sonin.mn

Монгол Улс НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал буюу COP17-ийг 2026 оны наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна.

Юуны өмнө нэг зүйлийг тодорхой хэлэх хэрэгтэй. COP17-ийг Монгол Улсад зохион байгуулах болсон нь өөрөө буруу шийдвэр биш. Харин ч зөв шийдвэр. Энэ эрхийг авахын төлөө зүтгэсэн бүхий л хүмүүст талархах нь зөв.Монгол орны нийт нутаг дэвсгэрийн томоохон хэсэг нь цөлжилт, газрын доройтлын эрсдэлтэй, бэлчээрийн даац, ган гачиг, усны хомсдол зэрэг асуудал жилээс жилд хурцаар тавигдаж буй энэ үед дэлхийн хэмжээний ийм хурлыг Монголд зохион байгуулах нь манай улсын эрх ашигтай шууд нийцнэ.


Өөрөөр хэлбэл “COP17 Монголд хэрэгтэй юу, хэрэггүй юу?” гэдэг асуудал байхгүй.
Харин Монголд олдсон энэ том боломжийг бид хэр сайн ашиглаж чадаж байна бэ гэдэгт байна.


Харамсалтай нь хурал эхлэхийн өмнөхөн ил болж буй мэдээллүүдийг харахад COP17-ийн хамгийн өндөр түвшний дипломат хэсгийн зохион байгуулалт анхны зорилгодоо хүрч чадсангүй юу гэсэн асуулт зүй ёсоор гарч байна.

Учир нь UNCCD-ийн 2026 оны дөрөвдүгээр сарын 7-ны албан ёсны мэдэгдэлд COP17-ийн High-Level Segment нь наймдугаар сарын 23-нд Монгол Улсын Засгийн газраас зохион байгуулах “Heads of States Summit” буюу Төрийн тэргүүнүүдийн дээд хэмжээний уулзалтаар эхэлнэ гэж тодорхой зарлаж байв.

Өөрөөр хэлбэл COP17-ийг зөвхөн мэргэжилтэн, албан тушаалтан, сайд нарын хурал болгохоос гадна дэлхийн улс орнуудын Ерөнхийлөгч, төрийн тэргүүнүүдийг Улаанбаатарт цуглуулсан дипломат том үйл явдал болгох амбиц анхнаасаа байжээ.

Гэтэл хурал эхлэхийн өмнөх одоогийн албан ёсны хөтөлбөрөөс “Heads of States Summit” гэсэн арга хэмжээ харагдахаа больсон байна.


Харин High-Level Segment-ийн гол үйл ажиллагаанууд нь “Ministerial Dialogues” буюу сайд нарын түвшний хэлэлцүүлгүүд болж өөрчлөгджээ.


Наймдугаар сарын 24-нд High-Level Opening Ceremony болж, санхүүжилтийн асуудлаарх сайд нарын хэлэлцүүлэг, 25-нд ган гачгийн тухай, 26-нд бэлчээрийн нөхөн сэргээлт, малчдын амьжиргааны асуудлаарх сайд нарын хэлэлцүүлгүүд зохион байгуулахаар одоогийн хөтөлбөрт тусгасан байна.

Тэгвэл дөрөвдүгээр сард албан ёсоор зарлаж байсан Төрийн тэргүүнүүдийн дээд хэмжээний уулзалт яагаад алга болов?

Ялангуяа COP17 эхлэхэд тун цөөн хоног үлдээд байхад Улаанбаатарт ирэх гадаадын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарын өргөн хүрээтэй жагсаалт олон нийтэд зарлагдаагүй байгаа нь дээрх асуултыг улам хүчтэй болгож байна.

Өмнөх хурлуудын туршлагыг харвал төрийн тэргүүнүүдийн оролцоо боломжгүй зүйл биш.

Тухайлбал 2022 онд Кот-д’Ивуарын Абиджан хотноо зохион байгуулагдсан COP15-ын үеэр Heads of State and Government Summit тусгайлан зохион байгуулагдаж, Африкийн олон улсын Ерөнхийлөгч нар нэг дор цугласан байдаг.


Тэгэхээр Монголын COP17-д анх төлөвлөсөн Төрийн тэргүүнүүдийн Summit бодитоор хэрэгжихгүй байгаа нь цэвэр зохион байгуулалт, дипломат бэлтгэл, гадаад харилцааны ажлыг хэр эрт, хэр системтэй хийсэн бэ гэдэгтэй холбоотой.

Төрийн тэргүүн Монголд айлчлах шийдвэр хэдхэн хоногийн өмнө гардаггүй. Олон сарын өмнөөс дипломат шугамаар урилга хүргүүлэх, оролцоог баталгаажуулах, хоёр талын уулзалт болон айлчлалын хөтөлбөртэй уялдуулах, аюулгүй байдал, протокол, улс төрийн ач холбогдлыг тооцох зэрэг асар их бэлтгэл шаарддаг.


Өөрөөр хэлбэл “төрийн тэргүүнүүдийг урьчихвал ирнэ” гэж ойлгож болохгүй. Тэднийг ирүүлэхийн тулд дипломат ажиллагаа явуулах хэрэгтэй.


Ялангуяа Монгол Улс COP17-ийг зохион байгуулах эрхээ авсан цагаас эхлэн томоохон улс орнуудын төр, засгийн тэргүүнүүдийн оролцоог баталгаажуулах ажлыг гадаад бодлогын нэг том төсөл болгон авч үзэх боломж байсан.

БНХАУ, ОХУ, Казахстан, Төв Азийн орнууд, Энэтхэг, Турк, Европын холбооны орнууд, Персийн булангийн орнууд гээд цөлжилт, газрын доройтол, бэлчээр, усны асуудалтай шууд холбоотой олон улсын удирдагчдыг Улаанбаатарт нэг дор цуглуулах дипломат боломж Монголд байсан.

Хэрэв үүнийг амжилттай хийсэн бол COP17 зөвхөн байгаль орчны хурал биш, Монгол Улсын сүүлийн жилүүдийн хамгийн том дипломат арга хэмжээний нэг болох боломжтой байлаа.Иймээс ч хэл устай, олон улсад ажиллах чадвартай гэж үзэн, Б.Мөнхтамирыг Байгаль орчин, Уур амьсгалын өөрчлөлтийн дэд сайд болгосон хэрэг. "Багахангайн Сократ"-тай олон улсын харилцаа ярих угаасаа боломжгүй.Харин энэ үүрэг даалгаврыг Б.Мөнхтамир сайн хийж чадсангүй бололтой.

COP17-ийн зохион байгуулалтад их хэмжээний хөрөнгө, хүний нөөц, цаг хугацаа зарцуулж байгаа. Дэд бүтэц, зам, тохижилт, хурлын танхим, зочид буудал, тээвэр, хамгаалалт гээд нүдэнд харагдах бэлтгэлүүд мэдээж хэрэгтэй.Гэхдээ олон улсын хурлын амжилтыг зөвхөн хэдэн км зам зассан, хэдэн мянган цэцэг тарьсан, хурлын танхим хэр гоё болсон гэдгээр хэмждэггүй.


Хэн ирэв? Ямар шийдвэр гарав? Монгол Улс ямар дипломат болон эдийн засгийн үр ашиг хүртэв? гэдгээр эцсийн үр дүн хэмжигдэнэ.
Тиймээс өнөөдөр зохион байгуулагчдаас асуух ёстой зүйл нь тодорхой.


Дөрөвдүгээр сард зарласан Төрийн тэргүүнүүдийн дээд хэмжээний уулзалт яагаад одоогийн хөтөлбөрт байхгүй болов?

Анх зарлаж байсан Төрийн тэргүүнүүдийн дээд хэмжээний уулзалт хөтөлбөрөөс алга болж, түүний оронд сайд нарын түвшний хэлэлцүүлгүүд үлдсэн нь COP17-ийн өндөр түвшний зохион байгуулалт дээр асуудал гарсныг харуулах хангалттай ноцтой шинж мөн.

Монгол Улсад ийм хэмжээний олон улсын хурал дахин зохион байгуулах боломж хэзээ олдохыг бид мэдэхгүй.

 COP17 бол муу хурал биш.

Монголд зохион байгуулах болсон нь ч алдаа биш. Харин зөв санаа, зөв шийдвэрийг хангалттай сайн зохион байгуулж чадахгүй бол түүхэн боломжийг алдах эрсдэлтэй.Харамсалтай нь КОП-17 бүтэлгүйтэж эхэлжээ.


Б.Намуун