Ахынх нь хүсэлтээр үүнийг тэрлэсэн болохыг нуух юусан билээ.

Амьдралд минь тохиолдсон аль сайхан дурсамж, наргианыг хэлж бархав. Тэдгээрээс эргэн дурсаж Бөх сонинд алдар нэрийг нь мөнхрүүлэн үлдээхийн тулд аваргын зээг сонгож үүнийг тэрлэсэн бөлгөө.

Одоогоос яг 35 жилийн өмнө миний бие Төвшрүүлэх сумын биеийн тамирын спортын үүрийн даргаар хавсран ажиллаж байж билээ. Аймгийн үндэсний бөхийн аварга шалгаруулах барилдаанд сум бүрээс гурав гурван бөх зодоглуулахаар дасгалжуулагчдынхаа хамт хуран цугласан бөлгөө.

Би төвшрүүлэх сумаас сумын заан С.Энэбиш "хөдөлмерийн баатар" Г.Гасаарай, цэргийн арслан Баттогтох нарын хамт очсон болой. Би энэ гурван бөхөө сайн барилдахыг төрийн сүлдэндээ даатгаж, дотроо залбиран даян аварга "буур" Жамъян гуайн хажууд тухлан сууж билээ.

Буур Жамъян аварга Тариат сумаасаа гурван бөхтэй ирсэн билээ. Нэгийн даваа эхлэнгүүт аварга маань гэнэт огил үсрэн босч залбиран "энэ хүү чинь манай даян аварга Чимэд-Очиртой минь яасан адилхан гардаг юм бэ. Гараа дэвээ, өрөх нь хүртэл яг л адилхан юм. Аль сумаас ирсэн хүү юм бол. Чи мэдсэн үү" хэмээн надад хандав.

Арай аваргын хамаатан садан байдаг юм биш байгаа даа та минь ээ хэмээн сэтгэл хөдлөн өгүүлэв. Аваргын зээ Галиндэв энэ барилдаанд 15 настай, 10 жилийн сургуулийн сурагч байсан болой. Тэрээр 175 см өндөртэй, 89 кг жинтэй хэмээн дасгалжуулагч Б.Довдон цагаан хоолойгоор зарлахад бөхийн барилдаан үзэхээр ирсэн үзэгчид хурайлан алга нижигнүүлэн ташиж хүлээн авсан нь саяхан мэт тодоос тод санагдана.

Галиндэв хүү энэ барилдаанд барилдахаар ирсэн бөхчүүдийн дундаас ганцаараа содон агаад засаад тавьцан засмал баримал мэт өнгө тунамал үзэсгэлэн төгөлдөр сайхан харагдаж байсан. Тийм том эр тэр бөхчүүдтэй яаж дүйцэх вэ... гэсэн бодол бөх сонирхогчдийн дотор төрнөм.

Түүнтэй нэгийн даваанд барилдсан цэргийн арслан Баттогтох маш хурдацтай, шаламгай дайчин барилддаг, барьц болгондоо мэхтэй. Гэтэл Галиндэв түүнийг дайран сэнжигдэхээр нь сөрж золгоод барьцаа шилгэж хавсарч цохиод цэв цэвэрхэн будилаан маргаангүй давчихав.

Давсан бөхийнхөө мөрнөөс баруун гараараа татаж босгоод тахимаа авч соёмбот тугаа тойроход, үзэгчид шагшин шуугиж баяр бахдалаа илэрхийлэн алга нижигнүүлэн уухайн түрлэг өргөн барьж билээ.

Эхний өдрийн барилдаан дуусахад өвгөн аварга Буур Жамъян гуай Галиндэвтэй уулзан нягт нямбай гээчийн гярхай нүдээр шинжиж харангаа ийн асууж лавлав. -Танайхаас барилддаг хүн бий юу?
-Бий. Чимэд-Очир ах.

-Даян аварга уу?
-Тийм ээ.

-Танай юу юм бэ?
-Миний ээжийн төрсөн дүү.

За тэр хэлээгүй юу би. Гараа нь даян аваргатай тун адилхан байгаа биз дээ хэмээн Жамъян аварга надруу харан нүдээ ирмэн жуумалзав. Тэгээд "Танай гурван бөх сайн барилданаа" хэмээн намайг урамшуулан баярлуулж билээ.

Эл өдрөес эхлэн Буур аварга бөхийн заалнаас огт салалгүй сууж, Галиндэвийн барилдаанд ажиглалт хийж бодолдоо хөтлөгдсөн шинжтэй харагдмой. Түүнийг давах болгонд магнай тэнийн инээмсэглэж үрчлээ суусан хөрслөг бор духандаа бурзайсан хөлсөө шувтармой.

Галиндэвийн барилдааныг үзэхээр зорьж ирсэн үзэгчид аймгийн жижигхэн заалыг дүүргэв. "Одооохондоо ганц нэг өвдөг шороодох нь бага хэрэг. Бөх хүнд байдаг л юмны нэг. Тун сайн хавсарч, цохиж өсгийлдөх нь гойд сайхан содон харагдаж байна шүү. Лав барьцандаа маш даацтай хавирах юм. Энэ хавираагаа унаган мэх болгож гаршиж авах хэрэгтэй. Хүн байтугай адуу тэсэхийн аргагүй дэгээтэй. Бас муугүй суйлах юм. тахимдах, хонгодох мэхүүдийг сурч яваа хүү юм. зодог нь бариад бяр нь бүрэн гарч өгөхгүй, амьсгаа бүрэн задраагүй байна. Бэлтгэл сургуулилт дутмаг харагдах юм" хэмээн бөхийн хорхойтнууд шивэр авир гэлцэнэ.

Би бээр буур аваргыг даган ойртон очиж түүний бумбагархан хөрслөг бор хацар, торомгор aлar нүд, өтгөн хар хөмсөг тэргүүтнийг ажвал аргагүй л даян аваргатай мөн ч адилхан байж билээ. Удалгүй нэг сарын дараа биеий тамир спортын Архангай нийгэмлэгийн ээлжит бага хурал болов. Энэ хуралд зориулсан хүчит бөхийн барилдаан үзэхээр очтол аз таарч дахин Буур аваргатайгаа суудал нэгдэв.

Галиндэв хүү сарын дараа бяр чадал нь улам нэмэгдэж, бие нь задарч зузаарсан нь содон харагдаж байлаа. "Ийм өвдөг, бугутай хүн яаж бяргүй байхав дээ. Хүү минь чи хөөе ар шилнийх нь дуулгыг ажвуу" хэмээн Буур аварга намайг нудрав.

"Мэх нь бяртай бөхийн хийдэг мэх. Төвшрүүлэх сумын С.Энэбиштэй "Хөдөлмөрийн баатар" барилдахыг нь хараа биз дээ. Аймгийн хурц арслан Болдтой барилдахыг нь ажваас ойворгүй бяртай нь мэдэгдлээ. Мөн ч лут сайн бөх болно доо" хэмээн өвгөн аварга буур Жамъян гуай олон дахин ярьж билээ.

Их л үнэлэхдээ "яваандаа юм дуулгаж магадгүй" гэсэндээ ингэж магтах нь зүйн хэрэг амой. Галиндэв нагац ахынхаа дайтай бөх болж чадах болов уу хэмээн өвгөн буур аваргаас асуувал "Яаж Чимэд-Очир бид хоёртой зүйрлэж болох вэ. Одоо өвдөг бугуй нь биднээс том байна шүү дээ. Бодоод үз хоёр Мөнх ид цоорч гарч ирэхдээ ч ийм байгаагүй санагдах юм. Өвгөн би буруу харж мунгинаж мэдэх юм шүү. За за тэр ч яахав. Бяр, бие, ухаан нь тэгш хүү юм. сайн багшид шавь оруулж, хадаг бариулах юмсан, бэлтгэл сургуулилтыг нь жигдэрүүлээд өгвөл зүгээрсэн.

Энэ хүүгийн талаар анхааран болгоох их зүйл харагдаж байна. Хүч тамирын бэлтгэл сургуулилт дутуу хийгдэж байна. Бас сэтгэл санааны болон эр зоригийн бэлтэл дутмаг, өрсөлдөгч бөхөө өвдөг шороодуулах, хэдийд ямар үед нь гаршиж сурсан мэхээ хийхэв гээд олон зүйлийг хэлж сургаж өгмөөр бодогдох юм" хэмээн буур аварга Жамъян гуай өгүүлнэм.

Мөн "Бөх, морь хоёр мөн ч эмзэгхэн шүү. Нэн эртнээс урьдчилан сайшаан магтах муу уршигтай. Хуучныхаар бол цагаан хэл аманд өртдөг. Ингэхээр тэр жилийнхээ наадамд бөх хүн барилдааны алдаа гаргаж гавьдаггүй юм. Хурдан морь олигтой давхиж айрагдаж чадахгүй" гэлээ.

"Ингэхэд та Галиндэвийг хэн гэдэг бөхтэй дүйцнэ" хэмээн санаж байна гэхэд минь "Ай мэдэхгүй, Намхай аваргын араас харахад бөгтөр юм шиг, өмнөөс нь харахад цогногор хүн шиг байсан юм байх аа" гээд Буур аварга тэр олон үзэгчид, бөх сонирхогчдыг ажиглан хармой. Бөх хүний зээ бөх болдог хэмээн өвгөд ярилцдаг.

Даян аварга Чимэд-Очир гуайн зээ биеийн эрүүл мэндийн байдпаас болоод дархан аварга болоогүй ч гэлээ түүний үр сад аварга болохыг хэн байг гэх вэ. Хайрхан сум бол арслан Д.Лувсанжамц, Ц.Содов нарын алдар цуутай бөхчүүд төрөн гарсан алдартнуудын өлгий нутаг билээ.
Дархан    аварга, даян аваргуудын удам Архангайчуудаас хэзээ ч тасрахгүй уу.

Бөх сонирхогч Ш.Гантөмөр /лам/

Эх сурвалж: "Бөх" сонин