sonin.mn
Артур Брэнд алдагдсан суут  бүтээлүүдийг  мөрдөн мөшгөхөд бүх амьдралаа зориулсан урлагийн шинжээч. Цэнхэр нүд, цайвар үс, хөгжилтэй тэрбээр Пикассо, Сальвадор Далийн алдагдсан бүтээл, Оскар Уайлдын бөгж зэрэг 200 гаруй хосгүй дурсгалыг олжээ. Испанид солилцоогоор суралцаж байхдаа Артур урлагийн ертөнцтэй холбогджээ. 2015 онд TED илтгэлдээ “Би өнгөрсөн үеийг судлахад ирээдүйгээ зориулахаар шийдсэн. Хулгайлагдсан урлагийн бүтээлүүдийн тухай сонины мэдээг түүж, хувиараа мөрдөж эхэлсэн” гэжээ. Тэр бол бодит амьдрал дахь Да Винчийн код. Ажилдаа алдаа гаргадаггүй түүнийг “Урлагийн ертөнцийн Индиан Жонс” хэмээдэг. Учир нь Артур ихэнхдээ хувийн зардлаараа мөрдлөг явуулдаг. Тэрбээр илрүүлсэн хэргийнхээ хариуд мөнгөн шагнал авах нь ховор. Оскар Уайлдын бөгжийг олсны шанд Оксфордын их сургуулиас  гурван мянган фунт стерлинг олгохоор болжээ. Энэ нь Артурт  үл хүндэтгэсэн мэт санагдаж, бөгж гардуулах ёслолд оролцохоос татгалзсан байна.
 
“Да Винчийн код” бодит амьдрал дээр
 
Бид хулгайлагдсан урлагийн бүтээлийн  тухай уншдаг ч хөшиг­ний ард нуугдсан гэмт хэргийн сүлжээнүүдийн талаар төдийлөн мэддэггүй.  Артур Брэнд энэхүү сүүдэртэй, гайхмаар, аюултай ертөнцийг хүн төрөлхтөнд нээж өгсөн юм. Урлагийн эрүүгийн ертөнц пирамидтай адил. Оргилд нь хууль бус  зах зээлийг бүхэлд нь эсвэл бага хэмжээгээр хянадаг 30, 40 эрхэм залардаг. Харин эрдэнэсийн хайгуулч, хуурамч бүтээл туурвигч, хууль бус наймаачид, урлагийн хулгайч нар доор нь байдаг. Брэнд пирамидын оргил эзэмшигчидтэй холбоо тогтоосны ачаар олон хэрэг илрүүлжээ. Андалузийн эрдэнэсийн ангуучид энэ төрлийн худалдаа эрхэлдэг цорын ганц урлагийн мафи биш. Нууцаар сэргээн засварлахаас эхлээд хуурамч бүтээлүүд тэдний гараар дамжина. Урлагийн хар зах зээлийн жилийн эргэлтийг зургаан тэрбум ам.доллар. Хулгайлагдсан бүтээлүүд усанд хаясан чулуу мэт ул мөргүй алга болдог. Бостон дахь “Изабелла Стюарт Гарднер”-ийн музейгээс 1990 онд хулгайлагдсан 500 сая ам.долларын зургуудын сураг одоо ч гараагүй л байна. Энэ хэрэгт Ираны хувьсгалт гвардыг сэжиглэдэг юм. Артур “Би урлагийн ертөнцөд цуглуулагчаар хөл тавьсан. Ромын эзэн хаантай нас чацуу зоосыг барьж үзэхэд гайхалтай байв. Харамсалтай нь урлагийн бүтээлийн 30 хувь нь хуурамч гээд төсөөлөөд үз дээ” хэмээсэн байдаг. Тэрбээр хуурамч зоосыг ялгаж сурахын тулд цагдаагийн нэрт мэдээлэгч Майкл ван Райнд ханджээ. Ван Райн Холбооны мөрдөх товчоо, Скотланд-Ярдын цагдаа нартай хамтран ажилласан туршлагатай нэгэн. Брэнд түүнээс чамгүй зүйл сурсан байна. Голланд мэргэжилтэн ажлынхаа талаар “Хэн нэгэн музейгээс уран зураг хулгайлжээ. Цагдаа нар хулгайчийг олсон ч нотолж чаддаггүй. Алдагдсан бүтээлүүд 4-5 хүний гар дамжсан байдаг. Ихэнх тохиолдолд гэмт бүлэглэл ээлжит наймааныхаа төлбөр болгож уг бүтээлийг бусдад дамжуулна. Миний гол үүрэг бол албан ёсны мөрдөн байцаалт дууссаны дараа зургийг буцааж өгөх зорилгоор шийдэл олох, тохиролцох явдал юм. Би цаг хугацаатай уралддаг. Мэдээлэгч, урлагийн дилер, эрүүгийн бүлэглэлийн  ачаар эрж сурснаа олдог. Үнэнийг хэлэхэд тэд намайг өөрсдөө олдог. Би хууль зөрчихгүй, хэлсэндээ хүрэх ёстой гэсэн хоёр зарчим баримталдаг. Олон нийт хулгайч нарын талд орох нь бий. “Ocean 11”, “Жеймс Бонд” кинон дээр тэд дур булаам дүр төрхтэй гардаг шүү дээ. Нөгөөтэйгүүр, тэд миний дайсан ч хүндэлж, нухацтай хандах ёстой. Хулгайчийг барихын тулд тэдэн шиг сэтгэх хэрэгтэй” гэж ярьжээ. Түүнтэй 2018 оны сүүлээр Ираны Элчин сайдын яамтай холбоотой гурван хүн уулзав. Мюнхенд амьдардаг Ираны цуглуулагч Джафар Газийн гэрээс XV зууны хэдэн зуун мянган ам.долларын үнэтэй ховор гар бичмэл алдагджээ. Артур мөрдөн байцаалтаа урлагийн гэмт хэргийн  төвүүдийн нэг Лондонгоос эхлүүлэв. Английн нийслэлд иран  баячууд олон бий. Перс номыг иранчууд л цуглуулна. Тэрбээр  эртний эдлэлийн наймаачин Уильям Верестэй хамтран хэргийг илрүүлжээ. Энэ хэрэг түүнд урлагийн ертөнц үндсэндээ ялзарч байгаа мэт сэтгэгдэл төрүүлсэн байна. Үнэндээ урлагийн хар зах зээл мансууруулах бодис,  зэвсгийн наймааны дараа гуравдугаарт бичигддэг. Брэнд 2002 онд Ван Гогийн хоёр зургийн мөрөөр орж, зартай хулгайч Октаве Даремыг мөшгив. Түүний эцсийн зорилго гэмт хэрэгтнүүдийг баривчлах бус алдагдсан бүтээлийг олох.  Цагдаа нар Октаве Даремыг баривчилсан ч хоёр жилийн ял оноожээ. Хожим алдарт мөрдөгч, хулгайч хоёр Амстердамын гудамжинд 2018 онд халз мөргөлдөв. Тэд шар айраг ууж, яриа дэлгэхэд Дарем “Музейн  аюулгүй байдлыг чангатгах тусам би орохыг хүсдэг” гэжээ. Артур Брэнд 2008 онд Германы цагдаа нар Перугаас 60 сая еврогийн өртөг бүхий тоногдсон эд зүйлийг хураан авахад чухал үүрэг гүйцэтгэсэн. Алт, мөнгөн эдлэлийг нийтийн тооллын 250 оны үед амьдарч байсан Мочесын (инкүүдийн өмнөх) хааны бунхнаас хулгайлжээ. 2019 он Артур Брэндийн хувьд “их нээлт”-ийн жил боллоо.  Пикассогийн “Дора Маарын хөрөг” зургийг 20 жилийн дараа, Оскар Уайлдын алтан бөгжийг 17 жилийн дараа олжээ.
 
“Артиаз” ба Гитлерийн морь
 
Артур урлагийн мөрдөгчөөр мэргэшихээсээ өмнө испани хэл, түүх судалж байжээ. Брэндийн шийдвэрлэсэн хэргийн нийт үнэлгээ 250 сая гаруй еврогоор хэмжигддэг. Түүний “Артиаз” товчоо цуглуулагч, хөрөнгө оруулагч, дилер болон дуудлага худалдааны ордон, музей, галерейн эздэд зөвлөгөө өгдөг. Мөн урлагийн худалдааны олон бэрхшээлээс зайлсхийхэд тусалдаг. “Артиаз” товчооны зорилго бол дэлхийн хоёрдугаар дайны үед тоногдсон урлагийн бүтээлийг мөрдөх явдал. Өвөө нь түүнд дэлхийн хоёрдугаар дайны үеэр Рейхсмаршалл Херман Гёрингэд хуурамч зураг зарсан Хан ван Мегерений тухай үлгэр домог мэт зүйлсийг ярьдаг байв. Энэ талаар Брэнд “Мегерен өвөөтэй хамт сурч байсан. Тэрбээр Вермерийг хуурамчаар зурж алдаршсан. Дайны үед нацистын хоёрдугаар хүн Гёрингийг зальдсан этгээд” хэмээжээ. 1933-1945 онд Адольф Гитлерийн удирдлага дор түүхэн дэх хамгийн том урлагийн дээрэм болжээ. Зуун мянга гаруй эд өлгийн зүйл одоог хүртэл сураггүй байна. Эдгээр өвийг анхны эзэд болох еврей гэр бүлийн удам хайлгуулдаг. Брэнд Амстердамын музейд еврей гэр бүлээс хулгайлсан зургийн нэг хэсэг хадгалагдаж байгааг 2011 онд олж мэджээ. Парисаас илрүүлсэн зургийг  Францын Соёлын сайд албан ёсны өв залгамжлагчдад нь бэлэглэсэн байдаг. Артур Гитлерт зориулсан хүрэл морины хөшөөг эртнээс судалжээ. “Walking Horses” морьдын баримлыг герман уран барималч Йозеф Торак захиалгаар 1939 онд урлажээ. Канцлерын ордны үүдэнд байсан хоёр метр өндөр хөшөөг устгасныг мэргэжилтнүүд дуу нэгтэй баталж байв. Гэтэл хүрэл хөшөөний сураг хар зах дээр дуулдаж эхэллээ. Артур Брэнд хар захын наймаачнаас авсан морьдын гэрэл зургийг хараад  хуурамч гэж бодсон ч мөрдөн байцаалтаа 2015 онд эхлүүлж, хүрэл морь сүүлийн 70 жилийн турш хаана байсныг, хэн өмчилж авсныг мэдэхээр шийдэв. Тэрбээр экс нацистууд, Төрийн аюулгүй байдлын хорооны гишүүд, Зүүн Германы цагдаа нартай уулзжээ. Тэд энэ нууцад тодорхой үүрэг гүйцэтгэсэн болж таарав. Түүний ялалт урлаг судлаачдыг бишрүүлжээ. Гитлерийн морь бол нууц үйлчилгээ, хуучин, шинэ нацистууд, болон асар их мөнгөний төлөөх бодит үйл явдлын түүх юм. Брэндийн нотолгоог үндэслэн Цуглуулагчид хөшөөг 5.6 сая ам.доллараар авахад байв. Германы цагдаа нар Берлин, Бавари, Хойд Рейн-Вестфалия, Шлезвиг-Гольштейн хотод нэгжлэг хийж, нацистуудын үеийн  урлагийн бүтээлүүдийг хураан авчээ. Түүний дотор Торакийн морины хөшөө байв.
Артур алдартай хэргийн тухай “Гитлерийн морь: Нацистын ертөн­цөд нэвтэрсэн мөрдөгчийн түүх” номоо Лондонд хэвлүүлжээ. Киноны эрхийг “Metro Goldwyn Mayer” студид худалдсан байна.  “Гитлерт зориулсан хөшөөг олсон нь миний хамгийн том амжилт. Торак нацистуудын захиалгаар олон хөшөө урласан. Түүний “Walking Horses” хөшөө 16 фут өндөр, 33 фут урт. Берлинд Шинэ Рейхийн шатан дээр байсныг дайны дараа Ардчилсан Германы Эберсвальд хотод байрлах Улаан армийн спортын талбай руу шилжүүлжээ. Берлиний ханыг 1989 онд нураасны дараа хүрэл морьд мартагдсан. Хөшөөнд гарсан сумны нүх дэлхийн хоёрдугаар дайны гэрч юм. Номдоо Гуравдугаар Рейхийн талаар олон сонирхолтой баримт оруулсан” гэжээ. Артур Брэнд дэлхийн нэр хүндтэй их сургуулиудад урлагийн лекц уншдаг. Голланд шинжээчийн тухай “De Kunstdetective” зургаан ангитай цуврал 2018 оны зун үзэгчдийн хүртээл болжээ. Тэрбээр урлагийн бүтээлүүдийг жинхэнэ эздэд нь буцааж өгөхийн тулд хэрхэн тэмцсэнийг харуулдаг. Баримтат киног бүтээхийн тулд зураглаач нар түүнийг гурван жил дагажээ. Артур Брэнд өдгөө  Испанийн соёлын өв болсон бүтээлийг эрэн хайж Лондонд мөрдлөг явуулж байна.
 
Артурын “их нээлт”-үүд
 
2005 он: Иудэйн  сайн мэдээг олжээ.
2006 он: “Карчемишийн эрдэнэс” номоо хэвлүүлэв. Тэрбээр ховор декадрахментай хууль бус эрдэнэсийн тухай бичжээ.
2008 он: Перугаас алдагдсан 60 сая еврогийн эрдэнэсийн хэргийг илрүүлэв.
2008 он: 15 сая еврогоор зарагдсан хуурамч Ольмек толгойг илрүүлжээ. Хэрэгт Коста Рикагийн сайд холбоотой байсан юм.
2009 он: Артур Брэнд хувийн мөрдөгч Сандер ван Беттений хамт уран барималч Цадкины хулгайлагдсан “Ван Гог” бүтээлийг Францын Элчин сайдын яаманд хүлээлгэн өгчээ.
2011 он: “Артиаз”  зөвлөх үйлчилгээний товчоогоо байгуулав.
2011 он: Дэлхийн хоёрдугаар дайны үед еврей гэр бүлүүдээс дээрэмдсэн бүтээлүүдийг Амстердамын музейн сан хөмрөгөөс олжээ.
2013 он: Венло дахь Ван Боммел ван Дам музейгээс алдагдсан Ян Шонховены хоёр уран бүтээлийг буцааж авчрав.
2014 он: Фашистуудын дээрэмдсэн гурван зургийг Луврын музейд буцааж өгчээ.
2015 он: Адольф Гитлерт зориулсан “Walking Horses” хөшөөг олжээ.
2016 он: Сальвадор Дали болон Де Лемпиккагийн Шеринга музейгээс алдагдсан бүтээлийг олжээ.
2016 он: Уэстфризийн музей хулгайлагдсан таван зураг Украинаас авчрав.
2017 он: Амстердамын “Хилтон” зочид буудлаас алдагдсан Минервагийн хөшөөг 30 жилийн дараа олжээ.
2018 он: Туркийн довтолгооны үед алдагдсан 1600 жилийн настай Византийн мозайкийг Киприйн Засгийн газарт хүлээлгэн өгөв.
2019:  Испанийн Бургос хотын сүмээс хулгайлсан чулууг олов.  Лондоны хэнэггүй баян гэр бүл чулууг цэцэрлэгийнхээ гоёл чимэглэл болгон ашиглаж байжээ.
2019: Пикассогийн “Дора Маарын хөрөг” зургийг хорин жилийн дараа олжээ.
 
 
Х.Эрдэнэзаяа
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин