Глобал удирдагч их сургуулийн Ахисан түвшний сургуулийн захирал, доктор (Ph.D), профессор Д.Нармандахыг “Эрдэмтний үг” буландаа урьж ярилцлаа. Тэрээр эрдэм шинжилгээ, их сургуулийн байгууллагад 41 дэх жилдээ ажиллаж байгаа багш юм. “Монгол, англи хэлэнд талархал илэрхийлэх нь” сэдвээр докторын зэрэг хамгаалсан. Тэр ч утгаараа нийгмийн харилцааны асуудалд анхаарал хандуулж явдаг эрдэмтэн билээ. Эрдэмтэн, судлаач хүн нийгмийн эмзэг цэгийг оношилж, түүнийгээ олон нийтэд зоригтойгоор хүргэж байх нь "сэхээтний үүрэг" гэж боддог гэх түүний яриа манай өнөөдрийн нийгэмд талархлын тухай, түүний ач холбогдол, үр дагавар, нийгмийн харилцааны зөв төлөвшлийн талаар өрнөсөн юм.
Хамгийн энгийн, хамгийн хүчтэй "зэвсэг" бол Талархах хэлэхүйн үйлдэл юм
-Таны судалгааны ажил болох талархлын тухай ярилцлагаа эхлүүлэх үү?
-Би талархал гэх зүйлийг драгматик хэл шинжлэлийн үүднээс талархал нь хэлэхүйн үйлдэл талаас нь судалсан. Талархал нь ёс суртахууны категори, нийгэм соёлын харилцааны нэгэн чухал элемент болохын нь хувьд, хүн судлал, биологи, ёс суртахууны философи, анагаах ухаан, сэтгэл судлал, хэл шинжлэл, шашин судлал, соёл судлалын гээд шинжлэх ухааны олон салбарт сонирхон судалж байна. Хэл шинжлэлийн онолын үүднээс “Талархал гэдэг нь тухайн хүнд харилцагчаас нь ач тустай сайн үйлс хийснийх нь төлөө баярласан, талархсан, сайшаасан эерэг үнэлэмж, хандлага, сэтгэлээ илэрхийлэх, эелдэг, нөхөрсөг нийгмийн уур амьсгал буй болгох иллокуци зорилго бүхий хэлэхүйн үйлдэл юм.
Талархал нь мөн хүмүүсийн хооронд харилцаа тогтоох, түүнийг зохих түвшинд үргэлжлүүлэх, зохицуулах, эелдэг тааламжтай нөхцөл бүрдүүлэх, эерэг сэтгэлийн хөдөлгөөн, сэтгэгдлээ илэрхийлэх нийгмийн үндсэн үүрэг бүхий хэл ярианы этикетийн нэг хэлбэр” хэмээн үзэж байна.
Талархал нь амьдрал, үйл ажиллагаанд зан үйлийн нийтээр хүлээн зөвшөөрч мөрдлөг болгон хэвшиж тогтсон нийгмийн амьдралын олон талт үйл ажиллагааг зохицуулах үүрэг бүхий нийтлэг үзэгдэл юм. Бид өнөөдөр нийгэм маш хатуу ширүүн байна, хүмүүс бие биедээ хүлээцгүй байна гэж ярьдаг. Гэтэл энэ бүхнийг зөөлөн хүчээр эмчлэх хамгийн энгийн, хамгийн хүчтэй "зэвсэг" бол Талархах хэлэхүйн үйлдэл юм. Энэ бол зөвхөн "Баярлалаа" гэж хэлэх төдий биш, хүнийг хүлээн зөвшөөрөх, нийгмийн харилцааг зөөлрүүлэх соёлын том үйлдэл. "Талархал" нь зөөлөн хүч болж байна. Тиймээс талархал гэдэг зүйл нийгмийн харилцаанд орж буй бүх л насны хүмүүсийн мэдэж, нийтээр даган мөрдөх эрхэмлэх зүйл байдаг.
-Та Монголд анх удаа "Талархлын хэлэхүй үйлдэл"-ийг Америк болон Монгол соёлын жишээн дээр харьцуулан судалсан хүн. Хоёр нийгмийн хувьд ялгаатай л байдаг байхдаа?
-Америкчууд талархлаа шууд, “Thank you”гэх "Перформатив" үгээр илэрхийлдэг бол монголчуудын хувьд биеийн хэлэмжээр илэрхийлэх талархал давамгайлдаг. Хэлэхүйн үйлдлийн онолын үүднээс үүнийг Перформатив талархал гэж нэрлэдэг. Жишээ нь, монголчууд хүүхдийнхээ толгойг илэх, үнэрлэх, өхөөрдөн харах, гарыг нь атгах зэргээр "Баярлалаа" гэх перформативтай ижил гэх утгыг дамжуулдаг байна. Талархах ёс, эерэг зан үйлийг бага наснаас нь улс орон бүр хийж хэвшүүлэх нь чухал.
Монголчууд талархах нандин ёс заншилтай ард түмэн. Бидний үеийнхэн буюу 1960, 1970-аад оныхны хувьд хүмүүжил огт өөр байлаа. Бидний ээжүүд амарчхаад 45-хан хоног болоод л ажилдаа ордог, бөөрөнхий гэр дотроо 6-8 хүүхэд бужигнаж, томчууд нь багачуудаа хардаг тэр "хамтын хариуцлага"-д бид өссөн.
Талархах гэдэг нь бие биедээ талархууштай зүйл үйлдэж түүнийгээ үгээр болон биеийн хэлэмжээр илэрхийлж байхыг л хэлээд байгаа юм. Жишээ нь, социализмын үеийн хүүхдийн дуунд сүүтэй бидонтой айлын эмээтэй тааралдаад зам хөндлөн гаргаж өгч байгаа хүүгийн тухай гардаг. “…Хөөрхий эмээ ядраад хөлс нь бурзайж харагдана. Сайн сэтгэлээр тусалъя гээд савтай сүүнээс нь дамжиллаа”, тэгээд цааш гаргаж өгсний дараа эмээ хүүд талархан баярлаж ерөөж байгаа үг хэллэг зэрэгт талархлын утга, агуулга гүн гүнзгий тусгагдан шингэсэн байдаг. Энэ бол тэр үеийнхний уран зохиол урлаг соёлоороо хүртэл хойч үеэ хүмүүжүүлж байсны тод жишээ юм. Дани улсад хүүхдийг 6-16 нас хүртэл нь "Эмпати" буюу бусдын мэдрэмжийг ойлгох хичээлийг системтэй заадаг. Долоо хоног бүр нэг цагийг тойрч сууж байгаад нэг нэгнийхээ асуудлыг шүүмжлэхгүйгээр сонсож, хамтын бялуу хувааж идэнгээ талархаж сурдаг. Япон улсад бол хүүхэд бүр хоол идэхийнхээ өмнө "Итадакимас" буюу "Амь болоод хөдөлмөрөө зориулсан бүх зүйлд талархаж хүлээн авъя" гэж хэлж сурдаг. Еврей ээжүүд хүүхдийнхээ асуулт нэг бүрийг үнэ цэнтэй гэж үзэж "Чи яаж ийм гоё асуулт асууж чадав аа?" гэж талархдаг.
Эндээс дэлхийн сод хүмүүс, Нобелийн шагналтнуудын ихэнх нь еврей байдгийн нууц харагдаж байна. Талархах ёс, эерэг зан үйлийг багачуудад хэвшүүлдэг сайхан жишээнүүд олон бий. Тухайлбал, япончууд хүүхдээ багаас нь "Meiwaku" (Мэйваку) буюу "Бусдад төвөг удахгүй байх" гэсэн зарчмаар хүмүүжүүлдэг.
Энэ нь манай монголчуудын "бусдыг хүндэтгэх", "өөрийнхөө дураар бус, орчин тойрноо мэдрэх" ухаантай тун төстэй. Япон улсад хүүхдийг 10 нас хүртэл нь мэдлэгээр бөмбөгдөхөөс илүүтэй "биеэ зөв авч явах", "бусадтай эелдэг харилцах" чадварт сургадаг. Сургуулийн хүүхдүүд өөрсдөө анги танхимаа цэвэрлэж, хоолоо аягалдаг. Энэ нь хөдөлмөрийн үнэ цэнэ, бусдын ажлыг хүндэтгэх сэтгэлгээг суулгаж буй нэг том илрэл болж байна. Скандинавын орнуудаас Дани, Финланд гэх зэрэг орнуудад "Хюгге" буюу сэтгэл зүйн амар амгаланг эрхэмлэдэг үзэл баримтлалтай. Эдгээр улсуудад хүүхэд хүмүүжлийн гол гогцоо нь Эмпати буюу бусдыг өрөвдөх, ойлгох чадвар олгох явдал байна. Дани улсын сургуулиудад 1993 оноос хойш 6-16 хүртэл Эмпатийн хичээл буюу "Бусдыг ойлгох" хичээл ордог болсон. Хүүхдүүд долоо хоног бүр нэг цагийг "Ангийн цаг" нэрээр Эмпатид зориулдаг. Энэ цагаар сурагчид тойрч сууж байгаад ангид үүссэн асуудал, хэн нэгний сэтгэл зовсон асуудал эсвэл нөхөрлөлийн тухай чөлөөтэй ярилцдаг. Бусдыг шүүмжлэхгүйгээр сонсох нь энэ хичээлийн алтан дүрэм. Дани хүүхдүүд энэ хичээлээрээ ихэвчлэн гэрээсээ авчирсан бялуугаа хувааж идэнгээ ярилцдаг. Энэ нь амар амгалан, тухтай орчныг бүрдүүлж, бие биедээ нээлттэй байх боломжийг олгодог. Энэ нь манайхны "айраг цагаагаа хувааж уунгаа хөөрөлддөг" нүүдэлчдийн найрсаг соёлтой төстэй хэлбэр юм.
Хэрэв ангид хүүхдүүд хоорондоо маргалдсан бол багш нь хэн нэгнийг шийтгэхээс илүүтэйгээр "Яагаад ийм зүйл болов?", "Дахиж ийм зүйл гаргахгүйн тулд бид яах ёстой вэ?" гэдэг дээр анхаарч, хүүхдүүдээр өөрсдөөр нь шийдэл гаргуулдаг байна.
Даничууд аз жаргалаараа дэлхийд тэргүүлдэг нууц нь ердөө зургаан настайгаас нь эхлэн бусдын зовлон, баяр баясгаланг хуваалцаж сургадагт оршдог. Манай уламжлалт хүмүүжилд энэ чанар байсан учраас бид эргээд үүнийгээ сэргээх хэрэгтэй. Дани улсын боловсролын систем болон хүүхэд хүмүүжүүлэх арга барил нь дэлхий дахинд "Аз жаргалтай иргэнийг бэлтгэх стандарт" гэж үнэлэгддэг. Тэд хүүхдийг сурлагын дүнгээр бус, бие хүн болж төлөвших чадвараар нь дүгнэдэгт гол нууц нь оршдог.
Талархах соёлдоо эргэн очих ёстой
-Та өнөөдөр нийгэмд нүүрлээд буй ёс зүйн доройтол, тэр дундаа ахмад үеэ хүндэтгэх уламжлалт соёл алдагдаж буй талаар хөндөж байна. Энэ асуудал таны судалгааны ажил болох талархлын соёлтой хэрхэн холбогдож байна вэ?
-1960-1970-аад оны үед хөдөлмөрийн хүнийг алдаршуулж, "гавшгайч" гэж хүндэлж алдаршуулсан нийгмээрээ талархдаг идиал (үлгэр дуурайлал) байлаа. Өнөөдрийн Монголын нийгэмд энэ чанар бараг байхгүй болсон. Нийгэмд хэн чанга дуугарсан, хэн бусдыг илүү хурц шүүмжилсэн нь баатар шиг харагддаг болж. Одоо бол аливаад амжилт олоогүй хүн бусдын хийснийг үгүйсгэж, талцуулж, түүгээрээ нийгэмд "од" болохыг хичээдэг болж.
"Би-төвт" үзэл газар авч, бусдын хөдөлмөрт талархах сэтгэлгүй болсноос нийгэм тэр чигтээ хорсолтой болж байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр эрдэмтэн мэргэд, ахмадуудын үг эфирт олдохоо байж, мөнгөтэй, сенсац хөөсөн хүмүүс эфирийг худалдаж авч байна.
Бид "Алсын хараа-2050" гэж ирээдүйг ярьдаг ч, яг үнэндээ ойрын харилцаан дээрээ ёс зүйн сүйрэлд орчхоод байна. Монголчууд бид хэзээ ч ахмад хүний дээгүүр алхдаггүй, төрийн болон эрдмийн хүнийг суудлаар нь ялгаварладаггүй ард түмэн байсан. Гэтэл саяхан нэгэн томоохон үйл ажиллагааны үеэр ахмад эрдэмтэн хүнийг яг үүдний дэргэдэх ширээнд суулгаж байхыг хараад би маш их эмзэглэлээ. Тэнд 100 гаруй хүн байсан. Гэвч хэн ч үүнийг гайхаж, эсэргүүцсэнгүй. Энэ бол манай нийгэм "мэдрэмжгүй" болсны, ахмадыг хүндлэх ёс зүй бүрэн устаж буйн том баталгаа.
-Тэгвэл энэ бүхнийг засахын тулд бид хаанаас эхлэх ёстой вэ. Зөвхөн бодлогын бичиг баримт хангалтгүй гэж та хэллээ?
-Бид тогтож заншсан уламжлалт үйл хөдлөл, зан заншлаар илэрхийлдэг байсан талархах соёлдоо эргэн очих ёстой. Манайд бол "Баярлалаа" гэж хэлж заншихын хажуугаар ахмадынхаа өмнө толгой бөхийх, үгийг нь сонсох, суудлаа тавьж өгөх тэр "амьд" ёс зүй хэрэгтэй байна. Төр нийгэм нь дээрээсээ үлгэр дуурайлал үзүүлэхгүй бол, хэвлэл мэдээлэл нь зөвхөн сенсац, мөнгөтэй хүнийг эфирт гаргаад байвал эрдэмтэн хүний үг хана мөргөөд л буцаад байна шүү дээ.
Ниргэсэн хойно нь биш, ниргэхээс нь өмнө бид хүүхэд хүмүүжил, ёс зүйн асуудлаа ярихгүй бол ирээдүйд бидэнд хүндлэл үлдэхгүй.
-Та Дани болон Скандинавын орнуудын хүүхэд хүмүүжлийн "Эмпати" буюу бусдыг ойлгох хичээлийг зургаан настайгаас нь сургадаг гэлээ. Манайд энэ соёл ямар түвшинд байна вэ?
-Бид дэлхийн жишээг харахаас өмнө өөрсдийнхөө гээгдсэн өвийг нэг харах ёстой. Монголчууд уг нь маш уужуу тайван, "учрыг олж байж дугардаг" асар том соёлтой ард түмэн. Бидний судалгаагаар монгол хүний талархал бол зөвхөн "Баярлалаа" гэх үг биш, харин хүүхдийнхээ толгойг илэх, үнэрлэх, хайрын нүдээр харах зэрэг "Биеийн хэлэмж"-ээр дамждаг асар гүн гүнзгий перформатив үйлдэл байсан. Гэтэл өнөөдөр нийгмийн харилцаа маш хатуу ширүүн, хүлээцгүй болж байна. Бид уламжлалт тэрхүү "зөөлөн" харилцаагаа гээж, харин өрнөдийн тэрхүү системтэй "Эмпати"-г нь сурч амжаагүй, нэг ёсондоо ёс зүйн завсардал дунд орчхоод байна.
-Төрийн өндөр албан тушаалтнуудын "Зөвлөх" гэх институцийн талаар та шүүмжлэлтэй ханддаг. Энэ нь ахмад үеийн үнэлэмжтэй яаж холбогдох вэ?
-Өнөөдөр төрийн "Зөвлөх" гэдэг албан тушаал ч үнэ цэнээ алдлаа. Салбарынхаа халуун хүйтнийг үзсэн ахмадууд зөвлөхийн суудалд сууж, ниргэсэн хойно нь биш ниргэхээс өмнө "хашхирах"ёстой. Гэтэл одоо төр засгийн зөвлөхүүд нь хэл хазсан охид, үс гялтгануулсан туршлагагүй залуус болон хувирчээ. Тэд яаж зөвлөдөг юм бол гэж гайхдаг. Энэ нь өөрөө ахмад үеийнхээ туршлага, үнэ цэнийг төр засаг нь үнэлэхгүй байгаагийн илрэл. Бид залуу үеийг үгүйсгээгүй, гэхдээ үндэснийхээ уламжлалт хүндэтгэлийг орчин үеийн шинжлэх ухаантай хослуулж, ахмад үеийнхээ "мэлмий"-г ашиглаж байж бид хожно. Бид өнөөдөр дэргэдээ байгаа хүндээ талархаж, хүндэтгэх зэргээр "Ойрын соёл"-оос л хүмүүжлийг эхлэх ёстой. Талархаж мэддэггүй нийгэмд талцал л үлддэг.
-Гэхдээ нийгэм ийм хэцүү, авлигад идэгдсэн, цалин мөнгө нь хүрэхгүй байхад талархах, уужуу байх тухай ярих нь өрөөсгөл онол биш үү?
-Маш зөв. Бид судалгаандаа зөвхөн хэлний нэгжийг биш, түүнийг төрүүлж буй орчныг заавал авч үздэг. Хүн яагаад өнөөдөр "хүлээцгүй" болоод байна вэ гэдэг асуултад хариулт нь тодорхой.
Монгол Улсын дэлхийд хавдраар тэргүүлж буй эрүүл мэндийн систем, татварын дарамтад туйлдаж буй бизнес эрхлэгчид, тэтгэвэр нь хаанаа ч хүрдэггүй ахмадууд, ачаалалдаа дарагдсан багш, эмч нарын бухимдал нь эргээд нийгмийн харилцааны "хэлэмж" болж гарч ирж байгаа юм.
Төр рүү шургалсан авлигачдын бүхэл бүтэн арми нийгмийн баялгийг хулгайлж байхад жирийн иргэн хүнээс "эмпати" буюу бусдыг ойлгох сэтгэл шаардах нь хэцүү. Гэхдээ бидний аюул нь төр засгийн энэ ялзрал эргээд бидний гэр бүл, хүүхэд хүмүүжлийн "зөөлөн" соёлыг хамт устгаж байгаад л харамсал оршиж байна. Дээдэс нь авлигадаа идэгдэхээр доодос нь ёс зүйгээ гээж, нийгэм тэр чигтээ "амьд үлдэхийн төлөөх тэмцэл" (survival mode) рүү шилжиж, хүн хүндээ чоно болох тийм л дүр зураг харагдаж байна.
Эрдэм мэдлэг гэдэг нь зөвхөн толгойд байдаг зүйл биш, зүрхэнд оршиж үйлдлээр илэрдэг соёл юм. Монгол түмний маань өрх бүрийн үүднээс хүндэтгэл, талархлын дулаан уур амьсгал цацарч, ахмад үеэ дээдэлж, залуу үеэ хайрлан энэрдэг тэр сайхан уламжлалт ёс маань эргэн сэргэх болтугай.
Ирээдүй хойч маань эрдэм номтой ч, хүнлэг зөөлөн сэтгэлтэй, талархаж мэддэг зөв иргэд болон төлөвших болтугай. Монгол хүн бүр сэтгэлийн амар амгаланг олж, төр улс минь авилгаас ангид, ёс зүйн тунгалаг орчинтой болохын төлөө бид хамтдаа хичээх болтугай. Та бүхэндээ сайн сайхан бүхнийг ерөөе!
Х.МОНГОЛХАТАН
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Ням - 05 сарын 17,
2026
Сэтгэгдэл48
Болтугай бишээ. Ийм зөөлөн аргаар засагдахгүй. Авилга авсан нь тодорхой байна. Ийм бага тэтгэвэрээр амьдарч яагаад хүрэхгүй. Үр хүүхэд нь тэр бага тэтгэвэрээс зулгаачихаад хээв нэг явж байна. Ахмадууд бие хаана нь их өвддөг элдэв зардал байхгүй ч одоогийн тэтгэвэр 10 дахин дутаж байна. Үүнийг олж амьд үлдэхийн тулд залуу насандаа ажиллаж байснаас хэд дахин их хөдөлмөрлөж байна. Үр хүүхэд нь тус дэм болдог гэр бүлийг олж харсангүй.
Хаана ямар ийм сургууль бдг юм бол?!
Ёстой шааж өгч байнааа хүн тэгээд өөрийн заяасан хэмжээндээ тааруулж ойлгож ухаарах юм даа эрдэмтэн гэдэг үг хүртэл буруу хүмүүс дээрээ хэрэглэгдэж байх шиг ийм байхаар яаж учираа олох вэ дээ.
Сайхан ярилцлага болжээ. Бас л талархмаар эрдэмтэн хүн дээ. Багшийнхаа эрдмийн ажилд нь улам их амжмилт хүсье.
Төбрийн эрхэнд гарсан буруу хүмүүс их талцуулах юм. Элбэгдорж, Баттулга, Хүрэлсүх гээд..
Харин ч эсрэгээрээ талцаж бутарсан ард иргэд талархаж мэдэхгүй болдог. Талцуулсан олон намын гайгаар хувийн эрх ашгаа бусдад тулган хүлээлгэхийн тулд ямар ч зөв үзэл санаа ажил хэргийг эсэргүүцэн, худал гүтгэлэг, хорлон сүйтгэл явуулна. Ийм амьтдад ямар талархах сэтгэл үлдэхэв дээ.
Харин талцлыг бид Үндсэн хуулиараа бий болгочихсон. Тиймээс ач санаж талархах сэтгэл, харилцаа багасаж, өш санах, ашиг харах сэтгэл зүй бий болсон.
Монголын өнаагийн нийгэмд энэ асуудлыг ярихаас өар аргагүй болсон. Чухал сэдвийг хөнджээ. Эрдэмтэндээ амжилт хүсье.
Тийм ээ. Яалт ч үгүй энд гэр бүр, иргэн нэг бүрээс авхуулаад ярих хэдий ч бид бас төрийн бодлогын аливаа хэрэгжилтийг энэ талаас харж хянадаг механизмтай л байх хэрэгтэй л дээ.
НИйгэмд маш чухал үгүйлэгдэж буй сэдвийг хөндөн нийтэлсэн сонины хамт олонд баярлалаа.
Монголын өнөөгийн нийгэмд тулгамдаж буй асуудлыг хөндөж эрдэмтэн хүний хувьд судлаачийн үзэл бодол, олон нийтэд хэлэх үгийг дэмжин нийтэлсэн сонины хамт олонд талархаж байна.
Энэ ярилцлага нь талархал гэдэг энгийн үгнээс давсан, нийгмийн харилцааны суурь соёл болохыг ойлгуулсан сонирхолтой нийтлэл байна. Профессор Нармандах талархлыг зөвхөн хэл шинжлэлийн үүднээс бус, нийгэм, соёл, хүмүүжил, сэтгэл зүйн олон өнцгөөс тайлбарласан нь үнэ цэнтэй санагдлаа. Ялангуяа Монголчуудын уламжлалт биеийн хэлэмжээр илэрхийлдэг талархал болон барууны шууд хэлбэрийг харьцуулсан хэсэг нь бидний соёлын онцлогийг тод харуулж байна. Талархал гэдэг нь зөвхөн “баярлалаа” гэх үг биш, харин хүнийг хүлээн зөвшөөрөх, хүндлэх, ойлгох үйлдэл гэдгийг онцолсон нь чухал санаа юм. Мөн хүүхдийн хүмүүжил, эмпати, ахмад үеэ хүндлэх соёлын асуудлыг талархалтай холбож тайлбарласан нь өнөөгийн нийгмийн байдлыг эргэцүүлэхэд хүргэлээ. Харилцаа хурц, хүлээцгүй болж буй үед ийм “зөөлөн хүч”-ний тухай яриа илүү хэрэгтэй байна. Ерөнхийдөө энэ ярилцлага нь талархлын соёлыг сэргээх шаардлагатайг сануулсан, нийгмийн үнэт зүйлсийг дахин эргэцүүлэхэд хүргэсэн ач холбогдолтой нийтлэл байлаа.
Талархал гэдэг бол хүний сэтгэл зүйн баяр баясал юм энэ хүний бичсэн зүйлийг хойч үёдээ сургамж маягаар ойлгуулж өгөх хэрэгтэй
Талархал гэдэг бол хүний сэтгэл зүйн баяр баясал юм энэ хүний бичсэн зүйлийг хойч үёдээ сургамж маягаар ойлгуулж өгөх хэрэгтэй
Талархал үгүй нийгэм хүйтэн болдог Профессор Д.Нармандахын ярилцлагыг уншаад өнөөгийн нийгэмд хамгийн их үгүйлэгдэж байгаа зүйл нь хүний мөс, талархах сэтгэл, бие биенээ ойлгох хандлага юм байна гэж бодогдлоо. Би өөрөө 23 настай залуу багш хүний хувьд өдөр бүр хүүхдүүдтэй ажиллахдаа зөвхөн мэдлэг заах биш, хүмүүжил төлөвшил ямар чухал болохыг илүү их мэдэрдэг болсон. Заримдаа хүүхдүүд “баярлалаа” гэж хэлэхээсээ ичдэг, эсвэл бусдын хийсэн зүйлийг энгийн мэтээр хүлээж авах нь анзаарагддаг. Энэ нь зөвхөн хүүхдийн асуудал биш, харин нийгмийн нийтлэг хандлагын тусгал болов уу гэж боддог. Нийтлэлд “Талархал бол хамгийн энгийн хэрнээ хамгийн хүчтэй зэвсэг” гэж хэлсэн нь надад хамгийн их хүрсэн. Үнэхээр хүмүүс бие биедээ жаахан ч гэсэн талархаж, урам өгч чаддаг бол нийгмийн уур амьсгал илүү дулаан байх байсан байх. Өнөөдөр хүмүүс цахим орчинд маш амархан нэгнээ шүүмжилж, доромжилж байна. Харин магтаж, дэмжихдээ хэтэрхий харамч болсон мэт санагддаг. Энэ байдал хүүхэд залууст ч нөлөөлж байгаа
Эцэст нь хэлэхэд, энэ нийтлэл надад талархал бол хүний хамгийн сайхан чанаруудын нэг бөгөөд нийгмийг илүү хүнлэг, тайван болгох “зөөлөн хүч” юм гэдгийг ойлгууллаа. Монголчууд бид уламжлалт хүмүүжлийн сайн үнэт зүйлсээ сэргээж, хүүхэд багачууддаа ёс зүй, эмпати, талархах соёлыг төлөвшүүлэх хэрэгтэй. Хэрэв хүн бүр ойр дотнын хүмүүсдээ талархаж, хүндэтгэлтэй харьцаж чадвал манай нийгэм илүү эв нэгдэлтэй, аз жаргалтай болно.
Профессор Д.Нармандахын ярилцлагыг уншаад өнөөгийн нийгэмд хамгийн их үгүйлэгдэж байгаа зүйл нь хүний мөс, талархах сэтгэл, бие биенээ ойлгох хандлага юм байна гэж бодогдлоо. Би өөрөө 23 настай залуу багш хүний хувьд өдөр бүр хүүхдүүдтэй ажиллахдаа зөвхөн мэдлэг заах биш, хүмүүжил төлөвшил ямар чухал болохыг илүү их мэдэрдэг болсон. Заримдаа хүүхдүүд “баярлалаа” гэж хэлэхээсээ ичдэг, эсвэл бусдын хийсэн зүйлийг энгийн мэтээр хүлээж авах нь анзаарагддаг. Энэ нь зөвхөн хүүхдийн асуудал биш, харин нийгмийн нийтлэг хандлагын тусгал болов уу гэж боддог. Нийтлэлд “Талархал бол хамгийн энгийн хэрнээ хамгийн хүчтэй зэвсэг” гэж хэлсэн нь надад хамгийн их хүрсэн. Үнэхээр хүмүүс бие биедээ жаахан ч гэсэн талархаж, урам өгч чаддаг бол нийгмийн уур амьсгал илүү дулаан байх байсан байх. Өнөөдөр хүмүүс цахим орчинд маш амархан нэгнээ шүүмжилж, доромжилж байна. Харин магтаж, дэмжихдээ хэтэрхий харамч болсон мэт санагддаг. Энэ байдал хүүхэд залууст ч нөлөөлж байгаа нь эмзэг асуудал юм.
Багш хүний хувьд би хүүхдүүдийг зөвхөн онц дүн авахад биш, хүн чанартай иргэн болоход нь илүү анхаарах ёстой гэж боддог. Учир нь өндөр мэдлэгтэй мөртлөө бусдыг хүндэлдэггүй хүн нийгэмд сайн зүйл бүтээхэд хэцүү. Харин бага ч гэсэн талархаж чаддаг, бусдын хөдөлмөрийг ойлгодог хүн хаана ч үнэ цэнтэй байдаг. Заримдаа хүүхдэд “Чи чадлаа”, “Баярлалаа”, “Сайн байна” гэж хэлэхэд нүд нь гэрэлтээд л ирдэг. Энэ жижигхэн үгс хүний сэтгэлд ямар том нөлөө үзүүлдгийг би багш болоод илүү ойлгосон. Мөн нийтлэлд ахмад үеэ хүндлэх соёл алдагдаж байгаа тухай дурдсан нь үнэн санагдсан. Манай өвөө эмээ нарын үеийнхэн илүү тэвчээртэй, бие биенээ хүндэлдэг байсан юм шиг санагддаг. Харин өнөөдөр хүмүүс хэт яарч, зөвхөн өөрийгөө боддог болсон мэт. Бид хөгжлийн тухай их ярьдаг ч ёс зүй, харилцааны соёлоо орхигдуулж болохгүй. Хүнлэг байдалгүй хөгжил утгагүй гэж би боддог. Надад Дани, Японы хүүхдийн хүмүүжлийн талаар ярьсан хэсэг их таалагдсан. Хүүхдэд багаас нь эмпати буюу бусдыг ойлгох чадвар суулгаж өгдөг нь
Эцэст нь хэлэхэд, энэ нийтлэл надад талархал бол хүний хамгийн сайхан чанаруудын нэг бөгөөд нийгмийг илүү хүнлэг, тайван болгох “зөөлөн хүч” юм гэдгийг ойлгууллаа. Монголчууд бид уламжлалт хүмүүжлийн сайн үнэт зүйлсээ сэргээж, хүүхэд багачууддаа ёс зүй, эмпати, талархах соёлыг төлөвшүүлэх хэрэгтэй. Хэрэв хүн бүр ойр дотнын хүмүүсдээ талархаж, хүндэтгэлтэй харьцаж чадвал манай нийгэм илүү эв нэгдэлтэй, аз жаргалтай болно.
Гоё нийтлэл бичсэн багшаа хандлага чухал ахмад хүнээ хүндлэх хэрэгтэй шүү дээ
Эрдэмтэн судлаач багшийнхаа энэ нийтлэлээс маг их зүйл ухаарч, ойлгож, бас их зүйл бодоход хүргэлээ. "Эрдэм мэдлэг гэдэг нь зөвхөн толгойд байдаг зүйл биш, зүрхэнд оршиж үйлдлээр илэрдэг соёл юм" гайхалтай голыг нь олж ойлгуулж хэлжээ. Хэдийгээр нийгэм ийм хүнд хэцүү байгаа ч хүн бүр гэр бүлдээ, үр хүүхдээ сурган хүмүүжүүлэхдээ чин сэтэглээсээ ярилцаж, учирлан ойлгуулж, дадуулж явах хэрэгтэй гэж бодож байна. Бүгд тал бүр яг ижил ойлгуулж, өөрсдөө мөн үлгэрлэдэг байх хэрэгтэй гэж бодож байна.
Баярлалаа. Эрдэмтэн, судлаач хүн нийгмийн эмзэг цэгийг оношилж, түүнийгээ олон нийтэд зоригтойгоор хүргэж байх нь "сэхээтний үүрэг" гэж боддог тандаа сайхан бүхнйг хүсье. Үнэхээр нийгэмд тулгамдсан асуудлыг судалгааны үндэслэлтэй тайлбарлаж нийгэмд дохио өгч байгаа багшийнхаа ажилд улам их амжилт хүсье.
Сайхан нийтлэл болсон байна. Ялангуяа сэтгүүлчийн асуусан " Гэхдээ нийгэм ийм хэцүү, авлигад идэгдсэн, цалин мөнгө нь хурэхгүй байхад талархах, уужуу байх тухай ярих нь өрөөсгөл онол биш үү? " гэсэн асуулт болон ярилцагчийн өгсөн хариулт их анхаарал татлаа. Өөрт төрсөн сэтгэгдэлээсээ хуваалцвал Монголчууд бид хүүхдийг бага балчир наснаас нь эхлэн талархах үг болон үйлдлийг зааж өгснөөр ирээдүйд талархаж сурсан нэгэн үе бий болж, байгаа зүйлдээ сэтгэл хангалуун байж, шунаг сэтгэлгүй, бусдын төлөө гэсэн зүрх сэтгэлтэй, хүн хүнээ хундэлдэг ард иргэдтэй болно гэж төсөөлж байна.
Чухал сэдвийг хөндсөн ярилцлага болжээ. Талархал болон хүндэтгэлийн талаар бусад оронд хэрхэн илэрхийлдэг, хувь хүн болон улс орны хөгжилд ямар эерэг нөлөөтэй байдгийг харьцуулан судалж танилцуулсан нь бидэнд мартагдсан уламжлалыг сэргээх, үр хойшчдоо үргэлжлүүлэн өвлүүлэхэд өндөр хувь нэмэр болох асуудлыг хөндөж гаргасан байна гэж бодож байна. Монголчуудын эрт дээр үеэс өвлөгдөн ирсэн гэр бүлийн чухал хүмүүжил бол ахмадаа хүндлэх, үгийг нь сонсож сайнаар хэрэгжүүлэх, байгаадаа талархаж сурах, баярлаж талархаж байгаагаа үгээр шууд хэлэхгүй ч харцаараа, биеийн хэлэмжээрэй илэрхийлдэг байсан нь бусдаас онцгойрох ондоошил байсан болов уу гэж бодож байна. Олон хүн энэ ярилцлагыг уншиж өөрсөддөө дүгнэлт хийн өөрчлөлтийг өөрөөсөө эхлээсэй бусдад зөвөөр үлгэр дуурайлал болоосой гэж бодож байна.
Нээрээ бид бусдад урам өгч талархал илэрхийлэх нь багассан нь анзаарлагдаж байна. Бидний сэтгэл зүй нийгмээ дагаад өөрчлөгдөж байгаа ч гэлээ уламжлалт өв соёлоо хадгалмаар байгаа юм . Одоогийн нөхцөл байдлаас харахад ахмад настаны тоо нэмэгдэх нь тодорхой. Ахмадын нийгмийн болоод сэтгэл зүйн олон асуудал ар араасаа хөврөх нь . Хүндлэл, талархал хүртээгүй, мэдрээгүй ахмадууд бий болохоор тэдэнд гомдол харуусал, хэнд ч хэрэггүй мэт мэдрэмж нэмэгдэж эргээд хүүхэд залууст муу үлгэр дуурайлал болох нь тодорхой санагдана.Зөв эерэг бүхэн түгэн дэлгэрэх болтугай
Энэхүү ярилцлагыг уншаад талархал гэдэг энгийн мэт хэрнээ маш гүн гүнзгий утгатай зүйл болохыг илүү ойлголоо. Өмнө нь талархлыг зөвхөн “баярлалаа” гэж хэлэхтэй холбож боддог байсан бол энэ ярилцлагаас талархал нь харилцааг зөөлрүүлдэг, хүмүүсийг ойртуулдаг чухал соёл гэдгийг мэдэрлээ. Энгийн мэт хэрнээ хэн ч нээх гүнзгий ухаж ойлгоддоггүй ойлголт юм шиг. Ялангуяа монголчууд талархлаа үгээр бус, үйлдлээр илэрхийлдэг байсан тухай хэсэг нь их таалагдсан. Хүүхдийн толгой илэх, үнэрлэх, дотно харцаар харах зэрэг нь өөрөө талархлын илэрхийлэл гэдгийг бодож үзээгүй явжээ. Гэтэл өнөөдөр бид ийм энгийн, дулаан харилцаагаа алдаж, илүү хүйтэн, холдсон нийгэмд амьдарч байгаа нь үнэхээр анзаарагддаг. Энэ их орчины бохирдол түгжрэл хүрээлэн буй орчноос хамаарч хүмүүс ууртай, бухимдалтай, тэвчээргүй сав л хийвэл ам зөрдөг нэгэндээ төвөг уддаг, бодлогогүй муу муухай үг хэлдэг болсон нь үнэн. Гэхдээ яг ийм үед л талархах, бие биедээ зөөлөн хандах нь илүү чухал гэдгийг ойлгуулсан. Ер нь энэ ярилцлага на
Уламжлалаа сэргээж ирээдүйн иргэний төлөвшлийг анхаарах нь эцэг эх бүрийг үүрэг шүү. Зөв хүн болгон хүмүүжүүлэхийг л хичээдэг дээ.
Их сайхан ярилцлага болсон байна. Талархал гэдэг нь хүний хамгийн сайхан зан чанаруудын нэг гэж би боддог. Бидэнд тусалж дэмждэг гэр бүл, найз нөхөд, багш нартаа талархаж явах нь амьдралыг илүү аз жаргалтай болгодог. Заримдаа жижигхэн тусламж, халуун дулаан үг хүртэл хүний сэтгэлд маш их урам өгдөг. Тиймээс өдөр бүр байгаа зүйлдээ баярлаж, бусдад “баярлалаа” гэж хэлж сурах нь чухал юм.
Хүнд баярласан талархснаа илэрхийлэх гэдэг нь тухайн хүний боловсрол гэхээсээ илүү эцэг эхийн гэр бүлийн хүмүүжлээс шалтгаалах байх. Сүүлийн үед баярлалаа, талархлаа гэж хэлэх нь багассан санагдаж байгаа. Бусдын сайн сайханд талархах биш харин ч атаархдаг болсон нийгэм болжээ. Энэ цаг үед их уншуустай, сургамжтай ярилцлага болжээ.
Энэ нийтлэл үнэхээр ихийг бодогдууллаа. “Талархал” гэдэг зүгээр нэг үг биш, харин хүнийг хүнтэй нь ойртуулдаг, нийгмийг зөөллөж байдаг асар том соёл гэдгийг маш гүн утгаар нь тайлбарлажээ. Өнөөдөр бид хөгжил, мөнгө, технологи ярьсаар хамгийн чухал зүйл болох хүнлэг харилцаа, ахмадаа хүндлэх ёс, бие биедээ талархах сэтгэлээ алдаж байгааг сануулсан үнэ цэнтэй ярилцлага байна. Монголчуудын уламжлалт хүмүүжил, биеийн хэлэмжээр илэрхийлдэг талархлын соёлыг ийм сайхан өнцгөөс тайлбарласан нь үнэхээр бахархалтай санагдлаа. Хүүхдэд багаас нь эмпати, талархал, хүндлэл заах нь хамгийн том боловсрол юм байна гэдгийг дахин ойлгууллаа. Ийм утга учиртай судалгаа, ярилцлага олон хүнд хүрээсэй. Баярлалаа
Эрдэмтэн судлаач багшийнхаа энэ нийтлэлээс маш их зүйл ухаарч, ойлгож, бас их зүйл бодоход хүргэлээ эрдэм мэдлэгийн жинхэнэ утга учир нь зөвхөн ихийг мэдэхэд бус, тэр мэдлэгээ хүнлэг сэтгэл, зөв үйлдэлтэй хослуулахад оршдог юм байна Эрдэм мэдлэг гэдэг нь зөвхөн толгойд байдаг зүйл биш, зүрхэнд оршиж үйлдлээр илэрдэг соёл гэсэн үг нь үнэхээр сэтгэлд гүн хүрч, өнөөдрийн нийгэмд бидэнд хамгийн хэрэгтэй зүйл юу вэ гэдгийг бодогдууллаа. Хүн бүр бие биедээ хүндэтгэлтэй, талархаж чаддаг, бусдыг ойлгодог байвал нийгэм илүү дулаан, амар тайван болох юм. Мөн ирээдүй хойч үе маань зөвхөн боловсролтой бус, ёс зүйтэй, хүнлэг, зөөлөн сэтгэлтэй иргэд болон өсөж хүмүүжээсэй гэж бодогдлоо. Монгол орон минь эв нэгдэлтэй, авлигагүй, ёс зүйтэй сайхан нийгэм болоосой гэсэн хүсэл энэ нийтлэлийн мөр бүрээс мэдрэгдэж байна Олон хүн энэ ярилцлагыг уншиж өөрсөддөө дүгнэлт хийн өөрчлөлтийг өөрөөсөө эхлээсэй бусдад зөвөөр үлгэр дуурайлал болоосой гэж бодож байна.
Одоо бол талархал гэдэг зүйл бараг алга болж байгаа гэж хардаг. Талархал гэдэг бол хувь хүний суурь хүмүүжилээс маш их шалтгаадаг байх. Бусдад урам өгч өөрийгөө зөвөөр илэрхийлэх нь ахмад бууралаа хүндлэх нь амьдралыг харах өнцгийг өөрчилөх том боломж гэж бодогдлоо. Талархалыг өдөр бүр өөртөө хэрэгжүүлж байгаасай.
Эрт дээр үеэс ахмад настнаа хүндлэх аавын дэргэд завилж суухгүй нагацын дэргэд дал барихгүй гэх мэтэчилэн уламжлагдаж ирсэн монгол ахуй өв соёл хүмүүжил маань бага багаар алдагдаж байгаа үнэн Цаашид биед эртний өв соёлоо улам сэргээж үр хүүхэд ач зээ нартаа заан сургаж үргэрлэж явах нь чухал юм болуу
Маш гоё ярилцага болсон байна. Өндөр хөгжилтэй орнуудтай харьцуулсан үнэн бодитой, судалгаатай хариултууд үнэхээр их таалагдлаа. Нийгэмийн хар бараан зүйлсээс болж ард иргэд гоё сайхан харьцаатай байя гэсэн ч заавал нэг асуудал гарч доошлох хандлагатай. Дээрээ суудлаа олохгүй бол Доороо хөлөө олохгүй гэж төр засаг нь зөв бодлого баримталж ажиллахгүй бол ард иргэдийн амьдрал улам л дордоно. Япон улс шиг хүүхдүүддээ бага балчир наснаас нь зөв амьдрах дадлыг суулгаж, зөв харьцаа хандлагыг заагаад ирвэл ирээдүй гэрэлтэй харагдаж байна. Гэтэл манай монголд 1 р ангид ороход л бхан даалгавар өгнө бичих цээжлэх гээд л. Нөгөө хүүхдүүдээ ч бас зовоож байх дүр зураг харагддаг юм. Багаас нь стресст өртүүлцэн. Барилга хиихэд доод суурь сайн байж сайхан ыарилга болно гэдэг шиг хүний зөв зүйтэй хүн болох нь хүмүүжилээс л шалтгаална. Төр баригчид энэ ниитлэлииг заавал уншиж Боловсролын салбарт бусад орноос суралцаж санаа авч хэрэгжүүлээсэй гэж бодож байна. Талархлааа сайн нийтлэл байна.
Сайхан ярилцлага болсон байна. Багшдаа амжилт хүсье.
Тийм ээ, ирээдүй хойч үе маань эрдэм номтой ч, хүнлэг энэрэнгүй, бие биедээ талархаж чаддаг байх хэрэгтэй. Оюун санаа нь бие махбодоо удирдаж сурсан байх ёстой гэж боддог. Монголчууд маань эрт дээр үеэс үгээр болон биеэр, бие биедээ талархсан сэтгэлээ илэрхийлдэг ард түмэн билээ. Талархаж мэдэхгүй хүнд тус болоод, цаг заваа зориулах хэрэггүй байдаг. Зөндөө олон бодууштай нийтлэл байлаа. Баярлалаа
Нийгмийн дунд гэр бүлийн суурь хүмүүжил гэж огт байхгүй шахуу болсон нь үнэн. Энэ нь олон их дээд сургууль төгссөнөөс илүү боловсрол, мэдлэг , хандлагыг хүүхдэд багаас бий болгодог гэж боддог.
Энэхүү ярилцлагаас талархал гэдэг нь энгийн нэг үг биш, харин хүнийг хүндэтгэх, нийгмийн харилцааг зөөлрүүлэх үнэт соёл болохыг ойлголоо. Өнөөдрийн нийгэмд бид бие биедээ илүү хүндэтгэлтэй, талархаж чаддаг байх нь ямар чухал болохыг маш тодорхой өгүүлсэн байна. Мөн монголчуудын уламжлалт хүмүүжил, ахмадаа дээдлэх ёс заншлыг сэргээх хэрэгтэй гэсэн санаа надад гүн сэтгэгдэл төрүүллээ.
Талцлыг бид өөрсдөө үндсэн хуулиараа бий болгочихсон. Ач санаж талархах сэтгэл, харилцаа багасаж, өш санах, ашиг харах сэтгэл зүй бий болсон.
Талархал гэдэг нь бусдын хийсэн сайн үйл, тусламж, хайр халамжийг үнэлж, баярласан сэтгэлээ илэрхийлэх хүний эерэг хандлага юм. Энэ нь “баярлалаа” гэж хэлэхээс гадна хүндлэл, сайхан сэтгэл, харилцааг бэхжүүлэх утгыг агуулдаг гэж би хувьдаа боддог. Тийм учираас энэ нийтлэл нь цаг үеэ олсон нийтлэл байна.
Доктор, профессор Д.Нармандахын ярилцлагыг уншаад манай өнөөгийн нийгмийн харилцааны доройтлыг маш оновчтой оношилсон байна гэх гүн сэтгэгдэл төрлөө. Судлаачийн хэлсэнчлэн талархал гэдэг бол зөвхөн амны уншлага болсон ганц үг биш, нийгмийн харилцааг зөөлрүүлж, хүнийг хүнээр нь хүлээн зөвшөөрөх соёлын асар том зэвсэг мөн. Өнөөдөр манай нийгэмд хэн чанга хашхирсан, хэн бусдыг илүү хурц шүүмжилж үгүйсгэсэн нь "од" болдог "Би-төвт" үзэл газар авсан нь туйлын үнэн бөгөөд харамсалтай үзэгдэл юм. Мөн монголчуудын уламжлалт биеийн хэлэмжээр илэрхийлдэг талархлын нандин соёл мартагдаж буйг сануулсан нь нүдээ олсон хэрэг болжээ. Олон улс хүртэл талархах нь бусдыг ойлгох нь чухал хэмээн үр хойчдоо сэргээн зааж буайхад бид мартаж буй нь харамсалтай. Тиймээс энэхүү ярилцлага нь зөвхөн асуудлыг хөндөөд зогсохгүй, хүн бүрийг өөрийнхөө ойрын харилцаа, гэр бүлийн хүмүүжилдээ дүгнэлт хийхэд хүргэсэн маш өгөөжтэй, цаг үеэ олсон нийтлэл болжээ.
сайхан нийтлэл болсон байна. талархлыг гадны улстай харицууласан жишээ нь монгол америк улсын талархалыг харьцуулахад америк улс талхарлыг ганцхан thank you гэдгээр илэрхийлдэг монгол улс үйл хөдлөл, нүдний харц, хүүхдийнхээ толгойг илэх, үнэрлэх, өхөөрдөн харах, гарыг нь атгах зэргээр талхрлаа илэрхийлдэг юм. хүүхдээ зөв хүмүүжүүлэх нь харилцааны хамгийн том ёс суртахуун юм. хүмүүжлийн хамгийн эхний алхам бол хүүхэддээ үлгэр дуурайлал үзүүлэх явдал юм.
Энэхүү илтгэлийг уншихад нийгмийн өнөөгийн хандлага, хүний харилцааны доройтол юунаас эхтэй вэ гэдэг асуултад маш бодитой хариулт өгсөн мэт санагдлаа. Ялангуяа талархах соёл, ахмад үеэ хүндлэх уламжлал, хүүхэд хүмүүжлийн “зөөлөн” орчны тухай ярьсан хэсэг нь зохиод авч байгаа юм шиг л дохио өгч байлаа гэвч энэ нь хатуу үнэн. Монголчууд уужуу тайваан байж аливаа зүйлд учрыг ойлгож ханддаг ард түмэн байсан гэдэгт санаатай бүрэн санал нийлж байна. "Бидний нийгэм яагаад ийм хатуу ширүүн, нэгэндээ хүлээцгүй болчихов оо? гэж бид олонтаа асуудаг. Гэтэл хариулт нь ердөө л бидний мартаж орхисон **"Талархал" **гэх нэг үгэнд байж. Өнөөдөр хүмүүсийн бухимдал, хүлээцгүй байдал нь ганц хүний ёс суртахууны асуудал биш, харин нийгмийн дарамт, шударга бус байдал, амьдралын хүнд нөхцөлөөс үүдэлтэй гэдгийг маш зөв онцолжээ. Багш, эмч, ахмадуудын зовлон, бизнес эрхлэгчдийн дарамт, төрийн авлига зэрэг асуудал хүмүүсийн дотоод тайван байдлыг үгүй хийж, улмаар гэр бүл, хүүхдийн хүмүүжилд хүртэл нөлөөл
Нээрээ л бид нийгмийн стресс, бухимдлаас болж талархал, ёс заншил, хүнийг хүндэтгэх, ойлгох, хүлээцтэй байх чанараа гээж буй мэт. Энэ ярилцлагыг маш олон талаас нь ойлгож ухаарах, эргэцүүлэл төрлөө. Чулууг чулуугаар биш усаар элээдэг гэдэг шиг бид нийгмийн харилцаанд зөвхөн баярлалаа гэдэг үгээр биш үйлдлээрэй мөн харуулж жоохон ч гэсэн гэрэл түгээж явахыг ойлгуулсан нийтлэл байлаа🙆♀️ Өнөө цаг үед тулгамдаж буй асуудлаар гадны болон өөрийн улсын ёс заншил, соёл, уламжлалыг харьцуулан гаргаж бидний онцлог, мөн чанар давуу байдал, хаанаас эхлэх ёстойг ойлгуулсан нь хүн бүрт нэгийг бодож хоёрыг тунгаах сэдэл өгсөн гэдэгт итгэлтэй байна🙆♀️
Сайхан ярилцлага болжээ. Өнөөгийн нийгэмд тулгамдсан асуудлын талаар, одоо орхигдож байгаа ёс заншил, хүндлэл, хүмүүжил, нэг нэгэндээ талархах нэг нэгнээ сонсох чадваргүй хариуцлагаас цугтах зэрэг нийгэм үүссэн ёс зүйгүй үйлдлээс болж ард иргэд маань талцаж буруу зөвийг тунгаах чадваргүй болсон байна.
Үнэхээр гоё ярилцлага болсон байна. Юун түрүүнд багшдаа энэ сэдвийг хөндөж ярьсанд талархаж байна. Одоо байгаа байдлийг эргээд харахад бид нар талархах, ахмад настныг хүндлэх гэдэг зүйл үнэхээр орхигдуулж байгаам байна. Хамгийн наад зах нь бид нар жоохон байхад автобусанд суугаад явж байхад ахмад хүн суухад суудал тавьж өгхөд буурлууд маань эргээд бидэнд талархаж ерөөл хайрладаг байсан. Гэтэл одоо суудал тавьж өгөх нь ч ховордож албатай юму гэдэг үгийг л залуучуудаас сонсдог болжээ. Тийм болохоор энэ сэдэв хөндөгдөж байгаад үнэхээр баяртай байна.
Маш хэрэгтэй сэдвийг хөндсөн нийтлэл байна. Нийгмийн харилцааны суурь болсон талархал, соёлтой харилцаа үгүй болсноор бид бие биенээ үгүйсгэж, талцан хуваагдаж буй нь үнэн. Бусдын хийсэн жижиг гүйцэтгэл, сэтгэлийг үнэлж сурах нь нийгмийн стрессийг бууруулах хамгийн энгийн бөгөөд үр дүнтэй арга юм. Ийм соён гэгээрүүлэх контент олон гарах тусам нийгэмд эерэг өөрчлөлт ирнэ гэдэгт итгэж байна. Нийтлэл бичсэн сэтгүүлч болон ярилцлага өгөгчид баярлалаа.
Цаг завгүй, ажил түгжрэл гэх мэт стресстэй нийгэмд бидний ирээдүй болсон хүүхдүүд их хоцрогдоод байгаа юм шиг санагддаг. Харах хүнгүй бол гэртээ хүүхдүүд зурагт үзэн, компьютер тоглон, хоорондоо ч бараг ярилцахгүй, хүн хоорондын амьд харилцаа байхгүй, ихэвчлэн гадаад хэлээр сонсож, үзэж ярилцаж, монгол хэлний үгийн баялаггүй болж байгаа учраас хүний асуусан асуултанд хүртэл товчхон 1,2 үгээр хариулж байна да. Хүүхдүүд гэр бүлээрээ тоглож наадах, бусадтай амьд харилцаанд орж тоглоомонд хожигдож, хожиж, бусдыг уучилж уучлалт гуйж. баярлаж талархаж сурмаар санагддаг. Энэ бүгдийг эцэг эх бид нар л үлгэрлэн харуулах ёстой байх.