БЕЛГРАД, 2026 оны аравдугаар сарын 26 /Reuters/. Сербийн улстөрч Александр Вучич ням гарагт болсон парламентын ээлжит бус сонгуульд оюутнуудын хөдөлгөөний нэр дэвшигчдэд ялагдсанаа хүлээн зөвшөөрснөөр олон жил үргэлжилсэн түүний засаглал төгсөж, Балканы хойгийн тус улсад улс төрийн шинэ үе эхэлж байна.
Популист, үндсэрхэг үзэлтэй А.Вучич 2014 оноос хойш Ерөнхий сайд болон Ерөнхийлөгчийн албан тушаалыг хашиж, Сербийн улс төрд голлох нөлөөтэй байсаар иржээ.
Гэвч тэрбээр хоёр шахам жил үргэлжилсэн оюутнуудын эсэргүүцлийн жагсаалын дараа өнгөрсөн есдүгээр сард ээлжит бус сонгууль зарласан юм. Авлига, эрх мэдлийн төвлөрөл нэмэгдэж байгааг эсэргүүцсэн жагсаал 2024 онд Нови Сад хотын төмөр замын буудлын дээврийн саравч нурж, 16 хүн амиа алдсан эмгэнэлт явдлын дараа эхэлсэн билээ.
А.Вучич телевизээр үг хэлэхдээ "Бид энэ сонгуульд ялагдсан нь тодорхой боллоо. "Оюутнуудын жагсаалт" яллаа" гэж мэдэгдсэн байна.
Түүнийг ийнхүү мэдэгдсэний дараахан Белградын төвийн гол гудамжуудад хэдэн арван мянган хүн цугларч, автомашинууд дуут дохиогоо хангинуулан, хүмүүс бүжиглэж, оюутнууд "Ялалт", "Түүний засаглал дууслаа" хэмээн хашхирч байв.
Зургаан сая орчим хүн амтай Сербид оюутнуудын хөдөлгөөний нэр дэвшигчид ялсан нь улс төрийн томоохон өөрчлөлт болж байгаа бөгөөд өнгөрсөн дөрөвдүгээр сард Унгарын сонгуульд Виктор Орбан ялагдсаныг санагдуулж байна. Түүнчлэн энэхүү ялалт нь Европын бусад орны оюутнуудын хөдөлгөөнд жишээ болж магадгүй юм. Сүүлийн хэдэн долоо хоногт Европын хэд хэдэн улсад боловсролын чанар хангалтгүй, залуучуудын ирээдүйн боломж хязгаарлагдмал байгааг эсэргүүцсэн жагсаал өрнөөд байгаа билээ.
А.Вучичийн мэдэгдсэнээр, сонгуулийн урьдчилсан дүнгээр, оюутнуудын хөдөлгөөний нэр дэвшигчид 250 суудалтай парламентад 135-140 суудал авах төлөвтэй байгаа бол А.Вучичийн тэргүүлдэг Сербийн дэвшилтэт нам 105 суудал авахаар байна.
Белградын их сургуулийн профессор Радомир Шайчич оюутнуудыг төлөөлөн хөдөлгөөний төв байранд үг хэлэхдээ "Эрхэм сербчүүд ээ, өнөө орой ард түмний дуу хоолой сонсогдож байна. Өнөөдөр бид ялалтаа тэмдэглэж, маргааш ирээдүйгээ бүтээнэ" гэжээ.
Европын Комиссын дарга Урсула фон дер Ляйен, Европын Холбоог өргөжүүлэхтэй холбоотой асуудал эрхэлсэн комиссар Марта Кос зэрэг Европын удирдагчид болон албаны хүмүүс оюутнуудын хөдөлгөөний нэр дэвшигчдэд баяр хүргэжээ. "Сербийг Европын Холбоонд элсүүлэх үйл явцад хамтран ажиллахад бид бэлэн байна" гэж У.Фон дер Ляйен X нийгмийн сүлжээнд бичсэн байна. Мөн Унгарын Ерөнхий сайд Петер Мадьяр улс орныхоо зүгээс дэмжлэг үзүүлэхээ илэрхийлжээ.
Сонгуулийн өдөр Сербийн хот, суурингуудын санал авах байруудын гадна урт дараалал үүссэн байна. А.Вучич хүртэл Белградад саналаа өгөхийн тулд бараг хоёр цаг хүлээжээ. Олон нийтийн санаа бодлыг судлах байгууллагууд болон Сонгуулийн комиссын мэдээлснээр, сонгогчдын ирц 70 орчим хувьд хүрсэн нь 1992 онд Югослав улс задран унаснаас хойших хамгийн өндөр үзүүлэлт болсон байна.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Мягмар - 10 сарын 27,
2026
Сэтгэгдэл0