sonin.mn

ЛОС-АНЖЕЛЕС, 2026 оны есдүгээр сарын 29 /Yonhap/. 2026 оны "MTV Video Music Awards" наадмаас Өмнөд Солонгосын BTS хамтлаг гурван шагнал хүртсэн хэдий ч тус хамтлагийн гишүүд ёслолд оролцож чадаагүй байна. Харин BLACKPINK хамтлагийн Лиса “Шилдэг поп бүтээл” төрөлд шалгарсан бол дуучин Мадонна долоон шагнал хүртжээ. 


Шагнал гардуулах ёслол Лос-Анжелес хотын "Peacock" театрт болжээ. Мадонна энэ удаагийн ёслолын хамгийн олон шагнал хүртсэн уран бүтээлч болж, нийт долоон шагнал хүртсэн байна. Тэрбээр "Оны шилдэг уран бүтээлч", Сабрина Карпентертэй хамтран дуулсан "Bring Your Love" дуугаараа "Шилдэг хамтарсан уран бүтээл", "Шилдэг бүжгийн төрлийн бүтээл" зэрэг шагналуудаас гадна шилдэг цомог, зураг авалт, бүжиг дэглэлт болон урт хэмжээний видео бүтээлийн шагналуудыг хүртжээ.


BTS гурван гол шагналыг хүртжээ


BTS хамтлаг гурван төрөлд нэр дэвшиж, бүгдэд нь шалгарчээ. Тус хамтлаг “Arirang” тав дахь студийн цомогт багтсан “Swim” дуугаараа “Оны шилдэг дуу”, “Шилдэг K-pop” төрөлд тус тус шалгарч, мөн “Шилдэг хамтлаг” шагналыг хүртсэн байна.


“Оны шилдэг дуу” төрөлд BTS хамтлаг Netflix-ийн “K-pop Demon Hunters” хүүхэлдэйн киноны “Golden” дуу, Мадонна болон Сабрина Карпентерын “Bring Your Love”, Элла Лэнглигийн “Choosin' Texas” зэрэг уран бүтээлүүдтэй өрсөлджээ. BTS хамтлаг “Оны шилдэг дуу” төрөлд анх удаа шалгарсан байна. 


BTS-ийн гишүүд шахуу хуваарийн улмаас шагнал гардуулах ёслолд оролцож чадаагүй байна. Шагнал хүртсэнийхээ дараа тус хамтлагийн гишүүд ARMY шүтэн бишрэгчдэдээ талархал илэрхийлж, “Arirang” цомгийн амжилт нь тэдний хувьд шинэ эхлэлийн бэлгэ тэмдэг болсон гэдгийг онцолжээ.


“Бидний хөгжмийг хайрладаг хүн бүрийн ачаар “Swim” дуугаараа энэхүү гол шагналыг хүртэх эрхтэй болсон гэж бодож байна. Бид долуулаа цаашид сайхан хөгжим, гайхалтай тоглолтуудаараа та бүхэндээ баяр баясал бэлэглэх болно” гэж хамтлагийн гишүүд хэлжээ.


“Шилдэг хамтлаг” төрөлд хүртсэн энэ удаагийн шагнал нь BTS-ийн тав дахь нь болсон байна. Тус хамтлаг өмнө нь 2019-2022 онд дөрвөн жил дараалан энэ төрөлд шалгарч байжээ. Харин “Шилдэг K-pop” шагналыг дөрөв дэх удаагаа хүртсэн байна. 


Харин BLACKPINK хамтлагийн Лиса Японы жүжигчин Кентаро Сакагүчитэй хамтран дуулсан “Dream” дуугаараа “Шилдэг поп бүтээл” төрөлд шалгарчээ. Түүнтэй Ариана Гранде, Charli XCX, Оливиа Родриго, Сабрина Карпентер, Тейт Макрэй болон Тейлор Свифт нар өрсөлдсөн байна.


Лиса нь "MTV VMAs"-ын “Шилдэг поп бүтээл” төрөлд шагнал хүртсэн Азийн анхны соло уран бүтээлч болжээ. Энэ нь түүний тус наадмаас хүртсэн дөрөв дэх шагнал юм. Тэрбээр өмнө нь 2022, 2024, 2025 онд “Шилдэг K-pop” төрөлд гурван удаа шалгарч байжээ.


Ёслолын үеэр Лиса мөн шинэ “SaWaDiKa” хэмээх шинэ дуугаа толилуулсан байна. Шагналаа гардан авахдаа дуучин бүсгүй MTV болон өөрийг нь Лили хэмээн нэрлэдэг шүтэн бишрэгчдэдээ талархал илэрхийлжээ.


BLACKPINK хамтлагийн Женни, Cortis хөвгүүдийн хамтлаг, Katseye охидын хамтлаг мөн энэ жилийн "VMAs"-ын шагналд нэр дэвшсэн боловч шагнал хүртэж чадаагүй байна.


Өнгөрсөн онд BLACKPINK хамтлагийн Розе “Оны шилдэг дуу” төрөлд шагнал хүртсэн анхны K-pop уран бүтээлч болсон юм. Тэрбээр Бруно Марстай хамтран дуулсан “APT.” дуугаараа уг төрөлд шалгарчээ.




Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг