
НЬЮ-ЙОРК, 2025 оны долоодугаар сарын 9 /TASS/. АНУ-ын Техас муж улсад болсон үерийн улмаас 109 хүн амиа алдаж, 161 хүн сураггүй болсон тухай муж улсын захирагч Грег Эбботт мэдээлжээ.
Сураггүй алга болсонд тооцогдож буй хүмүүсийн тав нь зуны зусланд амарч байсан хүүхдүүд, нэг нь зуслангийн ажилтан ажээ. “Энэ тоо цаашид нэмэгдэж магадгүй” гэдгийг Эбботт хэлсэн байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп үерт нэрвэгдсэн муж улсад долоодугаар сарын 11-нд очихоор төлөвлөж байгаага мэдэгдсэн байна. Тэрбээр долоодугаар сарын 6-нд Керр тойрогт онцгой байдал зарласан юм. АНУ-ын засгийн газар үерийн уршгийг арилгахад муж улсын албадтай хамтран ажиллаж, дэмжлэг үзүүлж байгааг Д.Трамп мэдэгджээ.
Техасын оршин суугчид гамшиг болох гэж байгааг урьдчилан анхааруулсан сэрэмжлүүлэг хүлээж аваагүй гэж Америкийн хэвлэлүүд мэдээлжээ. Харин Цагаан ордон энэ талаар тайлбар хийхдээ Үндэсний цаг уурын алба үерийн аюулын талаар цаг тухайд нь сэрэмжлүүлэг өгсөн гэж мэдэгдсэн байна.
Ийм хэмжээний гамшиг дагуулсан үер хамгийн сүүлд АНУ-д өнгөрсөн оны есдүгээр сард болсон юм. Тэр үед хар салхины улмаас Флорида, Жоржиа, Хойд ба Өмнөд Каролина муж улсуудад гол мөрнүүд эргээсээ хальж, 230 гаруй хүн амиа алджээ.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл1
Тэнгэр хилөгнэж