sonin.mn
Монголын радиогийн “Таван эрдэнэ”, “Ургацын далай” нэвтрүүлгийг сонсоогүй монгол хүн нэгээхэн ч үгүй ээ.  Манай улсын эдийн засгийн гол түшиг тулгуур газар тариалан, мал аж ахуйн салбарын ололт амжилт, тэндхийн хөдөлмөрийн сайчууд, тэдний ажил амьдралыг олон түмэнд сурталчлан түгээдэг “Шинэ эрин” радио станцын сэтгүүлч, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Бэсүд овогт Лханаагийн Мөнхтөртэй хаврын адаг сарын энэ л өдөр ярилцлаа.
 
-Та уг нь УБДС /хуучин нэрээр/-ийн монгол хэл, уран зохиолын ангийг багш мэргэжлээр дүүргэсэн ч Монголын радио гэх их айлын сэтгүүлчээр ажиллаад олон жилийг ардаа орхижээ. Энэ талаар ярилцлагаа эхлэх үү?
 
-За тэгье. Монгол телевизийн салбар үүсээгүй байхад Монголын радио, “Үнэн” сонин л мэдээллийн гол хэрэгсэл болж байсан  90-100 жилийн буурал түүхтэй хэрэгсэл, хэвлэл мэдээллийн байгууллага юм. Радиогоор сонсож, “Үнэн” сониноос авсан мэдээллийг бат гэж ойлгодог, энэ үүргээ ч нэр төртэй биелүүлж ирсэн гэж боддог.
Монголын радиод  олон жилийн зузаан түүх, архивтай хэд хэдэн нэвтрүүлэг байдгийн нэг хэсэг нь 60 шахам жил болж байгаа “Ургацын далай”, “Малчин”, “Таван эрдэнэ” нэвтрүүлэг юм. Эндээс олон жил хөтөлсний хувьд “Ургацын далай”-г би онцолмоор санагдаж байна. Энэ нэвтрүүлэг нь Монголын газар тариалангийн түүхэн хөгжлийн явцад бий болсон байдаг. Өөрөөр хэлбэл, газар тариалангийн салбар технижиж эрчимжсэн 1964 оноос орон даяар нэвтэрч эхэлсэн. Атар газрыг эзэмших анхны хөдөлгөөн өрнөж, Зэлтэр, Хэрлэн, Эг-Үүр, Дарханы гэх  дөрвөн сангийн аж ахуй байгуулснаар газар тариалан бие даасан томоохон салбар болж хөгжсөн түүхтэй. 2019 онд түүхт 60 жилийн ойгоо тэмдэглэсэн. Тухайн үеийн Сайд нарын зөвлөл, Мэдээлэл радиогийн улсын хороо хамтарч, тушаал шийдвэрээ гаргаснаар энэ нэвтрүүлэг бий болсон байгаа юм.
Атар газрыг эзэмших анхны хөдөлгөөн өрнөж, Зэлтэр, Хэрлэн, Эг-Үүр, Дарханы гэх  дөрвөн сангийн аж ахуй байгуулснаар газар тариалан бие даасан томоохон салбар болж хөгжсөн түүхтэй. 2019 онд түүхт 60 жилийн ойгоо тэмдэглэсэн. Тухайн үеийн Сайд нарын зөвлөл, Мэдээлэл радиогийн улсын хороо хамтарч, тушаал шийдвэрээ гаргаснаар энэ нэвтрүүлэг бий болсон байгаа юм.
 
-“Ургацын далай” нэвтрүүлэг төдийгүй хөтлөгчид нь ч маш тогтвортой ажилласан гэх юм билээ. Энэ тухай товч танилцуулбал сонин байх болов уу?
 
-1964 оноос радиогийн өргөн нэвтрүүлгээр цацагдсан энэ нэвтрүүлгийг өдрийг хүртэл 10-аад хүн л хөтлөн явуулсан байдаг юм.  Анхны хөтлөгч редактор нь Б.Дэндэв гэж хүн байжээ. О.Туяа, З.Далхжав нар сурвалжлагчаар нь ажилласан байдаг. Тэр үед нэвтрүүлгийн өмнөтгөлд дөрвөн мөр шүлэг ч  юм уу дуу явдаг байсан бол Б.Дэндэв гуай өөрөө “Ургацын далай” гэж дууны шүлэг бичиж, Монголын радиод ажиллаж байсан Т.Чимиддорж /хожим Урлагийн гавьяат зүтгэлтэн цол хүртсэн/ хөгжмийн зохиолчид өгч ая данг тааруулснаар энэ нэвтрүүлэг дуутай болсон байна. Үүнийг анх Урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Эрдэнэбулган дуулсан юм билээ. Энэ дуу радиогоор яваад эхлэхээр монголчууд маань намар болжээ хэмээн дохиолдог нь одоо ч хэвээрээ.
 
 
 
Сүүлийн жилүүдэд  нэрт зохиолч П.Баярсайхан, Б.Цэдэндамба нар хөтөлж байсан. Миний бие Б.Цэдэндамба багшийнхаа халааг авснаас хойш 25 жил “Ургацын далай”-гаа хөтөлж байна. Одоо Х.Дугарсүрэн гэж миний шавь эрхлэн явуулж байгаа.
 
 
 
-Энэ хугацаанд газар тариалангийн салбар унаж босож, олон оныг үдэхдээ ард түмнийхээ тариа, ногооны хэрэгцээг хангасаар ирсэн. Тухайн салбарын хөгжил дэвшлийн талаар та ямар бодол саналтай явдаг вэ?
 
-Атрын анхдугаар аяныг зарлаж, атар газрыг эзэмшсэнээс хойш 1976 онд хоёрдугаар, 1990-ээд оны эхээр гуравдугаар кампанит ажлыг өрнүүлж байлаа. Ийм урт хугацаанд Монголын газар тариалангийн салбараас хөдөлмөрийн олон зуун шилдэг тэргүүний хүмүүс төрөн гарч, хийсэн бүтээсэн, хэлсэн ярьсан нь өнөө хэр уламжлагдсаар явна. Жишээ нь, Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын тариаланч, Хөдөлмөрийн баатар Ж.Нацагдоржийн “Тариа эхлээд тархинд соёолж, дараа нь газарт ургадаг” гэсэн үг өнөөдөр тариаланчдын дунд афоризм /онч мэргэн үг/ болсон ч байх шиг. Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгоны сангийн аж ахуйн Гавьяат агрономич, Хөдөлмөрийн баатар Ш.Мардаан гуай “Нийгмийн тогтолцоо өөрчлөгдөвч тарианы технологи өөрчлөгдөхгүй” гэж хэлсэн нь одоо ч толгойд байж л байна. Ийм жишээ маш олныг эшэлж болох нь тэр хүмүүсийн газар тариалангийн салбарт зүтгэсэн хэдэн арван жилийн ажил хөдөлмөрөөс ургаж гарсан ухаан юм даа. Тус аймгийн Цагааннуур, Төв аймгийн Жаргалант сум бол газар тариалангийн гол бүс нутаг, тариа ногооны цөм учраас маш олон гавьяат, баатар төрөн гарсан байдаг. Тэр хэрээр ард түмнийхээ хэрэгцээг хангах, улс орны хөгжлийг түүчээлэхэд томоохон хувь нэмэр оруулсан гэж ойлгож болно.
1990-ээд оны эхэн үед газар тариалангийн салбар нийгмийн тогтолцоо, аж ахуйн бүтэц бүрэлдэхүүн, өмчийн харилцаатай холбогдож хүнд цохилтод орж, өмч хөрөнгө эзэнгүйдэж, уруудаж, доройтож байсан цаг үе бий. Гэвч “Атрын III аян”-ыг өрнүүлснээр хөдөө аж ахуй хөл дээрээ босож, сэргэж эхэлсэн. Одоо газар тариалангийн аж ахуйн нэгжүүд бие даах чадвартай болсон ч төр засгаас хууль эрх зүйн орчин, хаврын тариалалтын үед хөнгөлөлттэй зээл тусламжаар дэмжээд өгвөл дотоодын хэрэгцээг хангах бүрэн боломжтой болсон байна. Энд нэг зүйлийг зориуд хэлэхэд, хэдийгээр газар тариалангийн бүс нутгийг тогтоож өгсөн боловч тэнд малын тоо толгой бэлчээрийн даацаасаа хэтэрсэн, өмчийн эзний хариуцлага, мал маллагааны арга технологи сулаас шалтгаалан малчин, тариаланчдын хооронд үл ойлголцол бий болох тохиолдол цөөнгүй гардаг. Үүнийг л зохицуулж өгмөөр байгаа юм.
 
-Хоёулаа ярилцлагаа арай өөр чиглэл рүү, өөрөөр хэлбэл, сүүлийн үед таны эрхэлж байгаа ажилд хандуулъя. “Ургадаг алт” нэртэй сэтгүүлийн тань хоёр дахь дугаар хэвлэгдэн гарчээ. Ийм хэвлэл гаргах санаа хэрхэн төрөв?
 
-Монголын газар тариалангийн салбарыг  30-аад жил сурвалжилсны хувьд түүний хөгжил дэвшил, тэнд ажиллагсдын зан араншин, хөдөлмөр зүтгэлийг илүү мэдэх юм. Бас хуримтлуулсан туршлага, хураасан архив, материал багагүй байна. Дээр нь хүн, мал, амьтай бүхэн газрыг л түшиж шүтэж амьдарч байгаа нь тодорхой. Тиймээс ийм нэртэй сэтгүүл гаргаж эхэлсэн хэрэг.
Монголын газар тариалантай ажил хөдөлмөрөө холбосон 30-аад жилийн туршлага, бүтээлдээ үндэслэн найман боть ном хэвлүүлсэн. Сонирхуулахад, 1990-ээд оны дундуур Монголын сэтгүүл зүйд “ургадаг алт” хэмээх нэр томьёог би оруулж ирсэн гэж боддог. Тухайн үед “Алт” хөтөлбөрийг хэрэгжүүлж, хаа сайгүй л газрыг ухаж сэндийлж байлаа шүү дээ. Тиймээс ухдаг болон “ургадаг” алтны талаар өгүүлэл ч бичиж байсан. Үүнийгээ бэлгэшээж “Ургадаг алт” сэтгүүл гаргахаар санаа шулуудаж, жилд дөрвөн дугаар хэвлүүлэхээр төлөвлөөд байгаа юм. “Төрөөгүй хүүхдэд төмөр өлгий бэлдэх” гэдэгчлэн ийм сэтгүүл гаргахаар болсон тухайгаа цахим хуудсаар мэдээлсэн даруйд манай газар тариалангийн салбарынхан, аж ахуйн нэгжүүд сайнаар хүлээн авч дэмжсэнд би машид талархаж байна. Цаашдаа захиалагчдын маань тоо улам олон болж, бид мөнхийн түнш харилцагч байна гэдгийг амлаж хэлье.
 
 
 
-Таны “Зөөлөн зөөлөн замбуулин” дууг мэдэхгүй хүн байхгүй гэвэл үнэнээс хол зөрөхгүй байх. Ер нь урлаг, утга зохиолын салбарын бүтээлүүдээс дурдвал ямар вэ?
 
-Би сэтгүүл зүйн бүтээл туурвихын зэрэгцээ 30-аад ном хэвлүүлж, 100 орчим дууны үг бичсэн байдаг юм. Ер нь яруу найраг, эссэ бодрол гээд уран зохиолын төрөл бүрээр л бичих бодолтой явна. Сүүлийн үед хүний сэтгэлийн гүн рүү өнгийж, хэд хэдэн эссэ төрлийн ном бичлээ. Түүний хамгийн эхнийх нь 2015 онд хэвлүүлсэн “Сэтгэл” гэж ном бий. Дараа нь “Нүд”, “Зүрх”, “Элэг” гэхчлэн хүний сэтгэл санаатай холбоотой эрхтнээр нэрлэсэн ном гаргасан. Сүүлийн хэдийг нь кирилл, монгол бичгээр хэвлүүлсэн нь бүх нийтээр уламжлалт бичиг үсгээ сурах, төрийн хэргийг залгуулах аян өрнөж байгаатай холбоотой юм.
Дууны уран бүтээлийн хувьд 1990-ээд оны эхээр “Нутгийн зам” гэж анхны дуу маань Гавьяат жүжигчин, дуучин Г.Эрдэнэбатын дуулснаар олонд хүрсэн. 2000 оны эхээр бичсэн “Зөөлөн зөөлөн замбуулин” дууг Монгол туургатных ч гэж хэлж болохуйцаар өргөн тархсан байдаг юм билээ. Үүнээс гадна “Жаргалын найман морь” нэртэй шилмэл бүтээлийн найман ботид маань нэлээд хэдэн дууны шүлэг байдаг. 2020 онд “Бид хоёр” гэж найз нөхөд, хамтран ажиллагсдынхаа тухай хөрөг, найрууллын номоо гаргасан. Үүнд 110-аад хүний тухай өгүүлсэн бөгөөд цаашдаа ч үргэлжлүүлнэ гэж бодож байгаа. Одоо удахгүй дан афоризм /онч мэргэн үгс/-аас бүрдсэн нэг ном хэвлүүлэхээр бэлтгэж байна.
 
-Таны “шийрийг хатаах” шавь нар хэр олон байна вэ. Тэднийхээ тухайд ямар үнэлэлт дүгнэлттэй явдаг юм бол?
 
-Надад хадаг барьсан хоёр л хүүхэд бий. Э.Баярмаа гэж шүлэг, өгүүллэг, туужийн ном хэвлүүлсэн, сүрхий охин байдаг юм. Солонгос хэлнээс овоо хэдэн ном орчуулаад одоо сэтгэл зүйн чиглэлээр ажиллаж байна. Нөгөө нь зургийн авьяастай, бас шүлгийн хоёр ч номоо хэвлүүлээд амжсан, Германд амьдардаг Д.Тоддаваа гэж залуу бий. Радиод хамт ажиллаж, надаас сурч мэдэж, сонссоноо хэрэгжүүлээд явж буй Х.Дугарсүрэн, Б.Батхолбоо, Ө.Цогт-Эрдэнэ гээд хэдэн залуу бий.
 
-Уул талын цас ханзарч, газар тариалангийн ажил эхлэхээр таны сэтгэл бас хөвөлздөг байх. Яг энэ цаг дор танд юу бодогддог вэ?
 
-Монгол орон бол эх газрын эрс тэс уур амьсгал, эргэх дөрвөн улиралтай ховорхон заяах нутаг. Монголчууд маань “Хаврын нэг өдөр жилээ даадаг”  гэж ярьцгаадаг нь амьдралын том философи юм. Хавар байгаль дэлхий сэргэхийн сацуу мал төллөж өсөн үржиж, тариа ногоогоо тариалдаг болохоор энэ улирлын нэг өдрийг ч алдаж үл болно. Түүнээс бүтэн жилийн амьдрал шалтгаална гэсэн сургаал юм. Ирж буй урин дулаан цагт малаа өсгөж, тариагаа тарьж, ногоогоо ургуулж чадвал амьдрал ахуй тэгш дүүрэн байхын угтал болдог нөр их хөдөлмөрийн улирал шүү дээ. Тиймээс малчин, тариаланч, нийт ард иргэддээ хөдөлмөр бүтээлийн өндөр их амжилтыг ерөөе дөө.
 
-Цаг зав гаргаж, ярилцсанд баярлалаа. Таны уран бүтээлд өрнүүн амжилт, эрүүл энхийг хүсэн ерөөж байна.
 
 
Д.Мөнхжаргал
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин