
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Бүгд Найрамдах Солонгос Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Чой Жин Вон-ыг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Монгол Улс, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ой энэ жил тохиож байна. Цаашид урт хугацаанд “Стратегийн түншлэл”-д суурилсан хоёр улсын харилцааг шинэ түвшинд гаргахад БНСУ-ын Элчин сайдыг хамтран ажиллахыг хүслээ.
Ерөнхий Г.Занданшатар БНСУ манай чухал гуравдагч хөрш төдийгүй хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжийн төсөл, хөтөлбөрүүд нь Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал хувь нэмэр оруулж ирснийг тэмдэглэлээ.
Тэрбээр Элчин сайд Чой Жин Вонд хандан гурван асуудлыг онцлон хүслээ. Тодруулбал,
10 аймагт нэн хөнгөлөлттэй зээлээр барих “Төвийн дулааны станц байгуулах” төсөл 10 гаруй жил гацсан. Энэ төслийг эрчимжүүлэх, тулгараад буй саад бэрхшээлийг цаг алдалгүй шийдвэрлэн шинэ гүйцэтгэгч компанийг сонгон шалгаруулахад Элчин сайдын зүгээс онцгойлон анхаарч ажиллахыг хүсэв. Мөн бизнес эрхлэгч, аж ахуйн нэгжүүдэд зах зээл, бизнесийн өргөн боломж нээх Монгол, Солонгосын “Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр”-ийн яриа хэлэлцээг үргэлжлүүлж, харилцан үр өгөөжтэй хэлэлцээр байгуулах талаар хамтран ажиллахыг хүссэн юм. Түүнчлэн ховор металын судалгааны төв байгуулах асуудлыг идэвхжүүлэх санал хүсэлтээ илэрхийллээ.
Монгол Улсын иргэдийн зорчих нөхцөлийг сайжруулах, Монголдоо эргэн ирж ажиллаж, амьдрах боломж бүрдүүлэх талаар хоёр санал солилцлоо. Талууд түншлэлийн чухал багана болох харилцан үр өгөөжтэй худалдаа, эдийн засгийн харилцааг эрчимжүүлэх, Солонгосоос хөрөнгө оруулалт, техник технологи, ноу-хауг Монголд нэвтрүүлэх талаар ярилцаж, бүс нутаг, олон улсын талбарт нэгдмэл зорилгын төлөөх хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхийн төлөө буйгаа нотлов.
Сэтгэгдэл1
ардын намын гахай хоншоорт авлигачин мангас.