sonin.mn

Экологийн гео-эдийн засаг ба Стратегийн түншлэлийн түүхэн логик


Бид Хятад улстай 4700 гаруй километр урт хилээр холбогддог мөнхийн хөршүүд ба  экологийн нэгэн цул тогтолцоонд оршдог. Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, хил дамнасан шар шороон шуурга зэрэг экологийн асуудлыг аль нэг улсын дангаар шийдвэрлэх аргагүй юм. Манай хоёр тал ижил түвшинд, шинжлэх ухааны үндэслэлтэйгээр хамтран тэмцэж байж л бүс нутгийн экологид бодитоор нөлөөлж чадна.


Зураг: 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр БНХАУ-ын Бээжин хотноо Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, БНХАУ-ын Дарга Ши Жиньпин нар албан ёсны хэлэлцээ хийв.


Эх сурвалж: http://english.scio.gov.cn/

 

Энэхүү прагматик хэрэгцээнд тулгуурлан хоёр орны экологийн хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд стратегийн цоо шинэ шатанд гараад байна гэж хэлж болохоор байна. Анх 2022 оны 11 дүгээр сард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-д төрийн айлчлал хийх үеэр БНХАУ-ын Дарга Ши Жиньпин Монгол улсын "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнийг тууштай дэмжихээ илэрхийлж, Цөлжилттэй тэмцэх хамтарсан төв байгуулах улс төрийн тохиролцоонд хүрсэн билээ. Энэхүү тохиролцоо нь Хятад улсын "Бүс ба Зам" санаачилгын ногоон хөгжлийн бодлого болон Хятад улсаас дэвшүүлсэн “Даян дэлхийн хөгжлийн санаачилга”-ыг Монгол Улсын "Шинэ сэргэлтийн бодлого"-ын ногоон хөгжлийн зорилтуудтай уялдуулсан гео-эдийн засаг, экологийн стратегийн чухал огтлолцол болсон юм.

 

Улс төрийн тохиролцооноос бодит хэрэгжилт хүртэл


Дээрх өндөр түвшний тохиролцоо нь ердөө нэг жилийн дотор буюу 2023 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр Улаанбаатар хотноо “Цөлжилттэй тэмцэх Монгол-Хятадын хамтын ажиллагааны төв" -ийг албан ёсоор нээгдэв. Ингээд 2024 онд БНХАУ-ын Олон улсын хөгжлийн хамтын ажиллагааны агентлаг (CIDCA)-аас тус төвийн Хятадын талын үйл ажиллагааг хариуцан гүйцэтгэх эрхийг Бээжингийн Ойн их сургуульд албан ёсоор шилжүүлсэн байдаг.


Эх сурвалж: https://ikon.mn/


Энэ нь тус төв албан бичиг, тунхаглалын хэмжээнд үлдэлгүй, хоёр орны салбар яамд, эрдэм шинжилгээний байгууллагуудын хооронд санхүүжилт, технологи, хүний нөөцийн бодит урсгалыг уялдуулан холбох гол механизм болж бэхжиж байгааг харуулна. Цаашид энэхүү төв нь Монгол-Хятадын экологийн хамтын ажиллагааны бодлого, төлөвлөлт, хэрэгжилтийг уялдуулан зангидах засаглалын цөм болон өргөжих стратегийн ач холбогдолтой гэж судлаачийн зүгээс харж байна.


Хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх нь


Институцийн хамтын ажиллагааны хамгийн сүүлийн үеийн бодит үр дүн нь саяхан буюу 2026 оны 10 дугаар сарын 8-наас 23-ны өдрүүдэд Бээжин хотноо зохион байгуулагдсан "Монгол Улс-БНХАУ-ын цөлжилттэй тэмцэх хамтын ажиллагааны загвар сургалт" юм. БНХАУ-ын Худалдааны яамны ивээлээр CIDCA-ийн дэмжлэгтэйгээр зохион байгуулсан уг хөтөлбөрт Монголын ойн салбарын 35 инженер, техникийн ажилтан хамрагдлаа. Нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний зөвлөх Мөнхбат, Бээжингийн Ойн их сургуулийн Намын хорооны нарийн бичгийн дарга Ван Тао болон Хятадын Үндэсний ойн аж ахуй, бэлчээрийн газрын удирдлагууд оролцов.


Зураг: Хятад-Монголын цөлжилттэй тэмцэх хамтын ажиллагааны загвар сургалт Бээжин хотноо


Зураг: Танхимын сургалт явагдаж байгаа нь


Зураг: Танхимын сургалт явагдаж байгаа нь

 

13 үндсэн модулиас бүрдсэн сургалтын агуулгыг харахад маш прагматик сургалтын агуулга боловсруулжээ. Заримыг тодруулбал хуурай, хагас хуурай бүс нутагт нэн шаардлагатай "Усандаа тааруулж ногооруулах" (yihsui dinglv) буюу усны нөөцийн даацад тулгуурлан ургамалжуулах шинжлэх ухааны зарчмыг онцгойлон заасан. Мөн Зайнаас тандан судлах , дрон ашиглан цөлжилтийн мониторинг хийх технологиос гадна, АХБ зэрэг олон улсын байгууллагуудын ногоон санхүүжилтийн механизмыг цогцоор нь танилцуулсан байна. Энэ нь боловсон хүчин бэлтгэх асуудлыг зөвхөн богино хугацааны сургалтаар хязгаарлахгүйгээр, Монгол Улсын ойн салбарын үндэсний чадавхыг бэхжүүлэх, "Тэрбум мод" хөдөлгөөнийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр удирдан чиглүүлэх бодлогын түвшний томоохон алхам болж буйгаараа онцлогтой дүгнэж байна.


Зураг: Монголын суралцагчид багшдаа Монголын үндэсний онцлог бүхий бэлэг дурсгал гардуулж буй нь


Зураг: Бээжингийн Ойн их сургуулийн Олон улсын сургуулийн монгол оюутан элсэлтийн тухай танилцуулж байгаа нь

 

Зураг: Хятадын ШУА-ын Агаарын сансрын мэдээллийн инновацын хүрээлэн, Олон улсын том өгөгдөл, тогтвортой хөгжлийн зорилгын судалгааны төв (CBAS)-ийн судлаач Ли Шяосун "LDN" мэдээллийн платформын ашиглалтын талаар хичээл зааж байгаа нь

 

Онолын мэдлэгээс гадна сургалтын хамгийн чухал практик үр дүн нь Хөбэй мужийн Чөндэ хотын Вэйчангийн Манж, Монголын өөртөө засах суманд хийсэн хээрийн судалгаа байв. Бээжингийн Ойн их сургуулийн багш Юй Минхан-аар ахлуулсан Монголын баг "Сайханбаа"-гийн механикжсан ойн аж ахуй, Башангийн экологийн иж бүрэн туршилтын станц, "Бээжин-Тяньжин-Хөбэй" бүс нутгийн экологийн нөхөн сэргээлтийн үзүүлэх бүс болон жижиг сав газрын нэгдсэн менежментийн бүстэй танилцсан юм. Энэ үеэр манай мэргэжилтнүүд салхины элэгдэлд орсон доройтсон бэлчээрийг нөхөн сэргээх механик элс тогтоогч, ус хуримтлуулан ургамалжуулах, биологийн хальсаар элс бэхжүүлэх зэрэг инновацилаг технологиудтай газар дээр нь танилцав. Түүнчлэн уулын налуугийн хөрс, усны алдагдлыг бууруулах зориулалттай "загасны хайрс" хэлбэрийн нүх, хурдас тогтоох далан, дэнж зэрэг хөрс, ус хамгаалах инженерийн шийдлүүдийг судалсан нь Монголын говь, хээрийн бүсэд шууд нутагшуулан хэрэгжүүлэх боломжтой үнэлж баршгүй туршлага болсон байна.


Зураг: Сайханба-гийн үзэсгэлэнгийн танхимын үүдэнд


Зураг: Бээжин-Тяньжин-Хэбэй-гийн экологийн нөхөн сэргээлтийн технологи, инженерийн загварчлалын бүсэд монгол хэлтэй хөтөч сургалтад оролцогчдод экологийн нөхөн сэргээлтийн загвар бүсийн түүхэн нөхцөл байдал болон хөгжлийн талаар тайлбарлаж буй нь

 

Зураг: Сургалтад оролцогчид Сайханба дахь Ван Шанхайн дурсгалын ойн бүсэд хээрийн сургалтад оролцож, судалгаа хийсэн нь

 


Зураг: Сургалтад оролцогчид Хөбэй мужийн ШУА-ын Башангийн экологийн туршилтын станцад элсэн шуурганы хөдөлгөөн болон ургамлын нөхөн сэргээлттэй холбоотой тоног төхөөрөмж, багаж хэрэгслүүдтэй танилцаж, экологийн үйл явцын ажиглалт, судалгааны явцтай танилцаж буй нь

 

Технологийн прагматик нутагшуулалт ба "Мөнцао" группын жишээ


Хятадын "Гурван хойд" хамгаалалтын ойн төслийн туршлагыг Монголд нэвтрүүлэхдээ шууд хуулбарлах биш харин орон нутгийн хөрс, цаг уурт нутагшуулан тохируулах нь хамгийн чухал. Үүний бодит жишээ нь Хятадын "Мөнцао" группээс Өмнөговь аймгийн Ханбогд суманд хэрэгжүүлж байгаа 400 га талбайн заг модны төсөл юм. Жилд дөнгөж 104 мм хур тунадас унадаг, зундаа +42 хэм хүрдэг говийн хатуу ширүүн нөхцөлд Хятадын мэргэжилтнүүд технологийн ухаалаг шийдэл гаргажээ. Тэд говийн эмзэг хөрсний эвдрэлийг багасгахын тулд мод тарих нүхний диаметрийг уламжлалт 40 см-ээс 20 см болгон жижигрүүлж, байгалийн хур тунадаст тулгуурлан усалгааг шийдэх инновацийг нэвтрүүлсэн байна. Энэ төслөөр 2026 оны намар гэхэд нийт 330 мянган ширхэг заг мод тарьж дуусгах төлөвлөгөөтэй ба энэ нь шинжлэх ухаанд суурилсан технологийн нутагшуулалт боди хөрсөн дээр хэрхэн бууж болохын нэг тод жишээ юм.

Монгол Улсад өнгөрсөн 8 дугаар сард зохион байгуулагдсан НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал нь хоёр орны экологийн хамтын ажиллагааны үр дүнг олон улсын түвшинд бодитоор харуулах боломжийг олгосон. Тухайлбал уг хуралдааныг зохион байгуулахад хөрш орны зүгээс 1 сая ам долларын санхүүгийн дэмжлэг үзүүлж, Бээжингийн Ойн их сургууль холбогдох салбар хэлэлцүүлгүүдийг хамтран хэрэгжүүлсэн нь шинжлэх ухаан, академик хамтын ажиллагааны практик жишээ болж чадав.


Цаашид Хятад-Монголын цөлжилтөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх хамтын ажиллагааны төвийн стратеги төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу хоёр орны хилийн бүсэд шороон шуурганы хяналт, эрт сэрэмжлүүлгийн хамтарсан станцуудыг байгуулж, говийн бүсийн экологийн тэнцвэрийг хадгалах "Бүс нутгийн ногоон коридор"-ыг цогцлоох нь Монгол орны байгаль орчны аюулгүй байдлыг хангах, цөлжилттэй тэмцэхэд чиглэсэн дараагийн бодит алхам болно гэдэгт итгэлтэй байна.


Дүгнэхэд Бээжин хотноо 14 хоногийн турш орчин үеийн ойн аж ахуй, экологийн нөхөн сэргээлтийн нарийн мэргэжлийн мэдлэг эзэмшээд эх орондоо буцаж буй 35 инженер, техникийн ажилтан бол Монгол Улсын "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнийг бодитоор хөрсөнд буулгах гол хөдөлгөгч хүч юм.

Монгол-Хятадын экологийн хамтын ажиллагаа нь ганц удаагийн сургалт, төслөөр хязгаарлагдахгүй, харин хоёр орны Төрийн тэргүүнүүдийн стратеги тохиролцоог институцийн түвшинд бодитойгоор баталгаажуулж буй чухал алхам юм. Энэ мэт сургалтын үйл ажиллагаа цаашид ч Монгол Улсад үргэлжлэн явагдах тухай сураг байгаа нь тун талархууштай. Энэхүү хамтын ажиллагаа нь "Тэрбум мод" хөдөлгөөнийг шинжлэх ухаан, технологийн дэвшилтэй уялдуулан урагшлуулах түүхэн боломжийг нээж буйгаар онцлог. Эцэстээ энэхүү санаачилга нь хоёр орны гео-эдийн засаг, экологийн харилцан ашигтай түншлэлийн тод илрэл болоод зогсохгүй ирээдүй хойч үедээ ногоон дэлхийг өвлүүлэн үлдээх хүн төрөлхтний хамтын хувь заяаны бат бөх суурь болох билээ.

 




Хятад судлаач, Нэг Бүс Нэг Зам Хамтын Хөгжил Судалгааны Төвийн үүсгэн байгуулагч, тэргүүн, доктор Т.Чулуун-Эрдэнэ