sonin.mn

-Баяр хүргэе, Танд. Таныг оноос өмнө их сайхан буянтай үйлсийг амжилттай бүтээсэн гэж дууллаа?

-Би “Замчин” спорт клубэд мэргэжилтнээр ажиллахын хажуугаар Монголын Цанын холбооны тэргүүлэгч гишүүний сонгуультай. Цанын холбооноос өсвөрийн цаначиддаа зориулж иж бүрэн 200 цана, хэрэглэлийг авч, аймаг, сумдын хороод, клубэд тараах буянтай ажлыг хэдхэн хоногийн өмнө хийлээ. Эдгээр цана, хэрэглэлийг ОХУ-ын Эрхүү, Улаан-Үүд хотуудаас худалдаж авчрах ажлыг Цанын холбооны нарийн бичгийн дарга Э.Очирсүрэн бид хоёрт даалгасан.

Энэ ажил маань сайхан нөхөд, сайн хүмүүсийн дэмжлэгтэйгээр бүтсэнд маш баяртай байгаа. Биднийг энэ ажлаар очиход Эрхүүгийн төмөр замын “Локомотив” клуб, Гадаад харилцааны албаныхан нь унаа тэрэг, орчуулагч гаргаж өгч маш их тусалсныг хэлэх хэрэгтэй. Эрхүүд очоод нэг дэлгүүр ороод л бүх зүйл бүтчихсэнгүй. Цанын спортоор хичээллэх хүүхдүүдийн нас, биеийн онцлогт тохирсон, сайн хэрэглэлийг цуглуулахын тулд нэлээд явах шаардлага гарсан. Нэг дэлгүүрээс л дээд тал нь 10-20 ширхэг цана, таяг, бэхэлгээ авах жишээтэй.

Захиална гэхээр дор хаяж сарын хугацаа шаардана. Гэтэл Монголд өвлийн улирлын спортын уралдаан тэмцээн зохиогддог хугацаа өнгөрчих гээд байсан болохоор тэгж цуглуулахаас аргагүй байлаа. Дээр нь, хилээр оруулж ирэхэд маш их өндөр татвартай. УБТЗ-ын Улаан-Үүд дэх төлөөлөгч М.Гантулга тусалж, Эрхүүгээс авсан цана хэрэглэлээ Улаан-Үүд рүү явуулж, тэндээс үлдсийг нь гүйцээж цуглуулаад нааш нь авчирлаа. Гаалийн татварыг Цанын холбооны ерөнхийлөгч Р.Раш дарга Гаалийн ерөнхий газрынханд учир байдлаа тайлбарлаж, тэд ч дэмжлэг үзүүлснээр ажил амжилттай бүтлээ.

-Цанын спортыг хөгжүүлэхийн тулд ингэж хөрөнгө, хүч зарж,анхаарал хандуулж байгаа нь сайхан хэрэг. Таныг анх цанын спортоор хичээллэж байхад ийм хангалт халамж анхаарал байв уу?

-Байхгүй. Намайг багад чоно, туулайны зурагтай “Ну погоди!” гэсэн бичигтэй, бас тарианы зурагтай, таллин гээд цана байлаа. Анх туулайны зурагтай жижиг цанаар гулгаж эхэлсэн. 14-тэй л анх цанатай нөхөрлөж, 16 настайдаа спортын мастерын болзол хангасан. Улсын аваргын тэмцээнд иртлээ модон цанатайгаа гулгасан. Мастерын болзол хангадаг жилээ эхний өдөр нь модон цанатай уралдаж гурван секунд алдаж дөрөвдүгээр байранд орсон. Улсын аваргад ирэхэд хотын их дээд сургуулийн хүүхдүүд пластмасан цанатай. Цананд их учир байгаа юм байна гэж бодож билээ.

Пластмасан цанан дээр би бэлтгэл хийж ч үзээгүй байсан. Маргааш нь манай багш пластмасан цана авчирч, “Санаа зоволтгүй, энэ цаныг чинь модон цана шиг болтол нь тослоод өгнө” гэж байсан. Миний сэтгэл зүйг л бэлтгэж байхгүй юу. Ер нь, модон цана, пластмасан цана хоёр асар их ялгаатай. Модон цанан дээр сурсан хүн пластмасан цананы хурдыг гүйцдэггүй. Бүгдийг эхнээс нь сурах ёстой л доо.

-Тэгээд та маргааш нь яасан бэ?

-Маргааш нь гараад унаад үзсэн болж байна. Багш “Зүгээр, чи алтан медальд хүрнэ” гэж зоригжуулж байсан болохоор гайгүй уралдаад ороод ирсэн. Хэсэг хугацааны дараа цаг хэлэхэд л Увсын Энхээ түрүүллээ гэхэд нь яаж цагийг нь гаргачихдаг юм бол гэж бодоод л сууж билээ. /инээв/

-Ер нь, цаначид уруудаа хэдэн км/ цагийн хурдтай орж ирдэг бол...?

-Янз бүр дээ, 60 км/ цагийн хурдтай ч орж ирнэ ш дээ. Салхи зүсээд л ороход их гоё шүү дээ. Бэлтгэл хангагдчихсан тэмцээнд ороход зам хүртэл нүдэнд тодорч харагдаад өөрт мэдрэмж төрөөд ирдэг. Зам дээр гарахад нэг л гоё дуу аялмаар, сэвэлзээд л, газар нүүрэнд тулж ирээд л, модод хүртэл хажуугаар жирэлзэж өнгөрөөд л... Хамгийн гоё мэдрэмж энэ.

-Олимп бол тамирчин бүрийн мөрөөдөл. Олимпод хүрэх зам ч асар өндөр үнээр олддог гэдэг.

-Ер н ь, тамирчин хүний мөрөөдөл, зорилго шат шатаар ахьж явдаг. Сумаасаа аймгийн аваргад оролцох, аймгийн аварга болчихоод улсад шалгарах гоё. Улсад нэгд жагсаж байгаа хүний мөрөөдөл мэдээж тив, дэлхийн дэвжээ. Би ч бас ийм л замыг туулсан. 16 настайдаа шигшээ багт орох санал ирсэн ч нутагтаа дунд сургуулиа төгсөнө гээд буцсан. Ес, аравдугаар ангидаа улсын аварга болоод урилгаар улсын шигшээ багт тамирчнаар ирсэн.

Анх 1988 оны олимпийн бэлтгэлийг Улаан-Үүдэд очиж хийсэн. Тэнд олимпод оролцох Оросын тамирчид ирж уралдана л даа. “Алс Дорнод” тэмцээнд би 7,5 км-т хоёрдугаар байранд орсон. Тэгэхэд Оросын дасгалжуулагчид Хэнтийн Дарамбазар, бид хоёрыг маш их магтаж, Азийн наадмаас медаль баттай авна гэж байсан. Тэнд би Оросын спортын мастерын болзол хангасан. Оросод үлдэж бэлтгэл хийх ч санал ирсэн. Гэхдээ ээж ааваасаа холдож үзээгүй хүүхэд юу гэж үлдэхэв дээ. Тэнд хийсэн 14 хоногийн бэлтгэл бол маш үр өгөөжтэй болсон. Миний л хувьд тэр үед яг ир орчихсон ид үе байж. Харамсалтай нь, тэр үеийг барьж чадаагүй.

-Яагаад вэ?

-Би дөрвөн эрэгтэй тамирчныхаа дөрөв дэх хүнтэй нь л өрсөлддөг байлаа. Багш ч намайг “Азиас медаль авнаа, олимпид түрүүлдэггүй юмаа гэхэд дундуур хавьд үзнээ” гэж бардам хэлж байсан. Би ч өөрөө тэр үед “галзуурчихсан" мэт байж. Шөнө нь унтахгүй маргаашийн бэлтгэл хурдан болоосой гэж догдлоод л... Тэгээд л гараад бэлтгэл дээр нисээд л..., дэвээд л байсан. Бэлтгэл ханаж, ир орчихсон үе гэдэг бол тамирчин хүнд ёстой ир бяр амтагддаг л үе ш дээ. Гэтэл яг Азийн наадмаас хэдхэн хоногийн өмнө ядаргаанд орж эхэлсэн. Зам урд харагдаад л байдаг, газар хорогддоггүй. Би ингээд явдаг шүү дээ, ингээд нисдэг гээд явах гэхээр л болддоггүй. Өөрт санаа л байгаад байдаг. Зам нь дуусдаггүй, нүдэнд оч будраад л явахаа больсон. Ядаргаанд орчихгүй юу. Сэтгэлээр ч унасан. Бүх зүйл яг дээд цэгтээ хүрээд эргээд унадаг юм байна л даа. Тэрийгээ ч мэдэхгүй л эрчүүдтэй л уралдаад, ана мана үзэлцээд байхгүй юу.

Тэгээд бүрэн сэргэж чадахгүй байсаар Азид очиж уралдсан. Харбинд хамтарсан бэлтгэл дээр миний тоож ч хардаггүй байсан Солонгосын тачирчин хүрэл медаль зүүхэд би зургадугаар байрт орж байгаа юм. Тэр бэлтгэл дээр би Солонгосын эрэгтэй тамирчид, өөрийнхөө эрэгтэй тамирчидтай л өрсөлддөг байсан. Солонгосчууд ч танай энэ хүн Азид дээгүүр уралданаа, медаль авна. Гайхалтай тамирчин байна гэдэг байсан. Ёстой нисэж яваад газарт унах шиг мэдрэмж төрсөн. Тэр тэмцээн багш бид хоёрт том сургамж болсон доо.

-Олимпийн дэвжээний сониноос яриач?

-Тэр үед олимпод орох гэж оноо цуглуулдаггүй байлаа. Улсынхаа хамгийн дээд амжилт тогтоосон тамирчид олимпод орох эрхтэй. Дээр нь, Азийн тэмцээнд оролцсон гэдэг утгаараа орж байлаа. Олимпод очиход бидний хэрэглэж байгаа материал, уралдаж байгаа цас, тэдний хэрэглэж байгаа цана, тос бүгд шал өөр. Тэр жил цанын тэшүүрчилсэн техникээр уралдахдаа ямар цанатай, ямар тос яаж тавьдгийг мэддэггүй очиж байлаа шүү. Парафин гэдэг халааж байгаад түрхдэг, индүүдэж байгаад хусдаг тос хэрэглэдэг юм байж.

Түрхдэг тос нь хуурай, нунтаг юм асгаж байгаад тосолно гээд огт мэдэхгүй зүйл зөндөө. Бид арай ойроор нь Оросын тамирчдаа л бараадана. Багш үнэгэн малгай юмуу ойр зуурын дурсгалын зүйлс өгч байгаад л Оросуудаар цанаа тослуулна шүү дээ. Тэр үед олимпод явахад олон хүн дагадаггүй. Багш тамирчдынхаа бэлтгэлийг хангана. Цаныг нь тосолно. Техникийн зөвлөгөөндөө сууна. Сугалаагаа сугална гээд маш их ажилтай.

Манайхаас 1964 онд анх хоёр эмэгтэй хүн уралдаж байсан гэдэг. 24 жилийн дараа тэр хүмүүсийг залгамжлаад би олимпийн буухайг гаргасан. Түүнээс хойш олимпийн буухайг таслаагүй. Монгол гэдэг нэрийг олон улс, тив, дэлхийд гаргаад явна гэдэг маш сайхан.

-Улсын шигшээ багийн тамирчид хангамж гайгүй байсан биз дээ?

-Шигшээ багийн тамирчин гэдэг нэр төртэй, бас цалинтай. Гэхдээ хүмүүсийн төсөөлдөг шиг хангамж, халамж анхаарал байсан уу гэвэл бас асуудал шүү. Бид өвөл Хандгайтад бэлтгэлд гарахад арван хэдэн эрэгтэй. Би ганцаараа эмэгтэй. Би өглөө босоод гал түлнэ, мөс хайлуулж, цайгаа чанана. өдөр. орой ч хоол хийнэ. Бэлтгэлээсээ бууж ирээд бүгдээрээ модоо хөрөөдөнө. Худаг байхгүй. Ээлжээр явж мөсөө хагалаад авчирна. Маргааш өглөөний хоол, цайны мөсийг гал дээрээ хийж тавьчихаад бэлтгэлд гарна. Нойтон модтой, гал нь асахгүй, цай нь буцлахгүй болохоор би уйлна. Нэг иймэрхүү л байсан даа. Ганц эмэгтэй болохоор багш бэлтгэлээс цагийн өмнө буулгаад явж хоолоо хий гэнэ.

Нэг өдөр гал асдаггүй. Тэгээд аргаа бараад “Би чадахгүй нь. Бэлтгэлийн хажуугаар энэ олон хүний хоол хийж байна. Ядахад гал нь асахгүй байна” гээд уйлсан чинь л багш сая “Нээрэн, энэ хүн шигшээ багийн тамирчин. Өндөр ачаалалтай бэлтгэл хийж байж, энэ олон хүний хоол хийж байна. Гал нь асахгүй байгаа юм байна” гэж гэнэт бодсон гэдэг. Залуу хүн учраас анзаардаггүй л байж л дээ. Тэгээд надад гал түлэх, хоол бэлтгэх хүн туслуулахаар хуваарилчихаад Спорт сургалтын төвийн захирал дээр тогооч хэрэгтэй байна гээд очсон юм билээ. Захирал ч зөвшөөрч, Улаанбаатар ресторанд тогооч хийж байсан нэг настай хүнийг олж авч. Тэр хүн ач зээ хоёроо аваад бидэн дээр очсон. Очсон өдрөө л гал түлж хоол хийж чадахгүй ээ, би насаараа цахилгаан зуухан дээр ажилласан хүн, тэгээд ч цайны тогооч гээд буцах гээд.

Хандгайтад л байрлахаас аргагүй. Хотод байрлаад өглөө нь машинаар очоод бэлтгэл хийгээд өдөр нойтон хувцастай буцаж ирээд хоол идээд жаахан унтаад буцаж очиж бэлтгэл хийнэ гэж угаасаа байхгүй шүү дээ. Дээр нь, унаа машин ховор. Замын унаанд хааяа дайгдана. Цэргийн амралтын автобус амрагч ихтэй бол биднийг авах ч үгүй. Дөрөв тав хоноод Хандгайтаас алхаж ирээд долоон буудлын халуун усанд ороод буцаад алхана. Тийм л нөхцөлд бэлтгэл сургуулиа хийгээд тив дэлхийн тэмцээнд оролцоод л улсынхаа нэрийг гаргаад л явж дээ, бид.

-Одоо бол сайхан дурсамж биз дээ?

-Тэр үедээ ч бидэнд жаргалтай сайхан байсан. Яагаад гэвэл би Монгол Улсын шигшээ багийн тамирчин учраас бүгдийг давж туулах ёстой гэдэг бодол бид бүгдэд байсан. Одоо цаг үе өөр болж.

-Та түрүүн их сонин юм хэллээ. Газар газрын цас өөр байдаг гэж...
 
-Маш их ялгаатай. Монголын цас их хуурай, аргуун байдаг. Чийглэг орны цас бол манай хаврын хайлмагтсан цас шиг. Европын цас их зөөлөн хөвсгөр чийглэг учраас бид цаны уланд нялцгай тос богино тавьдаг. Монголын цасанд уралдахад хуурай хатуу тос тавьж уралдана. Японд бол шагайгаар татсан цасанд бид зүгээр сэлээд л явчихна. Тийм зөөлөн сэвсгэр цас ордог. Монголд шагайгаар татсан цасанд сайндаа л 200 метр яваад л гацна. Зассан зам дээр өглөө шувууны мөр гарах дайны цас хаясан байхад сэлж явж болдоггүй. Гулсалт байхгүй. Гулсуулж явдаг техниктэй хүн явж чадахгүй.

Түүн дээр ямар хүн явах вэ гэхээр техник муутай гүйдэг хүүхдүүд. Монголтой хамгийн ойр Улаан-Үүдэд очоод уралдлаа гэхэд цас нь өөр. Арай чийглэг. Тэр битгий хэл Увс аймгийн Малчин суманд очоод уралдахад ч цас нь өөр. Хяргас, Увс нуурын дунд байдаг учраас цас нь бүдүүн давсархуу ширхэгтэй. Тийм цасан дээр цанын гулсалт бас өөр. Цас л бол цас гэхгүй шүү дээ. Газар тэнгэр шиг ялгаатай.

-Сая наашаа ирж явахдаа таныг энэ өвөл “Цас бага орлоо” гэж сэтгэл дундуур байгаа байх гэж бодлоо?

-Хаа сайгүй цас бага байна. Эрхүүд цанын 5-6 баазтай. Гэтэл энэ жил цас багатай учраас ер нь зам тавигдаагүй байна лээ. Бидэнд цас орох шиг жаргалтай үе байхгүй. Би хамгийн сүүлд 2002 оны Солт-Лейкийн олимпод 39 настай оролцож байсан. Түүнээс хойш уралдаагүй. Хааяа л хүүхдүүдтэйгээ цанан дээр гарч хийморио сэргээдэг. Сүүлийн таван жилд гүйлтийн цаныг орхиж, уулын цанаар жаахан гулгасан. Гэтэл энэ жил Канадад нэгдүгээр сарын 29-нөөс хоёрдугаар сарын 08-ны хооронд ахмад мастеруудын олимп болох юм байна. Үүнд, улсаа төлөөлж 50-55 насны ангилалд уралдаач гэж Цанын холбооноос надад хүсэлт тавьсан. Одоо бэлтгэлдээ гараад байна даа. Сайхан байна. Олон жил уралдчихсан уралдааны морь өөрийгөө сойдог гэдэг шиг би бас өөрийгөө сойгоод л... Хичнээн ажил ихтэй ч сэтгэл догдлоод л байна. Хоног хугацаа ч ойртлоо. Миний өвөл зунгүй бэлтгэлтэй байсан үе, олон жил орхиод одоо эргээд цанан дээр гарч байгаа нөхцөл их өөр болохоор бэлтгэл сургуулилт сайн хийхгүй бол болохгүй ээ.

-Цанан дээр гарсан үед аз жаргалыг мэдэрнэ биз дээ?

-Тэгэлгүй дээ. Цасан дээр модон дунд явж байхад их сайхан мэдрэмж төрдөг. Уулан дээр гарчихаад уруугаа буухад орчноос тасарчихдаг. Ер нь, гоё доо.

-Таныг ид уралдаж байхад таны хүчтэй өрсөлдөгч хэн байв?

-Цаначин хүн өөрөө өөрийгөө мэдрээд ирсэн үед хүнтэй уралддаггүй. Газартай харьцаж, цаг минут, секунттэй л уралддаг. Ахмадууд ч надад тэгж захьдаг байсан. Эхлээд тэдний үгийг ойлгодоггүй байж. Би налууд тэгж явна, урууд тэгнэ, нугачаатай газар тийм техникээр гарна гээд газартай харьцаад эхлэхээр хүн өөрөө мэдрээд ирдэг.

-Ингэхэд та “Замчин”клубтэй хэрхэн холбогдсон бэ?

-Улаанбаатар хотод ирж, шигшээгийн тамирчин болохдоо л би УБТЗ гэдэг их айлтай давхар холбогдсон түүхтэй. Ирээд би Октябрийн районы нэр дээр уралддаг байлаа. Багш маань намайг Октябрийн районд барьж байхын тулд Төмөр замын техникумд оруулсан байх. Тамирчин болох гэж байхад юун төмөр замын сургуульд орох вэ гээд дотроо их дургүй. Гэхдээ түүнийгээ багш нартаа хэлж чадахгүй шүү дээ. Доржваанчиг багш, Доржсүрэн захирал надтай уулзаад өсөх ирээдүйтэй тамирчин. Манайд сургуульд дуртай ангидаа ор гэсэн. Би төмөр замын талаар ч юу мэдэхгүй юм чинь санал болгосон анги бүрт нь толгой сэгсрээд л нэг их “хүндтэй” хүн. Холбооны ангид ор гэлээ тэгэхээр нь би дүлий гээд худлаа хэлчихлээ.

Тэгээд л барилгын техникчийн ангид хүчээр оруулсан. Тэгээд есөн сар эхлээд бэлтгэл сургууль гайгүй үедээ хичээлдээ жаахан сууна. Суух ч гэж дээ, цонхоор хараад л, орчноос тасарчихна ш дээ. Барилгын анги гэдэг чинь тэр чигтээ тоо юм. Би өөрөө ч тоонд маруухныг хэлэх үү, буруу харсан шиг л сууна даа. Эхний улиралд хичээлдээ суугаад л тоон дээр дараалан муу авчихлаа. Тэгээд Хандгайтад бэлтгэлдээ гараад байж байтал манай ангийнхан бүтэн сайн өдөр ирлээ. Тооны багш дүнгээ засуулахгүй бол муу гаргана гэжээ. Тэгэхээр нь би “Өө тэгвэл тэр сургуулийг чинь хаяна” гэчихсэн.

-Тэгээд л гарчихсан юм уу?

-Үгүй ээ, байж байтал сургуулиас дуудахаар нь очтол багш дунд гаргачихаж. Захирал, багш нар мэдэж байгаа болохоор эхний жилд тиймэрхүү маягтай “алтан гурав” эргүүлээд л давхиж байтал дараа жилээс нь толгойд бас өөр бодол орж ирж байнаа. Монгол Улсын шигшээ багийн тамирчин хүн муу сураад байж болохгүй. Тэмцээн уралдаанд ороод түрүүлээд зурагтаар гарвал “Өө энэ нөхөр манай сургуулийн муу сурлагатан” гэвэл муухай юмдаа гэсэн шүү юм бодов. Тэгээд хичээлээ хийдэг боллоо. Тооноос бусад унших хичээлээ хийнэ. Хандгайтад бэлтгэлийн завсараар хичээлээ давтана. Хавар нь Зүүнхараад дадлагад гарч Мод боловсруулах үйлдвэрийн асфальтан замыг тавьж байлаа. Тэнд задгай цемент ирнэ. Тэрийг шуудайлна. Барилга дээр дадлага хийгээд ирэхээрээ байшин барина гэдэг шавар тоосго хоёрыг дуртай нь нийлүүлээд хийчихдэггүй юм гэдгийг ойлгоод арай өөр болно шүү дээ.Гуравдугаар курсээсээ давхар Багшийн их сургуулийн биеийн тамирын дасгалжуулагчийн ангид сурсан.

Ер нь, би спортоос өөр ажил хийж чадахгүй юм гэдгээ ойлгосон л доо. 1988    онд техникумаа төгсөх ёстой байсан ч олимпод явах болсон учраас жилийн чөлөө аваад дараа жил нь төгссөн. Намайг олимпод явах гээд Улаанбаатар зочид буудалд байрлаж байхад манай сургуулийн захирал, багш, хамт олон бүгдээрээ ирж гаргаж өгч байлаа. 1989 онд техникумаа доод ангийнхантайгаа төгссөн шүү. Сургуулиа төгсөхдөө 36 айлын орон сууцаар дипломоо хамгаалсан. Манай багш нар намайг “За, Энхээ хаалга байх газар цонх, цонх гардаг газар хаалга гаргачихав” гэж шоолдог л байсан.

Диплом хамгаалахдаа багшийнхаа нүүрийг улалзуулахгүйг хичээж хүүхдүүдийг дуурайж зурж, тэрийгээ шөнөжин тушдэж аваад л долоо хоногийн өмнөөс Боргой багш дээр очиж бэлтгэж байж хамгаалж төгссөн дөө. УБТЗ, “Замчин" клубтэй би ингэж холбогдсон хүн. Одоо хүртэл 28-29 жил төмөр замдаа, төмөр замчдынхаа уралдаан тэмцээнийг зохион байгуулаад явж байна. Үнэхээр сайхан хамт олон. Улаанбаатар хотод анх ирээд “Октябрийн Энхээ” хэсэг дуудуулсан түүнээс хойш “Замчин”-ы гэдэг овогтой болсон. Спортынхон намайг“Төмөр замын Энхээ” гэдэг. Миний хоёр дахь овог болсон төмөр замдаа хайртай.

Б.Гүнжинлхам
Эх сурвалж: "Ган зам"