sonin.mn

Монголчууд бид сүүлийн жилүүдэд “100 жил”-ийн ойн баяраар нийгмээ долгилуулсан нь нэг талаар бахархал төрүүлэм ч, нөгөө талаар түүхэн ойлголт, он тооллын будилаан ихтэй байсаар байна. Ялангуяа аймаг, сумдын 100 жилийн ой нэртэй тэмдэглэлт үйл явдлууд үнэн хэрэгтээ юуг, хэдэн жилийн ойг тэмдэглэж байгаагаа ч яг таг ялгаж чадахгүй хэмжээнд хүрчээ. Үүний нэг тод жишээ бол Увс аймгийн 100 жилийн ой.


Энэ жил Увс аймгийн удирдлагууд “аймгийн 100 жилийн ой”-г тэмдэглэх гэж байгаа нь үнэндээ бодит түүхийн баримтаас зөрүүтэй байна.


Түүх сөхвөл, өнөөгийн Увс аймаг бол 1932 оны арванхоёрдугаар сарын 30-нд БНМАУ-ын СнЗ-ийн шийдвэрээр байгуулагдсан. Түүнээс өмнө, 1931 оны хоёрдугаар сарын 7-ны Улсын Бага Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолоор байгуулагдсан Дөрвөд аймаг нь Увсын суурь болж байсан. 


Тэгэхээр яг нарийн тооцоолбол:


Чандмань уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой бол энэ жил тохиож байгаа нь үнэн.


Харин Дөрвөд аймаг байгуулагдсаны 94 жил,

Увс аймаг нэртэйгээр байгуулагдсаны 93 жилийн ой тохиож байна.


Ийм байтал “Увс аймгийн 100 жилийн ой” хэмээн зарлаж, тэмдэглэх гэж байгаа нь түүхэн баримтыг гуйвуулж байгаа хэрэг бус уу?


Монгол Улсад аймаг, хошууны нэршлийг уул, усны нэрээр өөрчилсөн түүхэн шийдвэрийг Ардын Засгийн газар 1923 онд гаргасан. Үүний улмаас Богдын үеийн Түшээт хан, Сэцэн хан, Засагт хан, Сайн ноён хан зэрэг аймгуудыг уул, хайрхдын нэрээр солих эхлэл тавигдсан бөгөөд энэ үйл явц бүрэн хэрэгжиж ч амжаагүй байхад 1924 онд анхны Үндсэн хууль батлагдаж, шинэ төрийн бүтцийн эхлэл тавигдсан билээ. Энэ шийдвэрийн хүрээнд хошуудыг ч бас нутгийнхаа байгалийн нэрээр нэрлэх болсон.


Харин 1931 онд социалист засаг захиргааны шинэчлэл нэрийн дор улс 13 аймагт хуваагдаж, дараа дараагийн өөрчлөлтүүд хийгдсээр өнөөдрийн 21 аймагт хүрсэн юм. Энэ түүхэн үйл явцын дунд Дөрвөд аймаг байгуулагдаж, 1932 онд Увс нэртэй болсон билээ.


Тэгэхээр өнөөдөр “Увс аймгийн 100 жил” гэж нэрлэх нь зүгээр л 1925 онд байгуулсан Чандмань уулын аймгийн ойг түрүүлж өөртөө наах гэсэн үйлдэл болж хувирч байгаа юм. Чандмань уулын аймаг нь тухайн үед Баруун Монголд хамаарах Дөрвөдийн хоёр аймгийг нэгтгэх замаар үүссэн шинэ нэгж байсан ч, шууд өнөөгийн Увсын түүх гэж шууд ойлгох боломжгүй.


Тэр тусмаа 1932 онд л “Увс” нэрийг авсан нь түүхэн бодит баримт.


Ой тэмдэглэх нь тухайн орон нутгийн түүх, соёл, уламжлалаа дурсах чухал мөч мөн. Гэхдээ түүхийг гуйвуулах, он тоог “түрүүлж тэмдэглэх” байдлаар ойлгуулж, иргэдийг төөрөгдүүлэх нь бусад нутгийн жишигт ч сөргөөр нөлөөлнө. Энэ жил “Увс аймгийн 100 жил” гэж сурталчлах нь сайхан нэрэн доорх “түүхэн гажуудал” төдий зүйл болохыг хэн нэгэн хэлж явах л ёстой болов уу.


Э.Солонго