sonin.mn
Хөнгөн атлетикийн ахмад тамирчин Б.Болдбаатар энэ сарын 5-нд Говь-Алтай аймгаас нийслэлийг зорьсон гүйлтээ эхлүүлсэн. 30 гаруй хоногийн хугацаанд 1040 км замыг туулах тэрбээр Өвөрхангай аймагт хурчээ. Түүнийг тус аймгийн удирдлагууд угтан авч хүндэтгэл үзүүлсэн байна. Олон улсын хэмжээний мастер Б.Болдбаатар Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд 1966 оны дөрөвдүгээр сарын 12-нд төржээ. 2008-2019 онд тус аймгийн Прокурорын газарт харуул, 2019 оноос “Бату-тэмүүлэл" клубт багш, дасгалжуулагчаар ажиллаж байгаа юм. Түүний ээж Г.Дулам тус аймгийн Прокурорын газарт 34 жил үйлчлэгч, бичиг хүргэгчээр ажиллаж байсан бол аав Буриад нь аймгийнхаа хөнгөн атлетикийн анхны спортын мастер ажээ. Прокурорын байгууллагын 85 жилийн ойн арга хэмжээнд ээжийгээ оролцуулж явахдаа холын зайн гүйлт хийх санаа анх төрж, 2016 оноос хойш бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэлээ хангаж эхэпжээ.
 
Б.Болдбаатарын гаргасан амжилтаас дурдвал, 1982 онд өсвөрийн улсын аваргаас хүрэл, 2010онд кррсс гүйлтийн улсын аваргаас хүрэл, 2010-2018 онд Монголын мастеруудын улсын аваргаас алт, мөнгө, хүрэл медаль хүртжээ. Түүнчлэн уулын бартаат гүйлтийн улсын аваргаас алт, хүрэл, Монголын мастеруудын спортын их наадмын кросс гүйлтийн төрөлд 2016-2018 онд мөнгө, хүрэл, улсын аваргын 12 цагийн гүйлтэд 97 км гүйж тэргүүн байр, ОХУ, Япон улсад зохион байгуулсан олон улсын мдстеруудын спортын их наадмын кросс гүйлтийн төрөлд шагналт байрт шалгарч байсан ахмад тамирчин юм.
 
Тэрбээр “Найрсаг Улаанбаатар” тэмцээнд шагналт байр, хүрэл медаль, “Тал нутгийн марафон” олон улсын марафон гүйлтийн тэмцээнээс алт, мөнгө, хүрэл медаль тус тус хүртсэн байна. 1987 онд спортын мастер, 2016 онд олон улсын хэмжээний мастер болж, Биеийн тамирын тэргүүний ажилтан, “Спортын алдар", Улсын ерөнхий прокурорын жуух бичиг, батламж, төрийн дээд шагнал Хөдөлмөрийн хүндэт медалиар тус тус шагнуулж байсан прокурорын байгууллагын шилдэг ажилтнуудын нэг юм. Түүнийг Өвөрхангай аймагт амсхийх үеэр утсаар холбогдож ярилцсанаа хүргэж байна.
 
-Таныг Говь-Алтай аймгаас гүйж эхэлснээс хойш 20 гаруй хоног өнгөрчээ. Гүйх явцад саад бэрхшээл тулгарч байна уу. Хүмүүс таныг хэрхэн хүлээн авч байна вэ?
 
Би долоодугаар сарын 5-нд Говь- Алтай аймгаас гүйлтээ эхлүүлсэн. Өнөөдөр Өвөрхангай аймгийн Хархорин хотод ирээд байна. Гүйх замдаа олон ч хүнтэй таарлаа. Бүгд намайг дэмжиж урам зориг өгч байгаад баярлаж байна. Анх ийм байна гэж төсөөлөөгүй. Замд таарсан хүмүүс, хүрч очсон аймгийнхан халуун дотноор угтан авч байна. Би энэ удаагийн гүйлтээ “COVID-19”-ийн эсрэг мөн “Хүчирхийллийн эсрэг хайр түгээе” хэмээн уриалан гуйж байгаа юм. Дэлгэсэн тэрлэг шиг сайхан Монгол орондоо бид хамтын хүчээр аюулт өвчнөөс урьдчилан сэргийлж чадаж байна. Үүнд хүчээ нэгтгэж байгаа бүх хүнд талархлаа илэрхийлье. Сүүлийн үед гэр бүлийн хүчирхийлэл, тэр дундаа хүүхдийн хүчирхийллийн талаар хар мэдээ гарах болсон. Үүний эсрэг тэмцэхэд бүх хүнийг уриалж “Хүчирхийллийн эсрэг хайр түгээе” хэмээн ’ уриалж байгаа юм. Монголын бүх хүүхэд хүчирхийлэлгүй орчинд өсөж торниосой. Нэг ч хүүхдэд хар бараан зүйл бүү тохиолдоосой гэж ах нь хүсэж явдаг хүн дээ.
 
-Сүүлийн үед цаг агаар тогтворгүй байна. Зарим үед хэт халж, эсвэл усархаг бороо орох боллоо. Таны гүйх замд цаг агаар ямар байна. Ер нь эрс тэс уур амьсгалд өөрийгөө бэлтгэсэн үү?
 
-Цаг агаар ямар байгаа талаар мэдээлэл авсан. Намайг гүйх явцад цаг агаар харьцангуй хэвийн тогтуун байлаа. Говь-Алтай аймгаас гараад зургаан хоногийн хугацаанд шороон шуургатай үед гүйсэн. Түүнээс хойш байгаль дэлхий биднийг ивээж тогтуун сайхан байсан
 
-Та өдөрт 30 км зам туулахаар төлөвлөснөө хэрэгжүүлж чадаж байна уу?
 
-Би өглөө 08.00-10.00 цагийн хооронд 15, үдээс хойш 16.00-18.00 цагт 15 км зам туулахаар төлөвлөсөн. Намайг дагаж яваа автомашины байдлаас шалтгаалан зарим үед төлөвлөснөөсөө илүү замыг туулж байна. Энэ маягаар гүйхэд бие бялдар, эрүүл мэндийн хувьд надад ямар нэг асуудал үүсэхгүй. Зорьсон замаа хэвийн туулж чадна. Ингэж гүйхийг эртнээс төлөвлөж, байгаль цаг уурын янз бүрийн нөхцөлд бэлтгэл хийсэн юм. Цөл, уул хаданд хүртэл бэлтгэлээ базаасан.
 
аймдугаар сарын 8-нд Улаанбаатарт ирэхээр төлөвлөсөн. Энэ хурдаараа явбал төлөвлөснөөс эрт очиж магадгүй юм байна?
 
-Нэг хоногийн нөөц бий. Цаг хугацаа алдаж хоцрох зүйл одоогоор харагдахгүй байна.
 
-Та нийтдээ 1040 км замыг туулна. Энэ нь таны хувьд хэр холын зай вэ?
 
-Өмнө нь үүн шиг хол зайнд гүйж байгаагүй. Хамгийн гол нь ээждээ амласан амлалтаа биелүүлэхийн тулд энэ удаагийн гүйлтээ эхлүүлсэн. 2015 онд прокурорын байгууллагын 85 жилийн ойг нийслэлд тэмдэглэхэд би ээжийгээ үүрээд оролцож байлаа. Миний ээж хөл муутай хүн байсан юм. Тухайн үед ээждээ Говь-Алтай аймгаас Улаанбаатар хүртэл гүйх тухайгаа хэлсэн. Тэгэхэд маш сайхнаар хүлээн авч, дэмжиж байж билээ. Тиймээс би энэ удаа маш зоригтой гүйж байна. Зорьсноо биелүүлэхийн төлөө хичээх болно. Миний аав энэ спортын төрөлтэй намайг 1979 онд нөхөрлүүлсэн. Тиймээс аав, ээжийнхээ ачийг хариулах зорилготой гүйж яваа гэж ойлгож болно. Түүнчлэн Монгол Улсад прокурорын байгууллага үүсэн байгуулагдсаны 90, Говь- Алтай аймаг байгуулагдсаны 80 жилийн ой тохиож байна. Үүнд зориулан гүйж байгаа юм.
 
Миний ээж Говь-Алтай аймгийн прокурорын байгууллагад 30 гаруй жил ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан. Би ч гэсэн энэ байгууллагад 14 дэх жилдээ ажиллаж байна. Энэ ташрамд, Монголын прокурорын байгууллагын нийт бие бүрэлдэхүүнд 90 жилийн ойн баярын мэнд хүргэе. Говь-Алтай аймгийнхандаа 80 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлье.
 
-Таны дасгалжуулагчаар төрсөн дүү тань ажиллаж байгаа гэсэн. Тань шиг хөнгөн атлетикийн хүн үү?
 
-Дүү бас хөнгөн атлетикийн хүн л дээ. Аав дүү, бид хоёрыг энэ спортод элэгтэй болгосон. Багаасаа хамтдаа хичээллэж өдийг хүргэлээ. Багшийн дээд сургуулийг хөнгөн атлетикийн багш, дасгалжуулагчаар төгссөн хүн бий.
 
-Та одоо эмчтэй явж байна уу. Биеийн байдлаа хянуулж байгаа байх?
 
-Миний бие маш сайн байна. Мэдээж энэ хол замыг туулахдаа эмчид хянуулахгүй бол болохгүй. Аймгийн эмчийн хяналт дор гүйж байгаа юм. Түүнээс гадна эхнэр маань тогоочоор явахын зэрэгцээ надад тусалж дэмжиж байна.
 
-Олон нийтийн цахим сүлжээгээр замд таарсан зарим хүн таныг дагаад гүйж байгаа харагдсан. Одоо таныг дагаж гүйж байгаа хүн бий юү?
 
-Хэсэг хугацаанд хамтдаа гүйсэн хүмүүс байсан. Тэдгээрийн дотор хүүгээ дагуулсан эцэг хүн ч байлаа. Намайг зорьж ирээд “Тантай хамт зургаа авахуулах гэсэн юм” гээд ирсэн. Тухайн үед их сайхан сэтгэгдэл төрсөн.
 
-Энэ гүйлтийн дараа та юу хийхээр төлөвлөж байна вэ?
 
-Миний дүү Говь-Алтай аймагт “Бату-тэмүүлэл” клуб байгуулсан. Энэ клубт багшлан аймгийнхаа хүүхдүүдийг амжилтад хүрэхэд тус дэм болох зорилготой байна.
 
 
Б.Сэлэнгэ
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин