sonin.mn
Зэвсэгт хүчний 330 дугаар ангийн захирагч хурандаа Н.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.
 
Өнгөрөгч он Зэвсэгт хүчний 330 дугаар ангийн хувьд хэр онцлог жил байсан талаар яриагаа эхэлье. Алба хаагчдын нийгмийн хамгаалал, ажиллах орчин нөхцөлийг сайжруулах тал дээр ямар ажлуудыг хийж гүйцэтгэсэн бэ?
 
-2021 он цар тахлын хүндхэн нөхцөлд өнгөрсөн ч ангийн үйл ажиллагаа доголдоогүй. Цэргийн албаны сургалт бэлтгэлийг цахим хэлбэрээр зохион байгуулсан, мөн анги хамт олны оролцсон уралдаан тэмцээн, хилийн чанадад явагдсан зарим үйл ажиллагаа зэргээс харахад амжилт бүтээл арвин жил байлаа гэж дүгнэж байна. Тиймдээ ч бид Тусгай хүчний цэргийн командлалын Тэргүүний ангиар шалгарсан. 
Алба хаагчдынхаа ажиллах ая тухтай нөхцөлийг бүрдүүлэх үүднээс ангийн байрлалд бүтээн байгуулалтын томоохон ажлыг эхлүүлсэн. Жишээ нь, штабын байр болон өрөө  тасалгаа,  Соёлын  төв,  ]кофе шоп, цайны газраа орчин үеийн загвар, дизайнд тулгуурлан засаж тохижуулсан. Гол нь бид өөрсдийн хүч бололцоонд тулгуурлан хийж, бүтээж байгаа нь хамгийн авууштай зүйл юм. Хүн аливааг өөрөө сэтгэлээ шингээн байж хийвэл тухайн зүйлээсээ урам зориг, эрч хүч авдаг шүү дээ. Цаашлаад эд хөрөнгөө хайрлаж хамгаалах сэтгэлгээг бий болгодог. Өөрсдийн хүч бололцоогоо ашигласнаар заавал гаднаас ажиллах хүч хөлслөхгүйгээр төсөв хөрөнгөө илүү бүтээлчээр ашиглах боломж бүрдэнэ. 
 
Түүнчлэн ангийн спорт заал, гардан тулааны танхим, бялдаржуулах төвийг сүүлийн үеийн иж бүрэн тоног төхөөрөмжтэйгөөр шинэчилж бий болгосон. Анги бол хүний хөгжлийн орчин байх ёстой. Үүний тулд эхлээд бид хөгжих нөхцөл бололцоог нь хангахад анхаарч ажилласан. Ангидаа бялдаржуулах төв нээх нь ялангуяа тусгай хүчний алба хаагчдад маш чухал. Гаднын ямар нэгэн фитнес гэхэд л хүнийг ашгийн нүдээр л харна шүү дээ. Харин тус төв байгуулагдсанаар эдийн засгийн хувьд дарамт болохгүй, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх ач холбогдолтойгоос гадна тухайн хүн спортоор тууштай хичээллэхэд зарим нэг буруу зуршлаасаа татгалзаж эхэлдэг. Ер нь аливаа зүйл өнгө зүсээ засаад ирэхээр хүний сэтгэл цаанаа л сайхан болдог шүү дээ. Энэ утгаараа цэргийн анги алба хаагчдынхаа хоёр дахь гэр нь болж байгаа хэрэг. Мөн Дархан хотын “Буудай” усан бассейнтай хамтраад цэргийн алба хаагчаа усанд сэлэлтийн сургалтад хамруулж эхэлсэн.
 
Ангийн бусад үйл ажиллагааны хувьд ... Танай ангийн алба хаагчид салбарын уралдаан, тэмцээнд амжилт үзүүлсэн шүү дээ ...  
 
-Өнгөрсөн жил ЗХЖШ-ын даргын цогцолбор шалгалтад амжилттай шалгууллаа. Зэвсэгт хүчний офицер, ахлагч нарын түвшин тогтоох үзлэгт хамгийн их буюу 315 цэргийн алба хаагчаа хамруулсан. Мөн АНУ, Энэтхэг, ОХУ, ХБНГУ, Япон Улсад явагдсан сургалт, дамжаанд бие бүрэлдэхүүнээ хамруулснаас гадна “Сэлэнгэ-2021”, “Зэв-2021” сургуулиудад амжилттай оролцсон. Дээрээс нь Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн нэрэмжит марш-тактик, тусгай бэлтгэлийн аварга шалгаруулах тэмцээнд манай залуучууд тав дахь түрүүгээ хүртсэн. Энэ бол маш бахархууштай том үйл явдал болсон. Энэ жил ч тэмцээндээ оролцохоор бэлтгэлээ хангаад эхэлчихсэн. 
 
Дээрээс нь цар тахлын хатуу хөл хорионы үеэр 75-уулаа Улаан-Үүд хотод очиж Аугаа их Эх орны дайны ялалтын 76 жилийн ойн баярын ёслолын жагсаалд алхсан. Жагсаалын бэлтгэлийн үеэр халдвар хамгааллын дэглэмийг чанд сахиж сургалтуудаа цахимаар хийсэн нь ямар нэгэн асуудалгүйгээр тус үйл ажиллагаанд амжилттай оролцох гол түлхүүр болсон. Хэрвээ нэг л цэргийн алба хаагчаас халдвар илэрсэн бол бидний зорилго биелэхгүй байлаа. Гол нь тэрхүү хүндэтгэлийн үйл ажиллагаанд оролцоно гэдэг өөрөө том үнэлэмж юм. Мөн БНХАУ-д зохион байгуулагдсан “Хамтын хувь заяа” олон улсын хамтарсан хээрийн сургуульд манай ангиас дөрвөн цэргийн алба хаагч оролцсон. Ерөнхийд нь дүгнэхэд өнгөрсөн жил бид томоохон ажлуудын ард амжилттай гарч чадлаа. Сонирхолтой тоо дурдахад оны эцсийн тайлангаар манай ангиас 330 алба хаагч төрийн болон салбарын одон медалиар шагнагдсан нь нэгэн бодлын бэлгэшээлтэй зүйл болсон.
 
Орон нутагтайгаа хэрхэн уялдаа холбоотой ажиллаж байна?
 
-Манай анги анх байгуулагдсан цагаасаа эхлээд өнөөдрийг хүртэл аймгийнхаа удирдлага, ард иргэдтэй уялдаа холбоотой ажилласаар ирсэн. Энэ үйл ажиллагаа маань жилээс жилд өргөжин тэлж байна. “Дархан” цэргийн хүрээний төрийн болон цэргийн ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаанд хүндэт харуул жагсдаг. Мөн бусад төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудтай байнгын харилцаа холбоотой ажиллаж байна. Өнгөрсөн онд гэхэд л 10 сарын турш Дархан-Уул аймгийн гадна болон дотор хамгаалалтуудад манай ангийн цэргийн алба хаагчдын ихэнх бүрэлдэхүүн дэмжлэг үзүүлж ажилласан. 
Дархан-Уул аймагтаа батлан хамгаалах салбарыг сурталчлах, эх оронч үзэл төлөвшүүлэх үйл ажиллагааг багагүй зохион байгуулдаг. Жишээ нь, Үндэсний их баяр наадам, Монгол цэргийн өдөр, Улс тунхагласны баяр зэрэг тэмдэглэлт өдрөөр Нээлттэй хаалганы өдөрлөг, гардан тулаан болон жагсаалын үзүүлэх тоглолтыг ард иргэдэд толилуулдаг. Өнгөрсөн жил Зэвсэгт хүчний түүхт 100 жилийн ойтой давхцан Дархан-Уул аймгийн 60 жилийн ой тохиосон. Энэ үеэр Халхын голын байлдаан, Чөлөөлөх дайн, баруун хилийн тулгаралтад оролцсон ахмад дайчдад болон Дархан хотыг байгуулахад оролцсон ахмадууддаа хүндэтгэл үзүүлсэн.
Өнгөрсөн жил Монгол Улс энхийг сахиулах ажиллагаанд оролцож эхэлсний 19 жилийн ой, “Олон улсын энхийг сахиулагчдын өдөр”-ийг тохиолдуулан манай ангийн унадаг дугуйн клубийн 50 офицер, ахлагч аймгаа тойрч, Зэвсэгт хүчний үйл ажиллагааг иргэдэд сурталчилсан. Энэ жил Монгол цэрэг энхийг сахиулах ажиллагаанд оролцож эхэлсний 20 жилийн ойтой холбогдуулан багагүй ажлыг төлөвлөсөн.
 
Энэ онд ямар ажлуудыг төлөвлөж байна?
 
-Энэ онд төлөвлөсөн олон арга хэмжээ бий. Эдгээрийн нэгээс нь дурдахад цэргийн албаны залуучууддаа зориулсан гурван үе шат бүхий “Монгол эр цэрэг тусгайгийнх” төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Эхний шат нь “Монгол эр хүн гэж хэн бэ” сэдвийн хүрээнд эхэлчихсэн. Харин хоёр дахь шат нь “Монгол эр цэрэг гэж хэн бэ”, гурав дахь нь “Монгол эр цэрэг тусгайгийнх” сэдвийн хүрээнд өрнөнө. Уг төслөөр салбартаа манлайлж яваа залуучууд, алдартнуудаас эхлээд баатарлаг гавьяа байгуулсан төр, цэргийн зүтгэлтнүүд, салбарын удирдлагуудаас урьж яриа таниулга, лекц хэлэлцүүлэг хийнэ. Мөн энэ хүрээнд урлаг, спорт, цэрэгжлийн спорт, оюун ухааны тэмцээн уралдааныг зохион байгуулна. Энэ нь манай залуучуудад тусгай хүчний цэрэг ямар байх ёстойг бодитойгоор ойлгуулах зорилготой. Цаашлаад бусад төрөл мэргэжлийн цэргүүд ч үүнээс санаа аваасай гэж бодож байна.
 
 
Дэслэгч Т.ИДЭР
Эх сурвалж: "Соёмбо" сонин