sonin.mn
Зэвсэгт хүчний аварга шалгаруулах гардан тулааны тэмцээн тун онцлогтой явагдаж өндөрлөлөө. Учир нь байлдагч, сонсогч нар ахлагч, офицеруудтай эн тэнцүүхэн өрсөлдөж, шагналт байруудыг “түүсэн” нь спорт сонирхогчдыг баярлуулсан юм. Энэ удаагийн зочноор Зэвсэгт хүчний 029 дүгээр ангийн байлдагч Б.СагытыГ урилаа. Тэрээр 80 кг буюу хүнд жингийн төрөлд тэргүүн байр эзэлсэн юм.
 
Өөрийгөө товч танилцуулна уу?
 
-Намайг Баянмуратын Сагыт гэдэг, айлын дөрөв дэх хүүхэд. Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн. 19 настай. 2018 оны II ээлжээр хугацаат цэргийн албанд татагдаж ирсэн.
 
Гардан тулааны тэмцээнд орох тухай санаа хэзээ төрсөн бэ?
 
-Байлдааны самбо, жүдогийн багш маань ҮБХИС-ийн спорт цогцолборт дасгалжуулагчаар ажилладаг юм. Багш маань Зэвсэгт хүчний аварга шалгаруулах гардан тулааны тэмцээн болох тухай анх надад дуулгасан. Тэгээд л өөрийгөө сориод үзье гээд бэлтгэл сургуулилтдаа гарсан.
 
Өрсөлдөгчид хүчтэй байв уу?
 
-Мэргэжлийн тамирчид гэж хэлж болохоор ахлагч, офицеруудтай өрсөлдсөн. Энэ тэмцээнд өмнө нь түрүүлж байсан тамирчидтай таарч тулалдахад их хүч, ухаан шавхсан, хүндхэн тулаан болсон. Тулалдахаас өмнө сэтгэл зүйн бэлтгэлээ сайн хангасан нь үр дүнгээ өгсөн.
 
Аль тулааныг онцлох вэ?
 
-Зэвсэгт хүчний 330 дугаар ангийн тамирчин, ахлах ахлагч А.Нямгэрэл хамгийн хүчтэй өрсөлдөгч байсан. Түүнтэй маш хүнд тулааныг хийж ялалт байгуулсан. Түүнийг ялах нь надад хамгийн чухал байлаа. Учир нь тэр аль ч зайнаас сайн тулалддаг, гарын ажиллагаа сайтайн дээр барилддаг зэрэг хосолмол ур чадвартай тамирчин байснаараа бусдаас илүү хүчтэй өрсөлдөгч байв.
 
Тэмцээнээс өмнө бэлтгэл сургуулилт хэр жигдэрсэн байсан бэ?
 
-Өглөө, өдөр гэсэн хоёр ээлжээр сар гаруйн хугацаанд бэлтгэл хийсэн. Гардан тулааны хэд хэдэн тэмцээнд оролцож байсан нутгийн найзтайгаа хамт бэлтгэл хийх завшаан бас тохиосон. Ер нь боксын спортоор хичээллэдэг хүмүүстэй бэлтгэл хийсэн нь давуу тал болсон байх.
 
Өмнө нь бие хамгаалах урлагаар хичээллэж байсан уу?
 
-Байлдааны самбо бөхөөр хэсэг хугацаанд хичээллэсэн. Сонинд бичээд байхаар товойх юм байхгүй ээ. Харин энэ удаагийн тэмцээнд хөндийрчихсөн байсан спортын төрлөөрөө том амжилт үзүүлсэндээ баяртай байна.
 
Өөрийн тань тулааны арга барил, онцлог юу вэ?
 
-Цохилт гаргаад даруй хөл авах, хөлд нь суух зэргээр өрсөлдөгчөө унагахыг хичээдэг. Улмаар гарыг нь өчиж, боолт хийнэ. Барилдаж, зууралддаг хүнтэй бол аль болох зайнаас тулалдана. Нөгөө талаараа зайнаас тулалддаг хүнийг өчиж дарах, боож унагах гэх зэргээр өөрсдийнх нь сул талыг ажиглаж өөртөө ашигтай байдлаар тоглолтыг эргүүлэхийг хичээдэг. 
 
Өөрийгөө яаж зоригжуулж, хурцалж байв?
 
-Эхний тулаануудад ялалт байгуулснаас хойш, ахлагч, офицеруудтай эн тэнцүүхэн өрсөлдөж болдог юм байна гэсэн бодол төрсөн шүү. Тэгээд л эхлээд өөрийгөө сорьё гэсэн хүн чинь хүрэл медалийн төлөө тулалдаж улмаар мөнгөн медалийн төлөөх тулалдаанд хүч үзэх болдог юм байна. Тэр үеэс л надад энэ тэмцээнд түрүүлэх боломж байгаа юм байна гэсэн итгэл төрсөн.
 
Танай гэр бүлд цэргийн мэргэжилтэй хүн бий юу? 
 
-Харамсалтай нь байхгүй.
 
Цэрэгт татагдахаас өмнөх болон одоогийн Б.Сагыт хоёрын хооронд ямар ялгаа гарсан гэж бодож байна вэ?
 
-Цэрэг бол цэрэг, дарга бол дарга. Үг даадаг дуулгавартай, хариуцлага хүлээх чадвартай иргэн хүн болж төлөвшиж байгаагаа илүүтэй мэдэрч байна.
 
Ангийн удирдлага, хамт олон нь гардан тулаанд түрүүлсэн байлдагчаа хэрхэн хүлээж авсан бэ?
 
-Сургуулийн захирал 10 хоногийн чөлөө олгохоор болсон. Удахгүй тушаал, шийдвэр нь гарах байх. Тэр үед нь гэртээ очоод баяртай мэдээгээ дуулгана даа. Онжавууд маань надаар их бахархаж байгаа. Тулааны үеэр надад хамгийн их урам зориг өгч байсан хүмүүс нь тэд нар. Дашрамд “Соёмбо” сониноороо уламжлаад надтай мөр зэрэгцэн алба хааж байгаа онжавууддаа баярласан талархсанаа илэрхийлье. Цаашид бид мөнхийн нөхөд байна гэдэгт итгэдэг.
 
Цаашдаа гардан тулааны спортоор тууштай хичээллэе гэж бодож байна уу?
 
-Халагдаад Зэвсэгт хүчинд ажиллах хүсэлтэй байгаа. Гардан тулааны спортоор ч дагнан хичээллэж, өндөр амжилт үзүүлэн алба хааж буй ангийнхаа нэр хүндийг өндөрт өргөнө гэж боддог. Ер нь холимог тулааны төрлийг их сонирхож байгаа.
 
Ялагдах үед ямар мэдрэмж төрдөг вэ, зарим хүн ялагдлаас их зүйл сурдаг гэдэг дээ...
 
-Ялагдах мэдрэмжид дуртай хүн гэж байхгүй. Хүн гүйж сурахаасаа өмнө алхаж сурах хэрэгтэй гэдэг шиг ялахын тулд эхлээд ялагдаж сурах нь тамирчин хүнд зайлшгүй байх чанар гэж би боддог. Таны хэлдэг ч зөв. Ялагдсаныхаа дараа хүн өөрийгөө илүү хурцалж, алдаанаасаа суралцдаг юм билээ. Өсвөр үеийн самбо, жүдогийн аварга шалгаруулах тэмцээнд оролцоод хоосон хоцорч байсан үе бий. Илүү их хичээж, илүү их хөлс урсгаж байж ялалтын тавцанд зогсдог гэдгийг тэр үеэс л ойлгосон доо.
 
Ярилцсанд баярлалаа, дараа илүү их амжилттай эргэж уулзана гэдэгт итгэлтэй байна.
 
Ц.Энх-Оргил
Эх сурвалж: "Соёмбо" сонин