sonin.mn

УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланг Авлигатай тэмцэх газраас “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан”, “Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн”, “Нийтийн албан тушаалтан хахууль авсан” гэх үндэслэлээр яллагдагчаар татан шалгаж буй билээ.

Үүнтэй холбогдуулан МАН-ын дарга Н.Учрал түүнийг намаас хөөх ёстой гэсэн байр суурь илэрхийлж байсан удаатай. Харин Д.Амарбаясгалан өөрөө “Намайг МАН-ын гишүүнчлэлээс өөрийн хүсэлтээр түдгэлзэх өргөдлөө өгөх саналыг ХЕХ-ноос тавьсан. Шүүхээр гэм буруу нь тогтоогдоогүй байхад ‘Нүүрсний хулгайч’ гэж цоллож буйг нам өлгөж авч байгаа нь Улс төрийн намын тухай хуулийг зөрчиж буй үйлдэл” хэмээн мэдэгдэж байв.


Гэвч энд нэгэн анхаарал татах зүйл бий. МАН-ын 30 дугаар Их хурлаар тухайн үед намын даргаар ажиллаж байсан Л.Оюун-Эрдэнэ, Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан нар намын дүрэмд ёс зүй, хариуцлагатай холбоотой хатуу заалт тусгуулсан байдаг.


Тодруулбал, Монгол Ардын Намын дүрмийн 4.3-т “Намын гишүүн нь илтэд ёс зүйн зөрчил, ашиг сонирхлын ноцтой зөрчил гаргасан, авлигын гэмт хэрэгт холбогдсон бол намын болон намын гишүүдийн нийтлэг эрх ашиг, нэр хүндийг хүндэтгэн гишүүнээс түдгэлзэх хүсэлтээ 30 хоногт багтаан гаргана” хэмээн заажээ.

Энэ заалтын хүрээнд өнгөрсөн хугацаанд МАН Ц.Сандуй, Ц.Анандбазар зэрэг хэд хэдэн гишүүндээ хариуцлага тооцож, намаас хасах шийдвэр гаргаж байсан.


Өөрөөр хэлбэл, авлигын гэмт хэрэгт холбогдсон гишүүн намынхаа нэр хүнд, нийтлэг эрх ашгийг хүндэтгэн гишүүнчлэлээсээ түдгэлзэх ёстой гэсэн зарчмыг Д.Амарбаясгалан өөрөө намын удирдлагад ажиллаж байхдаа дэмжин дүрэмд тусгуулсан гэсэн үг.


Гэтэл өнөөдөр өөрт нь ийм нөхцөл байдал үүсэхэд өмнө нь баримталж байсан зарчмаасаа өөр байр суурь илэрхийлж байгаа нь анхаарал татаж байна. Бусдад үйлчилдэг дүрэм өөрт нь үйлчлэхгүй байх учиргүй. Намын дүрэм, ёс зүйн шаардлага хэн нэгний албан тушаал, нөлөө, нэр хүндээс үл хамааран бүх гишүүнд ижил тэгш үйлчлэх ёстой.

Мэдээж хэрэг, Д.Амарбаясгалангийн гэм буруутай эсэхийг гагцхүү шүүх эцэслэн тогтооно. Харин намын гишүүнчлэлээс түдгэлзэх асуудал нь эрүүгийн хариуцлагаас тусдаа, намын дүрэм, улс төрийн ёс зүйтэй холбоотой асуудал юм.

Тиймээс Д.Амарбаясгаланд зарчим гэж байдаг л бол өөрийнх нь удирдлагад байх үед баталсан намын дүрмийг хүндэтгэж, МАН-ын гишүүнчлэлээсээ түдгэлзэх хүсэлт гаргах ёстой билээ.


Э.Солонго