sonin.mn

Манай сайтад аравдугаар ангийн охины "Эмээгээ жаргаахын тулд асрамжийн газарт өгмөөр байна" хэмээх ярилцлага гарсан билээ. Энэхүү ярилцлагын мөрөөр эмээ, охин хоёрт туслах гэсэн чин сэтгэлтэй хүмүүс манай сонины хаягаар саналаа ихээр ирүүлж байна. Иймд өөрсдийн зүгээс эдгээр хүнд баярласнаа илэрхийлье. Эрээнтэй бараантай хүмүүний амьдралд 15 настай охин 74 настай эмээгээ асрахын зэрэгцээ хичээл номдоо шамдан зүтгэж буй нь бас бахархмаар.

 

Тэгээд ч хүүхэд ахуй насандаа эцэг эхээ бурхны оронд үдэж, эмээгээсээ өөр тулж, түших хүнгүй үлдсэн Б.Ганчимэг охины хувьд амьдралыг нуруун дээрээ үүрэхэд арай л эртдэж буй. Тэрбээр үснийхээ боолтыг ч тайлж чадахааргүй балчир насандаа өнчирч үлджээ. Энгэртээ нөхөөстэй тоодгор хөвөнтэй дээл өмсөж, эмээгийнхээ дэвтээж өгсөн боорцгийг идэж хүн болсон Б.Ганчимэг дунд сургуулиа дүүргэж, улсын тэтгэлгээр их сургуульд суралцаж, улмаар сайн сэтгүүлч болно хэмээн зорьж яваа.

 

Түүнд тусламжийн өгөөмөр гараа сунгасан сайхан сэтгэлтэй хүмүүсийн ачаар нуруун дээрх ачаа нь бага ч гэсэн нимгэрнэ гэдэгт итгэлтэй байна. Хөлсний байранд амьдардаг эмээ, охин хоёр төлбөрөө төлж дийлэхгүйд хүрсэн учир толгой хоргодох газаргүй хэцүүхэн байгаа гэнэ.

Амьдрал хэдий хатуу ч зөөлрөх үе байж л таарна. Б.Ганчимэг охины эмээ хэдхэн хоногийн өмнө бие нь муудаж Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэгт хэвтсэн гэсэн мэдээлэл бидэнд ирсэн юм.

Тиймээс Д.Хандсүрэн гуайн биеийн байдал ямар байгаа, цаашдын амьдралаа хэрхэн төсөөлж байгааг тодруулахаар очлоо.


-Таны бие сайн уу?

-Яахав дээ. Тал харвалт өгснөөс болж хоёр хөл дээрээ босож чадахаа больсон. Хүн хоол өгвөл идчихээд л орондоо хэвтэж байдаг болохоор хэцүү юм. 70 гаруй жил амьд явчихаад ач охиноороо асруулаад л хэвтэж байна.



-Эмнэлэгт хэзээ хэвтэв ээ?

-Бараг долоо хонох гэж байна. Эмч нар үзээд эмнэлэгт хэвтэхгүй байж болно гэсэн. Гэвч надад эмнэлгээс өөр орох орон байхгүй болчихоод байна. Маргааш эмнэлгээс гараад хаачихаа ч мэдэхгүй л байна. Тиймээс гуйж байж хэвтсэн. Эмч нар хүний төлөө гэсэн сайхан сэтгэлтэй болохоор намайг долоо хоног ч гэсэн дулаан байг гэж бодсон байлгүй. Тэд дусал, тариа, витамин гээд л бие тэнхрүүлэх зүйл хийж өгч байгаа.



-Та хоёр хөлсний байранд амьдардаг гэсэн биз дээ?

-Тийм ээ. Сайхан сэтгэлтэй хүмүүсийн ачаар нэг хэсэг хөлс мөнгө төлөхгүй амьдарч байсан. Харин сүүлийн хэдэн сар түрээс өгч байгаа. Хүйтний улирал эхэлсэн учраас охиндоо өвлийн хувцас авч өгмөөр, байрны түрээсээ төлмөөр гээд тоочвол зовлон мундахгүй юм. Тиймээс байрныхаа мөнгийг төлж чадахгүйд хүрч тэндээсээ бараг л хөөгдсөн.



-Танд хамаатан садны бий юу?

-/Уйлав/ Дөрвөн сайхан хүүтэй байсан. Миний л үйлийн үр юм байлгүй, дөрвүүлээ орчлонгийн мөнх бусыг үзсэн. Хүн хүүхдүүдийнхээ ард амьд үлдэх шиг муухай зүйл байдаггүй юм байна. Архичин байсан ч хамаагүй нэг нь амьд үлдэхгүй яав даа гэж бодогдох үе их бий. Ямар үйлийн үрээр энэ муу алгын чинээхэн охин миний мах цусны тасархай болж төрж, намайг өдий зэрэгтэй чирч яваа юм, бүү мэд.



-Таныг асрамжийн газар хүргэж өгмөөр байна гэж ач охин нь хэлж байсан. Та өөрөө юу гэж бодож байна?

-Үр хүүхэд гэж байхгүй. Хумсын чинээхэн охиныхоо хүсэл, мөрөөдлийг хааж, өөрийнхөө зовлонг үүрүүлж суухаар асрамжийн газарт л очмоор байна. Хүний төлөө гэсэн сэтгэл зүрхтэй хамт олон дунд өөрийнхөө үеийн хүмүүс дээр оччихвол надад ч гэсэн сэтгэл амар байх болно. Харин охин минь яаж амьдарна даа. Санаагаар болдог бол тэтгэвэр, тэтгэмжээ охиндоо өгч баймаар санагддаг. Гэхдээ хууль, дүрмэндээ болдоггүй юм байлгүй. Манай дүүрэг, хороо хөөцөлдөөд асрамжийн газарт очих бичиг баримтыг бүрдүүлээд бэлэн болгочихсон сураг байсан. Эмээ нь одоо хүртэл цахим үнэмлэхээ аваагүй л явж байна.



-Ач охин чинь тэжээгчээ алдсаны тэтгэмж авдаг уу?

-Үгүй ээ. Намайг өлсгөхгүйн тулд төрснийхөө гэрчилгээг хүртэл ломбардад тавьчихсан байна билээ. Одоо миний охин ямар ч бичиг баримтгүй. Харьяалагдсан газар ч үгүй явж байгаа. Хүүхэд юм болохоороо олсон хэдэн төгрөгөө заримдаа гамгүй үрдэг л байх. Гэхдээ л миний охин намайг дааруулж, өлсгөөгүй.



-Таныг асрамжийн газар оччихоор Б.Ганчимэг хаана амьдрах бол?

-Миний нэг бэр бий. Өөрийнхөө амьдралыг болгох гэж хуруу хумсаа хугалан зүтгэж байгаа ч бид хоёрыг хаяж байгаагүй. Тэр маань ямар ч байсан гадаа хонуулахгүй, хойно урдаа нууж зүтгэж байгаад амьдралтай нь залгуулчих байх гэж бодож байна.



-Танд одоо өмсөөд гарах дулаан хувцас бий юу?

-Байгаа. Элэгдэж, хуучирч илч нь буурсан ч гэсэн хэдэн жил өмссөн гутал, дээл бий. Миний шинэ дулаан хувцас өмсөх ч яамай. Ганц охиноо л олны дунд нүдийг нь бүлтэлзүүлж муу хувцастай явуулчихгүй юмсан гэж бодох юм. Үхсэнээс үлдсэн ганц хүн шүү дээ./уйлав/



-Та ажиллаж байсан байгууллагатайгаа холбоотой байдаг уу?

-Өчигдөр надтай хамт ажиллаж байсан нэг хөгшин ирээд явсан. Тэр хүн манай цэргийн анги дээр очоод Д.Хандсүрэнд тусалмаар байна гэж хэлсэн гэсэн. Гэтэл өмнөөс нь бараг л хөөх шахсан гэнэ лээ. Намайг таньдаг хүмүүс тэтгэвэртээ гарсан байх. Гэхдээ хойч үе маань ахмадуудаа мэдэж байвал зүгээрсэн. Цус харваж хүний гарт ороогүй бол гудамжинд гуйлга гуйгаад ч гэсэн ачтайгаа амьдармаар л байна. Даанч хүний "сүг" болчихсон амьтан чинь яаж ч чадахгүй юм.



    Гартаа дусал залгуулж хажуугаараа харж хэвтсэн Д.Хандсүрэн гуайн баруун шанааг даган нулимс урсана. Энэ хүн үргэлж ийм ядуу байгаагүй. Түүнд сайхан хамт олон, хань ижил, үр хүүхэд байсан. Түүнийг гэрчлэх мэт "Онц хилчин" гэсэн тэмдэг, үнэмлэх жижигхэн бор хайрцганд нандигнан хадгалагдаж байгааг ач охин нь "Манай эмээгийн шагнал" хэмээн надад үзүүлсэн юм.

 

Бууралтсан халимаг үсэндээ гар хүрээгүй хэчнээн ч удсан юм бол доо, зайлуул. Өлсөхөөрөө хүний гар дагуулж нааш, цааш харж ширээн дээрх халуун савтай цай аягалах бүрт надад өгөх болов уу гэх битүүхэн горьдлого тээх энэ буурлын зовлонг нимгэлэх юм сан. Түүнтэй хамт эмчлүүлж буй өвчтөнүүд цай хоолноосоо хуваалцаж, ар нуруунд нь зузаан дэр тавьж хана налуулан суулгаж биеийнх нь чилээг гаргана.

 

Гэвч өвчин, зовлон хоёр өөр шүү дээ. Түүний бие чилээрхүү байгаа ч сүү шиг сэтгэлтэй монгол түмнийхээ ач буянаар зовлонгоос ангижрах цаг ойрхон байна. Та ач охиндоо итгээрэй. Тэр таныг асрамжийн газар очсоноос хойш ч эмээгийнхээ хүн болгосон ачийг хариулах биз ээ.

В.Нэргүй
Эх сурвалж: "Үнэн.мн"