sonin.mn
Дэлхийн хөлбөмбөгийн домог Диего Армандо Марадона ертөнцийн мөнх бусыг үзүүллээ. Хөлбөмбөгийн ертөнцөд түүн шиг авьяаслаг, ур чадвартай,  өвөрмөц, шуугиант од байгаагүй, цаашдаа ч гарахгүй. Мэдээнд дурдсанаар агуу хөлбөмбөгч Буэнос-Айрес хотын ойролцоох гэртээ нас барсан байна. Марадона тархины хагалгаанд ороод энэ сарын 12-нд эмнэлгээс гараад байсан юм. Аравдугаар сарын 30-нд тэр 60 насны төрсөн өдрөө тэмдэглэсэн билээ. Алдарт хөлбөмбөгч Диего Марадона нас барсантай холбогдуулан, Аргентиний Засгийн газраас гурав хоногийн Үндэсний гашуудал зарласан. Марадона 60 насныхаа ойн баярыг тэмдэглэснээсээ хойш 25 хоногийн дараа зүрхний шигдээсээр өөд болсон байна. Диего хамгийн сүүлд аравдугаар сарын 30-нд түүний ойд зориулан зохион байгуулсан хөлбөмбөгийн тоглолтын үеэр нийтийн өмнө гарсан юм. Тэрбээр тоглолтыг дуустал үзэлгүй бие нь муудаж, эмнэлэгт хүргэгджээ. Түүний хувьд хамгийн сүүлд яг нэг сарын өмнө буюу төрсөн өдрөөрөө “Кларин” сонинд ярилцлага өгчээ. Уг ярилцлагадаа “Би маш их жаргалтай амьдарч, одоо ч жаргаж л байна. Хөлбөмбөг надад бүгдийг өгсөн. Надад байгаа бүх зүйлийг, бүр төсөөлснөөс илүү ихийг өгсөн. Энэхүү донд хөтлөгдөөгүй бол дахиад олон жил тоглох байлаа. Гэвч энэ бүгд өнгөрсөн зүйл болж, би одоо сайн байна. Хөгшчүүд минь байхгүй болсонд хамгийн их харамсдаг. Коронавирусийн тахал хурдан арилаасай, миний Аргентин үүнээс хурдан ангижраасай л гэж хүсч байна. Бүх аргентин хүн сайн байгаасай. Манай эх орон сайхан, Ерөнхийлөгч маань биднийг хэцүү байдлаас гаргаж чадна гэдэгт итгэдэг. Олон хүүхэд идэх хоолгүй байгаад би их харамсдаг. Өлсөх гэдэг юу болохыг, хэдэн өдөр юм идэхгүй байхад ходоод юу мэдэрдгийг би маш сайн мэднэ. Ийм зүйл миний эх оронд болох ёсгүй. Энэ бол миний хүсэл. Бүх аргентин хүн аз жаргалтай, ажилтай, өдөр бүр хоол идэж байгаасай. Дэлхий дахинд нүүрлэсэн коронавирусийн тахал бидэнд тохиолдсон хамгийн онцгүй зүйл. Би өмнө нь хэзээ ч ийм юм харж байсангүй. Латин Америкийг илүү их доргиож байна. Хурдан алга болоосой, энэ тахалд нэрвэгдэж, хөлд нь үрэгдэж байгаа хүмүүс их байгаа нь харамсалтай. Олон хүн ажилгүй болж, талхаа олж идэх гэж зүдэрч байна шүү дээ. Би Путинд итгэж байна, удахгүй вакцин гаргаад авчих биз” гэжээ.
 
Тэрбээр олон зуун хүүхэд залуусын шүтээн нь болж, хөлбөмбөг гэх спортыг дэлхий дахинд таниулах их үйлсийн элч нь байлаа. Түүний үхэлтэй холбогдуулан Аргентин улс үндэсний хэмжээнд гурван хоногийн гашуудал зарласан бол “Наполи” клуб багийнхаа домогт хүндэтгэл үзүүлэн цэнгэлдэхийнхээ нэрийг “Диего Марадона” хэмээн нэрлэжээ.
 
Хөлбөмбөгийн замналаа ингэж эхлүүлэв
 
Тарчиг гэр бүлд төрж өссөн Марадонагийн хөлбөмбөгийн авьяас найман настайгаас  нь тодорчээ. Анх түүнийг олж харсан “Аргентинос Хуниорс”-ын хүүхдийн багийн дасгалжуулагч Франциско Корнейо “Диегог анх манай багийн бэлтгэлд ирэхэд л би түүний авьяаст татагдаж, найман настай гэхэд нь итгээгүй. Бид түүнээс төрсний гэрчилгээг нь асуухад тэр байхгүй гэж хэлсэн. Би ч тэр үед энэ хүүхэд бид нараар тоглож байна даа л гэж бодсон. Хүүхэд шиг биетэй ч том хүн шиг авьяас, ур чадвартай байсан юм. Гэтэл түүнийг үнэн ярьсныг нь олж мэдээд бид түүнд бүхнээ зориулсан” хэмээн ярьсан байдаг. Марадона 16 насныхаа төрсөн өдрийг тэмдэглэснээс хойш яг 10 хоногийн дараа мэргэжлийн хөлбөмбөгийн анхны тоглолтдоо оролцож байв. 16 настай, 16 дугаартай өмсгөлтэй Диего талбайд сэлгээгээр гараад л гайхамшгийг бүтээж эхэлсэн гэдэг. Диего Марадона төрөлх “Аргентинос Хуниорс” багийнхаа төлөө таван жил хүчин зүтгэхдээ 115 гоол оруулж, эцэст нь дөрвөн сая ам.доллараар “Бока Хуниорс” руу зарагдаж байлаа. Диего багаасаа л “Бока Хуниорс” багийн төлөө тоглохыг мөрөөдөж байсан гэдэг. Гэтэл тэр мөрөөдлийн багтаа ердөө ганцхан улирлыг өнгөрүүлсний эцэст Испанийн “Барселона” руу 7.6 сая ам.доллараар зарагдан тухайн үедээ дэлхийн хамгийн үнэтэй хөлбөмбөгчнөөр тодорч байв.
 
Наполид мандсан нар
 
Марадона дэлхийн хамгийн өндөр үнэтэй тоглогчийн хэргээ гаргаж Ла лигт тодрон гялалзаж байлаа. Гэтэл түүний элэг шарлаж, дараа нь шагайгаа хугалж удаан хугацаанд талбайд гарах боломжгүй болов. Ээлж дараалан авсан хүнд гэмтлүүд, мөн Испанийн Ла лигийн ширүүн, бохир тоглолт түүнийг залхаажээ. Ингээд хоёр улирлын дараа Марадона Италийн “Наполи” багтай нэгдэхдээ 10.48 сая ам.долларын гэрээ хийв. Энэ нь түүнийг дэлхийн хамгийн үнэтэй хөлбөмбөгчнөөр дахин нэг удаа тодруулсан юм. Түүнийг “Наполи”-гийн хөгжөөн дэмжигчид халуун дотноор хүлээн авч, хотынх нь өдөр тутмын сонинд “Манай хотод байшин барилга, сургууль, автобус, ажилгүйдэл байх эсэх нь хамаагүй. Учир нь бидэнд Марадона байна” хэмээн бичиж байсан гэдэг. Түүнийг “Наполи”-д ирэхээс өмнө Сери А лигт “Милан”, “Ювентус”, “Интер”, “Рома” ноёрхлоо тогтоосон байсан бөгөөд Италийн өмнөд хэсгийн ямар ч баг аварга авч үзээгүй гэсэн хар түүхтэй байжээ. Харин Марадона 1986-1987 онд Сери А лигийн аварга болоод зогсохгүй  Италийн цомд түрүүлэв. Энэ цагаас хойш хот даяар түүнийг тахин шүтэж, булан тохой бүрт Марадонагийн хөрөг зургийг зурж, шинээр төрсөн хүүхдүүдэд түүний нэрийг хайрлах нь элбэг болжээ.  Хөгжөөн дэмжигчид нь хүртэл түүнийг “Хаан”-аар өргөмжилсөн байна. Италийн “Наполи” клуб түүхэндээ хоёр удаа лигийн аваргын цом өргөсөн бөгөөд хоёуланд нь Марадона онцгой гавьяа байгуулсан түүхтэй. Харин одоо “Наполи”-гийн цэнгэлдэх түүний нэртэй болов.
 
Хэзээ ч мартагдахгүй “Бурханы гар”
 
1986 оны хөлбөмбөгийн ДАШТ Мексикт болсныг хөлбөмбөг сонирхогчид тод санаж байгаа биз. Энэ тэмцээн Марадонаг хөлбөмбөгийн түүхэн дэх хамгийн агуу тамирчдын нэг болгосон юм. Аргентины шигшээ баг хэсгийн тоглолтод хоёр хожиж, нэг тэнцсэнээр хасагдах шатанд үлдэв. Диего Марадона энэхүү дэлхийн аваргад ганц ч минут амралгүй таван гоол оруулж, таван гоолын дамжуулалт өгч байжээ. Улмаа хасагдах шатанд Уругвайн шигшээг 1:0-ээр хожсон. Харин шөвгийн наймд Английн эсрэг талбайд гарсан. Энэ тоглолтод орсон нэг гоол хөлбөмбөгийн түүхэнд “Бурханы гар” хэмээн мөнхрөн үлдэж, түүх болжээ. Аргентин, Английн энэхүү тоглолт дан ганц хөлбөмбөгийн холбогдолтой байгаагүйг онцолдог. Диего Марадонагийн “Бурханы гар” гоол “XX зууны хамгийн шилдэг гоол”-оор  16 жилийн дараа буюу 2002 онд тодров. Ингээд Марадонагийн хоёр гоолын ачаар Аргентин Английн шигшээ багийг буулган авав. Тэгвэл шөвгийн дөрөвт Бельгийн шигшээг 2:0-ээр хожиход бас л Марадона хоёр гоол хийжээ. Ингээд финалд Германтай тунаж үлдэн “Алтан дагина”-ын төлөө өрсөлдөхөд 3:2-оор Аргентин ялалт байгуулж, улсынхаа түүхэнд хоёр дахь удаагаа дэлхийн аварга болсон юм. Энэ нь Аргентины сүүлчийн “Алтан дагина” байсан бөгөөд тэр цагаас хойш өнөөдрийг хүртэл ДАШТ-д түрүүлж чадаагүй байна.
 
Марадона буруу замаар будаа тээсэн нь
 
Италид хаанчлалаа тогтоосон, дэлхийн аварга болсон, Аргентинд бурхан мэт хүндлэгдсэн Диего Марадонагийн тамирчны замналынх нь сүүлийн жилүүд дардан байсангүй. Гэр бүл, зан авирын асуудалтай, хар тамхи, мансууруулах бодист донтсон түүний 15 сар талбайд гарах эрхийг нь хасч, 70 мянган ам.доллараар торгосон ч энэ нь багадав. Аргагүйн эрхэнд “Наполи” клуб домогт тоглогчоо үдэж, түүний 10 дугаарыг мөнхлөв. Ажилгүй болсон түүнийг “Реал Мадрид”, “Марсель” зэрэг тухайн үеийн томоохон багууд сонирхож байсан ч Диего 1992 онд Испанийн “Севилья”-д  очив. Ердөө ганц улирлын дараа тэрбээр “Севилья”-г орхиж, нутгийнхаа “Ньюэллс Олд Бойз” баг руу шилжиж, улмаар 1995 онд “Бока Хуниорс”-той дахин нэгдэв. Ийнхүү будилж, буруу замаар будаа тээж явсан Марадона 1997 онд 37 насандаа их спортоосоо зодог тайлж буйгаа зарласан юм. Зодог тайлснаасаа хойш 2010 онд  Марадона шигшээ багийнхаа дасгалжуулагч болж, Месси багаа ахалснаар ДАШТ-д оролцлоо. Хэсгийн тоглолтоо давж, хасагдах шатанд Мексикийг хожсон ч шөвгийн наймд Германыг дийлсэнгүй. Аргентиний хөлбөмбөгийн холбоо ч 2010 оны ДАШТ-ий дараахан Диего Марадонаг үүрэгт ажлаас нь чөлөөлөв. Ажилгүй болсон тэрбээр Саудын Араб, Аргентин, Мексик зэрэг улсад дундаж багууд дасгалжуулж саяхныг хүртэл ажиллаж байсан юм.
 
Бразилын домогт хөлбөмбөгчин Пеле
 
-Өнөөдөр гунигтай мэдээтэй. Би дотны найзаа, дэлхийн хөлбөмбөг домгоо алдлаа. Түүний талаар хэлэх зүйл үнэхээр их байгаа ч одоо бурхан тэдний гэр бүлд энэ бүхнийг даван гарах хүч хайрлаасай. Нэг л өдөр, бид тэнгэр дээр хамтдаа хөлбөмбөг тоглоно гэж би итгэж байна.
 
Дэлхийн зургаан удаагийн шилдэг хөлбөмбөгчин Лионель Месси
 
 
-Аргентинчууд болон дэлхийн хөлбөмбөгт үнэхээр гунигтай өдөр тохиож байна. Тэр биднийг орхин явж байгаа мэт боловч тэгээгүй ээ. Учир нь Диего бол мөнх. Би түүнтэй хамт өнгөрүүлсэн гайхалтай мөч бүрээ дурсан санах болно. Түүний гэр бүл, найзуудад нь эмгэнэл илэрхийлье. Тайван нойрсоорой.
 
Дэлхийн таван удаагийн шилдэг хөлбөмбөгчин Кристиан Роналду
 
-Өнөөдөр би найздаа, дэлхийн мөнхийн суут хүндээ баяртай гэж хэлж байна. Тэр бол бүх цаг үеийн шилдгүүдийн нэг. Хосгүй шидтэн. Тэр биднийг дэндүү эрт орхилоо. Гэхдээ тэр өөрийн өвийг, хэзээ ч нөхөгдөхгүй орон зайг үлдээлээ. Тайван нойрс доо, домог минь. Чамайг хэзээ ч мартахгүй.
 
2005 оны дэлхийн шилдэг хөлбөмбөгчин Роналдино
 
-Түүний гэр бүл, энэ суут хүнийг хайрладаг хүн бүрт эмгэнэл илэрхийлье. Миний найз, миний шүтээн, миний 10 дугаар. Хамтдаа тоглосон тоглолт, өнгөрүүлсэн оройн зоог бүрт дурсамж үлдээсэнд баярлалаа. Бидний харилцаа үргэлж онцгой байсан. Би таныг биширч, тантай талбай дээр хамт байж, таны агуу гэдгийг мэдэрч байсан энэ бүхнээ дурсан санах болно. Бид танд хайртай. Шидтэнүүдийн шидтэн. Мөнх оршиг.
 
Английн шигшээ багийн тоглогч асан Дэвид Бекхэм
 
-Аргентин болон дэлхийн хөлбөмбөгт гунигтай өдөр тохиож байна. Түүний бидэнд бэлэглэсэн агуу бүхнийг дурсан санах хэрэгтэй. Тэр бол хүсэл эрмэлзэл, сүнсээрээ тоглодог суут нэгэн байсан. Би үргэлж Диеготой уулзахдаа догдолдог байлаа. Таныг бид санах болно. Тайван нойрсоорой.
 
Мэргэжлийн боксын тамирчин Майк Тайсон
 
-Бурханы гар, Марадона биднийг орхилоо. 1986 онд бид хоёулаа дэлхийн аварга болж байлаа. Хүмүүс биднийг үргэлж харьцуулдаг байсан. Тэр миний баатар, дотны найз байсан юм. Би түүнийг үнэхээр их хүндэлдэг. Түүнийг үргэлж дурсан санах болно.
 
 
 
Б.Мөнхзул
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин