sonin.mn
Дөрвийн даваанд ам авч байлаа. Намайг нэг хүн дуудаж байна. Яваад очлоо.
 
-Хөөе, дүү хүү! Ах чинь чамайг авлаа шүү. Ахын чинь бэлтгэл ханачихсан. Заанаа ч батлах санаатай, дүү хүү бууж өгөөрэй гэв. Би:
 
-Ахаа, үгүй ээ. Би цэргийн хүн шүү дээ. Харин та надад бууж өгөхгүй юм уу гэсэнд:
 
-Хн.Тэгвэл үзнэ ээ гээд цааш эргээд явчихлаа.
 
-Энэ бөхийг хэн гэдэг юм гэж асуулаа.
 
-Хатуу гарт Лхагвасүрэн гэдэг юм. Булган аймгийн хүн. Ардын хувьсгалын 50 жилийн ойн баяр наадмаар зургаа давж улсын заан болсон юм. Харцагадаж дайрахаас өөр мэхгүй хүн. Чи өрсөөд элэг бүснээс нь бариад ав. Тэгвэл хаяж болно шүү гэлээ. Би:
 
-За гээд л гарлаа. Өрж байгаад гэнэт ухасхийгээд бариад автал их цочоод бас ухасхийхээр нь дагуулаад дүүгүүрдэж байгаа юм шиг л эргүүллээ. Би мөн өөрийнхөө нэг хөлийг өргөчихсөн эргүүлж байгаад 7, 8 дахь дээр нь дугтраад тавьсанд хоёр өвдөг нь ногооны шүүс болчихсон босч ирээд:
 
-За, ахыг нь эргүүлж хаях битгий хэл, надаас айдаг юм шүү. Миний дүү начин болоорой гээд үнсэхээр нь миний нүдийг нулимс бүрхээд ирэв. Нулимстай нүдтэй чигээрээ туг тойрч ирээд багш нараасаа зугатаж, бөхийн асарт орж нуугдлаа.
 
Тав давчих юмсан, хэн гэдэг хүн авах бол гэж бодоод ам авч байгаа бөхийн оноолтын тэрүүгээр бөхчүүдийн яриаг чагнасаар явлаа. Тэр үед би бараг хоёр Мөнхөөс бусдыг нь танихгүй шахам байсан. Бөхчүүл болохоор монгол дээлтэй хөрслөг бор улс.
 
Миний хувьд хөнгөн атлетикийн бэлтгэл хийгээд Баянгол зочид буудалд байрлаж байгаа тамирчин. Буудлаас биеийн тамирын хувцастай ирж байгаа хүнийг хэн бөх гэж тоох вэ? Өндөр биерхүү хүн /Улсын арслан Мижиддорж юм байна. Д.Х/,
 
-Би тэр цэргийн залууг авна гэтэл хажуу талаас нь торгон дээлтэй, нүд нь хялар хөгшин:
 
-Од нь орсон хүүхдийг хэрэггүй гэсэнд, тэрбээр эргэлзэх үеэр өмнө нь ам авах яг шахсан бяслаг шиг дөрвөлжин цагаан хүн "Би амлая, над дээр тавьчих" гээд яваад өглөө. Улсын арслан Чойжилсүрэн гуай юм байна.
 
Радиогоор зарлалаа. Төв цэнгэлдэх хүрээлэнгийн наадамчид шуугилдаж байна. Зарим нь намайг давна, зарим нь унана гэцгээж буй бололтой. Миний дэргэд Пүрэвдорж гэдэг залуу яваа. Мөнхбат багшийн ахынх нь хүү юм гэнэ лээ. Тэр надад яаж барилдахыг зааж байгаа. Нэгийн даваанд Пүрэвдорж гэж гараад унасан, дараа нь Пүрэвээ гэж гараад бас унасан, дараа нь Дорж гэдэг нэрээр гараад гурав дахиа ойччихсон хүн. Миний зөвлөх. Лхагвасүрэн зааныг хаяхад надад зөвлөсөн. Пүрэвдорж хэлж байна аа.
 
-Чойжилсүрэн арслан барьцгүй хавсарч цохидог юм. Урьдаж элэг бүсний барьцыг нь олж барь /Давж ирэх бүрдээ тугны өмнөөс шороо ав гэж авахуулж байсан бөөн будилааны эзэн л дээ/ гэлээ. Ингээд Чой арслан бид хоёр гарлаа. Би, "За би энэ хүнийг элгэн дороо хумьж дараад хаяна. Засуул татахаас нааш босохгүй юм шүү" гэж бодлоо.
 
Өрлөө, цэрвэж байгаа ч юм шиг. Элэг уяанаас нь барьж автал тасхийгээд явчихлаа. Би барьсан чигээрээ сууж тусаад барьцаа алдалгүй босч айж байснаа мартаад ачиж нэг үзээд нохой мордох гэж ч нэг үзээд зөндөө л мэхэрхүү юм хийсэн юм билээ. Би унагаж босгоод л өөрөө уначих шахаад л юу болсон ч юм мэдэхгүй ээ.
 
Тэр үедээ би улайрчихсан байсан юм билээ. Тэгээд би санаснаараа элгэн дороо хийж аваад хэвтээд байсан. Засуул ирээд татаж босгов. Миний хамраас цус гарч байна. Чойжилсүрэн арслан намайг үнсэж тахимаа өгөөд цаашаа очсон хойноо: Би "мангар" Санжаа, "улаан" Эрдэнэ-Очир нарын бяртай бөхчүүдтэй барилдаж болоод байдаг юмсан.
 
Саяын амьтан чинь яг л адгуус шиг юм. Юутай барилдаж орхив оо. Би уналаа гээд л биеэ сул орхитол нөгөө талдаа гаргаад тавьчих юм. Хамаг ясыг минь тараах шахлаа. Мөн ч аймшигтай бяртай юм гэж ярьсан гэдэг. Би ингэж улсын их баяр наадамд тав давж БНМАУ-ын начин гэдэг эрхэм цолыг 19 насандаа авч гурван өдөр гурван рекорд тогтоосон.
 
Зээрэнцэг, бөөрөнцгийн улсын рекорд, спортын мастер, БНМАУ-ын начин. Миний бөхийн түүх ийнхүү эхэлж билээ. Улсын начингийнхаа цолыг авах гээд очтол зарим нь "Сэлэнгийнх" зарим нь "Төв аймгийнх" гээд маргаан болж байв. Надаас асуулаа. Би:
 
-Төв аймгийн Талбулагийн Морин завод буюу Тайс уулын ар шил дээр Толгойт гэдэг газар төрсөн юм аа гэтэл:
 
-За Батсүмбэр сумынх гээд биччих гээд бичиж өгсөн. Дараа нь болохоор ээжийнхээ төрсөн нутгаар бичдэг гээд Угтаал гэж бичсэн юм. Энэ жил таван бөх улсын начин цол авсан. Д.Цэрэнтогтох, Д.Баатаржав, Т.Артаг, С.Жамц бид таван хүн нэг жил начин болцгоов.
 
Би хөнгөн атлетикийн тамирчин байсан. Ер нь хөнгөн атлетикийн багш нарын загнаад байсны учир нь намайг спортын өөр төрлийн тамирчин болчихож магадгүй гэж бодсон бололтой юм билээ. Би хөнгөн атлетикаар хамгийн сүүлд Унгар улсад болсон олон улсын тэмцээнд орсон юм. Гэхдээ энэ завсар бэлтгэл сургуулийг багагүй хийж байв.
 
Би бөхөөр хичээллэх дур сонирхол тун ихтэй боллоо. Манай Алдар иийгэмлэгт улсын начин, спортын мастер, цэргийн ахлагч цолтой Ч.Өвгөнхүү гэдэг сайн бөх дасгалжуулагчаар ирдэг юм байна. Улаанбаатар хотын авара шалгаруулах самбо бөхийн тэмцээнд миний барилдаж байхыг харчихаад "За чи ямар ч л байсан бүсээсээ гарчих" гэв.
 
Улсын начин Цэдэвсүрэн, Ш.Найдан бид гурав эхний гурваар гарсан бөгөөд би энэ хоёрыг дийлээгүй юм. Тэгээд хэд хоног бэлтгэл хийж байгаад улсын аварга шалгаруулах тэмцээнд орлоо. Өвөө /Ч.Өвгөнхүү/ багш маань "Чи миний хэлэхийг сайн сонсож барилдахад медаль авна даа" гэв. Би яг л багшийнхаа хэлснээр нь барилдаж самбо бөхийн улсын аварга цол хүртэж билээ.
 
Улсын шигшээ баг /УШБ/-ны дасгалжуулагч Ч.Машбат багш, "Спортын төв ордон дээр ирж надтай уулз" гэж хэлүүлсэн байв. Машбат багшийн хэлсэн ёсоор спортын төв ордон дээр явж очвол:
 
-За чамтай нэг зүйл ярилцъя. Чи бол Үндэсиий бөхөөр улсын начин цол авлаа. Самбо бөхийн улсын аварга боллоо. Чамд ер нь бөхийн спорт л тохирох юм байна. Манай улс хөнгөн атлетикийн төрлөөр нэг их амжилт гаргаж хол явахгүй. Чи .өөрөө шийдээд өргөдөл бич. Хэрвээ чамайг зөвшөөрөх юм бол би өөрийг чинь долоо хоногийн дараа БНСЧСУ, БНАГУ-д болох олон улсын тэмцээнд аваад явъя гэв.
 
Энэ нь нэгд барьцтай барилдаан юм, хоёрт бөхчүүдийи гадаад явах нь миний Зүүн, Баруунхараа юм уу, Батсүмбэр явж ирэхээс амархан байсан болохоор надад тэгж хэлсэн юм болов уу гэж бодоод тэр дор нь цагаан цаас гаргаж "Би самбо, жүдо бөхийн секцэнд хичээллэх дур сонирхолтой учир намайг бөхийн холбооны гишүүнээр элсүүлж өгнө үү? Д.Хадбаатар" гэж бичиж өглөө.
 
Ингээд бэлтгэлд шууд ордог юм байна. Гадаад паспорт ч авлаа. Олон олон залуустай гар зөрүүлэн барилдахаар улсынхаа хилийг анх удаа алхаж алс хол явдаг юм байна. Би урьд өмнө нь жүдогоор барилдаж үзээгүй, дүрмийг нь ч мэдэхгүй байсан болохоор тэр үед юу бодож явснаа ер санахгүй байна.
 
Нөгөө алтан Прага хотноо хөл тавилаа. Хотын гоо сайхан, хөлхөлдөж бужигнасан хүн зон, сүлжилдэж давхилдсан машин тэргийг харахад манай улсын баяр наадам болж байгаа юм шиг газар байв.
 
Тэмцээнд Дөшчулуун, Эрдэв, Буядаа, Очирбал, Рэнцэндорж, Д.Лхагвасүрэн, Д.Баатаржав, Д.Галдандагва бид нар дасгалжуулагчийнхаа хамт очлоо. Багш жин бүрд барилдах тамирчдын тоог мэдэж ирээд:
 
-Хадаа, чи нэг л хүн ялчихвал медальт байрт орчих юм байна. Одоо яавал зохилтой вэ? гэлээ. Надад "Тийм, ийм амжилт гарга" гэж хэлээгүй бөгөөд миний хувьд гэвэл гадны өрсөлдөгчид гэдэг чинь ямар тамирчид байдаг юм, олон улсын тэмцээн ямар янзтай болдгийг үзүүлэх гэсэн, нэг үгээр хэлбэл нүдийг минь нээх анхны "сургууль" байлаа. Би багшаас:
 
-Багшаа, нохой мордчихвол болох уу? гэсэнд багш:
 
-Өө, бололгүй яахав. Дээшээ хараад уначихвал 30 секунд дараад бай. Тэгж чадвал чи цэвэр ялна гэлээ шүү. Би ч "За" гээд л гарлаа. Миний учраа Румын улсын бөх гэнэ. Надаас нэлээд өндөр, шар залуу байна. Барилдлаа. Барьж авангуут түүнийг нохой мордов. Мань шар ч дээшээ харлаа даа.
 
Дээшээ харсан чигээр 30 секунд дараад босгох гэсэн чинь нөгөөх маань өндийж чаддаггүй, царай нь нэг л хачин болчихсон юм шиг харагдав. Надад ялалт өгөв. Ингээд анхны олон улсын тэмцээнээс хүрэл медаль авахдаа өрсөлдөгч бөхийнхөө өрөөсөн түнхийг мулт нохой мордож билээ. Дараа нь Ардчилсан Германд очиж барилдаад анхныхаа тойрогт ялагдаад хоосон хоцров оо.
 
1973.07.12 /Ардын хувьсгалын их баяр наадмын хоёр дахь өдөр/
Би гурвын даваанд аймгийн арслан Доржийг, дөрвийн даваанд аймгийн арслан Норовыг, тавын даваанд аймгийн арслан Өмнөговийн "морьт" Пүрэв /у.н/-ийг /тунаж/ тус тус даваад зургаагийн даваанд Булган аймгийн харьяат улсын начин Ч.Лундаад хөлөө авхуулж уналаа. Гэлээ ч би улсын начин цолоо баталсан юм.
 
1973.09.15 Тегеран /Иран улс/ хотноо болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор монголоос 33 хүн явлаа. Чөлөөт бөхийн баг арван хүнтэй, самбо бөхийнх арван хүнтэй, сонгомол барилдааных таван хүнтэй, бусад нь эмч, дарга, дасгалжуулагч, орчуулагч, киноны Балжинням нар гээд. Биднийг нисэх онгоцны буудал дээр Иран улсын бөхийн холбооны хүн угтаж явсан. Тегеран маш их халуун газар юм. Өдөртөө +40, +43, шөнөдөө +30 хүрнэ. Маш их бөгчим байж суухыи аргагүй...
 
Би гуравдугаар байрт шалгарч дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс анхны хүрэл медаль авлаа. Харин манай Чанарав /62 кг/ Зөвлөлтийн Козенскийг ялж анхны алтан медалийг эх орондоо авчирч билээ.
 
1974 он. Миний хувьд онцгой жил байсан юм. Бяр орж байна. Бүх юм жижигхэн харагдаад л. Надаас өөр бяртай хүнгүй юм шиг бодогдоод л. Хандгайтын баазад наадмын бэлтгэл хийж байхдаа Мөнхбат багш бид хоёр бөөрөө нийлүүлэн унтдаг байв. Багш маань надад янз бүрийн мэх хэлж, заана.
 
Би сурсан юмгүй. Өглөө болгон цуг гүйж дасгал хийнэ. Хар модыг үндсээр нь булга татна. Ер нь миний бяр ороод байсан бололтой юм билээ. Би тэр үедээ мэдээгүй. Мөнхбат багш бөхийн оноолт дандаа хийж харагдана. Би тэр энэнтэй таарна, би ингэж барилдана гэхчилэнгээр барилдааны тооцоо хийнэ. Нэг өдөр Мөөеө багш хуучнаараа тооцоо хийж үзээд ингэж хэлдэг юм байна. 
 
-Манай хүн /намайг хэлж байгаа хэрэг/ гурвын даваанд уначихгүй бол үзүүр түрүүнд үлдэх нь байна гэлээ. Би Мөөеө багшийн энэ үгийг үнэндээ тоосонгүй. Долдугаар сарын 9-ний өдөр. Тамир эгч /Мөөеө багшийн эхнэр/ Мөөеө багшийг авахаар УАЗ-469 машинтай ирээд намайг цуг явах уу гэхэд нь би "явахгүй" гээд үлдэв.
 
Бэлтгэлийн үед Мөөеө багш намайг дасгалжуулаад хааш нь ч хөдөлгөдөггүй, байнга мэх заагаад сул зогсоодоггүй байсан болохоор би тэр бүхнээс нь залхаад цуг явалгүй Хандгайтад үлдсэн нь тэр дээ, хөөрхий. Уг нь намайг л сайн барилдуулах, өөртөө сайн хань хийх гэсэн юм билээ. Би гэж нэг тэнэг амьтан, учир начрыг нь тэр үедээ ойлгоогүй юм аа.
 
Би 11-нд хотод ирлээ. 12-ны өдөр бөхчүүд гурвын даваанд ам авч эхлэв. Миний ээлж боллоо. Би ам авахдаа багштай /Мөөеө/ ярьж зөвлөсөн юмгүй, өөрөө бие дааж том толгой гаргав. Бөхийн оноолтынхон дээр очсон чинь "Сайн чагнаад амаа авна биз" гээд баахан нэр уншлаа. Чагнаад байсан чинь дандаа л цэргийн хүүхдүүдийн нэр гараад байх юм. Би хэлэв.
 
-Үгүй би цэргийн хүн. цэргээс өөр энгийн хүн байдагүй юм уу гэсэнд бодвол тэдний дургүй нь хүрээ байлгүй дээ.
 
-Аа, энгийн хүнээс үү? Шижээ байна, Дорноговийн бүдүүн Одсүрэн хоёр л байна гэхээр нь Баянмөнх аварга "Шижээг битгий аваарай" гэж захиж байсан болохоор "бүдүүн" Одсүрэнг гээд авчихлаа шүү. Гэтэл дэргэдээс "Чи яах гэж Одсүрэнг авч байгаа юм бэ" гэхээр нь "хаях гэж авч байгаа юм аа"гээд оноолтынхны өрөөнөөс гарав аа.
 
Ингээд хөөрхий гурвын даваанд нөгөө Одсүрэнгээ дүүгүүрдэх гээд чадалгүй, тулгуур хөлөн дээрээ мордуулаад унасан юм даа. Хүний үг авалгүй том толгой гаргаж яваад их санасан газар есөн шөнө хоосон хоносны үлгэр болсон доо. Харин Мөнхбат багш маань түрүүлж, бага боловч сэтгэлийг минь тайтгаруулсан юм.
 
Домогт бөхчүүдийн омогт барилдаан номоос:
 
Эх сурвалж: "Бөх" сонин