Уйлагнасан ширхэггүй усан шүршүүр нүүр нүд шилбүүрдсэн хуйсагнуур өглөө. Завхан гол чигээс Замын дугуй Өндөр харын завсар зөргөөр гурван морьтон айсуй. Цай идээгээр дайлуулсны ард ээжээр Цагаан түргэний зам заалган мордлоо. Ээж "Дээд талын намхан бор залуу, Будгаа гуайн бага хүү Догсом мөн байх.
 
Саяхан цэргээс халагдсан дуулдсан. Ах заан Жалбажавтайгаа төсөөтэй юм аа" гэж наадам горилон уравгар хоцорсон жаал хүүгээ аргадаад "Миний хүү ч мөдхөн том эр болоод зодоглох дог" гэж урмын үгээр тэтгэв. Ээж буруу таньсангүй. Догсом тэргүүтнүүд нэгийн даваа өндөрлөх хоромд амжжээ.
 
Хөхморьт сумын хүний эмнэлэгт сувилагчийн томилолттой Гомбосүрэнг өртөөний дарга газарчлан ирэхтэй зэрэгцэв. Хэн хэнийхээ мэхийг мэдэх байтугай зүс танихгүй хоёрын намхан нь хөлдөөд хаячихаж. Хэсэг хүн уяач, заан Бадарчтай зэрэгцэн суугаад "Заан минь Дөрвөлжингийн бөх, морь олон цугларчээ.
 
Намар оройн наадмаа гадагш алдвал тусгүй" гэлцэв. Уяач заан "Намайг байхад Дөрвөлжингийнхөн яах вэ" гэж нөхдөө тайвшруулав. Тэгж хэлэхэд онгирсон болохгүй үе. Зуны наадмаар өөрөө, нийлсэн ягаан бор морь нь түрүүлээд байсан юм. 
 
Улсын харцага Ламаажав "Намайг анх аймагтаа түрүүлдэг жил хээр морь маань түрүүлсэн. Дотроо бол маш их баярлаж, сайхан үйл зэрэг тохиолоо гээд хөөрцөглөх юм билээ" гэж хуучилж байсаан. Сумандаа сүүлийн жилүүдийн босоо бөх багийн наадамд ингэж ам гарахыг өөчлөх аргагүй ээ.
 
Ирээдүйн улсын заан, 16 настай Пүрэв нэгийн даваанд Дөрвөлжингийн Рэнцэнсамбуутай нэлээд зүүгдээд унав. Хүмүүс "Чи бөх болох шинж алга. Барилдах эв дүйгүй нөхрийг хаяж чаддаггүй" гэж хор хусах, зэмлэхийг зэрэгцүүлжээ. Рэнцэнсамбуу 2-т Баажаа тулгаттай таарч тулгат хэсэг үзээд уналгүй тахимаа өгсөн аж.
 
Зуны наадмаар Хөхморьтын шигшээд түрүүлсэн Баржав з.б Догсом хоёртой үлдсэн Бадарч "Холоос зорьж ирсэн 2-ыг хооронд нь тулгаад хэрэггүй. Би эхлээд Догсомтой...." гэж хэллээ.
 
Цувруулна гэж бодоо дог. Догсом давжээ. Догсом Баржавт хөл хүзүүгээ холбон тэврүүлээд удтал суун туссан ч барьцыг алдуулж дийлсэнгүй. Зун азарга соёолон нь түрүүлж, айраг алдаагүй хүрэн морь нь долоолсон эцэг Ло ахын хүсэлтээр хүүгийн нь цэнхэр морийг уяж наадамссан юм.
 
Арга ахын цагаан морины араас Дөрвөлжингийн гурван бор морь онь холбон сүүл дэрлэн, нөмрөх шахах агшинд баригдав. Эцгийн уяж, эгчийн унасан цэнхэр 5-д, Бадай зааны ягаан бор зургаалж Хөтөлийн наадам өндөрлөв.
 
1956 онд сумынхаа наадамд начин болсон Догсомын барилдахыг 1957 оны намар анх харлаа. А.з Мижидээс арай намхан, дөрвөлжин бор залуу байна. Гурвын даваанд Увсын Наранбулагийн Цэнд-Аюуш гэж өөрөөсөө дуль өндөр заантай өрлөө. Цэнд-Аюуш нэгийн даваанд дөрвөн хөллөсөн үедээ араасаа тэвэрсэн өрсөлдөгчөө тас буутал тонгорч наадамчдын анхааралд өртсөн бөх.
 
Хэн хэн нь сууж өрөөд олны талархлыг онцгой татаж байсаан. Тэр 2-ыг хэн ч амлаагүй тунасан нь хэр зэрэг бөх болохын гэрэг. Уран барилдаан үзүүлэн, үзэгчдийг уулга алдуулсаар Догсом давсан даа. Дараа нь Түдэв заан заавал Догсомтой... гэж амандаа үглэн амархан унахыг ч .бас харсаан.
 
Түрүү бөх Товуутай нэлээд үзээд унасан Догсом шигшээд ах Жалбажаваа орхин түрүүлэв. Чи сайн байна шүү гэж Шо ахыг хэлэхэд Догсом толгой сэгсэрч "Би Товуутай Мижид үүжин шиг мэхээ хийж чадахгүй уналаа шүү дээ" гэж хэлсэн унасандаа дүгнэлт хийдэг ухаалаг хүний үг.
 
1960 онд би Дадин ахтай Дөрвөлжингийн наадамд явах горьдлого биелсэнгүй. Жамсранжав гэж сайн бөх аймагтаа барилдахаар төрөлх Дөрвөлжиндөө ах дүүсийнхээрээ амарч буйг дуулсан болохоор харахын хүслэн. Дарга нар нь барилгачны аваргыг аймаг явуулсангүй.
 
Сумынхаа гайгүй гэсэн хэдтэй хүч бяраа сорихыг хүссэн юм байх. А.з Пагважавын хүү Товуу Бадамдоо хоёул 4-т үлдээд Жамсранжав Догсом нарт тахим буулгажээ. Үзүүрт Догсом нэг сүрхий дөхүүлээд унасныг Дадин ах тэргүүтэй уяачид хэлж ирэв. Жамсранжав нь Догсомыг хот орж бидэнтэй бэлтгэл хий гэсэн юм байх.
 
Тэр намраа хот шилжсэн сурагтай. Улсын арслан Мижиддорж Завханы судлаач нэгэнд танай аймгийн аль сумыг мэдэхгүй. Жамсранжав гэж сайн бөхийг 5-ын даваанд амлаж давсан. Сайн бөх... гэж хэлснийг тэмдэглэсэн байна лээ. Жараад оны эхнээс автобус баазын Ш.Догсом гэсэн нэр улсын баяр наадмын онооны дансанд олонтаа тааралдана.
 
Хотод шилжээд Хөдөлмөрт зодоглон нэгийн даваанд Ламаасүрэн /а.а/-г, 2-т Сэлэнгэ аймгийн заан Бандийг хаяхад их эмч, идэвхтэй үзэгч Цэрэндаш "Өө энэ чинь харахад жижиг гэлээ хавьтсандаа амар ойчихгүй, цул шөрмөс залуу байна. Талхны мөнгөөр тасрахгүй дэг" гэж магтаж билээ.
 
Хотынхны хөл унаа залгуулдаг автобусын жолооч, байгууллагын хөдөлмөрийн аварга, с.з Догсом улсын наадамд жил дараалан 2 давж дархан аварга Б.Түвдэндоржоос Х.Баянмөнхийг хүртэлх бүх аваргатай гар зөрүүлж үзсэн хийморь өөдөө бөх.
 
Ах с.з Жалбажав нь олон жил засуулаар ажиллаж "Монгол бөхийн нэвтэрхий толь"-д нэрээ мөнхөлжээ. Жар, далаад онд одоогийнх шиг чансаа эрэмбээр оноодоггүйгээс Догсом хоёрын даваанд улс, аймгийн цолтны аманд очно. Ихэнхэд давж байсан үнэнийг оноолтын давааны холбогдох эх бичиг гэрчилнэ.
 
Хил залгаа Дөрвөлжин сумын ахмад бөхчүүдээс улсын аварга малчин, с.з Жүрмэд, Догсом хоёр л ная гаран насалсан намбалаг буурлууд болоод хойч үедээ үлгэрлэж явна даа.
 
Жаран жилийн тэртээх Хөтөл багийн наадмын дараа "Зуны наадмаар гуравт давхисан Арга ахын цагаан сойгдоогүй бол Дөрвөлжинд морь бөхөө алдаад базаахгүй юм болох нээ" гэлцэн манай 1, 2, 3-р багийнхан хоол цайны чөлөөнд ч, хонь малын бэлчээрт ч жил шахам шуугисаар хойтонгийн наадамтай золгосон доо.
 
Нэг л мэдэхэд нас өвгөрч Дөрвөлжин сум 90 жилийнхээ босгонд тулжээ. Цагаан тэмцэл, наргиантай зах залгаа сумдын наадам аа гэж...
 
 
Ш.Мягмар
 
Эх сурвалж: "Бөх" сонин