ЭР-РИЯД, 2026 оны есдүгээр сарын 29 /TASS/. Саудын Араб Ормузын хоолойг тойруулан газрын тос экспортлох өөр нэг гарц болох Зүүн-Баруун чиглэлийн дамжуулах хоолойгоор газрын тос нийлүүлж эхэлжээ. Тус улсын төрийн өмчит "Saudi Aramco" компани газрын тосыг гадаадын зах зээлд нийлүүлэх зорилгоор дамжуулж эхэлснийг "Bloomberg" агентлаг эх сурвалжийн мэдээллээс эш татан уламжилжээ. Одоогоор газрын тосыг хязгаарлагдмал хэмжээгээр шахаж байгаа аж.
Уг дамжуулах хоолойг дахин ажиллуулж эхэлснээр Саудын Арабын зүүн бүсийн газрын тосны ордуудаас Улаан тэнгисийн эрэгт орших Янбу боомт хүртэлх маршрутаар Ормузын хоолойг тойруулан газрын тос экспортлох боломжтой болж байна.
Ойролцоогоор 1200 км урт уг нефть дамжуулах хоолой нь хоногт 7 сая хүртэлх баррель газрын тос нийлүүлэх хүчин чадалтай. Өмнө нь энэхүү хоолой Йемений "Ансар Аллах" хөдөлгөөний (хуситууд) халдлагад өртсөн юм.
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөх газрын тосны тээвэрлэлт саатсан нь дэлхийн газрын тосны зах зээлд эрсдэлийг нэмэгдүүлж, үнэ хэлбэлзэхэд нөлөөлөөд байгаа юм.
Үүнтэй холбогдуулан АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр мэдэгдэхдээ, Америкийн тал Ирантай мөргөлдөөн эхлэхээс өмнөх үеийн үзүүлэлтээс давсан рекорд хэмжээний газрын тосыг Ормузын хоолойгоор гаргасан гэжээ.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Мягмар - 09 сарын 29,
2026
Сэтгэгдэл0