sonin.mn

Саяхан болсон Азийн наадмын боксын тэмцээнээс ганцаараа алтан медаль хүртэж, эх орныхоо нэрийг гаргаж төрийн дууллаа “Инчён”-ы тэнгэрт эгшиглүүлээд ирсэн залуу тамирчин Д.Отгондалайтай ярилцлаа. Тэрээр Азийн наадамд түрүүлсэн манай анхны тамирчин болж байгаа юм байна.

-Юуны өмнө таньд баяр хүргэе. Монголынхоо тамирчдын ар талыг дааж гайхамшигтай тоглолтууд үзүүлж, Азийн наадмын аварга боллоо. Сэтгэгдэл ямар байна?

-Юуны өмнө Монголынхоо ард түмэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Манай тамирчид олон медаль авч байсан ч, Азийн наадмаас алтан медаль авч байсан түүхгүй юм. Анхны түрүүг эх орондоо авчирч, энэ том тэмцээний аварга болсондоо маш их баяртай байна. Монголчууд минь намайг их сайхан угтан авч байна.

-Та энэ наадамд ямар медаль авах зорилго өвөрлөж оролцов?

-Мэдээж хүн рингэн дээр ялна гэж гардаг. Мэдээж би бусад тамирчдын л адил аварга болно гэсэн зорилго өвөртөлж байсан. Багш нар болон баг хамт олондоо “аварга болно” гэдгээ ч хэлж байсан. Ямар ч байсан амлалтдаа хүрч түрүүлж чадлаа.

-“Надад ялагдах эрх байхгүй” хэмээн хэлсэндээ хүрч та түрүүллээ. Өөрөө ер нь их бардам хүн юм аа даа?

-Мэдээж рингэн дээр хүн ялна л гэж гардаг шүү дээ. Би тоглохынхоо өмнө “Яах бол, ялагдчих болов уу”, “Ямар тоглолт үзүүлэх бол" гэж янз бүрийн л зүйл бодож л байсан.

Ямарч байсан ялна гэсэн зорилготой байсан. Надаас өмнө манай долоон тамирчин шүүгчдийн буруу шийдвэрээс болж, хүрэл медалийн тоглолтуудаасаа эхлээд хожигдчихсон байсан. Зарим нь хөмсөг нь сэтрээд ялагдчихсан байсан.

Тэгээд би мөнгөн медалийн төлөө тоглож ялсныхаа дараа гарч ирээд ярилцлага өгөхдөө "Надад ялагдах эрх байхгүй" гэж хэлсэн юм.Тэр үед би уйлах гээд нулимс мэлтэлзүүлээд байсан минь бол баярын нулимс биш ээ. Надаас өмнө долоон тоглогч маань луйвардуулчихсан байсан болохоор өөрийн эрхгүй л өмөлзөх сэтгэл төрсөн юм.

Манай баг хамт олон Азийн наадмын анхдагч аварга, алтан медалийг авах зорилготой явсан юм. Багийнхаа сүүлчийн найдвар би байсан болохоор, би л аварга болохгүй бол надад хожигдох эрх үнэндээ байгаагүй юм.

-Түрүүлчихээд яг л хүүхэд шиг баярлаж байсныг чинь харахад их цайлган ч юм шиг?

-Би ер нь их тайван хүн л дэз. Өрөвч зөөлөн сэтгэлтэй. Аваргын төлөө өмнө нь би Филиппиний тамирчинтай тоглож байсан. Би хоёр сарын өмнөх тэмцээн дээр түүнд шүүгчийн буруутай шийдвэрээс болж 2:1-ийн харьцаатайгаар хожигдсон юм. Тэр намайг уярааж байгаад хожчихсон л доо.

Тоглолтын өмнө рингэн дээр үнсээд л, өргөж хүндлээд л. Зөөлхөн хүнийг чинь уяраавал улам л зөөлөрчихдөг юм билээ. Тиймэрхүү зүйл тамирчины сэтгэл санаанд нөлөөлдөг л дөө. Тэгэж баярласаны учир бол эгзэгтэй мөчид Азийн тоглолтын анхны аварга болсондоо би үнэхээр их баярласан.

-Аваргын төлөө тоглолтод Филлипиний боксчинг 2:1-ийн харьцаатайгаар яллаа. Хэлсэндээ хүрэхгүй байх вий гэсэн айдас эргэлзээ байв уу?

-Яг үнэнийг хэлэхэд ялахгүй бол яанаа гэсэн айдас эргэлзээ байсан л даа. Айдас гэдэг зүйл тамирчин хүн бүрийн дотор байдаг л зүйл. Гол нь үүнийгээ даван туулж гарах нь чухал байдаг л даа.

-Ганц дайчин ганцаардахгүй гэдгийг харууллаа. Танай баг хамт олон чинь юу гэж зөвлөв?

-Багш нар маань өөрийгөө сайн дайчилж, анхаарлаа төвлөрүүлж тогло гэж захиж байсан.

-Аптан медалийн төлөөх тоглолтод та ямар тактик баримтлав?

-Тэр тамирчин маань их битүү хамгаалалттай тамирчин л даа. Эхний раундад хамгаалалтыг нь задлах тактик баримталсан. Дараагийн үеэс санаачилгыг гартаа авч идэвхитэй довтолж эхэлсэн. Төгсгөлийн үөд бүх зүйлийг гартаа явчихсан байсан болохоор тэвдэлгүй тоглохыг бодсон.

-Филлипиний боксчид ер нь дэлхийд хэр хүчтэй өрсөлдөгчид вэ?

-Филлипин боксоор өндөр амжилт гаргаж байсан цаг үе бий. Ямар ч байсан Ази тивдээ л боксын хүчирхэг орнуудын нэг гэж үзэж болно.

-Инчёны тэнгэрт төрийн дууллаа эгшиглүүлээд зогсохдоо таны нүдэнд нулимс хурж байсан. Яг тэр мөчид юу бодогдож байв?

-Би яг ч уйлаагүй л дээ. Уйлах гээд байсан ч нулимсаа жаахан баримаар санагдсан. Төрийн дууллаа эгшиглүүлээд зогсч байхад өөрийн эрхгүй нулимс гарах гээд байдаг юм билээ. Медаль аваад зогсч байхад эх орон, ард түмэн минь л бодогддог юм билээ.

-Мөнгөн медалийн төлөө Японы боксчинтой, хүрэл медалийн төлөө Киргизстаны боксчинтой та тоглолоо. Тэд ер нь хэр ширүүн өрсөлдөгчид байв?

-Даваа давах болон өрсөлдөгчид улам чангарч байсан. Японы тэр боксчин Лондогийн олимпийн хүрэл медальтай тамирчин шүү дээ.

-Таны нүд жаахан хавдсан байсан. Хаанахын боксчинтой тоглоод тэр вэ?

-Японы боксчинтой тоглож байгаад толгойдоо мөргүүлж хөмсөг задарсан. Харин боксын эмч хүрч ирж үзээд цаашид тоглох боломж байна гэж хэлсэн болохоор тоглосон.

-Сая аварга болоод ард түмэндээ та улам илүү танигдлаа. Гэхдээ та өмнө нь Оюутны дэлхийн аваргаас хүрэл медаль хүртсэн байх аа?

-Тийм. Би 2010 онд манай эх оронд болсон Оюутны боксын дэлхийн аваргаас хүрэл медаль авч байсан.

-Оюутны дэлхийн аварга, Азийн наадам хоёрын өрсөлдөгчид ойролцоо түвшнийх байв уу, эсвэл эрс ялгаатай байв уу?

-Дэлхийд боксоор Ази тивийн тамирчид давамгайлдаг юм. Тэр утгаараа бол саяын тэмцээн дээр илүү их хүч чадал шавхсан, хүнд тоглолтууд хийлээ. Өрсөлдөөн ч ширүүн боллоо.

-Олон удаа рингэнд гарсан хүний хувьд сэтгэлд хоногшсон мартагдашгүй тоглолт үлдсэн биз дээ?

-2011 оны Бакуд болсон дэлхийн аваргад Солонгос, болон Армений боксчдыг ялаад хүрэл медалийн төлөө Ирландын боксчин Жон жое Невинтэй тулалдаж, түүнийг би хоёр удаа накоутад. оруулсан боловч, эцсийн дүнд л 18:18 харьцаатай болж шүүгчийн саналаар ялагдсан юм.

Хэрвээ тэр тэмцээнд ялсан бол Лондоны олимпод явах эрх авах байсан юм. Энд шүүгчдийн буруутай шийдвэр байсан л даа. Гэтэл нөгөө тамирчин маань тэр тэмцээнээс мөнгөн медаль авсан юм. Тэгээд би тэр тэмцээнээс болж үнэхээр их харамссан. Тэр тоглолт санаанаас гардаггүй харамсалтай тоглолт болсон юм.

-Бусад спортыг бодвол боксын спортод луйвар гарах нь түгээмэл байдаг. Энэ юутай холбоотой вэ?

-Дэлхийн боксыг авч явдаг IВА-гийн удирдлагыг тэргүүлж авч явдаг Солонгос, Казакстан гэх мэт орны бүрэлдэхүүнд багтах хүмүүс нь их асуудалтай байдаг.

-Тэмцээнд ялагдах үед таны хор шар хөдөлдөг үү, эсвэл түүнийг сэтгэлдээ тайван хүлээж авдаг уу?

-Заримдаа хор шар хөдөлдөг. Заримдаа за яахав дээ гээд тайван хүлээж аваад өнгөрдөг. Ер нь бол хоёр талтай л даа.

-Монголын боксчид дэлхийд рейтингээрээ аль хавьд жагсч байна?

-Манайх дэлхийд дээгүүр ордог. Зарим оронд боксын тэмцээн болоход тэр орны тамирчид манай тамирчидтай тоглох болоход, эзэн ороны багийн удирдлагууд цаанаас нь хэлж зохицуулаад, манайхаас өөр зоонд нэрийг нь оруулахаар болдог.

Харин манай тамирчдыг бол аль хүчирхэг боксчидтой зоонд оруулдаг. Ер нь бол гаднынхан манай боксчдоос бэргэдэг шүү.

-Сүүлийн жилүүдэд манай боксчдын амжилт тогтмол сайн байгааг та юутай холбож боддог вэ?

-Батлан хамгаалахын сайд Ажнай Д.Бат-Эрдэнэ ахын маань боксын төлөө оруулсан хувь нэмэр их л дээ. Энэ дашрамд хэлэхэд Д.Бат-Эрдэнэ ахдаа талархлаа илэрхийлмээр байна.

Бас Соёл, спорт аялал жуулчлалын яамнаас Монголын боксыг хөгжүүлэхийн тулд олон санал санаачилга гаргаж ажиллалаа. Тэдний хамт олонд ч бас талархлаа илэрхийлье.

-Монгол маягийн боксын арга барил гэж байдаг уу. Эсвэл манайх дэлхийн ямар нэг орны жишгийг дагаж явна уу. Тэд биднээс, бид тэднээс сурах зүйл их биз?

-Монголын боксын арга барил гэж байдаг. Банди багшийн суналттай цохилт гэх мэт. Түүнээс гадна тамирчин бүр өөр өөрийн арга барилтай байдаг. Ажиллагаа сайтай, хүчтэй цохилттой гэх мэт.

-Та анх хэдэн настайгаасаа боксын спортод хөл тавих болов. Анхны болон одоогийн багш чинь хэн бэ?

-Би 15 настайгаасаа боксоор хичээллэсэн. Анхны багш маань Дорнод аймгийн биеийн тамирын багш Ё.Төмөрбат багш, улсын шигшээд орсон цагаас Б.Эрдэнэбаяр, Д.Банди, Н.Батсүрэн зэрэг багшийнхаа удирдлагад ажилласаар ирсэн.

-Боксын тамирчид ихэвчлэн багадаа их сахилгагүй, үеийнхэнтэйгээ гар зөрүүлэхээс ч буцдаггүй хүүхэд байсан гэж ярьдаг. Та ч бас тэдний нэг байсан биз?

-Би тэдний л нэгэн адил, хөдөлгөөнтэй хүүхэд байсан. Ялангуяа 10-н жилд байхдаа үеийнхэнтэйгээ гар зөрүүлдэг байсан даа.

-Тэмцээн уралдаанд орж байхад чинь санаанаас гарамгүй сайхан дурсамж үлдээ биз?

-Манай хэдэн баг тамирчид Ё.Төмөрбат багштайгаа өсвөр үеийн улсын аваргаар 18-уулаа хот руу “УАЗ-69” машинаар явж байтал дугуй хагараад, тэгээд унаа олдохгүй нэг хэсэг болсон юм.

Яая даа гэж байтал ашгүй нэг Портер машин ирээд бүгдээрээ баяр хөөр болоод тэр машин дээр суугаад хотод очоод буугаад л бараг шууд тэмцээнд орж байсан. Тэр мөч яагаад ч юм сэтгэлд их сайхан дурсамжтай байдаг.

-Ингэхэд нутаг ус хаанах билээ?

-Аав, ээж маань Сүхбаатар аймгийнх. Би өөрөө Дорнод аймагт төрж өссөн.

-Танай нутагт таниас өөр ямар ямар боксчид төрөн гарсан бэ?

-Манай шигшээгийн Н.Шинэбаяр, Э.Идэрхүү, бид гурав Дорнодоос цуг орж ирсэн тамирчид, бас сайхан найзууд.

-Энэ спорт таны хувийн зан чанарт ямар нөлөө үзүүлэв?

-Боксын спортод өдөр бүр бэлтгэл гээд хүмүүстэй уулзах цаг зав бага байдаг.

-Боксоос өөр та юу сонирхдог вэ?

-Бокс бол залуу насны спорт л доо. Залуу хүний хувьд сурч боловсрох сонирхол их байдаг. Сая би Гаалийн сургууль төгслөө.

-Шашин шүтдэг үү?

-Бөөгийн шашин шүтдэг. Бас Буддын шашинд сүсэгтэй. Энэ хоёр шашин нэг их харшилдахгүй л гэж боддог шүү дээ.

-Боксыг зарим хүн жинхэнэ эр зоригийн тулаан хэмээн өргөмжилдөг бол, зарим хүн энэрэнгүй ёсонд харш гэх нь ч бий?

-Бокс чинь зүгээр л тэмцээн шүү дээ. Өрсөлдөж байгаа болохоор яаж бие биенээ энэрэх вэ. Харин эр зоригийн спорт гэдгийн хувьд бол яалт ч үгүй тийм. Жинхэнэ эр зоригийн спорт гэж боддог.

-Цаашдын зорилго юу вэ?

-Мэдээж энэ бүхний төлөө өөрийн бүхий л хүч чадлаараа зүтгэж ажиллах болно.

-Манай боксчдын цалин мөнгө, ахуй амьдрал ямархуу байна. Санхүүжилт хаанаас авдаг вэ?

-Боксчид маань янз бүрийн байгууллагын нэр дээр тоглоод, тухайн байгууллагаасаа санхүүждэг. Боксчид биднийг хүмүүс бололцооны амьдралтай баян хүмүүс гэж боддог юм шиг байна лээ.

Яг амьдрал дээр бол тийм биш шүү дээ. Бидэнд чинь бас дутагдах, гачигдах юм байна. Манай зарим тамирчид бэлтгэлээ ч олигтой хийж чадахгүй, ар гэрийн асуудал, байрны мөнгө төлөх болон санхүү мөнгө гээд л болчихдог юм. Үүнээс болж бэлтгэл таслах нь тамирчны амжилтад ч сөргөөр нөлөөлдөг.

-Амьдралдаа та ямар зарчимыг мөрдлөг болгодог вэ?

-Хань ижил, үр хүүхдээ юугаар ч дутаахгүй, сайн сайхан аваад явах юмсан гэж боддог доо,

-Боксоор хичээллэж буй өсвөр үеийн хүүхэд залуучуудад юу гэж хэлмээр байна?

-Зорьсон зорилгынхоо төлөө тууштай хөдөлмөрлөж, зүтгээрэй. Бэлтгэлээ сайн хий. Эзэн хичээвэл заяа хичээнэ. Сайн хөдөлмөрлсөний үр дүнд амжилт ялалт заавал ирдэг юм шүү гэж хэлмээр байна.

-Ойрын үед ямар тэмцээн уралдаанд орох гэж байна?

-Ойрын үед арваннэгдүгээр сард олон улсын тэмцээнд оролцоно.

А.Батнасан

Эх сурвалж: