сонин mn
Миний хувьд энэ сэдвээр бичилгүй сар гаруй болчихжээ. Учир нь өнгөрсөн оны намар оргил үедээ давалгаалж байсан "Дельта" хувилбар оны сүүлч буюу тодруулбал арваннэгдүгээр сарын төгсгөлөөр цар тахлыг хумиж чадлаа гэж хэлэхээр түвшинд очсон л доо.
Нээрээ ч хоногт нэг, хоёр зуу түүнээс бага тохиолдол бүртгэгдэж нас баралтгүй үе ч байсан. Энэ нь цар тахал намжих нь гэсэн горьдлого төрүүлсэн гэж болно. Төр, засгийн зүгээс анхаарал арай суларсан байдал ажиглагдсан. Гэсэн ч халдвар хамгааллын дэглэм сахь гээд вакцины нэмэлт тундаа идэвхтэй хмрагдахыг уриалж байна. Цар тахлын энэ намжмал байдал үргэлжилж нийт иргэдийн 50 хувь гуравдугаар тундаа хамрагдчих юм бол урьд тогтоосон дэглэмийг улбар шар руу шилжүүлэх талын мэдээлэл цацаж байлаа.
Гэхдээ л шинэ оны баяр, ёслолыг  хориогүй зөвхөн төрийн байгууллагын хэмжээнд тэмдэглэхгүй байхыг үүрэгдэж билээ. Энэ нь жаахан алдаа байсан байж магадгүй нь оны сүүлчээс цар тахлын дэгдэлт дахиад өссөнөөр харагдсан юм.
 
Уг нь дэлхий нийтэд цар тахлын байдал огтхон ч намжаагүйгээр барахгүй урьдынхаас илүү хурдан халдвартай омикрон гэх хувилбар зарим оронд хүн амын дунд тун хүчтэй тархаж байгаа мэдээлэл цочоосоор л байлаа. Тэгтэл тун удалгүй шинэ он ч гарсан. Яг зэрэгцээд тэр омикрон гэгч нь зөөвөрлөгдөөд ороод ирсэн. Үүнийг УОК, ЭМЯ-ны зүгээс жаахан будилуудуухан зарласан шүү дээ.
Омикроны сэжиг байгаа ч гэх шиг. Япон руу тэрхүү сорьцуудыг явуулсан. Удахгүй бүрэн төгс хариу гарна гэсэн маягтай л мэдээлж байлаа нэг үе. Гэтэл уг хувилбар нэгэнт ороод ирсэн нь ил болсон. Ээн уун гэхийн ч завдалгүй хоногт бүртгэгдэх халдварын тохиолдол хэдэн зуугаар өсч энэ сарын эхний 14 өдрийн дараах байдлаар хоногтоо 2000 хол давчихлаа. Дахиад л нөгөө эмнэлгүүдийн ачаалал нэмэгдэж нэмэлт ор дэлгэх тухай ярьж байна. Одоо хоногт бүртгэгдэж байгаа халдварын тохиолдлын 80 гаруй хувь омикрон байна гэж мэдээлэв.
Омикрон хувилбарын онцгой шинж нь маш хурдан халдварладаг нь судлагджээ. Дэлхийн мэдээг бид анзаардаг л даа. Энэ шинэ хувилбар дэгдснээс хойш АНУ-д гэхэд хоногт сая гаруй, Японд 8000 тохиолдол илэрч байгаа аж. Европод цар тахлын давалгаанд өртөөгүй улс үгүй болж заримд нь тогтоосон дэглэмийг улам хатууруулж байна. Манайд ч нэгэнт цар тахлын дөрөв дэх давалгаа эхэллээ гэдгийг хүлээн зөвшөөрөөд дараагийн шатны арга хэмжээнүүдээ төлөвлөж эхлээд байна. Тэр дунд хамгийн анхаарал хандуулж байгаа нь нэмэлт тунгийн вакцинжуулалт юм. Уг нь өнгөрсөн оны сүүлчийн улирлын эхнээс л иргэдийг вакцины гурав дахь тундаа уриалж нэг анхаарулж, нэг сануулсаар ирсэн.
 
 
Даанч бидний монголчуудын юмыг туйлд нь хүртэл ухаарч бодох нь дутмаг, аажуур ч алгуурладаг муу зангаас болж вакцинжуулалтад зохих түвшинд хүртэл хамрагдаж чадалгүй өдий хүрлээ. Сайн юманд саад бас байсаар л. Төр, засгийн бодлого шийдвэрт тэрсэлсэн ч юм шиг, өөрийн мугуйд санаа бодлыг сошиалаар цацаж олон түмнийг төөрөгдүүлэгчид чамгүй гай болсон гэхэд хилсдэхгүй байх.
 
 
 
Адгийн наад зах нь вакциндаа өргөн хамрагдаарай гэхтэй зэрэгцээд "Одоо Монголд байгаа вакцинуудын хугацаа дууссан. Тэрнийгээ шахаж биднийг хорлох гэж байна" гэх юм уу "Вакцин хийлгээд ч нэмэргүй халдвар аваад байгаа юм чинь түүний хэрэг байхгүй" гэсэн хараал мэт үгс цацдаг нь ажиглагддаг. Энэ бол цаад агуулгаараа нийгмийн эсрэг гаж буруу үйл юм л даа.
Олны дундаас хэн нэгэн хариуцлагагүй байж болох. Харин түүнийгээ бусдад түгээхийг оролдох нь бүр байж болшгүй хэрэг билээ. Ер нь нэгэнт цар тахлын үеийн хариуцлага гэж ярьж байгаа болохоор зөвхөн иргэдийн дунд биш албаны хүмүүсийн арга ажиллагаанд цэгнэж бодох юм зөндөө л бий. Шинэ жилийг тэмдэглэх явдалд нэг их хязгаарлалт тогтоохгүй гэснээс болж оны сүүлчийн сарын эх, дунд үеэр нийслэлд хааяагүй л ёолкодсон. Тэр ч байтугай аймаг, сумынхан нийслэлд бөөн бөөнөөрөө ирж янз бүрийн сайхан нэртэй наадам зохион байгуулсан.
Бас манай улс агаарын хилээ арай эрт нээсэн. Түүнээс болж зөөвөрлөгдөж ирсэн тохиолдол бүр нэмэгдсэн. Өнгөрсөн онд эрсдэлд суурилсан зургаан долоо хоногийн хариу арга хэмжээний дүнд 120 гаруй нислэгээр 12000 иргэн хүлээн авч тэднээс 600 нь халдвартай гарсан. Мөн тусгаарлан ажиглах байрнаас 150 гаруй эерэг тохиолдол бүртгэгдсэн. Цар тахлын шинэ хувилбар омикрон ч мөн л зөөвөрлөгдөж орж ирсэн. Түүний хамгийн хурдацтай тархдаг нь эндээс эхлээд харагдсан. Энхийг сахиулагч 244 хүнээс 234-ийнх нь шинжилгээний хариу эерэг гарсан нь үүний нэг баталгаа л даа. Үүнээс үүдэн гадаадаас ирэгсдийг тодорхой хугацаагаар тусгаарласнаар эрсдлийг 6-7 дахин бууруулж чадсан гэж УОК-ынхон мэдээлсэн удаатай.
 
Гэтэл халдварын тохиолдол өсч, түүнд зөөвөрлөгдсөн халдвар зохих хувийг эзэлсээр байхад гадаадаас ирэгсдийг зөвхөн онгоцны буудалд буумагц шинжилгээ аваад л тараачихдаг тусгаарлахаа больсон нь яавч зөв шийдвэр биш болов уу. Иргэдийн зүгээс тусгаарлах байрны зохион байгуулалт хангалтгүй зөвхөн төлбөр авахаас хэтрэхгүй байна гэсэн шүүмжлэлийн мөрөөр тус байр байдлаа засахын оронд тусгаарлахыг болилоо гэсэн шийдвэрт хүрсэн шиг байгаа юм.
Энэ мэтээр гаргасан шийдвэртээ туйлбартай зогсдоггүй нь бага биш алдаа гэж болно. Тухайлбал Улсын онцгой комиссынхон цар тахалтай тэмцэл хийсэн хоёр жилийн хугацаанд 10 удаа шийдвэрээ өөрчилсөн байдаг. Үүний улмаас иргэдийн эрхийг хязгаарласан зөрчил хэдэнтээ гарч байсан гэж хуульчид үзсэн бий. Омикрон хувилбараас сэргийлэх гол арга нь нэмэлт тун буюу вакцинжуулалт гэж байна. Яагаад ингэж хэлснийг лавлабал одоо улсын хэмжээнд эмнэлэгт эмчлүүлж байгаа 5000 гаруй хүн байна. Тэднээс хүнд буюу маш хүнд ангилалд байгаа хүмүүсийн дунд судалгаа хийж үзэхэд вакцинд бүрэн хамрагдаагүй нь дийлэнх нь байна.
 
Манай улсад коронавирусийн омикрон хувилбар бүртгэгдснээс хойш буюу энэ сарын дунд болоход цар тахлын дөрөв дэх давалгаа оргил үедээ хүрэх магадалалтай болчихлоо. Энэ давалгаа өмнөхөөс илүү хохирол учруулах, олон хүн өвчлүүлэх эрсдэлтэй. Үүнийг зөвхөн сүүлийн долоо хоногийн мэдээгээр 13 мянга гаруй тохиолдол шинээр бүртгэгдсэнээс харж болно. Тэгээд цаашид Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаярын хэлж байгаагаар омикрон хувилбарын халдвар өндөр учраас дөрөв дэх давалгааны оргил үед хоногт 15-18 мянган хүн өвчлөх тооцоо гаргасан гэнэ. Уг оргил үе нь Монгол цагаан сартай давхцаж байгаа болохоор бүр ч аюултай гэдгийг анхааруулж байгаа юм. Иймээс Цагаан сараа өргөн дэлгэр биш зөвхөн гэр бүлийн хүрээнд цомхон тэмдэглэх, айл хэсэхгүй байгаарай гэж захиж байна. Иргэдийн хувьд элдэв таамаг төдий худал мэдээлэлд авталгүй вакциндаа хамрагдах нь чухал юм.
Вакцины нөөц хангалттай, чанар алдагдаагүй гэдгийг албаны хүмүүс баталгаатай хэлж байгаа шүү дээ. Иргэдийн хувьд цар тахлын халдвараас хамгаалах, халдвар авсан тохиолдолд хэрхэн эмчилгээ, үйлчилгээ авах талаар туршлагатай болсон. Энэ бас нэг найдвар юм л даа. Зөвхөн өчигдрийн мэдээгээр сүүлийн 24 цагт хийгдсэн шинжилгээнээс 2135 тохиолдол шинээр нэмэгдэж, гурван хүн нас баржээ. Ингэснээр нийт нас баралт 2016-д хүрэв. Үүний цаана нэг аймшигтай нь халдвартнуудаас биеийн байдал нь нэн хүнд 47 хүн байж гэсэн нь бас өссөн дүн юм. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын суурин төлөөлөгчийн хэлснээр "Үхлийн аюултай омикрон хувилбарыг хөнгөн гэж битгий бодоорой" гэсэн үгээр энэхүү бяцхан нийтлэлээ төгсгөе. 
 
 
Д.Цэрэннадмид
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин