эхэлсэн. Тэгвэл тэд намын даргын зүгээс тавьсан зарчмын шаардлагыг хүлээн зөвшөөрөх үү. Энэ тухайд УИХ-ын зарим гишүүний байр суурийг сонслоо.
 
Я.СОДБААТАР: ИЙМ 3ОРИГТОЙ, ЗӨВ ХАНДЛАГЫГ ЭХЛҮҮЛЖ БАЙЖ ТӨРИЙН НЭР ХҮНД СЭРГЭНЭ
 
-Намын даргын зүгээс сонгуульд нэр дэвшигчдэд тодорхой шалгуур тавихаа зарласан. Үүнд нэгдүгээрт,  УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдэд аливаа дэнчин юм уу мөнгөний босго тавихгүй. Ер нь сонгуулийг мөнгөний барьцаанаас гаргах хэрэгтэй буюу сонгогчдын сонгох, сонгогдох эрхэд хөндлөнгийн оролцоог багасгах, арилгах чиглэлд алхам хийх ёстой гэдэг байр сууриа илэрхийлсэн. Хоёрдугаарт, нэр дэвшигчдэд шалгуур тавьж байгаа нь цаашдаа Монгол төрийн нэр хүндийг өсгөх үндсэн зорилготой. Хамгийн гол нь ёс зүй, ажил хөдөлмөрийн туршлага, боловсролтой, нэр цэвэр хүмүүсийг нэр дэвшүүлнэ гэдгээ зарласан. Ард иргэд сонгогчдын зүгээс ч ийм хүсэлт өндөр байгаа. Сонгуулиар тодорхой хэмжээний мөнгө гардаг учраас хөрөнгөтэй хүмүүсийг дэвшүүлээд мэдлэг боловсрол, ёс зүйтэй хүмүүст боломж гарахгүй байна гэдгийг олон хүн хэлдэг байсан. Үүнтэй зэрэгцээд АН-ынхан нэр дэвшигчдэдээ 100 сая төгрөгийн босго тавьсан. Гэтэл энэ нь нэг сайн багш юм уу малчин УИХ-д орж ирэх боломжийг шууд хаасан хэлбэр.
 
 
 
Ерөөсөө мөнгөний босго тогтоох нь жирийн иргэдийн боломжийг хаадаг учраас манай нам нэр дэвшигчдэд босго тавихгүй гэж байгаа юм. Гэхдээ мэдээж, сонгуульд тодорхой хэмжээний мөнгө зарцуулж таарна. Сонгуулийг аль болох зардал багатай, ард иргэд сонгох, сонгогдох эрхээ эдлэх хэмжээнд зохион байгуулах ёстой. Сүүлийн жилүүдэд сонгууль бол мөнгөний уралдаан болсон нь нууц биш.
 
 
 
Үүнийг дагаад иргэдийн дунд төрийн төдийгүй парламентын нэр хүнд унах хандлага бий болсон. Тиймээс энэ чиглэлд Ардын нам зориггой алхам хийхээр шийдвэр гаргасан. Нөгөө талаас аливаа гэмт хэрэгт холбогдсон, хууль хүчний байгууллагынхан нэрийг нь зарласан хүмүүс нэрээ цэвэрлэх ажлыг хийгээрэй гэдгийг санууллаа. Би хувьдаа энэ шийдвэрийг бүрэн дэмжинэ. Ер нь ийм зоргтой, зөв хандлагыг бид гаргаж байж улс төрийн нам төдийгүй парламент, төрд итгэх итгэл сэргэнэ. Нөгөө талдаа бид ёс зүйг гол болгох зүйтэй. Мэдлэг боловсрол, ёс зүйтэй хүмүүсийг улс төрийн намууд нэр дэвшүүлж байж иргэд сонголт хийх боломж бүрдэнэ.
 
Т.АЮУРСАЙХАН: НЭР ДЭВШИГЧДЭД ШАЛГУУР ТАВИХ НЬ ЗӨВ
 
-Сонгуульд нэр дэвшигчдэд тодорхой шалгуур, шаардлага тавихаар болсныг би хувьдаа дэмжиж байгаа. Ийм зүйл байх ёстой. Өмнө нь нэр дэвших сонирхолтой хүмүүсээс мөнгө татдаг байсан нь нууц биш. Өөрөөр хэлбэл, гэрээ байгуулж, дэнчин авдаг байсан. Сонгуулиас сонгуулийн хооронд энэ мөнгөний тоо ч нэмэгдэж ирсэн байдаг. Тэр дундаа бизнес эрхлэгчдээс ихээхэн хэмжээний мөнгө татдаг байлаа. Эргээд үүний үр дүнд клиентлист нам гэдэг ойлголт бий болж байгаа юм. Үндсэндээ улс төрийн нам нь бизнес бүлэглэлийг төртэй холбодог гүүр болж хувирсан гэхэд болохоор хэмжээнд хүрсэн. Зүй нь улс төрийн нам гэдэг бол ард иргэд, нийт сонгогчдыг төртэй холбох субьекг байх ёстой. Тэгээд ч улс төрийн намууд сонгуулийн санхүүжилтээ хэрхэн бүрдүүлэх тухайд хуулиар заасан буюу хүлээн зөвшөөрсөн хэд хэдэн арга зам бий. Тухайлбал, намын гишүүдийн татвар, хандив болон эд хөрөнгөтэй бол түүнийгээ түрээслүүлсний орлого байдаг. Нөгөө талаас заавал асар их хэмжээний хөрөнгө бүрдүүлэх шаардлагагүйгээр бага зэрэг мөнгөөр зохион байгуулчихаар ажил ч байдаг шүү дээ. Ёс зүйн талаасаа асуудалтай хүмүүсийг нэр дэвшүүлэхгүй байх зарчмын санал гаргасныг  би хувьдаа дэмжиж байгаа. УИХ-д нэр дэвших гэж байгаа хүнд тодорхой шалгуур тавих ёстой. Нэр дэвшигч түүнийг нь хангаж байх учиртай шүү дээ. Жишээлбэл, УИХ-д нэр дэвшигч татварын өртэй байх ёсгүй. Гэтэл хүний эрх гэдэг үүднээс ийм хүнийг нэр дэвшүүллээ гэж бодъё. Өнөөх нь УИХ-ын гишүүн болчихвол татвараа төлөхөөс зайлсхийгээд, эрх мэдлээ буруугаар ашиглавал яах вэ. Ийм нөхцөлөөс урьдчилан сэргийлэх үүднээс л шалгуур тавиад байгаа юм. Тийм ч учраас аливаа гэмт хэрэгт нэр холбогдсон хүмүүс УИХ-д ороод ирвэл эрх мэдлээ эсрэгээр нь ашиглахгүй гэх мэт баталгаа байхгүй. Улмаар гэмт хэрэг давтан үйлдэхийг ч үгүйсгэх аргагүй. Энэ үүднээс нэр дэвшигчдэд тодорхой шалгуур тавих нь зүй ёсны хэрэг.
 
Ж.ГАНБААТАР: УЛС ТӨР ЦЭВЭРШИЖ БУЙН ИЛРЭЛ  
 
-Энэ удаагийн сонгуульд нэр дэвшигчдийг тодруулахдаа тодорхой шалгуур тавихаа намын удирдлагууд илэрхийлсэн. Маш зөв шийдэл гэж миний хувьд үзсэн учраас 100 хувь дэмжиж байгаа. Улстөрчдийн рейтинг нь хэр өндөр байна вэ, үүнийг харна гэсэн. Ард түмний дунд нэр хүндтэй байгааг судалгаагаар тогтоочихон бол тухайн хүнийг нэр дэвшүүлэх л хэрэгтэй. Энэ бол шударга зарчим. Түүнээс өнгөрсөн хугацаанд намаа санхүүжүүлж ирсэн юм уу түүний, үүний хамаатан, эсвэл улс төрд удаан явсан гэдгээр нэр дэвших эрх өгөөд байж болохгүй. Хэрвээ ийм байдлаар нэр дэвшигч тодруулбал утгагүй зүйл болно. Тиймээс эхний ээлжид улстөрчдийн рейтингийн судалгааны дүнг харах нь зүйтэй. УИХ-ын гишүүн болох хүмүүст ард түмэн итгэл өгөх ёстой болохоос улс төрийн нам өмнөөс нь шийдвэр гаргадаг байж болохгүй. Манай нам ийм санаачилга дэвшүүлж, намын гишүүдцээ зарлаж байгаа нь улс төр цэвэршиж буйн илрэл. Цэвэршинэ гэдэг нь ямар нэгэн хүн юм уу бүлэглэлийн барьцаанд улс төрийн нам байхаа болино л гэсэн үг. Улстөрчдийн рейтинг тогтоох судалгааг зөндөө хийдэг. Түүний үр дүнг харахад л тухайн аймаг, сум юм уу тойргийн иргэд. “Энэ хүн манай тойргоос УИХ-д биднийг төлөөлөх ёстой” гэдгээ илэрхийлчихэж байгаа юм. Тиймээс тухайн хүнийг нэр дэвшүүлэх нь хамгийн зөв зарчим. Дэнчин хураахгүй гэдгээ намын дарга мэдэгдсэн. Үүнийг АН-ынхан мушгиад л байна билээ. Энэ бол өөрсдийнхөө зарласан 100 сая төгрөгийг хамгаалах гэсэн л нэг хэлбэр юм. Үүнд өөр нэг их дүгнэлт хийгээд байх шаардлагагүй.
 
 
М.Өнөржаргал
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин