sonin.mn

 

Хурдан шаламгай хөдөлгөөнтэй шавилхан залууг сүүлийн үед аймгийнхан кураш бөхийн дэлхийн аваргуудыг дасгалжуулсан гэдгээр нь илүү их таних болсон. Анхлан санаандгүй байдлаар жүдогийн аймгийн аваргад түрүүлсэн нь жүдогийн амжилтых нь түүхийн эхлэл нь байсан гэдаг.
 
 
Архангайн жүдогийн амжилтыг ахиулж яваа тэрэнд бодож төлөвлөсөн олон зүйлүүд бий л байх. Ялангуяа өсвөрийн жүдочдын "хайртай" дасгалжуулагчийн нэг болж чадсан "Гурвантамир" дээд сургуулийн биеийн тамирын багш, жүдо бөхийн дасгалжуулагч Б.Батдэлгэрийг "Алдартан" буландаа урилаа.
 
 
 
-Хүн болох багаасаа, хүлэг болох унаганаасаа гэдэг шиг өөрийн чинь бага нас хэрхэн өнгөрөв?
 
-Бага нас гэж юу ч мэдэхгүй тоглож харайгаад л явдаг байж. Багадаа хурдан морь унадаг  байсан юм байна. Нэг сонин түүх байдаг л даа. Аав маань морь уядаг байсан. Аавын уясан морьдууд нэг сайн давхиад байдаггүй байсан.
 
 
Тэгээд би 7 настайдаа анх аавынхаа уясан морийг унаж, Хайрхан сумын наадамд хурдан морь унаж, ямар ч байсан айрагт багтаад л байдаг байсан. Том болоод морь унахаа байсан. Тэрнээс хойш манай морьдууд сайн давхихаа байчихсан. Одоо бодоход их сонин санагдаад байдаг юм.
 
 
 
-Хэзээнээс жүдо бөхөөр хичээллэх болов оо, яагаад энэ спортыг сонгосон юм бэ?
 
-Дунд сургуульд байхдаа би нэг их бөхөөр хичээллээд байдаггүй байсан л даа. Дандаа л гүйлт, сагс сонирхож, тэмцээн уралдаанд оролцдог байсан. Гэтэл нэг өдөр манай сургуулийн биеийн тамирын багш намайг хөтөлж аваачин жүдогийн аймгийн аварга шалгаруулах тэмцээнд оруулж байсан.
 
 
Өмнө нь жүдогоор хичээллэж байгаагүй, юу ч мэдэхгүй хүүхэд анхныхаа тэмцээнээс алтан медаль авч, маш их урамшиж, жүдогоор сонирхон хичээллэх болсон доо. Үүнээс хойш Эрдэнэт хотын "Хангарьд" спорт клубын гавъяат багш дасгалжуулагч Бат-Орших, Моломжамц дээр жүдогоор хичээллэж эхэлсэн.
 
 
Дунд сургуулиа төгсөөд Улаанбаатар хотод "Тэмүүжин" спорт, сургалтын төвийн багш, олон улсын хэмжээний мастер Энхбаатар багш дээр үргэлжлүүлэн хичээллэж, тэр жилдээ жүдогийн Улсын аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль авч, барилдаж болох юм байна гэж бодсон доо. Миний амжилтын оргил үе 2004-2007 оны хооронд байсан. 2007 оноос хойш барилдахаа больсон.
 
 
 
 
-Яагаад барилдахаа больчихсон юм бэ?
 
-"Тэмүүжин" спорт сургалтын төв дээр нэг удаа багштайгаа бэлтгэл хийж байгаад хөлөө гэмтээчихсэн юм. Тухайн үедээ ноцтой гэмтсэн гэдгийг мэдээгүй байж байгаад Япон, Солонгосоос ирсэн 50-иад оюутантай хамтарсан бэлтгэл хийх үеэр 90 кг-ын жинд барилддаг нэг тамирчинтай барилдаж байгаад бэртлээ улам хүндрүүлчихсэн.
 
 
Эмнэлэгт 6,7 cap гипстэй хэвтсэн дээ. Эмч нар Солонгос улс руу явж, 3.0 сая төгрөгөөр шөрмөс залгадаг хагалгаа хийлгэх хэрэгтэй гэсэн. Тэр үед хөрөнгө санхүүгийн боломж байхгүй байсан учраас явж чадаагүй.
 
 
Тэгээд ерөөсөө л өөрийнхөө авч чадаагүй медалийг шавь нараараа авахуулна гэсэн том зорилго тавьж, жүдо бөхийн багш болъё гэж шийдсэн. Тухайн үед Баянгол дүүргийн спорт хороо, сургуулиуд, манай багш хүртэл туслах дасгалжуулагчаар авъя гэсэн саналууд ирж байсан ч нутагтаа ирэхийг хүсч байсан болохоор ирсэн.
 
 
2009 онд Мөнхбат аваргын "Их шавийн дээд сургууль"-ийг самбо, жүдо бөхийн ангийг төгсч, аймгийн БТСГазарт бөхийн дасгалжуулагчаар ажиллаж байгаад 2010 оны 9-р сараас одоог хүртэл "Гурвантамир" дээд сургуульд биеийн тамирын багш, жүдо бөхийн дасгалжуулагчаар ажиллаж байна. Иймэрхүү хүнд хэцүү үед миний ар гэрийг эхнэр маань л авч явдаг даа.
 
 
 
 
-Нэг кпубт хамт бэлтгэл хийж байсан үе тэнгийнхнээ хараад харамсах үе гардаг л байх даа?
 
-Хэрвээ ямар ч амжилт үзүүлээгүй байсан бол харамсахгүй байх байлаа. Гэвч амжилтын тодорхой түвшинд хүрч, жүдо бөхийн барилдааныг дөнгөж ойлгож, арга барилаа олж эхэлж байсан үе болохоор маш их харамсдаг.
 
 
Одоо хамт нэг багш дээр бэлтгэл хийж байсан нөхдөөс маань Атлантын олимпийн хүрэл медальт Нармандах, Дөлгөөн, Алтансүх, Баярмагнай гээд бүгд олон улсын хэмжээний мастерууд болсон байна.
 
 
 
-Амжилтын оргил үед хүчтэй өрсөлдөгчид хэн байв?
 
-Байнга л тэмцээнд ордог байсан. Намайг барилдаж байх үед ОХХ Мастер Баярмагнай, Алтансүх нар хүчтэй өрсөлдөгчид байсан. Одоо манай клубээс ШШГЕГ-ын харьяа "Сүлд" спорт хороо, Худалдаа, үйлдвэрлэлийн дээд сургуулийн оюутан Төмөрхүлэг их сайн барилдаж байна. Олон жил хичээллэсэн учраас туршлагатай байсан л даа.
 
 
 
- Спортын мастер цолыг хэзээ, ямар амжилтаар авав?
 
-Залуучуудын УАШТэмцээнээс мөнгө, хүрэл, оюутны УАШТэмцээнээс хүрэл, Олон улсын Нармандахын нэрэмжит тэмцээнээс хошой алт, насанд хүрэгчдийн шигшээ наймд 2 жил дараалан орсон гэх мэт маш олон зэрэглэлүүдийг харгалзан үзсэн байх. Мөн самбо бөхөөр улсын аварга болж байсан. 2005 онд спортын мастер цол хүртсэн.
 
 
 
-Бөхчүүд удам залгана гэж ярьдаг. Өвөөг тань бөх хүн байсан гэж сонссон. Энэ танд хэр нөлөөлсөн гэж боддог вэ?
 
-Би барилдахгүй маш удаан байж байгаад нэг барилдах үед ээж маань бурхан болсон. Тэгээд дараа нь гадаад руу олон улсын тэмцээнд орох гээд явах гэж байхад минь аав маань өөд болсон. Удаа ч үгүй би хөлөө гэмтээсэн л дээ.
 
 
Хүн надад энэ спорт зохихгүй байна гэж хэлсэн. Болохгүй юм гэдэг болохгүй л байдаг юм билээ. Манай өвөө улсын начин Нанзадын Дэндэв гэж хүн байсан. Өвөөгийн нөлөөлөл гэлтгүй л би хөдөөний хүүхдүүдийн адил голын эрэг дээр ноцолдож л явдаг байсан.
 
 
Одоо маш өндөр амжилт үзүүлсэн шавь нарыгаа харж байхад нэг их сайн бөхийн удамтай гээд байх юм алга байна шүү дээ. Ерөөсөө барилддаггүй хүмүүсийн хүүхдүүд ч байна. Тэгэхээр монгол хүний генд "бөх" гэдэг зүйл удам гэж ялгалгүй л байдаг гэж боддог.
 
 
 
- Аймагт өсвөрийн жүдочдыг бэлтгэж эхлээд багагүй хугацаа өнгөрчээ. Одоогийн байдлаар хичнээн шавьтай болоод байна вэ?
 
-Одоо 60,70-аад шавь нартай болсон байна. Манай шавь нар жүдогоос гадна кураш, самбо, хэвтээ, бүстэй барилдаануудад оролцдог. Дээрх барилдаануудын шүүлтийн дүрмүүд нь өөр байдгаас биш барилдах зарчим нь адилхан.
 
 
Тэгээд ч улсын хэмжээнд самбо, кураш бөхийн кпуб гэж байдаггүй учраас жүдогоор барилддаг тамирчдыг оролцохыг зөвшөөрдөг. 2010 оны УАШТэмцээнд миний анхны Э.Гантогтох 38 кг-ын жинд алт, Анхбаатар 42кг-ийн жинд мөнгөн медаль авч, багш болсны амжилтын гарааг эхлүүлсэн.
 
 
Дараа нь Тайландын Банкгог хотноо болсон Азийн аварга шалгаруулах тэмцээнээс Гантогтох тусгай байр, 2012 онд Англи улсын Борнмут хотын Кураш бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Отгонцэцэг, Мөнхжаргал нар алт, Сахагийн Азийн хүүхдийн 5-р их наадмаас дээрх тамирчид мөнгө, хүрэл авсан гээд амжилтууд үргэлжилсэн.
 
 
2011 оны болсон УАШТнд түүхэндээ хамгийн их өсвөрийн бөхчүүд оролцсоноос зургаан медаль авч, багаараа гуравдугаарт байрт орсон. Өвөрхангай аймагт болсон насанд хүрэгчдээс багаараа мөнгө, 2012 онд жүдо бөхийн хэвтээ барилдаанд багаараа мөнгөн медаль авсан.
 
 
Тэр битгий хэл би өөрөө насанд хүрэгчдийн хэвтээ барилдаанд одоо энэ төрлөөр хичээллэж байгаа олон сайхан тамирчидтай хүчээ үзэж, ялсандаа баяртай байдаг.
 
 
 
 
-Өсвөрийн тамирчдын жинг дээд тал нь хэдэн кг хасах хэрэгтэй байдаг юм бэ?
 
-Өсвөрийн тамирчдын жинг биеийн онцлогоос хамааран хасдаг л даа. 45 хүртэлх кг жинтэй бол 2-3 кг, 50,60 кг жинтэй бол 4 кг хасахад болдог. Ямар ч тамирчин жингээс хасч байж л амжилт үзүүлнэ. Тэр тусмаа дээшээ доошоо хөрвөх чадвартайгаар биеийн тамираа зохицуулж байх ёстой.
 
 
 
 
-Шавь нартаа зааж өгдөг дархан мэх юу вэ?
 
-Мэх бол маш олон төрөл байдаг. Ихэвчлэн хувь хүнийх нь онцлогт нь тохируулж зааж өгнө. Мэдээж тамирчин бүр бүх мэхийг төгс хийж чадахгүй. Тиймээс 2-3 мэхийг сайн сургачих хэрэгтэй л дээ. Жүдогийн секцэнд явъя гээд ЕБС-ийн 9,10-р ангийн хүүхдүүд ирдэг. Гэхдээ би бол бага хүүхдүүдтэй ажиллах дуртай.
 
 
Учир нь төгсөх ангийн хүүхдүүд ганц, хоёрхон жил болоод төгсөөд явчихдаг учраас бэлтгэл хийснийхээ үр дүнг үзэж чадахгүй байх, амжилт үзүүлж чадахгүй байх тохиолдлууд гардаг. Аймгийн БТСГ-ын дарга Нэргүйбаатар жүдо бөхийн хөгжил бол таван жилээс наашгүй гэж хэлж байсан.
 
 
Харин би жүдогоор хүүхдүүдийг дасгалжуулж эхлээд хоёр жилийн дотор амжилт гаргаж чадсандаа бахархдаг. Гэхдээ хамгийн гол нь хүүхдүүддээ бэртэл гэмтэл авчих вий гэж их санаа зовдог. Ялангуяа барилдааны үеэр маш их захиж хэлдэг дээ.
 
 
 
 
-Дасгалжуулагчид тамирчдаа тэмцээнд явуулахын тулд албан байгууллагуудын хаалга үүдийг тогшиж, мөнгө хайдаг тухайгаа ярьцгаадаг. Ер нь улсын тэмцээнүүдэд оролцох тамирчдын зардалд Олимпийн хороо, биеийн тамир, спортын хорооноос төсөв гаргадаг биз дээ?
 
-Хөрөнгө мөнгөний асуудал мэдээж маш хэцүү. Яахав улсын аваргад цаанаас нь даадаг. Гэхдээ бага мөнгө л гаргадаг юм шиг байна лээ. Гэтэл улсын тэмцээнээс гадна маш олон нэрэмжит болон олон улсын тэмцээнүүд болдог.
 
 
Үүнд хувиараа л гаргаж байна. Тамирчин тэмцээнд оролцохгүйгээр амжилт үзүүлнэ гэж байхгүй. Саяхан л гэхэд Англи руу тамирчдаа тэмцээнд явуулах гэж аймгийн Засаг даргаас 1 сая 500 төгрөг, сургуулийн захирал багш, ажилчдаас 1 сая 500 төгрөгийн дэмжлэг аваад аваад хүрэлцэхгүй, хүн амьтнаас гуйж байж цуглуулсан.
 
 
Дээр нь Европийн орон учраас маш өндөр өртөгтэй 3 хүүхдийн зардал 10 сая төгрөг болсон. Нэг хүүхэд маань хашааныхаа бичиг баримтыг барьцаанд тавиад сая төгрөг авсан, бас нэг тамирчин хагас өнчний тэтгэмжийг жилээр авч яг явуулах болсон чинь билетний үнэ нэмэгдсэн гээд дахиад нэг тамирчны маань зардал дутсан.
 
 
Бүр сүүлдээ эхнэрээсээ нууж байгаад цалингийн зээл авч, ядаж байж л явуулсан даа. Тамирчдын маань ар гэрийнхэн одоо болтол зээлээ дараагүй л явж байх жишээтэй. Цаашдаа олон улсын чанартай олон тэмцээнд оролцох эрхтэй болно.
 
 
Тэр болгонд хүнээс мөнгө гуйгаад, хөрөнгөө барьцаанд тавиад байх хэцүү. Тиймээс миний ганц бодож явдаг зүйл бол спортыг хөгжүүлэхэд багаараа ажиллах хэрэгтэй. Ганцаарчилсан төрөл ч гэсэн багийн спорт шиг л байх ёстой.
 
 
Өөрөөр хэлбэл хүүхэд нь багшийгаа ойлгодог, багш нь хүүхдээ ойлгодог, эцэг эх нь хүүхдээ ойлгодог, албан газар, дарга удирдлагууд, бөхөд элэгтэй хүмүүс нь тамирчдаа ойлгодог байж цаашаа явна.
 
 
Тэрнээс нэг нь татгалзахад хэцүү болчихож байгаа юм. Жишээ нь аав ээж нь "чи бөхөөр явж яах гээд байгаа юм" гээд байвал тэр хүүхэд амжилт гаргаж чадахгүй. Хэрвээ энэ бүгдийг жигдрүүлж чадвал олимп, дэлхийн аварга болоход ойрхон байна.
 
 
 
 
-Жүдочдийн ойрын зорилт юу байна вэ?
 
-Монгол хүмүүс бүгдээрээ л бөх барилдаж чаддаг. Тиймээс өрсөлдөгч хаана ч чанга байдаг. Олимпийн тамирчин Түвшинбаяр медаль авснаас хойш хүүхдүүд энэ спортоор хичээллэх нь ихэссэн байна. Энэ ч утгаараа улсын аваргаас медаль авна гэдэг амаргүй болсон байна.
 
 
Манай өсвөрийн жүдочдийн ойрын зорилт УАШТэмцээнээс мөнгө, хүрэл медаль авахаас түрүүлж, олон улсын чанартай тэмцээнүүдэд оролцох эрхээ авахаар бэлтгэл хийж байна. Одоо нэг асуудал бол жүдогийн холбоо байгуулах явдал.
 
 
Жилдээ жүдогийн аймгийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулдаг. Гэтэл сум орон нутгаас ч хүүхэд байхгүй, өрсөлдөгчгүй болох тал ажиглагдаж байгаа. Өрсөлдөгчгүйгээр энэ спорт цаашаа явахгүй.
 
 
Тиймээс холбоогоо байгуулчихвал сум бүрт жүдогийн багштай болж, бэлтгэл хийх, нэрэмжит тэмцээн зохион байгуулах, энд тэндхийн улс, бүсийн чанартай тэмцээнүүдэд дэмжлэг авах боломж бүрдэх гэх мэт боломжуудыг харж байгаа.
 
 
Удахгүй өсвөрийн шигшээ багийг бүрдүүлэх гэж байна. Хамгийн гол нь сургуулийн зүгээс энэ спортыг дэмжиж тусгай заал байгуулсан Гансүх захиралд маш талархаж явдаг даа.
 
 
 
 
Э.Гантогтох: Би жүдогоо орхихгүй
 
 
-Хэзээнээс Б.Батдэлгэр багштайгаа бэлтгэл  хийж эхлэв?
 
- Би 2010 оноос эхлэн Б.Батдэлгэр багш дээр хичээллэж эхэлсэн. Түүнээс өмнө улсын начин Ганбаатар багш дээр хичээллэж байсан. Анх багш бид хоёр аймгийн Аваргааас шалгарч, Улсын аварга шалгаруулах тэмцээнд орж түрүүлж, алтан медаль авсан.
 
 
Улсын аваргад 3-р тойрогт Улаанбаатар хотын 2-р сургуулийн Алтанбагана гэдэг тамирчинтай таарч, хавирч оноо авсан. Багш маань аймагт ирээд маш их хөдөлмөрлөж байгаа. Намайг тэмцээнд ороход алдааг маш сайн хэлж өгдөг.
 
 
Саяхан олон улсын тэмцээн дээр зооны аваргын төлөө барилдаанд хий хөмөрч оноо алдаж, багшдаа зэмлүүлсэн. Манай багш голдуу өмсөө, хонгодох мэхийг сайн хийдэг байсан. Гэхдээ одоо энэ мэхийг хориглочихсон л доо. Жүдо, самбо, бүстэй тэмцээнүүдэд түрүүлсэн. Одоо самбо бөхийн улсын аваргад бэлдэж байна.
 
 
 
-Монгол, гадаад өсвөрийн жүдочдын барилдааны арга барилд ямар ялгаа байна вэ?
 
- Тайландад Азийн аварга шалгаруулах тэмцээнд орж, 4-р байрт орсон. Барилдааны арга барилд мэдээж ялгаа бий. Гэхдээ хамгийн гол асуудал сэтгэл санааны бэлтгэл л байдаг.
 
 
 
-Хэдэн өмсгөл элээв?
 
-2-3 өмсгөлийг элээсэн шүү. Хамгийн анх улсын аваргад түрүүлэхэд багш маань MGL гэсэн бичигтэй хөх өмсгөл өгч байсан. Одоо болтол надад байдаг.
 
 
 
-Энэ жил төгсөх анги юм байна. Цаашдаа жүдогоороо явах уу эсвэл өөр мэргэжил сонгох уу?
 
-Мэдээж би жүдогоо орхихгүй. Аль болох улс, бүсийн тэмцээнд оролцохыг бодож байна. Гэхдээ хажуугаар хуульчаар сурах бодолтой байна. Ер нь хөдөлмөр хүнийг гомдоохгүй гэж багшийн хэлснээр бэлтгэлээ сайн хийж, Олимпийн аварга болох зорилт тавьсан.
 
 
Г.Жавзандулам
 
Эх сурвалж: “Архангайн амьдрал” сонин