sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийн шилдэг боксчдын нэгээр 1980-аад онд нэрлэгдэж явсан, 1988 оны Сөүлийн олимпын хүрэл медальт, гавьяат тамирчин Нэргүйн Энхбат, энэ онд болох Монгол, Куба хоёр орны дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой тохиолдуулан олимп, дэлхийн аварга, Кубын шилдэг боксчидтой ринг дээр хүчээ сорьж байсан үеэ дурсан ярьсан юм.
 
Тэрбээр: “Би 1980 онд Улаанбаатар хотноо болсон боксын “Интернациональ” олон улсын тэмцээнд анх удаа 18 настай хүү оролцон, Куба улсын тамирчинтай таарч ялагдаж байлаа. Ер нь Кубын тамирчидтай олон удаа таарсан. Харин 1981 онд Кубын тамирчинтай тоглож анх удаа ялсан юм.
 
Дэлхийн цомын аварга Роман Горае гэж тамирчинтай тоглосон, мөн 1983 онд Кубын боксчин Эдаль Торрентод 5:0-ээр хожигдсон. Гэхдээ би олимп, дэлхийн аваргууд болох Кубын шилдэг боксчин Адольф Орта, Анхель Эрерра нарыг ялж, ялагдаж явсан юм. 1984 онд Лос-Анжелесын олимпын наадмыг социалист орнууд бойкотлоод, тэр олимпын наадамтай дүйх "Найрамдал-1984” сайн санааны тоглолтыг зохион байгуулсан.
 
Энэхүү тоглолтын боксын тэмцээн Гавана хотноо болоход Кубын удирдагч Фидель Кастро ирж үзсэн юм. Тэгэхэд олимпын хошой аварга Анхель Эрерра зодог тайлах тоглолттоо хийж, би финалд 60 кг-д түүнтэй тоглож 3:2-оор ялагдсан. Энэ тулааны дараа Вандуйн Батбаяр багш /гавьяат дасгалжуулагч/, чи түүнийг яллаа, гэхдээ ялалтыг түүнд өгнө гэж байсныг би тод санадаг юм. Дэлхийн залуучуудын аварга Кубын боксчинтой 1985 онд хүч үзээд ялагдаж байлаа.
 
 
Миний ид гялалзаж байсан 1986 оны 3 дугаар сард Германы “Химийн цом” болон Румын улсад зохион байгуулдаг “Алтан бүс” тэмцээнүүдэд би Дэлхийн хошой аварга Адольф Ортаг ялсан юм. Түүнд би өмнө нь 2 ялагдаж, дараа нь ийнхүү 2 ялаад байв. Харин 1986 оны 5 дугаар сард нь АНУ-ын Рено хотноо болох ДАШТ-д А.Ортатой тоглож хайнаа хагалах байсан ч би визний асуудлаас болж очиж чадаагүй. Тэр ДАШТ-д ирсэн А.Орта, Монголын Энхбат ирээгүй бол би түрүүлнэ гээд л Дэлхийн аварга болж, зодог тайлсан юм билээ. Хэдэн жилийн өмнө, олимпын аварга, Хөдөлмөрийн баатар Э.Бадар-Ууган Куба улсад тэмцээнд очоод байхад Гавана хотын таксины жолооч нь хүртэл Монголын боксчин Энхбат байдаг уу гэж асуусан талаар надад ярьж, таныг кубчүүд сайн мэддэг юм билээ гэж хэлсэн” хэмээв.
 
Ташрамд сонирхуулахад, Залуудаа 1980-аад онд бокс тоглож явсан, Азийн хошой аварга Х.Алтанхуяг багшийн шавь, өдгөө АНУ-д ажиллаж, амьдарч байгаа Д.Цэрэндорж, Кубад зориуд очиж кубын алдартай боксчидтой уулзах үеэр “Сөүлийн олимпын хүрэл медальт, гавьяат тамирчин Н.Энхбатыг надаас кубын боксчид их асууж сурагласан. Мөн жирийн хүмүүс нь ч андахгүй мэддэг юм билээ” гэж өөрийн бичсэн тэмдэглэлдээ онцолсон байдаг. Ер нь Н.Энхбатаас гадна гавьяат тамирчин Р.Отгонбаяр агсан, Г.Батбилэг нарын манай шилдэг боксчид нэгэн үе Куба улсын шилдэг боксчдыг ялж, ялагдаж монголын тулаанчид хэцүү гэгдэж тэдэнд хүндлэгдсэн түүхтэй.
 
 
Д.Өлзийсайхан
Эх сурвалж: Монцамэ" агентлаг