sonin.mn
Улсын баяр наадмын өмнөхөн “Алтангадас” одонгоор энгэрээ мялаалгасан Монголын оюун ухааны академийн захирал Х.Хатанбаатар ОХУ-ын “Россия-1” сувгийн Гайхамшигт хүмүүс" шоу нэвтрүүлэгт оролцох урилга хүлээн авчээ. Уг нэвтрүүлэгт түүнтэй хамт ой тогтоолтын спортын дэлхийн хамгийн залуу тамирчин, дөрвөн настай Х.Ивээл, өсвөрийн дэлхийн аварга, дэлхийн 10 дээд амжилтыг эзэмшигч Э.Лхагвадулам нар оролцох аж.
 
“Гайхамшигт хүмүүс” нэвтрүүлэгт оролцох болсон тухайгаа Х.Хатанбаатар хэлэхдээ “Хуучин бууны хугархай нь шавь нартайгаа Москва орж тархины гайхамшгийг үзүүлээд ирэхийг хичээнэ. Бэлтгэлээ базаахад хэдхэн хоног үлдсэн байна” гэжээ.
 
Сонирхуулахад, уг нэвтрүүлгийн өнгөрсөн жилийн  дугаарт Монголын оюун ухааны академийн ихэр тамирчид болох эгч, дүү дэлхийн аварга Н.Мөнхшүр, Н.Энхшүр нар оролцсон юм. Тэд 1200 сарнайг таван минутад тогтоон алдаагүй санаж үзэгчдийг гайхшируулсан билээ.
 
 
Б.Номуун
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин