sonin.mn

ТОКИО, 2025 оны долоодугаар сарын /SCMP/. Японы нэгэн компани хүмүүсийн “тархины долгионыг худалдан авч”, урлагийн бүтээл болгон хувиргаж байгаа тухай “South China Morning Post” сонинд мэдээлжээ. Энэхүү компани хүмүүсийн дотоод бодол, сэтгэл хөдлөлийг орчин үеийн урлагийн бүтээл болгон хувиргахыг санал болгосноор цахим орчинд ихээхэн анхаарал татжээ. Улмаар Токио хотод байрлах “BWTC Metaverse Store” дэлгүүрээрээ дамжуулан эдгээр бүтээлийг худалдаалах юм.


Тус компани урлагийг бүтээх тухай уламжлалт ойлголтуудыг эвдэж, тархины долгионы өгөгдөл нь зөвхөн шинжлэх ухааны графикаар хязгаарлагдахгүй, харин түүнийг урлагийн шинэ хэлбэр болгон ашиглаж болохыг харуулахыг зорьж байгаа ажээ. Ердөө 100 секундийн хугацаанд тархины долгионоо хуулбарлуулах оролцогчид 1000 иен авах боломжтой. Үүний тулд оролцогчид тусгай төхөөрөмж зүүх бөгөөд тархины өвөрмөц үйл ажиллагааг бүртгэж, агшин зуурт хувь хүнд зориулсан урлагийн бүтээл болгон хувиргадаг байна. 

Бүтээлийн үнийг гоо зүйн үнэ цэн, тархины долгионы хэлбэлзлийн давтагдашгүй байдал, мөн скан хийх үеийн оролцогчийн сэтгэл зүйн байдлаас хамаарч тогтоодог ажээ. Жишээлбэл, трамвайны бичлэг үзэж байсан нэг оролцогчийн бүтээл 13 900 иенээр үнэлэгдсэн бол хоолны талаар бодож байсан өөр нэг оролцогчийн бүтээл 7 810 иенээр үнэлэгджээ. 


“Бид тархины долгионы өгөгдлийг зураг болгон хувиргаж, бүтээл бүрд үнэ тогтоодог. Цаашдаа эдгээр урлагийн бүтээлийг үзэсгэлэнд тавьж, худалдаанд гаргана” хэмээн BWTC-ийн багийнхан мэдэгджээ.



Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг