sonin.mn
ОХУ-ын Казань хотноо болох Дэлхийн ур чадварын тэмцээнд дэлхийн 63 орны 1300 гаруй залуус 56 мэргэжлийн төрлөөр ур чадвараа сорино. Манайхаас МСҮТ, Политехник коллежийн суралцагч найман залуу найман мэргэжлээр эксперт багш нарынхаа хамт оролцоно. Хүүхдүүдийн хувьд хамгийн бага нь үсчний мэргэжлээр өрсөлдөх Н.Гэрэлт-Од. Тэрээр энэ жил 18 нас хүрсэн. Өрөг угсралтын Г.Анх-Учрал 19, тогоочийн Л.Чибаяр, токарийн Т.Цогтсайхан, гагнуурын Т.Оюун-Эрдэнэ, цахилгааны Э.Рэнчин-Очир нар 20-той, харин сантехникийн мэргэжлээр оролцох С.Дашдэрэм, мужааны Н.Батбуян хоёр 21 настай. Бүгд “Монгол ур чадвар” тэмцээний ялагчаар тодорч дэлхийд өрсөлдөх эрхээ авсан шилдгүүд. Эксперт багш нарын хувьд ч онцлох зүйл арвинтай. Дэлхийн ур чадварын тэмцээнд гурав дахь удаагаа явж буй нь Гагнуурын С.Батсайхан багш. Үсчний Л.Одгэрэл, токарийн Г.Оюунбат багш хоёр Бразилийн Сан-Паолуд “дарийн утаа” үнэрлээд ирсэн туршлагатай. Өрөг угсралтын Л.Эрдэнэчулуун, сантехникийн С.Батаа багш нарын хувьд Абу Дабид “тулалдаад үзчихсэн” хашрууд. Өнөөдөр нээлтээ хийж байгаа ур чадварын олимпод мужаан, цахилгаан, үсчин, өрлөгийн мэргэжлээр оролцож байгаа дөрвөн оюутан болон багш нарынх нь тэмцээний өмнөх сэтгэгдлийг хуваалцлаа. Гагнуур, токарь, хоол үйлчилгээ, сантехникийн мэргэжлээр оролцогчдын ярилцлагыг маргаашийн дугаарт хүргэх болно.
 
Б.Анхбаяр: Сонгогдсон даалгаврыг 30 хувийн өөрчлөлттэйгөөр өгнө гэсэн
 
Мужааны мэргэжлийн экспертээр оролцох Б.Анхбаяр багш Техник технологийн политехник коллежид тав дахь жилдээ ажиллаж байгаа бөгөөд Дэлхийн ур чадварын тэмцээнд анх удаа оролцож байна.
 
-Манай мэргэжлийн хувьд бэлтгэл хийх хугацаанд эхний удаад гурван улсын даалгаврын тест ирсэн. 2D, 3D, мөн хосолсон тест бүхий гурван төслөөс тэмцээн эхлэхээс гурав хоногийн өмнө нэг нь сонгогдож, сонгогдсон даалгаврыг 30 хувийн өөрчлөлтэйгөөр өгнө.
Бэлтгэлийн хувьд өнгөрсөн оны тавдугаар сараас хойш хийсэн. Энэ хугацаанд үндсэн бэлтгэлээ сургууль дээрээ хийхийн зэрэгцээ БНСУ-д нэг сар хамтарсан бэлтгэлд хамрагдаж, ОХУ-ын үндэсний тэмцээнд оролцсон нь ур чадвараа дээшлүүлэхээс гадна өрсөлдөгчдийнхөө талаар мэдлэг хуримтлуулахад ихээхэн үр дүнтэй зүйл болсон гэж үзэж байгаа. Мөн Монголд байгаа мод боловсруулах үйлдвэр, аж ахуй нэгжүүд дээр дадлага хийсэн нь манай оролцогч хүүхдэд их зүйлийг өгсөн.
Энэ удаагийн тэмцээний мужааны төрөлд 24 орон өрсөлдөнө.
 
Л.Эрдэнэчулуун: Боломжит бүхий л хувилбараар бэлтгэлээ хангасан
 
Барилгын политехник коллежийн өрөг угсралтын багш Л.Эрдэнэчулуун мэргэжлийн боловсролын салбарт 11 дэх жилдээ ажиллаж байгаа бөгөөд Дэлхийн ур чадварын олимпод хоёр дахь удаагаа экспертээр оролцож буй учраас тэмцээний үйл явц, өрсөлдөгчдийн ур чадвар гэхчилэн олон зүйл дээр өөрийн гэсэн туршлага хуримтлуулсан нэгэн. Эрдэнэчулуун багш тэмцээний бэлтгэл хэрхэн хангасан талаар ярьсан юм.
 
 
 
-Өрөг угсрагч мэргэжлийн даалгаврын хувьд тодорхой бус. Тэмцээн болох өдөр, эсвэл өмнөх өдөр нь тодорхой болно. Дэлхийд өрсөлдөх үндэсний ялагч өнгөрсөн оны арванхоёрдугаар сард тодорсон бөгөөд тэр үеэс хойш үндсэндээ найман сарын хугацаанд тасралтгүй бэлтгэл хийсэн. Манай оролцогчийн хувьд мэргэжилдээ дуртай, тэмцээнд маш их ач холбогдол өгч, бүх хүчээ дайчлан бэлтгэлээ хангасан. БНСУ-ын үндэсний ялагчтай хамтран бэлтгэл хийж, өмнөх тэмцээнүүдийн даалгавруудыг турших зэргээр ур чадварын хувьд бусад орны өрсөлдөгчдөөс дутахааргүй сайн болсон гэж үзэж байгаа. Боломжит бүхий л хувилбарыг бид бэлтгэлдээ ашигласан.
Даалгаврын хувьд тэмцээн зохион байгуулж буй орны онцлогоос ихээхэн хамаардаг. Абу Дабигийн даалгавар маш хүнд байсан. Энэ жилийн хувьд ч урьдчилсан байдлаар таамаглах боломжгүй ч бид өмнөх амжилтаа дээшлүүлэх зорилгоор бэлтгэлээ хангаад байна.
Манай мэргэжлийн хувьд өрсөлдөгчийн тоо өмнөх тэмцээнээс нэгээр нэмэгдэж 31 орон оролцохоор мэдүүлгээ өгсөн байналээ. Ер нь жил ирэх тусам өрсөлдөгчийн тоо өсч байгаа. Биднийг тэмцээнд оролцоход бүхий л талаар туслаж дэмжсэн ХНХЯ, Барилгын нэгдсэн холбоо, GIZ төсөл болон Барилгын политехник коллежийн хамт олонд баярлаж талархаж буйгаа илэрхийлье.
 
Цахилгааны мэргэжлийн экспертүүдээс ганц эмэгтэй нь Ж.Уранцэцэг багш
 
Барилгын цанхилгааны мэргэжлээр гарын шавиа бэлтгэн Дэлхийн олимпод өрсөлдүүлж байгаа Ж.Уранцэцэг багш Налайх дахь МСҮТ-д ес дэх жилдээ ажиллаж буй юм. Тэрээр Дэлхийн ур чадварын тэмцээнд анх удаа эксперт багшаар оролцож байгаа.
 
-Үндсэндээ тэмцээний бэлтгэлээ 2017 оны Дэлхийн ур чадварын тэмцээнээс хойш хийж эхэлсэн бөгөөд голдуу сургууль дээрээ бэлтгэлээ хангаж, БНСУ-д хоёр удаа хамтарсан бэлтгэлд оролцсон.
Тэмцээний даалгавар одоогоор тодорхойгүй учраас өмнөх тэмцээнүүдийн даалгаврыг тест болгон ашиглаж бэлтгэсэн. 2017 оны Дэлхийн ур чадварын тэмцээнд оролцсон Төгөлдөр миний шавь. Энэ тэмцээнд хоёр дахь шавиа өөрийн гараар бэлтгэн дэлхийд өрсөлдүүлж байна. Түүнээс гадна Дэлхийн ур чадварын тэмцээнд цахилгааны мэргэжлээр 40 эксперт багш оролцож байгаагаас ганц эмэгтэй нь би.
Энэ тэмцээнд оролцоход гүн туслалцаа үзүүлсэн Налайх дахь МСҮТ-ийн хамт олон, ХНХЯ, VETP, мөн ерөнхий ивээн тэтгэгчээр оролцож байгаа “IEK-Mongolia” ХХК-ийнханд баярлалаа.
 
Л.Одгэрэл: Үсчний мэргэжлээр 42 ОРОН ӨРСӨЛДӨНӨ
 
Үсчний мэргэжлийн эксперт Л.Одгэрэл Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл, урлалын политехник коллежийн үс заслын багшаар тав дахь жилдээ ажиллаж байгаа бөгөөд үсчний мэргэжлийг БНСУ-д эзэмшсэн нэгэн. Түүнчлэн Бразилийн Сан Паолуд болсон Дэлхийн ур чадварын тэмцээнд эксперт багшаар оролцсон туршлагатай.
-Энэ жилийн тэмцээний онцлог нь даалгаврын хувьд маш их өөрчлөгдсөн. Даалгаврын хувьд ерөнхий долоон төрлийн чиглэл л өгсөн. Гүйцэтгэх хугацаа, яг юу хийх нь тодорхой бус байгаа. Өмнөх тэмцээнүүдэд техникийн төрлүүд голдуу байсан бол энэ жилийн хувьд салоны үйлчилгээ, үйлчлүүлэгчтэй хэрхэн соёлтой харилцах, сэтгэн бодох чадвар зэрэг тал руугаа даалгаврууд давамгайлсан байх юм билээ.
Үсчний мэргэжлээр дэлхийд өрсөлдөх үндэсний ялагч өнгөрсөн нэгдүгээр сард тодорсон бөгөөд түүнээс хойш бэлтгэлээ хийж эхэлсэн. Бэлтгэлийг сургууль болон “Хүрлээ”, “Хос шагай” зэрэг салоны мастер үсчидтэй хамтран хийлээ. Мөн БНСУ-д тус улсын үндэсний ялагч болсон хүүхэд болон Абу Дабигийн оролцогчтой хамтарсан бэлтгэл хийсэн.
Үсчний төрөлд 42 орон оролцохоор мэдүүлгээ өгсөн байна. Энэ нь өмнөх тэмцээнүүдээс нэмэгдсэн үзүүлэлт бөгөөд оролцогчдын тоо нэмэгдэх хэрээр өрсөлдөөн улам хүчтэй болж байгаа юм.
 
Н.Гэрэлт-Од: Эхний зорилго тэмцээнээс медаль авах
 
Есдүгээр ангиа төгсөөд хэдийгээр аравдугаар ангидаа орж болох байсан ч ирээдүйгээ арай өөрөөр төсөөлж мэргэжлийн боловсролын сургуульд сурахаар шийдсэн Нарссайханы Гэрэлт-Од 14 настайдаа Үйлдвэрлэл, урлалын политехник коллежийн үсчний 2.5 жилийн ангид оржээ. Төгсөөд үсчний технологичийн ангид дэвшин суралцаад өнгөрсөн нэгдүгээр сард төгссөн.
Тэрээр үсчний мэргэжлийг өөрийнхөө сонирхлоор сонгосон, дунд сургуульд найзуудынхаа, дүүгийнхээ үсийг засч өгдөг минь нөлөөлсөн гэж байв. Түүнээс эрэгтэй үсний хувьд ямар загвар моод болж байгааг лавлахад “Үсний загварын хувьд яг тийм гэхээс илүү тухайн хүнийхээ царай төрх, сонирхол, стиль имиж тэр ч бүү хэл хийдэг ажилтай нь зохицуулж засах ёстой юм. Түүнээс ийм загвар моодонд орсон гээд зохих, зохихгүй хамаагүй засч болохгүй” гэв.
Энэ удаагийн тэмцээнд үсчид долоон модуль бүхий даалгавар гүйцэтгэх ёстой аж. Эрэгтэй, эмэгтэй загварын тайралт, эмэгтэй тайзны загвар, эмэгтэй дээшээ шуулттай upstyle, эрэгтэй хими, эрэгтэй уусгалттай засалт бас нэмэлт үс залгах гэсэн даалгавар орсныг хамгийн богино хугацаанд технологийн өндөр түвшинд ур чадвараа үзүүлж 700-гаас дээш оноо авахад л зорилгодоо хүрч буй нь тэр гэсэн.
 
“Монгол ур чадвар” тэмцээний эхний шатанд хоёрдугаар байх эзэлж сүүлийнхэд нь түрүүлж дэлхийн тэмцээнд оролцох эрхээ авсан Н.Гэрэлт-Одын хувьд хими, будгийн хичээл заадаг Л.Одгэрэл багш нь хамт явахаар болсонд өөрийгөө азтайд тооцож буй. Багш нь англи, солонгос хэлтэй, өмнө нь Дэлхийн ур чадварын тэмцээнд оролцож байсан туршлагатай гээд зөндөө олон давуу талтай гэсэн.
 
Тэрээр ойрын болон ирээдүйн зорилгынхоо талаар “Эхний ээлжинд тэмцээнээс медаль авах. Цаашдаа сурсан зүйлээ бусдад зааж өгнө. Үүний тулд өөрийн гэсэн салоноо нээнэ. Гэхдээ ердийн салон биш дэлхийн хэмжээнийх байх ёстой гэж боддог” хэмээн хуваалцсан юм. Салоныхоо нэрийг ч бодоод олчихсон. “Different” буюу “Бусдаас өөр” гэж байх юм гэсэн шүү.
 
Н.Батбуян: Монгол мужааны бусдаас ялгарах онцлог нь сийлбэр
 
Дэлхийн ур чадварын тэмцээнд мужааны мэргэжлээр оролцож байгаа Намсрайн Батбуян “Ховд хөгжил” политехник коллежийг мужааны мэргэжлээр 2.5 жил сурч төгссөн. Ховдод сурч байхдаа “Монгол ур чадвар-2017” тэмцээнд оролцож айргийн тавд багтсан учраас Техник технологийн политехник коллежид дэвшин сурах урилга гардаж барилгын техникчийн 1.5 жилийн ангид сурч төгсчээ.
Н.Батбуян өөрийгөө хоёр дахь үеийн мужаан гэж тодотгосон. Аав нь модоор гэр, авдар сав гээд бүхий л зүйлийг урладаг, өвөө нь ч нутагтаа танигдсан гарын дүйтэй нэгэн гэнэ. Хөдөөгийн хүмүүс хэрэгцээтэй зүйлээ өөрсдөө хийх наад захын чадварыг хар багаасаа л эзэмшдэгийн адил багаасаа аавыгаа дагаж алх, хөрөө, цүүц барьж сурсан нь түүнийг ирээдүйн мэргэжлээ ямар ч эргэлзээгүйгээр сонгоход нөлөөлж есдүгээр ангиа төгсөөд “Ховд Хөгжил” коллежийн модон эдлэлийн мужааны ангид оржээ.
Тэрээр хамгийн анх эмээгийнхээ захиалгаар чихрийн хайрцаг урласан нь бие дааж хийсэн бүтээл нь гэсэн. Хэнээс ч асуулгүй хийчихье гэж бодоод чамгүй бодож байж бүтээсэн чихрийн хайрцаг одоо ч байгаа гээд “Монгол мужааны бусдаас ялгарах онцлог нь сийлбэр гэж боддог. Би сийлбэр хийх дуртай. Хамгийн хэцүү нь морь сийлэх” хэмээж байсан.
 
Г.Анх-Учрал: Дэлхийд өрсөлдсөн өрлөгчийн гэр гэж танигдахаар байшин барина
 
“Дэлхийн ур чадварын тэмцээнд өрөг угсралтын мэргэжлээр оролцох үндэсний ялагч манай Барилгын политехник коллежоос л төрдөг. 2015 онд Энхчимэг эгч, 2017 онд Мягмарсүрэн гэж оролцсон. Одоо би явж байна” хэмээн яриагаа эхлэхээс сургуулиа магтаж эхэлсэн хүүг Гантулгын Анх-Учрал гэдэг. Тэр энэ жил 19 настай. Анх сургуульд ороход нь тосч авч зааж сургасан, ангийн багш Л.Эрдэнэчулуунтайгаа хамтдаа Казань явахаар болсондоо хамгаас их баярласан гэдэг.
Г.Анх-Учрал мэргэжлийнхээ тухай, тэмцээний бэлтгэлийн талаар “Манай гэр бүл барилгачны удамтай. Хоёр өвөө минь мужаан, аав, ах нар өрлөгчин. Нэг өдөр тоосгон дээр шавар тавьж үзээд л мэргэжлээ сонгочихсон. XI ангид орсон хойноо сургуулиа орхиод Барилгын коллежид элссэн. Магадгүй есдүгээр анги төгсөөд орсон бол өдий дайны яваа ч бил үү. Тийм болохоор үүнийг хувь тавилан гэж боддог. Уг нь гар урлалын чиглэлээр илүү сонирхож сийлбэр оролддог байлаа. Багадаа хийсэн олон янзын бүтээл минь одоо ч бий.
Аав, ах нартайгаа нийлээд олон ажил хийсэн. Баянхонгор аймгийн Баянлиг суманд хэрэгжсэн “Шинэ сум” төсөлд оролцсон минь хамгийн том нь. Барилгын туслахаар ажилласан. Өрлөг хийх анхандаа амаргүй байсан, шавраа тааруулахаас эхлээд загвар, хэмжээг нь нарийн гаргахад геометр хэрэг болно. Зүгээр л дээр дээрээс нь давхарлаж өрөөд байдаг ажил биш шүү дээ.
Тэмцээний хувьд ердийн нэг 12-ын хана өрөх биш. Тэнд урлагийн бүтээл хийх ёстой. “Монгол ур чадвар” тэмцээний эхнийхэд 2018 гэж Бразилийн модулийг хийсэн бол хоёр дахь шатанд Монголын газрын зураг, Алтай таван богдыг өрсөн. Харин гурав дахь шатанд Абу Дабигийн гуравдугаар модуль шонхор шувуутай өрлөг хийж байлаа. Казанид чухам ямар даалгавар ирэх нь мэдэгдэхгүй байсан учраас бүх төрлийн модулийг туршиж бэлтгэсэн. Ганц давуу тал нь тоосгоны хэмжээ. Бидний хэрэглэдэг стандарт хэмжээтэй адил учраас арай амар. Өмнөх тэмцээнүүдэд тоосгоны хэмжээ өөр байсан” хэмээн хуучилсан.
Тэрээр залуудаа сурсан нь дээр гэж боддог учраас тултал нь сураад дараа нь ажиллана даа гэж байна билээ. Тэмцээнээс ирээд дараагийн тэмцээнд орох хүүхдийг бэлтгэхэд тусална, угсралтын техникчийн хоёрдугаар курст сурдаг, өвөл төгсөх учраас завгүй л байна байх хэмээсэн Анх-Учрал сүүлийн гурван жил сургуулийнхаа дадлагын байранд өнждөг байжээ.
Нийслэлийн 104 дүгээр сургууль төгсөөд МСҮТ-ийг сонгосондоо сэтгэл өндөр байдаг гээд “Манай ангийнхнаас мэргэжлийн боловсролыг сонгосон хүүхдүүд бий. Шууд дээд сургуульд орсон ч олон. Гэхдээ би тэднээс хоцроогүй харин ч илүү яваа. Дунд сургуулиа төгсчихсөн дээр нь мэргэжилтэй болж дэлхийд эх орноо төлөөлөх хэмжээний ур чадвар эзэмшлээ” гэхийг нь сонсоод илүү олон хүүхдэд түүний яриаг сонсгохсон хэмээн бодсон.
Тэр аав ээж дүүтэйгээ амьдардаг бөгөөд хувьдаа хоёр давхар байшин барих том төлөвлөгөөтэй. Тэр байшин хаанаас нь ч харсан дэлхийд өрсөлдсөн өрлөгчний бүтээл гэж харагдахаар хачин гоё байх юм гэсэн шүү.
 
Э.Рэнчин-Очир: Цахилгааны сайн инженер болно
 
Барилгын цахилгааны мэргэжлээр дэлхийд өрсөлдөхөөр сонгогдсон Эрдэнэбилэгийн Рэнчин-Очир Өвөрхангай аймгийн Хужирт сумынх. Есдүгээр ангиа төгсөөд мэргэжлийн боловсролын сургуульд сурахаар хотод ирж Барилгын политехник коллежид бүртгүүлэхээр ирэхэд сонирхсон ангид нь орон тоо байгаагүй таарч. Тэгтэл нагац эгч нь 60 жилийн түүхтэй Налайхын МСҮТ-ийг сонго хэмээн зөвлөснөөр тус сургуулийн цахилгааны ангид оржээ.
Аав нь нутагтаа айлын гэрийн мод урлах, байшин барих зэрэг гарын ур шаардсан ажил хийдэг. Ээж нь үсчин. Тийм болохоор хар багаасаа л ажил хийсэн хүн ам тосдохын үр шимийг мэдэрч өссөн гэнэ.
 
МСҮТ-ийг сонгож, мэргэжилтэй болоод бусдаас дутахгүй сайхан амьдрах том зорилготой Э.Рэнчин-Очир сурч байх хугацаандаа хувийн хаус, үйлчилгээний газрын цахилгаан татах, эвдрэл гэмтлийг илрүүлж засах зэргээр мэргэжлийнхээ дагуу ажил олныг хийсэн. Хоёрдугаар курст байхад нь дадлага хийлгэсэн “Алтан ялтас” компанийн ах нар нь ажил гарахаар дуудаж туслуулдагт маш их баярладаг гэнэ.
 
Дэлхийн тэмцээнд явах эрх авснаас хойш харин элдэв янзын ажилд цаг гаргах завгүй болжээ. Ангийн багш Урнаатайгаа хамт бэлтгэлээ хийж, мэдэхгүй чадахгүйгээ сурч, мэддэгээ бататгахад анхаарч ажилласан байна.
Ж.Уранцэцэг багшийн хувьд эксперт багшаар анх удаа явах гэж буй ч өмнө нь Дэлхийн ур чадварын тэмцээний оролцогчийг бэлтгэж байсан туршлагатай нь Э.Рэнчин-Очирт маш том боломж гэнэ.
Ирээдүйнхээ талаар тэрэр “Гадагшаа явж сурна гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Сайн инженер болно. Магадгүй надад гадаадын аль нэг оронд цахилгаанчнаар ажиллах боломж олдох ч юм бил үү” хэмээгээд үүний тулд өөрийгөө илүү ихээр дайчилна хэмээн ярьсан юм.
 
 
 
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин