Монгол түмний үндэсний их баяр цэнгэл болсон наадам айсуй. Бөхчүүд наадмын бэлтгэлдээ гарч, уяачид морьдынхоо уяа сойлгыг нь тааруулаад ажил ихтэй л байна. Тэгвэл бид энэ л наадмаа нэг дор тэмдэглэдэг байхаар их бүтээн байгуулалтын ажлыг Хүй долоон худагт өрнүүлж байгаа. Өөрөөр хэлбэл, 2013 оноос эхлэн нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн шийдвэрээр тус газарт “Монгол наадам цогцолцор”-ыг бүтээн байгуулах ажил эхэлсэн гэсэн үг. 
 
Түүнээс хойш өнөөдрийг хүртэл тэнд хэд хэдэн бүтээн байгуулалтын ажил хийгдэж байна. Магадгүй ойрын хэдхэн жилийн дараа гэхэд нийслэлийн иргэд улсын баяр наадмаа нэг дор тэмдэглээд зогсохгүй амралт чөлөөт цагаа эрүүл агаарт эко байдлаар өнгөрүүлэх боломжтой амралт зугаалгын цогцолбортой болно.
 
Ер нь Монгол наадам цогцолборт 2040 он гэхэд дэлхийн спортын томоохон тэмцээнийг зохион байгуулах том зорилготойг хэлэх нь зүйтэй болов уу. Тийм ч учраас тэнд спорт, урлагийн томоохон үйл ажиллагааг орчин үеийн түвшинд зохион байгуулах цэнгэлдэх хүрээлэн сүндэрлэнэ гэсэн хэтийн төлөвлөгөө бий.
 
Өнгөрсөн жилээс эхлэн наадамчдынхаа тав тухтай наадах боломжийг хангах үүднээс эко хавтан бүхий таван мянган машины зогсоол бий болгосон. Мөн эрүүл ахуйг хангасан худалдаа, үйлчилгээ явуулах боломж бүхий тохижилтын ажлыг хийсэн байгаа. Монгол наадам цогцолборт амрахаар ирсэн иргэдийнхээ ая тухыг хангах гэр амралт, ширээний теннис, биллъярд, караоке энд бий. Гэхдээ энэ жил хаа сайгүй зуншлага тааруу байгаа тул газрын өнгө гундуухан байна. 
 
Хөгжилтэй зугаатай “Хүүхдийн баяр”-ыг Хуй долоон худагт тэмдэглэв
 
Өнгөрөгч тавдугаар сарын 30, 31 -нд Хүй долоон худаг хүүхэд багачуудын хөлд дарагдсан. Учир нь Монгол наадам цогцолбор “Эх, үрсийн баяр”-ыг Хүй долоон худагт тэмдэглэсэн гэсэн үг. Жилдээ ганцхан өдөр өөрийн бүрэн эрхээ эдэлж тоглож нааддаг багачууд маань нийслэл хотдоо тоотой хэдэн тоглоомын газраа өдөржин дугаарлаад орой нь харьдаг уламжлал манайд тогтоод нилээд хэдэн жилийн нүүрийг үзэж байгаа. 
 
Тиймээс баярын өдрөөр нь багачуудаа ядраахгүй байх үүднээс хотоос зайдуу цэвэр агаарт, машин тэрэгнээс хол айх айдасгүй тоглож наадах нөхцөлөөр нь хангаж өгсөн нь энэ байлаа. Тэд баяраараа хүүхдийн урлагийн тоглолт, унадаг дугуйн уралдаан, өсвөрийн сур харваачдын тэмцээн, өсвөрийн сагсан бөмбөгийн тэмцээн, багачуудын бөхийн барилдаан, амьтны хүрээлэн, нохой тэжээгчдийн цуглаан зэрэг тэмцээн уралдаанд оролцжээ. 
 
Бяцхан хүүхдүүдэд зориулсан зориулалтын тоглоомууд ажиллахаас гадна амттаны худалдаа эрхэлдэг бүхий л байгууллагуудын хямдралтай үзэсгэлэн худалдааг ч тэд орхилгүй зохион байгуулсан билээ.
 
Аюулгүй, зориулалтын зам талбай бүхий дугуйн аялал, амралт, зугаалгын хөтөлбөр зуны туршид хэрэгжинэ
 
Монгол наадам цогцолбороос жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “ЭРҮҮЛ ИРГЭН-ЭКО ХӨГЖИЛ” дугуйн аялал, амралт зугаалгын хөтөлбөр хоёр
дах жилдээ амжилттай хэрэгжиж байна. Монголын дугуйн холбоо болон бусад холбоо, клуб, ТББ-уудтай хамтран зохион байгуулдаг энэхүү төслийн хүрээнд өнгөрсөн жил давхардсан тоогоор 3000 гаруй залуус Хүй долоон худгын цэвэр агаарт аялаж зугаалсан билээ.
 
Тэгвэл энэ жил дээрх тоог хоёр дахин нэмэгдүүлэхээр “ЭРҮҮЛ ИРГЭН-ЭКО ХӨГЖИЛ” хөтөлбөрийн багынхан ажиллаж байна. Нийслэлийн иргэдийн амралтын өдрөөрөө заавал очих газрыг Хүй долоон худаг болгох үүднээс амралтын өдрүүдэд автобусаар үйлчилэх юм байна. 
 
Энэ жил тус байгуулага нь иргэдийнхээ амралт зугаалгыг нэмэгдүүлэх үүднээс морин тойруулга, сонирхогчдын сурын талбай, сагсан бөмбөгийн талбай, элсний талбай, гэр бааз зэрэг олон үйлчилгээг шинээр нэвтрүүлсэн байна. Хүй долоон худагт амарч зугаалангаа дээрх бүх үйлчилгээг хамгийн хямд үнээр авч болно гэдгийг нийслэлийн иргэддээ дуулгахад таатай байна.
 
 
Бурхан шашин соёлын ХҮРЭЭ ЦАМ, ДАНШИГ наадам түүхэн дэнж дээрээ дахин зохиогдоно
 
Монгол ёс заншил, өв уламжлалтай холбоотой соёлын ариун нэгэн сэжим бол нүүдэлчин ахуй соёлтой сүлэлдэж ирсэн Бурханы шашин юм. Монголчууд бид 2000 гаруй жилийн тэртээгээс энэ соёлыг өөрийн амьдрал ахуйдаа нутагшуулж, дэлхийд үнэлэгдэх мэргэдийг төрүүлсэн. Бурханы шашны энэхүү шавхагдашгүй олон талт өв соёлыг сэргээх, уламжлуулах зорилгоор сүм хийдүүдийн лам хуваргуудыг хамруулсан МОНГОЛЫН БУРХАН ШАШИН СОЁЛЫН “СОЁМБО” ИХ НААДАМ нэртэйгээр Өвөрхангай аймаг болон Завхан аймгуудад хоёр удаа амжилттай зохион байгуулагдсан билээ.
 
Тэгвэл энэ удаад морин төвөргөөнд дарагдсан ариун дагшин газар болох Хүй долоон худагт наймдугаар сарын 8-нд зохион байгуулагдахаар болсон байна. Бурхан шашны “Соёмбо” наадам нь хамрах хүрээ өргөн байдаг учраас 21 аймгийн лам хуварга мөн ОХУ-ын Буриад, Халимаг улсын Бурханы шашинтнуудын төлөөлөл оролцож өөрсдийн эрдэм мэдлэг, ур чадвараар өрсөлдөн оролцдог билээ. 
 
Дээрх наадамтай хамтатган монголчууд бидний идээ ундаа болсон “Айрагны баяр” болох юм байна. Нийслэл хотын оршин суугч иргэдэд аймаг бүрийн алдартай айраг цагааг амтлан зооглох эрх эдгээр өдрүүдэд нээгдэж өгнө. Айраг цагаагаараа алдартай бүхий л аймаг сумдууд энэхүү баярт ихээхэн ач холбогдол өгч оролцохоор болсон байна.
 
Зуны оройн задгай талбайн шоу “Хуй долоон худаг”-т анх удаа зохион байгуулагдана
 
Дэлхийн улс орны аль ч хотод брэнд болсон томоохон хэмжээний шоу бол яах аргагүй зуны үдшийн задгай талбайн шоу юм. Дуртай хөгжмөө дуртай DJ-гээрээ тоглуулж хүссэнээрээ бүжиглэх боломжыг Монгол наадам цогцолборын хамт олон “Summer nigth” шоугаараа олгож байна. Долдугаар сарын сүүлээр Хүй долоон худаг ганцхан орой залуусын хөлд дарагдаж 2015 оны зуны супер шоуг хийх юм байна.
 
Дүүргүүд түүхэн ойгоо Монгол наадам цогцолборт тэмдэглэнэ
 
Энэ жил нийслэлийн дөрвөн дүүрэг үүсгэн байгуулагдсан түүхт 50 жилийн ойгоо тэмдэглэнэ. Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг Иргэдийн баяраа тус цогцолборт тэмдэглэсэн. Тэгвэл ирэх долдугаар сарын 18- нд Баянгол дүүрэг түүхт ойгоо Монгол наадам цогцолборт хийх бол түүний дараа мөн Хан-Уул дүүрэг аравдугаар сард 50 жилийн ойгоо Хүй долоон худагт тэмдэглэх ажээ.
 
Монгол наадам цогцолборын бүтээн байгуулалт 2020-30 он гэхэд бүрэн дуусч бид дэлхийн стандартад нийцсэн задгай талбайд “ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДАМ”-аа нэг дор тэмдэглэн өнгөрүүлэх цаг ойртож байна. Бүтээн байгуулалтын ажил дууссаны дараа Хотын дарга болон монгол түмний мөрөөдөл болсон Олимпын их наадмын туг Хүй долоон худагт залрах цаг удахгүй биз ээ. 
 
Жилийн дөрвөн улиралд тогтсон тэмцээн уралдаан амралт чөлөөт цагаа өнгөрүүлэх бааз энэхүү газар сүндэрлэж байгаа нь бидний ирээдүй болсон залуучуудын спортын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа юм.
 
О.Жаргал
Эх сурвалж: