
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр /2025.07.09/ дахин хуралдаж, Бүсчилсэн хөгжлийн болон Ёс зүйн дэд хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцэв.
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Бат-Эрдэнэ Дэд хороодын даргад нэр дэвшигчдийн талаар танилцуулав.
Бүсчилсэн хөгжлийн дэд хорооны даргад УИХ-ын гишүүн М.Бадамсүрэнг нэр дэвшүүлжээ. М.Бадамсүрэн нь 1978 онд төрсөн эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг. Тэрбээр 1996 онд Дорнод аймгийн Чойбалсан хотын 1 дүгээр сургууль, 2000 онд ШУТИС-ийг газрын тосны инженер мэргэжлээр, 2015 онд Удирдлагын академийг төрийн захиргааны менежментийн чиглэлээр суралцан төгсч, 2020 онд ШУТИС-д техникийн ухааны магистрын зэрэг хамгаалсан, тус сургуулийн профессор юм байна. М.Бадамсүрэн нь 2001-2002 онд Дорнод аймаг дахь Нефть хангамжийн газрын түгээгч, эрхлэгч, 2007-2009 онд “Магнай трейд” ХХК-ийн салбарын дарга, 2009-2012 онд Дорнод аймгийн МАН-ын хорооны дэд дарга, 2012 оноос Дорнод аймгийн МАН-ын хорооны дарга, 2014-2015 онд Дорнод аймгийн Засаг даргын орлогч, 2015-2024 онд Дорнод аймгийн Засаг даргаар ажиллаж байгаад 2024 онд УИХ-ын гишүүнээр сонгогдсон юм. УИХ-ын гишүүн М.Бадамсүрэнгийн УИХ-д сонгогдон ажилласан туршлага, төрийн ажлын мэдлэг, ур чадварыг харгалзан УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны харьяа Бүсчилсэн хөгжлийн дэд хорооны даргад нэр дэвшүүлжээ.
Ёс зүйн дэд хорооны даргад УИХ-ын гишүүн Б.Баярбаатарыг нэр дэвшүүлсэн байна. Нэр дэвшигч Б.Баярбаатар нь 1998 онд нийслэлийн ерөнхий боловсролын 48 дугаар сургууль, 2003 онд “Шихихутаг” хууль зүйн дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгсч, 2021 онд тус сургуульд Хууль зүйн ухааны магистрын зэрэг хамгаалсан байна. 2022 оноос МУИС-д Улс төрийн судлалын докторантаар суралцаж буй аж.
2003-2004 онд УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргын туслах, 2004-2006 онд УИХ-ын дэд даргын шадар туслах, 2006-2008 онд УИХ-ын даргын шадар туслах, 2008-2011 онд УИХ дахь МАН-ын бүлгийн ажлын албаны ахлах референт, 2011-2016 онд МАН-ын Удирдах зөвлөлийн хэрэг эрхлэх газар, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга, Намын байгуулалтын хэлтэст улс төрийн ахлах ажилтан, 2016-2020 онд МАН-ын Удирдах зөвлөлийн ажлын алба, Намын байгуулалтын газрын дарга, 2020 оноос МАН-ын Хяналтын ерөнхий хорооны дарга, 2024 онд УИХ-ын гишүүнээр сонгогдон, 2024-2025 онд УИХ-ын Ёс зүй, дэгийн байнгын хорооны даргаар ажиллажээ. Түүний УИХ-д сонгогдон ажилласан туршлага, төрийн ажлын мэдлэг, ур чадварыг харгалзан УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны харьяа Ёс зүйн дэд хорооны даргад нэр дэвшүүлж буйг УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Бат-Эрдэнэ тодотгосон.
Нэр дэвшигчдээс асуулт асууж, санал хэлэх гишүүн гараагүй бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Дэд хорооны даргад нэр дэвшигчдийг дэмжиж буйгаа илэрхийлж, Дэд хорооны дарга нарыг сонгох тухай Байнгын хорооны тогтоолын төслийг баталлаа.
Сэтгэгдэл0