sonin.mn
ДОЛЦОНГИЙН ДОНДОГ
(1956-2021)
 
Төр нийгмийн нэрт зүтгэлтэн Баян сумын уугуул Долцонгийн Дондог 2021 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр өвчний улмаас таалал төгсч, гэр бүл, төрөл садан болон Монголын төр, нийгмийн салбарт хүнд гарз тохиолоо.
Д.Дондог нь 1956 оны 2 дугаар сарын 12-ны өдөр Төв аймгийн Баян суманд малчин Долцонгийн хүү болон мэндэлж, гэр бүлийн ноён нуруутай, түшиг тулгуур болсон эр хүн, халамжит хань, аав байлаа.
Тэрээр 1972 онд Төв аймгийн Баян сумын найман жилийн дунд сургууль, 1974 онд Зуунмод хотын 10 жилийн дунд сургууль, 1979 онд Улсын багшийн их сургуулийг “Физик-математикийн багш” мэргэжлээр, 1989 онд Намын дээд сургууль төгсөж, улс төрийн дээд боловсрол эзэмшиж сурган хүмүүжүүлэгч багшаас ажил амьдралын гараагаа эхлүүлж, төр нийгмийн нэрт зүтгэлтэн хүртэл улс, нийгэмдээ хөдөлмөр зүтгэлээ зориулжээ.
 
Д.Дондог нь дээд сургуулиа төгсөөд нутгаа зорьж, 1979-1984 онд Төв аймгийн Зуунмод сумын 10 жилийн дунд сургуульд физик- математикийн багшаар ажиллаж байгаад намын ажилд шилжин 1984-1987 онд Төв аймгийн МАХН-ын хорооны зааварлагч, 1989-1990 онд Аймгийн МАХН-ын хорооны улс төрийн хэлтсийн ахлах зохион байгуулагч, хэлтсийн дарга, 1990-1992 онд аймгийн МАХН-ын хорооны дэд даргаар, 1992-1996 онд Төв аймгийн ЗДТГ-ын Зохион зааварлах хэлтсийн орлогч дарга, 1996-2000 онд Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн дарга, 1997-2000 онд аймгийн МАХН-ын хорооны даргын алба хашиж, орон нутгийг хөгжүүлэхэд хүчин зүтгэж ирсэн, нутаг усандаа нэр хүндтэй сэхээтний нэг юм.
 
Д.Дондог нь нутгийн сонгогч олныхоо итгэлийг хүлээж 2000-2012 онд УИХ-д гурван удаа сонгогдсон мэргэшсэн парламентчдын нэг байсан юм. 2005 онд УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар ажиллаж байсан, УИХ дахь Монгол-Болгар, Монгол-Польшийн парламентын бүлгийн даргын сонгуульт алба хашиж байлаа.
 
Д.Дондог нь УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллах энэ хугацаандаа 70-аад хуулийн төслийг санаачлан боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлсэн бөгөөд ихэнхийг нь батлуулсан байна. Тэрээр манай улсын боловсролын тогтолцоог улам боловсронгуй болгон сайжруулахад анхаарч, Боловсролын ерөнхий хууль, Бага, дунд боловсролын тухай, Мэргэжлийн боловсролын тухай, Дээд боловсролын тухай хуулиудыг батлуулахад ихээхэн хүчин чармайлт гаргажээ.
Мөн түүнчлэн Улсын Их Хурлын тухай хуулийн шинэчилсэн найруулга, УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Улсын Их Хурлын чуулганы дэгийн тухай, Улсын Их Хурлын Сонгуулийн тухай /шинэчилсэн найруулга/, Сонгуулийн Төв байгууллагын тухай, Засаг, захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай зэрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай зэрэг хуулиудын төсөл боловсруулж ажлын хэсэгт орж ажилласан байна.
Тэрээр УИХ-ын гишүүнээр ажиллаж байхдаа тойрогтоо хамгийн их хөрөнгө оруулалт хийдэг, мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлдэг, амлалтаа биелүүлдэг, үнэнч шударга, итгэл даасан төрийн түшээ байсан юм.
 
Д.Дондог нь 2005 оноос хойш одоог хүртэл Улаанбаатар хот дахь Төв аймгийн нутгийн иргэдийн зөвлөлийн даргаар ажиллан Төв сайхан нутгийнхаа хөгжил цэцэглэлтийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж сумдын Нутгийн зөвлөлүүдийн үйл ажиллагааг удирдан чиглүүлж, иргэд олон түмнээ нэгтгэн зохион байгуулах, аймаг орон нутгаа хөгжүүлэх, аймгийнхаа оны шилдгүүдийг шалгаруулах “Алтан гурвалжин” арга хэмжээг жил бүр зохион байгуулж аймгийн шилдгүүдийг алдаршуулан нийгэмд таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан шилдэг удирдагч байлаа.
 
Хууль тогтоох байгууллага, нутгийн удирдлагын байгууллагыг хөгжүүлэх, төлөвшүүлэх үйлсэд оруулсан үнэтэй хувь нэмэр, хөдөлмөр бүтээлийг төр засаг өндөр үнэлж Ардын хувьсгалын 70, 80 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүндэт медаль, Эрүүл мэнд, төрийн алба, нийгмийн хамгаалал, соёл, биеийн тамир, хөдөө аж ахуй, байгаль орчин, төрийн хяналт шалгалт, сонгуулийн хорооны Тэргүүний ажилтан, “Алтан гадас” одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор тус тус шагнасан байна.
Монголын улс төр, нийгмийн салбарт төр нийгмийн зүтгэлтний түүхэн замналыг тодоос тод бичиж үлдээсэн түүний эх орондоо хайртай, элгэн садандаа энэрэлтэй, ажилч хичээнгүй, хүнлэг нөхөрсөг, хөдөлмөрч, манлайлагч, сурган хүмүүжүүлэгч, элэгсэг дотно, төлөв түвшин дөлгөөн гэгээн дүр төрх бидний зүрх сэтгэлд үүрд хоногшин үлдэх болно.
Та минь эх нутгийнхаа алтан хөрсөнд амар амгалан нойрс доо.
 
ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ,
ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР