Монголын дугуйн холбооны 60 жилийн ой тохиож буйтай холбогдуулан ОУХМ Ш.ЖАМБАЛ гуайтай ярилцлаа.
 
-Дугуйн спорггой амьдралаа анх хэрхэн холбосон талаар ярилцлагаа эхлүүлье?
 
-Би 1963 онд 19 настайдаа тээврийн хэрэгслийн зориулалтаар унадаг дугуй анх ашиглаж эхэлсэн юм. Тэр үед би Төмөр замын байгууллагад ажилладаг байв. Хотын төвд байдаг гэрээсээ Амгалан дахь ажил руугаа өдөр бүр 10 орчим км дугуйгаар явдаг. Миний хажуугаар бэлтгэл хийж байгаа дугуйтай хүмүүс явж байгааг их харсан. Тэр үед л тамирчин болчих юмсан гэх бодол анх төрж байв. Тэгээд хүмүүсээс сураглатал “Замчин” гэж нийгэмлэг бий, тэнд унадаг дугуйн спортын тамирчид бэлтгэл хийдгийг мэдээд, 1965 онд тэндхийн тамирчин болж, дасгалжуулагч Цэрэндагва багшийн шавь болсон. Ингэж л яаж бэлтгэл хийх, тэмцээн уралдаанд хэрхэн бэлдэх, дугуйгаа яаж арчлах тухай суралцсан даа. 1966 онд анхныхаа тэмцээнд орж “Замчин” нийгэмлэгийн аварга болсон би 1967 онд цэргийн албанд татагдсан юм. Апиваа спорт хүнийг хорхойсуулж, сэтгэл зүрхийг нь нэгмөсөн эзэмдэж чаддаг хүчтэй. Нүдээ анихаар дугуй харагдаад, унтахаараа зүүдэлнэ, алхаж явахдаа энэ замаар тэр араагаар явбал тохиромжтой гэх зэргээр байнга бодож явдаг байв. Энэ үед бэлтгэлээ алдахгүй, спортоо орхихгүй юмсан гэхдээ дарга нартаа хүсэлт тавьж 1969 онд “Алдар” нийгэмлэгийн дасгалжуулагч, дэслэгч Я.Баатар гэдэг хүний шавь боллоо. Эндхийн тамирчин болоод би анхныхаа том тэмцээнд орсон юм.
 
 
1969 оны Улсын аварга шалгаруулах тэмцээнд манай “Алдар” нийгэмлэг багаараа орж, мөнгөн медаль авч, би ч удалгүй 1970 онд цэргээс халагдсан. Ингээд буцаж “Замчин” нийгэмлэгтээ бэлтгэл сургуулилалт хийж, тэмцээн уралдаанд орж байв, Байнгын бэлтгэлтэй байсан би тэмцээнүүдэд гайгүй амжилт үзүүлж байсан юм. Үүнийг маань Улсын шигшээ багийн дасгалжуулагчид анзаарч харснаар 1971 онд Монгол Улсын шигшээ багийн гишүүн болж байлаа. Шигшээ багийн тамирчин болоод Гавьяат багш Ц.Даржаагийн шавь болсон хүн дээ.
 
 
-Улсын шигшээ багийн гишүүн болоод олон улсын тэмцээн, уралдаанд их оролцсон гэсэн. Бэлтгэлийн чанар ч сайжирсан биз?
 
-Тэгэлгүй яах вэ. Ц.Даржаа багш биднийг аваад Тажикистанд нэг сар өвлийн бэлтгэл хийлгэж байлаа. Дараа нь бид СССР-ийн олон өдрийн уралдаанд орсон. Энэ олон улсын чанартай маш том тэмцээн. 2000 км-т 14 хоногийн турш уралддаг. Унгар, Австри, Герман зэрэг улсын тамирчид оролцсон энэ тэмцээнээс би маш их зүйл сурсан. Ялангуяа Энхтайваны олон өдрийн уралдааны хоёр удаагийн аварга Гояна Сайт Хужин гэдэг хүн бидэнд онцгой, өөриймсөг ханддаг байлаа. Тухайлбал, багийн, ганцаарчилсан тэмцээнд яаж уралдах арга техникийг зааж өгч байв. Энэ хүн СССР-ийн Гавьяат мастер хүн хэдий ч татар гаралтай, ази төрхтэй хүн байсан. Тэгээд “Монголчуудынхаа дугуй хийлэгчийг хэрэглэнэ ээ” гээд л над дээр ирдэг.
 
-Олон өдрийн тэмцээн зохион байгуулахад Олон улсын дугуйн холбоонд заавал элсэн орсон байх ёстой гэж сонссон. Манайх хэзээ ийм тэмцээн анх зохион байгуулж байв?
 
-1960 онд манай улсын дугуйн холбоо Олон улсын дугуйн холбоонд элсэн орсноор олон өдрийн тэмцээн зохион байгуулах эрхтэй болж байгаа юм. Учир нь, үүнийг зохион байгуулахад маш их цаг, мөнгө, хүн хүч хэрэгтэй. Бид анх удаа нутагтаа 1972 онд дотоодынхоо олон өдрийн уралдааныг зохион байгуулж байлаа. Олон улсын дугуйн холбооноос манай холбоонд заавар чиглэл өгдөг. Тухайлбал, ямар замаар уралдах, ямар хүмүүсийг хамруулах, техник тусламжийн автомашин, эмч авч явах, эсэх зэрэг шаардлага тавьдаг. Эхний удаа Улаанбаатараас Сэлэнгэ орох 800-900 км замыг туулсан. Арваад хоног үргэлжилсэн энэ уралдаанд их, дээд сургуулийнхнаас гадна спорт нийгэмлэгийн тамирчид нийлээд 70 орчим хүн оролцож байлаа. Манай улсад хамгийн томд тооцогдох энэ тэмцээнд би түрүүлсэн юм. Манай улс энэ тэмцээнийг нийтдээ 21 удаа зохион байгуулсан.
 
-Дугуйн спортоор хичээллэхийн ач холбогдлыг та юу гэж боддог вэ?
 
 -Дугуйн спортоор хичээллэсэн хүн эрүүл саруул, урт насалдаг юм байна гэж боддог. Ц.Даржаа багш маань 1964 оны Олимпод баг тамирчдаа бэлтгэн явж байсан. Энэ багийн бүрэлдэхүүнд Я.Баатар багш байсан. Энэ хоёр хүн нэг нь 80 гарчихсан, нөгөө нь 90 гаруй настай. Тэд маань одоо ч Азийн аварга шалгаруулах тэмцээнд тамирчдаа дасгалжуулаад, сэмбэлзээд явж байна гээд бод доо. Ер нь аливаа спортоор системтэй бэлтгэл хийх гэдэг их чухал.
 
 
Дугуйн спортоор хичээллэхэд хамгийн нэгдүгээрт, нүдний хараа, тэнцвэрийн эрхтнүүд хөгжинө, байнгын жийж явдаг тул хөлөнд нөлөөлнө, гар хэдийгээр хөдлөхгүй юм шиг боловч биеийн жингийн тодорхой хувийг дааж, мөн тэнцвэр хадгалахад нөлөөлдөг юм. Хүний биеийн бүх л булчин шөрмөсөнд нөлөөлөхөөс гадна орон зайн баримжааг ч хөгжүүлнэ.
 
 
-Манай улсын дугуйн спортын тамирчид өнөөдрийг хүртэл Олимп, тив, дэлхийн тэмцээнүүдэд ямар амжилт үзүүлж байв. Үүнд таны оруулсан хувь нөлөө юу вэ?
 
-Манай тамирчид чамлахааргүй өндөр амжилттай гэж би боддог. ДАШТ-ээс эхлээд яръя л даа. Хамгийн сүүлд 2017 онд Трекийн уралдаанд тамирчин Б.Тэгшбаяр Монголын дугуйн холбооны тэтгэлгээр явж, тэндээ ганцхан жил бэлтгэл хийгээд Залуучуудын дэлхийн аварга болсон. Манай монголчуудад жаахан “ташуур өгчихвөл" өндөр амжилт гаргаж чадах хүмүүс гэж би хэлэх гэсэн юм. Манай залуучууд ДАШТ-д дөрвөн удаа орсон юм байна. Саяхан бурхан болсон МУГТ Ж.Өлзий-Орших маань ДАШТ-ий хүрэл медальтай. Мөн 1974 онд Ираны Тегеран хотод болсон Азийн тоглолтод Монгол Улсын баг тамирчид бүрэн бүрэлдэхүүнээрээ анх удаа орсон. Энэ ерөнхийдөө бага Олимп гэсэн үг. “Олимпын өвөө” гэж бидний ярьдаг Ш.Магван дарга биднийг авч явсан юм. Энэ багийн бүрэлдэхүүнээс дугуйн багийг Я.Баатар, Ч.Саманд дасгалжуулж явсан бөгөөд тамирчид нь Ш.Ёндондаш, Д.Төртогтох, С.Жамьяан, Ш.Жамбал миний бие байв. Тэмцээн есдүгээр сард болсон хэдий ч 36 хэмийн халуун өдөр 13 орны баг тамирчидтай уралдаж байв. Ийм том тэмцээнд орох гэж байсан биднийг Монгол Улсын Сайд нарын зөвлөл хүлээж авч, үүрэг даалгавар өгсөн. Ж.Батмөнх дарга бидэнд “За, дугуйны тамирчид их юм сураад ирээрэй” л гэж байсан. Ингээд бид тэр үед III байрт орж байв. Энэ тухай эхэндээ мэдээгүй. Ираны баг түрүүлээд, Японы баг хоёрдугаар байрт орж байсан юм билээ. Энэ манай улсын дугуйчдын хувьд маш том амжилт. Учир нь Азийн аварга шалгаруулах тэмцээнд ч орж байгаагүй бид Азийн тоглолтод гэнэт ороод гуравдугаар байрт шалгарчихсан юм. Эндээс манай дугуйн спортын тамирчид Азийн тэмцээнд манлайлах шанг татаж өгсөн гэж боддог. Учир нь үүнээс хойш манай тамирчид энэ тэмцээнд хэд хэдэн удаа орж байсан. 1982 онд Энэтхэгийн Дели хотод болсон Азийн тоглолтод бвгаараа дөрөвдүгээр байрт, 1990 онд БНХАУ-ын Бээжин хотод очиж багаараа хоёрдугаар байрт орж, Төмөр-Очир тамирчин маань ганцаараа гуравдугаар байранд шалгарч байсан. 1994 онд Японы Хирошимад оролцсон дараа нь 1998 онд Тайландын Бангкок хотод болсон тоглолтод амжилттай уралдсан юм.
ААШТ-ндманай улс нэлээд хэдэн удаа орж байв. Тухайлбал, 2015 онд Т.Энхжаргал гэдэг эмэгтэй Насанд хүрэгчдийн цуваа гараатай тэмцээнд орж, аварга болж байсан. Мөн 2016 онд Азийн Залуучуудын аварга шалгаруулах наадмаар манай Б.Марал-Эрдэнэ аварга болсон гээд дурдвал амжилтын олон эзэн манай холбогоор овоглодог.
 
-Манай улсын залуучууд, ахмадууд олон улсын тэмцээн уралдаанд амжилттай оролцож байна. Одоо Монголд дугуйн спортыг хөгжүүлэхэд юу шаардлагатай гэж та бодож байна вэ?
 
-Тамирчдаа бэлтгэл хийх нөхцөлөөр хангадаг бопчихвол мундаг авьяас чадвартай залууст их боломж байна. Би 1971-1978 онд Үндэсний шигшээ багийн тамирчин байсан. Цаашид үндэсний шигшээ багтай болох талд Дугуйн холбоо болон бусад тамирчидтай ярилцдаг. Холбооны одоогийн ерөнхийлөгч. “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Ганхүү маш их зүйл хийж байна. Тухайлбал, Япон улстай тамирчдаа бэлтгэл хийлгэх талд хамтарч яриа хэлэлцээр хийсэн. Өвлийн улиралд манай тамирчид Японд очиж бэлтгэл хийх бол зун нь японы тамирчид манайд ирэх юм. Энэ нь тамирчдад их дэмжлэг болох нь гарцаагүй. Мөн тамирчдыг холбооиы тэтгэлгээр олон улсын тэмцээн уралдаанд явуулж байна. Энэ ч гэсэн бодит хувь нэмэр. Гадаад руу тэмцээнд явна гэдэг маш их зардал мөнгө шаардана. Түүнчлэн Олон улсын дугуйн холбоо, Азийн дугуйн холбооны тэтгэлгээр тамирчдыг сургалтад хамруулж байгаа. Энэ бол манай холбооны хийж, хэрэгжүүлж буй ажил юм.
 
 
 
-Танд баярлалаа.
 
 
Х.Болд
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин